Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 608

 

Д.С-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 396 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1072 дугаар магадлалтай, Д.С-д холбогдох хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1979 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, “Нуурын Тагт” ХХК-нд бичил уурхайн захирал ажилтай, ам бүл 2, охины хамт Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Өлгийн 10 дугаар гудамжны 110 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 25 дугаар байрны 27 тоотод түр оршин суух,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 159 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сар хорих ял оногдуулсныг тус аймгийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 83 дугаар магадлалаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн, М овогт Д-н С-.

Д.С- нь 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сарын хооронд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б.О-ээс “С- аймгийн Хүдэр сумын Нуурын тагт гэх газарт 13176Х дугаарын гэрчилгээтэй ашигт малтмалын хайгуулын лицензтэй, хамтран ажиллана” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 24,700,000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны анхан шатны шүүх шүүгдэгч Д.С- бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-д 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.С-д ял оногдуулсан Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 159 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 2 сар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 2 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.С-, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулга нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.С- гаргасан гомдолдоо “...Энэ хэрэг анхнаасаа Иргэний шүүхээр явах байтал зориуд санаатай Эрүүгийн хэрэг болгон намайг шүүж байгаа бөгөөд миний хувьд хохирогч Б.О-ийг залилсан асуудал байхгүй, хоорондоо тохиролцсоны үндсэн дээр хамтарч ажилласан ба хамтын ажиллагааны гэрээ байдаг. Давж заалдах шатны шүүх хурал дээр ярьсан миний мэдүүлгийг дурдаагүй, өмнө нь мөрдөн байцаалтын шатанд өгч байсан мэдүүлгийг магадлалд оруулсан байдаг.

Улмаар хохирогч Б.О-нь надаас компанийг минь авахын тулд С- аймгийн хүдэр сумын нуурын тагт гэх газар байрлах хайгуулын тусгай зөвшөөрөлтэй Агро-Карт ХХК дээр надтай эзэмшлийн маргаанаар маргаж байсан Э.Нямцэрэнг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гэрчээр оролцуулан хоорондоо хуйвалдаж, бүлэглэн намайг зориуд санаатай гүтгэсэн, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нар миний өмгөөлөгч Гантулга нартай үгсэн хуйвалдаж намайг зориуд яллалаа. Дээр нь Одгэрэл нь эхнэр Солонгоогийн хамт надтай уулзахдаа олимпийн аварга Бадар-Ууган манай дүү бид хувьдаа барилгын компанитай танай компанид хөрөнгө оруулалт хийж ажиллахад хөрөнгө мөнгөний тал дээр ямар ч асуудалгүй гэж хэлж анх намайг хуурсан байдаг.

Мөн мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэргүүдэд авагдсан материалууд дээр ихэвчлэн миний эсрэг материал бүрдүүлсэн байдаг бөгөөд энэ бүрдүүлбэр нь намайг буруутгах үндэс болоод байна.

Анх Одгэрэлтэй танилцах үед компани дээр болж байгаа үйл явдлуудыг бүгдийг нэгд нэгэнгүй ярьж, тухайн үед шүүхийн маргаантай байгаагаа ч нуулгүй хэлж байсан. Түүнчлэн ашигт малтмалын газраас 2020.04.13-ны өдөр сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн гэдгийг хүртэл Одгэрэлд хэлж байхад үүнийг хэлээгүй залилсан гэж худал гүтгэсэн үгээр анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэлт гаргасан бөгөөд энэ бүгдийг Одгэрэлд 2017.07 сард анх танилцахдаа хэлж байсныг өөрийн таньдаг Сэвлэгмаа гэдэг өмгөөлөгчийг надтай уулзуулж лиценз сунгуулах тал дээр Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр маргаан үүсгэж ажиллуулах зорилготойгоор өмгөөлүүлэх гэрээ хоорондоо хийсэн бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны зун нэхэмжлэл гаргаж өгсөн.

Гэтэл энэ хэрэгт намайг хохирогчийг залилсан гэж үзээд байдаг Сэвлэгмаа өмгөөлөгчийг шүүх хуралд гэрчээр дуудаж оролцуулан намайг залилаагүй болохыг нотлох гол хүн байхад гэрчээр дуудаагүй, дээр нь Одгэрэл нь надтай Өлзийбаяр, Ариунболд гэх хоёр өмгөөлөгч нэмж танилцуулж 2017 оны зун лицензийн хугацааг болон компанийг хуулийн асуудлуудыг чинь цэгцэлж асуудалгүй болгож өгнө гэж хэлж байгаа нь тухайн үед лиценз цуцлагдсан гэдгийг мэдээгүй биш, маш сайн мэдэж байсан мөртлөө намайг буруутгаж, залилсан мэтээр бусдад ойлгуулж мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу явагдсан.

Мөн анхан болон давж заалдах шатны шүүх хурал дээр болон Одгэрэл, Солонго, Нямцэрэн нар мөрдөн байцаалтын явцад миний эсрэг мэдүүлэг өгсөн байгаа нь цэвэр гүтгэлэг гэж үзэж байна. Миний хувьд энэ бүх хавьчлага дарамт шахалтаас болж сэтгэл гүн хямарч үүнээс үүдэлтэй биеийн өвчнүүд хүндэрч, бөөрний архаг үрэвсэл, тархи, нурууны хуучин авч байсан бэртэл, тулаа зэрэг өвчнүүд өвдөж хоёр ч удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн боловч сайн эдгээгүй өнөөдрийг хүртэл өвчин намдаах ойр зуурын эмээр аргацааж бие махбод, эрүүл мэндээрээ хохирч байна.

Түүнчлэн намайг мэдээгүй, надад мэдэгдээгүй байхад 2019 оны намар мөрдөн байцаагч намайг оргосон гэж гүтгэж Дархан-Уул аймагт ажлаар явж байхад бариулан 461 дүгээр хорих ангид 48 цаг цагдан хорьж байх үед байцаагч мэдүүлэг авна гэж ирээд “Агро-корт”-ийг гэрч Нямцэрэнд өг гэж намайг дарамталж тулган шаардсан нь ёс зүйгүй үйлдэл бөгөөд надад зохиомлоор ял тулгаж, үргэлжлүүлэн хорино гэж айлган сүрдүүлсэн ба шүүх хурал товлуулан улмаар 2020.1 сарын сүүлээр онлайн шүүх хурал хийж анхан шатны шүүхээс үргэлжлүүлэн хорих үндэслэл алга байна гэж шийдвэр гаргаж намайг чөлөөлсөн.

Ингээд энэ хэрэг үргэлжлэн явсаар анхан шатны шүүх хурал болж шүүх үнэхээр шударга бус хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргасан тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ч хэвээр үлдээсэн.

Иймд мөрдөн шалгах ажиллагаа дутуу бүрдүүлсэн материал дээр үндэслэн шүүх хянан үзэлгүй буруу шийдвэр гаргасанд гомдолтой байгаа бөгөөд намайг гүтгэсэн, бүлэглэн гүжирдээд байгаа хүмүүст хуулийн дагуу арга хэмжээ авч, энэ хэргийн үнэн зөвийг олоход тусалж, ялыг хөнгөлж, мөрдөн шалгах ажиллагаа дахин хийлгэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үнэлж, шүүгдэгч Д.С-г бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 24,700,000 төгрөг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Д.С- нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан талаар мэдэж байсан бөгөөд хохирогчид бага хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй байна, хамтарч ажиллая, хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болгоё гэж, хуурч мэхэлж итгүүлсэн байдаг. Шүүх Д.С-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.С-н гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Д.С-г 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сарын хооронд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б.О-ээс “С- аймгийн Хүдэр сумын Нуурын тагт гэх газарт 13176Х дугаарын гэрчилгээтэй ашигт малтмалын хайгуулын лицензтэй, хамтран ажиллана” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 24,700,000 төгрөгийг залилсан гэж буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангаагүй анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх зөвтгөн залруулж чадаагүй байна.

Тодруулбал, гэмт хэргийн үйл баримт, хэрэгт холбогдсон хүний үйлдлийн шинж чанар, гэмт хэргийн сэдэлт, зорилго, шалтгаан нөхцөл, гэмт хэргийг хэн, хэрхэн үйлдсэн болох, гэм буруугийн хэлбэрийн шинжийг тал бүрээс нь шалгаж, нарийвчлан тогтоогоогүй, хэргийн шийдвэрлэлтэнд ач холбогдолтой байж болох нотлох баримтыг цуглуулах мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийгээгүй зэргээр хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй байх тул хэргийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй гэж үзнэ.

Бусдын эд хөрөнгийг итгэл эвдэх, хуурч мэхлэх аргаар авахдаа уг эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр хийхгүй байх субъектив санаа бодол гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байдгаараа залилах гэмт хэрэг иргэний эрх зүйн аливаа харилцаанаас ялгагддаг болно.

Түүнчлэн бусдын эд хөрөнгийг буцааж төлөхгүй байгаа санаа зорилго нь залилах гэмт хэргийн шинжтэй эсэх, аль эсвэл энэ нь иргэд хоорондын хэлцлээр үүссэн гэрээний харилцааны явц дахь үүргийн биелэлттэй холбоотой буюу гэрээний эрсдэлд хамаарах маргаан эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд хөдөлбөргүй тогтоосны эцэст тухайн эрх зүйн маргаанд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх шаардлагатай байдаг.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэж үзвэл, ашигт малтмал олборлох үйл ажиллагаа хамтран хэрэгжүүлэхээр гэрээг Б.О-тэй байгуулан, түүнээс мөнгөн хөрөнгө авсан Д.С-н үйлдэлд залилан мэхлэх гэмт хэргийн шинж байгаа эсэх, тэрээр уг мөнгөн хөрөнгийг юунд хэрхэн зарцуулсан болох, хохирогч гэх Б.О-тухайн ашигт малтмалын хайгуулын лиценз цуцлагдсан болохыг мэдэж байсан, эсхүл мэдэх боломжтой байсан эсэх, хамтран ажиллах гэрээний үндсэн тохиролцоо юу байсан, ямар хүчин зүйлс, болзолд тулгуурлаж хийгдсэн, харилцан тохиролцсон үйл ажиллагаа ямар шалтгаанаар удааширсан болох нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй, энэ талаар харилцан өөр агуулга бүхий баримтууд хэрэгт авагдсан, хэргийн талаар шалгаж тогтоовол зохих ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй, эдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

Үүний зэрэгцээ, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчиж явагдсан, эрхийг хязгаарлан, зөвхөн яллах талыг баримтлан явагдсан гэх гомдол хүсэлтийг анхааран үзэж, мөрдөн шалгах ажиллагааг хуульд нийцүүлэн явуулбал зохино.    

Шүүхийн шийдвэрт нөлөөлж болох дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох”-д чухал ач холбогдолтой тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Иймд мөрдөн шалгах ажиллагаа дахин явуулах агуулга бүхий шүүгдэгч Д.С-н гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 396 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1072 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Д.С-д холбогдох хэргийг прокурорт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Д.С-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                      ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                      ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН