Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 1072

 

 

Д.Сд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Батзориг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

шүүгдэгч Д.С, түүний өмгөөлөгч Ж.Гантулга, Н.Амарсанаа,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/396 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.С, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулга нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Сд холбогдох эрүүгийн 1811033170059 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

,

 

Шүүгдэгч Д.С нь 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сарын хооронд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б.Одгэрэлээс “Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Нуурын тагт гэх газарт 13176Х дугаарын гэрчилгээтэй ашигт малтмалын хайгуулын лицензтэй, хамтран ажиллана” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 24.700.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас:

Д.Сүйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  

Шүүгдэгч Д.СЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 24.700.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сд 1 /нэг/ жилийн  хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Сд ял оногдуулсан Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 159 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Сд 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Сд энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Снийт 67 хоног цагдан хоригдсон хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, шүүгдэгч Д.С  нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Сд авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна. 

 

Шүүгдэгч Д.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь хохирогч Б.Одгэрэлд мөрдөн байцаалтын шатанд хохирол төлбөрөө төлсөн байдаг. Хохирогч Б.Одгэрэл нь анх надтай хөрөнгө, мөнгөний туслалцаа үзүүлж, манай компани дээр хамтран ажиллах болно гэж бичиг баримтыг үзэн, бодит байдлыг газар дээр нь очиж үзсэн ба хамтран ажиллах гэрээ байдаг. 2017 оны 3 дугаар сарын үед “Агро корп” ХХК нь шүүхэд асуудалтай байсныг Б.Одгэрэл мэдээд надад өмгөөлөгчийн мөнгөөр туслалцаа үзүүлсэн буюу 2017 оны 12 дугаар сарын сүүлээр Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын салбар ангид хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх хэрэгт шалгагдан хоригдож байхад Б.Одгэрэл нь 2 сая төгрөг, дулаан хувцас авч өгч байсан. Мөн Б.Одгэрэл нь намайг энэ асуудлаа дууссаны дараа ажлаа эхлүүлнэ гэж ярьж байсан боловч гэрч Нямцэрэнгийн хэлсэнээр “Агро крон” ХХК нь хууль бусаар нэр шилжүүлсэн гэх худал үгэнд итгэж надад Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасаны дагуу очиход мөрдөн байцаагч намайг миний хувийн байдлаар дүгнэн, санаатай гэмт хэрэг шинээр үйлдсэн гэж хэт нэг талыг баримтлан дүгнэлт гаргасан нь миний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Одгэрэл бид хоёрын хамтын ажиллагааны хувьд ямар нэгэн маргаан байгаагүй. Намайг шүүхээс зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдын эд хөрөнгийг залилсан буюу 24.700.000 төгрөг залилсан гэж үзэж ялласанд би гомдолтой байна. Иймд хэргийн үнэн зөвийг олоход туслаж, хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү. ...” гэв.   

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэг: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Д.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 2 жил 2 сарын хорих ял оногдуулсан.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Шүүгдэгч Д.С нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 83 дугаар магадлалаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жил тэнссэн байхад буюу 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул давж заалдах шатны магадлалаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 дахь заалтыг хүчингүй болгож, ял оногдуулан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна...” гэжээ.

      Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Сэлэнгийг давж заалдах шатны шүүхээс 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хорих ял оногдуулахгүй тэнссэн хугацаанд 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сарыг хүртэлх хугацаанд бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн.

Хохирогч Б.Одгэрэлийг үргэжилсэн үйлдэлээр шүүгдэгч Д.С залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн хугацааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэрэг үйлдэгдэж эхэлсэн, дууссан цаг хугацааг бүрэн тогтоох ажиллагааг бүрэн гүйцэд шалгаагүй, нотлох баримтыг анхан шатны шүүх үнэлж дүгнэн үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Шүүгдэгч Д.С давж заалдах шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн ял оногдуулах хугацаанаас өмнө бусдыг залилан мэхлэх гэмт хэргийг 2017 оны 10 дугаар сард үйлдэж эхэлсэн зөрүүтэй үйл баримтанд үндэслэн анхан шатны шүүх шийдвэр гаргасан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2, 3 дахь заалтуудыг буруу хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-д заасан нөхцөл байдлыг үүсгэж байгаа тул шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/396 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Сд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаах хууль зүйн үндэслэлтэй байна. ...” гэв.   

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Амарсанаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Одгэрэл, Гантогоо гэх хүмүүс цагдаагийн байгууллагад ажилладаг мэргэшсэн боловсролтой учир лицензийн зөвшөөрлийн хугацаа дууссан байсан гэдгийг мэдэх боломжтой. Энэ нь нууцын зэрэгт хамааралтай асуудал биш. Харин Д.Сүйлдэл залилах гэмт хэргийн субъектив шинжийг хангадаггүй. Энэ лиценцийг маш олон хүн сонирхдог бөгөөд хэн нэг хүний захиалгаар хийгдсэн ажил. Одгэрэл анхнаасаа хөрөнгө оруулахаар очоогүй. Туслах санаа зорилго ч байгаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаас харагддаг. Алтны уурхайд хөрөнгө оруулсан Солонгын мэдүүлэгт “дүүгээрээ цалингийн зээл авахуулж, ээмэг, бөгжөө ломбардад тавьж 10 гаруй сая төгрөг цуглуулсан” гэдэг. Түүнээс хөрөнгө оруулах зорилгогүй байсан. Зөвхөн Сэлэнгийг торны цаана суулгачихвал тухайн лицензийг өөрийн болгоход заргалдах хүн байхгүй, ашигтай гэж үзсэн учир анх танилцаж, гэрээ байгуулсан. Энэ нь мөрдөгч, прокурор, шүүгч нарын үйлдлүүдээс харагддаг. Нотлох баримтууд бүгд эргэлзээтэй байхад хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Иймд залилах гэмт хэргийн субъектив талын шинжийг хангахгүй гэж үзэж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

 Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Д.Сд холбогдох эрүүгийн 1811033170059 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.   

 

Д.С нь 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сарын хооронд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б.Одгэрэлээс “Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Нуурын тагт гэх газарт 13176Х дугаарын гэрчилгээтэй ашигт малтмалын хайгуулын лицензтэй, хамтран ажиллана” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 24.700.000 төгрөгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.Одгэрэлийн: “...2017 оны 6 дугаар сарын дундуур Сэлэнгэ гэх хүнтэй анх танилцсан юм энэ үед Сэлэнгэ надад хайгуулын лицензтэй газар байгаа ашиглах гэхээр хөрөнгө мөнгө байхгүй, чи надад хөрөнгө нийлүүлээд нөөцөө тогтоолгоод ашиглах тохиолдолд хамтран ажиллаж болно нэг ёсондоо манай компани хувь нийлүүлэгч болно гээд “Агро Корп” компанийн 13176Х гэсэн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Нуурын тагт” гэх газрын гэрчилгээг хуулбарлаж нотариатаар батлуулсан байдалтай үзүүлсэн. Мөн Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд очиж газраа үзүүлсэн учир би итгээд 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр ...бэлнээр 800.000 төгрөг өгсөн. Тухайн үед Сэлэнгэ нь 2 өмгөөлөгчтэй хамт байсан бөгөөд өмнө нь мөн газрын маргаанаас болж дээд шүүхэд маргаантай байгаа өмгөөлөгчийн мөнгө хэрэгтэй байна гэж авсан үүний дараагаас дахин өмгөөлөгчийн хөлс, газрын маргааныг шийдвэрлэх мөнгө зэргээр бэлнээр мөнгө авсаар байгаад нийт 24.700.000 төгрөг авсан. ...Агрокорп компаний тусгай зөвшөөрөл гэх зүйл нь 2017 оны 4, 5 дугаар сард цуцлагдсан байсныг олж мэдсэн. Мөн Сэлэнгэ нь Эрдэнэсүх гэх хамтран амьдарч байсан хүнээсээ хуурамч материал бүрдүүлэн компанийг нь хууль бусаар шилжүүлэн авсан болохыг мэдсэн. ...” /1 хх 25-31/,

 

гэрч Ц.Цэдэнгийн: “...Д.Сэзэмшлийн газарт ашигт малтмал олборлолт үйл ажиллагаа явуулж байхыг би харж байсан бөгөөд харин лизенз, тусгай зөвшөөрлийг нь харж байгаагүй, ер нь юу гэж надад лицензээ харуулхав дээ. Тусгай зөвшөөрөл, лицензтэй болоод л Д.С нь олборлолт явуулж байсан гэж ойлгоод байгаа...” /1хх 34-35/,

 

 гэрч Д.Солонгийн: “...Д.С нь 2017 оны 11 дүгээр сард байхаа нөгөө хайгуулын лицензээ “А” лиценз болгох гээд байна. Уул уурхайн яамны мөнгө хэрэгтэй болоод байна, яаралтай 15.000.000 төгрөг олоод өгөөч гэхээр нь тухайн үед би нөхөр Одгэрэлд хэлэлгүйгээр өөрийн дүү болох Батхэлхээгийн Баттөрөөс түүний цалингийн Хаан банкны зээл 9.900.000 төгрөгийг авахуулаад улмаар Б.Баттөрийн хажууд бэлнээр 9.900.000 төгрөгийг Д.Сд тоолж өгсөн. ...Одоо нөхөр Б.Одгэрэл бид хоёр 24.700.000 төгрөгийг нэхэмжилж байна...” /1хх 38-39/,

 

гэрч Э.Нямцэрэнгийн: “...Д.Сбуруутай үйл ажиллагаанаас болоод дээрх лицензийг Ашигт малтмалын газраас төлбөр төлөөгүй гээд 2017 оны 4 дүгээр сард цуцалсан. ...” /1хх 41-42/,

 

Д.Смөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2017 оны 6 дугаар сард Цэдэн ах, Б.Одгэрэл бид 3 уулзсан. Тухайн үед би Одгэрэлд “Агро корп” ХХК-ийн гэрчилгээ болон геологийн материалууд /Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Нуурын тагт” гэх газарт байгаа алтны геологийн тайлан болон нотариатаар баталгаажуулсан 013176 гэсэн дугаартай алтны хайгуулын лиценз/ зэргийг үзүүлж танилцуулсан. ...Б.Одгэрэл надтай хамтран ажиллахаар тохиролцоод, өөрөөр хэлбэл дээрх алтны 013176 дугаартай хайгуулын лицензийг “А” буюу ашиглалтын лиценз болгож, улмаас компанийг тодорхой хэмжээний мөнгөөр зарж, ашгаа тэнцүү хувааж авахаар тохиролцсон. ...” /1хх 50-55, 72-74/ гэх мэдүүлгүүд,

 

”...Үндсэн зорилго: “Агрокорп” ХХК-ийн өмчлөлд байгаа Сэлэнгэ аймаг, Хүдэр сум, Нуурын тагт гэх газарт байрших ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй ашигт малтмалыг хамтран ашиглахад оршино. ...” гэсэн шүүгдэгч Д.С,хохирогч Б.ОДгэрэл нарын хооронд байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хамтран ажиллах гэрээ /1 хх 197-198/,

 

шүүгдэгч Д.С, хохирогч Б.Одгэрэл нарын утсаар харилцсан баримт /1хх 21/,

 

шүүгдэгч Д.С15,000,000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн гар бичвэр /1хх 201/,

 

 Ашигт малтмал, газрын тосны газрын “ ...”Агракорп” ХХК-ийн эзэмшилд байсан ХВ-013176 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр бүрмөсөн дуусгавар болсон бүртгэлтэй байна. Харин ХВ-013175 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл нь Геологи, уул уурхай кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1210 дугаар шийдвэрээр цуцлагдсан байна. ...” гэсэн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 7/4813 дугаартай албан бичиг /1хх 234/,

 

Ашигт малтмал, газрын тосны газрын “ ...Агракорп ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ХВ-013175 тоот тусгай зөвшөөрөл нь Геологи, уул уурхай кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1210 дугаар шийдвэрээр цуцлагдсан бүртгэлтэй, ХВ-013176 тоот тусгай зөвшөөрөл нь 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөр тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон бүртгэлтэй байна. ...” гэсэн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 8/576 дугаартай албан бичиг /1хх 236/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Д.С2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүчин төгөлдөр бус болсон “Агракорп” ХХК-ийн эзэмшиж байсан ХВ-013176 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байгаа мэт иргэн Б.Одгэрэлд итгүүлэн, уг газраа аваачиж үзүүлэх, уг тусгай зөвшөөрөлтэй ашигт малтмалыг хамтран ашиглана гэсэн гэрээ хийх зэргээр хуурч, 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сарын хооронд иргэн Б.Одгэрэлээс 24,700,000 төгрөгийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “...Залилах...” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өмчлөгчийн эд хөрөнгө залилсан...” гэсэн  шинжийг бүрэн агуулсан байх тул анхан шатны шүүхийн хэргийн талаар хийсэн дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан ялуудаас хорих ялыг сонгон 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар Д.Сэлэнгийг шийтгэсэн нь Д.Сгэмт хэрэг үйлдсэн арга, нөхцөл байдал, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанарт тохирсон байна.

 

Түүнчлэн, Д.Сурьд шийтгэгдэж, тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 159 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн тэнсэх заалтыг хүчингүй болгож, тус шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдсон  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь Д.Сд 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял , мөн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 2 жил 2 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэснийг шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэв.  

 

Д.Сд оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.   

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно.” гэж зааснаар түүний 2017 оны 10 дугаар сараас эхлэн 2018 оны 01 дүгээр сарын хугацаанд бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон үргэлжилсэн үйлдлээр нийт 24,700,000 төгрөгийг залилсан үйлдлийг 2018 оны 1 дүгээр сард төгссөн гэж үзнэ.

 

Иймд Д.Сэлэнгийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлснээс хойш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “...Залилах...” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шитйгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үйлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно. ...” гэсэн хуулийн заалтыг хэрэглэж, Д.Сэдлэх ялын хэмжээг тогтоосон шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.

 

Иймд шүүгдэгч Д.С“...бусдын эд хөрөнгийг залилаагүй...”, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулгын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2,3 дахь заалтуудыг буруу хэрэглэсэн...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.  

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/396 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.С, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулга нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.МЯГМАРЖАВ

                                    ШҮҮГЧ                                    Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧ                                    Д.ОЧМАНДАХ