Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2133

 

 

О.Д-ыннэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/01608 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч О.Д-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “А” ХХК-д холбогдох

 

99114221 дугаарыг А.Б-д шилжүүлснийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ш,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний тус шүүхэд 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардан “А” ХХК-ийн эзэмшлийн 99114221 дугаарыг О.Д-ын эзэмшилд шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг гаргасны дагуу анхан шатны шүүх 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2016/00480 дугаартай шийдвэрээр 99114221 дугаарыг О.Д миний эзэмшилд шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн. Гэвч энэхүү шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх явцад “А” ХХК-ийн ерөнхий захирал Т.Ганболд нь өөрийн компанийн нэр дээр бүртгэлтэй 99114221 дугаарыг 2014 оны 7 дугаар сард иргэн А.Б гийн эзэмшилд шилжүүлсэн байсныг олж мэдсэн. Хариуцагч болон нэхэмжлэгч нарын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу “А” ХХК-ийн 368 ажилтны цалингийн өр төлбөр болох 3 497 167 694 төгрөг гаргуулах тухай 2009 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 457 дугаар шүүгчийн захирамжийг дахин хянуулах, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхтэй холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад компанийг төлөөлөх, төлбөр авагчтай харилцан тохиролцох, эвлэрэх замаар төлж барагдуулах, шаардлагатай үед шүүх хуралд захиалагчтай хамт төлөөлөн оролцох үүрэгтэй байсан. Нэхэмжлэгч энэхүү гэрээний дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус компанийг төлөөлж цалингийн авлагатай гэх ажилтнуудтай тодорхой хэмжээнд эвлэрэн хэлэлцэж төлбөр тооцоог хийж байсан бөгөөд 2009 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 457 дугаар шүүгчийн захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулж, улмаар анхан шатны шүүх ердийн журмаар хянан шийдвэрлэж нэхэмжлэлийг буцаасан. Ингээд нэхэмжлэгч миний бие ажил гүйцэтгэх гэрээний дагуу өөрт оногдсон үүргийг бүрэн гүйцэтгэж дууссан бөгөөд “А” ХХК болон 368 ажилтны хоорондын маргаантай асуудал шийдвэрлэгдсэн. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу 99114221 дугаарыг О.Д миний хууль ёсны эзэмшилд шилжүүлэх байсан боловч шилжүүлэхгүй байсан. Энэ талаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн. Анхан шатны шүүхээс 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр шийдвэр гарч 99114221 дугаарыг нэхэмжлэгч О.Д миний эзэмшилд шилжүүлэхийг хариуцагч “А” ХХК-д даалгасан болно. Гэвч “А” ХХК-ийн ерөнхий захирал Т.Ганболд нь өөрийн компанийн нэр дээр бүртгэлтэй 99114221 дугаарыг нэхэмжлэгчтэй 2014 оны 01 дүгээр сард ажил гүйцэтгэх гэрээ байгуулсны дараа 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр иргэн А.Б гийн нэр дээр шилжүүлэн ажил гүйцэтгэгчийн эрхийг зөрчсөн байсныг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны шатанд олж мэдсэн. Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2 дахь хэсэгт заасныг үндэслэн “А” ХХК-иас 99114221 дугаарыг А.Б-д шилжүүлснийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А” ХХК нь 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр иргэн О.Д-тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгч нь “А” ХХК-ийн 368 ажилтны цалингийн өр төлбөр болох 3 497 167 694 төгрөг гаргуулах тухай 2009 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 457 дугаар шүүгчийн захирамжийг шүүхээр дахин хянуулах, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхтэй холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад компанийг төлөөлөх, төлбөр авагчтай харилцан тохиролцох, эвлэрэх замаар төлж барагдуулах, шаардлагатай үед шүүх хуралд захиалагчтай хамт төлөөлөн оролцох үүрэгтэй байсан нь үнэн болно. Гэрээний дагуу гүйцэтгэгч нь 368 ажилтны цалингийн өр төлбөр болох 3 497 167 694 төгрөг гаргуулах тухай 2009 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 457 дугаар шүүгчийн захирамжийг шүүхээр дахин хянуулж, хүчингүй болгосон бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Компанийн зүгээс дээрх ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгч өөрийн гүйцэтгэх ёстой байсан ажил үүргийг бүрэн дүүрэн биелүүлсэн гэж бүрэн хүлээн зөвшөөрдөг. Тиймээс ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажил, түүний үр дүнгийн талаар ямар ч маргаан байхгүй бөгөөд ажил гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн болно. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгчийн ажлын хөлсөнд 99114221 дугаар өгөхөөр тохиролцсон байсан. Гэвч тухайн үед гүйцэтгэгч талтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсны дараагаар Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 457 дугаар захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлаар хянуулах боломжгүй нөхцөл байдалтай болсон, шүүхээс шинэ илэрсэн нөхцөл байдал тооцсон шийдвэр гарахгүй байх гэж ойлгосны үндсэн дээр 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр иргэн А.Б гийн эзэмшилд шилжүүлсэн. Энэхүү 99114221 дугаарыг ажил гүйцэтгэх гэрээний дагуу түүний төлбөрт төлөх үүргийг гүйцэтгэгчийн өмнө хүлээсэн бөгөөд түүний гүйцэтгэсэн ажлын хөлсөнд тооцож өгөхөөр тохиролцсон тул нэхэмжлэгчид шилжүүлэх ёстой байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнө нь тус шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэрээр О.Д-ын99114221 дугаарыг нэхэмжлэгч О.Д-ын эзэмшилд шилжүүлэхийг хариуцагч “А” ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхэд маргаан бүхий дугаар нь “А” ХХК-д бус А.Б гийн нэр дээр байсан. А.Б  нь 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 10000254 тоот гэрээний дугаартай Мобиком корпорацийн өмчийн 99114221 дугаарыг холбогдох хууль журмын дагуу эзэмшилдээ шилжүүлж авсан. Дээрх шүүхийн шийдвэр гарсныг А.Б  мэдээгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэлээс холбоо барихад л мэдэж тус шүүхэд гомдол гаргахад хэргийн оролцогч биш гээд гомдлыг хүлээн аваагүй. Нэхэмжлэл гаргах үндэслэл болсон ажил гүйцэтгэх гэрээг үзэхэд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон байдаг. Нэхэмжлэгч ямар ажил хүлээж аваад ямар ажил хийж гүйцэтгэсэн нь хавтаст хэрэгт авагдаагүй байна. Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын лавлагаанаас харахад тухайн гэрээ хийгдсэн үед Бумбат ХХК-ийн ажилтан байсан байна. 2014 оны 9 дүгээр сард “А” ХХК-д шилжиж ажилд орсон байна. Үнэхээр ажил гүйцэтгэх гэрээний дагуу явагдсан бол хариуцагч компанид гэрээ бүртгэлтэй байх ёстой нотлох баримт нь алга байна. Ийм ажил гүйцэтгүүлсэн гээд нэхэмжлэгч, хариуцагч хоёрын аль нь ч баримт гаргаж өгсөн зүйл байхгүй байна. Үнэхээр гэрээ байгуулагдсан бол энэ дугаарыг “А” ХХК О.Д-т шилжүүлэх байсан. Гэтэл шилжүүлэлгүй А.Б-д шилжүүлсэн. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө шилжүүлж буй этгээд өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүний өмчлөх эрхийг шударгаар олж авсанд тооцно гэсэн хуулийн зохицуулалт байдаг. А.Б  нь О.Д-ын дугаарыг авч байгаагаа мэдээгүй, “А” ХХК энэ дугаар О.Д-ын дугаар гэдгийг хэлсэн бол А.Б  энэ дугаарыг авахгүй байсан. Үнэхээр хариуцагч нэхэмжлэгчээр ажлаа гүйцэтгүүлсэн юм бол анх энэ дугаарыг хэдэн төгрөгөөр үнэлсэн юм, тэр үнийн дүнг О.Д хариуцагчаас нэхэмжлэх эрх нь нээлттэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт заасныг баримтлан Алтан дорнод монголХХК, А.Б  нарын хооронд байгуулагдсан 99114221 дугаарыг эзэмших эрхийг шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Д-т олгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар 99114221 дугаарыг хариуцагч А ХХК-ийн эзэмшилд буцаан бүртгэхийг М ХХК-д даалгаж шийдвэрлэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх, шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэсэн хуулийн шаардлагыг хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч О.Д нь "А" ХХК-ийн албан ёсны хуулийн ажилтан бөгөөд охин компани болох нэр бүхий компанид ажиллаж байгаад тус хариуцагч компанид захирлын тушаалаар харьяалагдан шилжин очсон байдаг. Энэ талаарх баримтууд хэрэгт авагдсан. Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу 99114221 дугаарыг авах ёстой гэдэг боловч энэхүү гэрээ нь бодит байдал дээр тухайн үедээ хийгдсэн эсэх нь эргэлзээтэй тул "А" ХХК-иас албан бичиг бүртгэлийн холбогдох баримтыг гаргуулах хүсэлт гаргаж байсан боловч хангагдаагүй, өөрөөр хэлбэл зохиомлоор нөхөж хийсэн гэрээ гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Учир нь О.Д нь тус компанид албан ёсны хуулийн ажилтнаар хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ба компанитай холбоотой хуулийн салбарт гардаг асуудалд ажиллах үүрэгтэй ба үүнийхээ төлөө тогтмол цалин авдаг. Тиймээс ажил гүйцэтгэх гэрээ хийх боломжгүй юм. Нэхэмжлэгч энэ талаарх нөхцөл байдлаа баримтаар нотлох ёстой боловч зөвхөн гэрээ байгуулсан, үүний дагуу шүүхийн шийдвэр гарсан гэж үндэслэлээ тайлбарладаг. Нөгөөтэйгүүр хэрэв ажил гүйцэтгэх гэрээний дагуу шүүхийн маргаанд төлөөлөн оролцсон бол тус гэрээгээр тохиролцсон дугаарыг ажил гүйцэтгэж дууссаны дараагаар шилжүүлэхээр тохиролцсон байх ба гэрээ байгуулах үед шилжүүлэг хийхээр үүрэг үүсээгүй байгаа нь "А" ХХК эзэмшиж байсан дугаараа А.Б-д шилжүүлэн өгснөөр О.Д-ын эрхийг зөрчсөн гэж үзэхгүй, хэрэв хариуцагч нь тохиролцсон зүйлээ шилжүүлж өгөөгүй гэж үзэх бол тухайн зүйлтэй тохирохуйц зүйл түүнтэй дүйцэхүйц мөнгийг өгөх ёстой, харин А.Б гийн эзэмших эрхэд халдаж болохгүй. О.Д нь А.Б г 99114221 дугаарыг эзэмшиж авсныг мэдэж л байсан. 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн шүүхийн шийдвэрээр гэрээнд заасан ажил нь шийдэгдсэн байна гэсэн үндэслэлээр шүүх хуулийг буруу тайлбарлан ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан үед дугаарыг эзэмших эрхийг А.Б-д шилжүүлсэн нь О.Д-ын эрхийг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй. Мөн хуурч мэхэлсэн хэлцэл гэж дүнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Ямар үндэслэлээр хууран мэхэлсэн хэлцэл гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Тус 99114221 дугаарыг А.Б  нь хуулийн дагуу шударгаар эзэмшилдээ олж авсан бөгөөд "Алтан дорнод монгол" ХХК болон О.Д нарын хооронд хийгдсэн үгүй нь мэдэгдэхгүй хэлцлийн талаар мэдээгүй, мэдэх ч боломжгүй байсан. Иймд энэхүү хэрэг маргааны хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч О.Д нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан 99114221 дугаарыг А.Б-д шилжүүлснийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор шаардсаныг хариуцагч зөвшөөрсөн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр А.Б г оролцуулж, тэрээр өөрийгөө 99114221 дугаарын шударга эзэмшигч болох, шударга эзэмшигчээс хөрөнгийг буцаан шаардаж болохгүй талаар тайлбар гаргажээ.

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэлийг бүрэн тодруулаагүйгээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт “Шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй” гэж заасныг зөрчжээ. Түүнчлэн, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж, хэлцлийн үр дагаврыг арилган, хэргийн оролцогч биш этгээд болох “М” ХХК-д үүрэг хүлээлгэсэн шийдвэр гаргасан байна.

 

            Нэхэмжлэгч О.Д нь сонирхогч этгээдийн хувиар 99114221 дугаарыг А.Б-д шилжүүлснийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргахдаа ямар үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа, үр дагаврыг хэрхэн арилгуулахаар шаардаж байгаа нь тодорхой бус байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь буруу. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулж хэргийг шийдвэрлэх ёстой байжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл ойлгомжтой, тодорхой болсноор талуудын нотлох үүргийн хуваарилалт, нотлох баримтын үнэлгээ, маргааны талаарх шүүхийн дүгнэлт, хууль хэрэглээ зөв болохоос гадна талууд бүрэн мэтгэлцэх юм.

 

Дээрх үндэслэлээр хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/01608 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНХАНД        

           

                             ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ