Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 1608

 

 

 

 

 

      2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2018/01608

                               Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 4 дүгээр гудамжны 127 тоотод оршин суух Отгоны Д /РД: /-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул  дүүргийн 15 дугаар хороо, Махатма Гандигийн гудамж-39, Корпорейт хотел энд конвеншин центрийн 8 давхарт байрлах “А” ХХК /РД: /-д холбогдох,

            “А” ХХК-иас 99114221 дугаарыг А.Баясгаланд шилжүүлсэнийг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Д, гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Тамир, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Ц.Тогмид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ   нь:

         Нэхэмжлэгч О.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Миний тус шүүхэд  2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардан А ХХК-ийн эзэмшлийн 99114221 дугаарыг О.Дын эзэмшилд шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг гаргасны дагуу анхан шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2016/00480 дугаартай шийдвэрээр 99114221 дугаарыг О.Д миний эзэмшилд шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн. Гэвч энэхүү шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх явцад А ХХК-ийн ерөнхий захирал Т.Ганболд нь өөрийн компанийн нэр дээр бүртгэлтэй 99114221 дугаарыг 2014 оны 7 дугаар сард иргэн А.Баясгалангийн эзэмшилд шилжүүлсэн байсныг олж мэдлээ. Хариуцагч болон нэхэмжлэгч нарын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу А ХХК-ийн 368 ажилтны цалингийн өр төлбөр болох 3.497.167.694 төгрөг гаргуулах тухай 2009 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 457 дугаар шүүгчийн захирамжийг дахин хянуулах, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхтэй холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад компанийг төлөөлөх, төлбөр авагчтай харилцан тохиролцох, эвлэрэх замаар төлж барагдуулах, шаардлагатай үед шүүх хуралд захиалагчтай хамт төлөөлөн оролцох үүрэгтэй байсан. Нэхэмжлэгч энэхүү гэрээний дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус компанийг төлөөлж цалингийн авлагатай гэх ажилтнуудтай тодорхой хэмжээнд эвлэрэн хэлэлцэж төлбөр тооцоог хийж байсан бөгөөд 2009 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 457 дугаар шүүгчийн захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулж, улмаар анхан шатны шүүх ердийн журмаар хянан шийдвэрлэж нэхэмжлэлийг буцаасан. Ингээд нэхэмжлэгч миний бие ажил гүйцэтгэх гэрээний дагуу өөрт оногдсон үүргийг бүрэн гүйцэтгэж дууссан бөгөөд А ХХК болон 368 ажилтны хоорондын маргаантай асуудал шийдвэрлэгдсэн. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу 99114221 дугаарыг О.Д миний хууль ёсны эзэмшилд шилжүүлэх байсан боловч шилжүүлэхгүй байсан. Энэ талаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн. Анхан шатны шүүхээс 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шийдвэр гарч 99114221 дугаарыг нэхэмжлэгч О.Д миний эзэмшилд шилжүүлэхийг хариуцагч А ХХК-д даалгасан болно. Гэвч А ХХК-ийн ерөнхий захирал Т.Ганболд нь өөрийн компанийн нэр дээр бүртгэлтэй 99114221 дугаарыг нэхэмжлэгчтэй 2014 оны 01 дүгээр сард ажил гүйцэтгэх гэрээ байгуулсны дараа 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр иргэн А.Баясгалангийн нэр дээр шилжүүлэн ажил гүйцэтгэгчийн эрхийг зөрчсөн байсныг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны шатанд олж мэдсэн. Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2 дахь хэсэгт заасныг үндэслэн А ХХК-иас 99114221 дугаарыг А.Баясгаланд шилжүүлснийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.

            Хариуцагч А ХХК шүүхэд урьд гаргасан хариу тайлбартаа: А ХХК нь 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр иргэн О.Дтай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгч нь А ХХК-ийн 368 ажилтны цалингийн  өр төлбөр болох 3.497.167.694 төгрөг гаргуулах тухай 2009 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 457 дугаар шүүгчийн захирамжийг шүүхээр дахин хянуулах, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхтэй холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад компанийг төлөөлөх, төлбөр авагчтай харилцан тохиролцох, эвлэрэх замаар төлж барагдуулах, шаардлагатай үед шүүх хуралд захиалагчтай хамт төлөөлөн оролцох үүрэгтэй байсан нь үнэн болно. Гэрээний дагуу гүйцэтгэгч нь 368 ажилтны цалингийн өр төлбөр болох 3.497.167.694 төгрөг гаргуулах тухай 2009 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 457 дугаар шүүгчийн захирамжийг шүүхээр дахин хянуулж, хүчингүй болгосон бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Компанийн зүгээс дээрх ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгч өөрийн гүйцэтгэх ёстой байсан ажил үүргийг бүрэн дүүрэн биелүүлсэн гэж бүрэн хүлээн зөвшөөрдөг. Тиймээс ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажил, түүний үр дүнгийн талаар ямар ч маргаан байхгүй бөгөөд ажил гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн болно. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгчийн ажлын хөлсөнд 99114221 дугаар өгөхөөр тохиролцсон байсан. Гэвч тухайн үед гүйцэтгэгч талтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсны дараагаар Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 457 дугаар захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлаар хянуулах боломжгүй нөхцөл байдалтай болсон, шүүхээс шинэ илэрсэн нөхцөл байдал тооцсон шийдвэр гарахгүй байх гэж ойлгосны үндсэн дээр 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр иргэн А.Баясгалангийн эзэмшилд шилжүүлсэн. Энэхүү 99114221 дугаарыг ажил гүйцэтгэх гэрээний дагуу түүний төлбөрт  төлөх үүргийг гүйцэтгэгчийн өмнө хүлээсэн бөгөөд түүний гүйцэтгэсэн ажлын хөлсөнд тооцож өгөхөөр тохиролцсон байсан учраас нэхэмжлэгчид шилжүүлэх ёстой байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.Баясгалангийн төлөөлөгч Д.Тамир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнө нь тус шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэрээр О.Дын 99114221 дугаарыг нэхэмжлэгч О.Дын эзэмшилд шилжүүлэхийг хариуцагч А ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхэд маргаан бүхий дугаар нь А ХХК-д бус А.Баясгалангийн нэр дээр байсан. А.Баясгалан нь 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 10000254 тоот гэрээний дугаартай Мобиком корпорацийн өмчийн 99114221 дугаарыг холбогдох хууль журмын дагуу эзэмшилдээ шилжүүлж авсан. Дээрх шүүхийн шийдвэр гарсныг А.Баясгалан мэдээгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэлээс холбоо барихад л мэдэж тус шүүхэд гомдол гаргахад хэргийн оролцогч биш гээд гомдлыг хүлээн аваагүй. Нэхэмжлэл гаргах үндэслэл болсон ажил гүйцэтгэх гэрээг үзэхэд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон байдаг. Нэхэмжлэгч ямар ажил хүлээж аваад ямар ажил хийж гүйцэтгэсэн нь хавтаст хэрэгт авагдаагүй байна. Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын лавлагаанаас харахад тухайн гэрээ хийгдсэн үед Бумбат ХХК-ийн ажилтан байсан байна. 2014 оны 9 дүгээр сард А ХХК-д шилжиж ажилд орсон байна. Үнэхээр ажил гүйцэтгэх гэрээний дагуу явагдсан бол хариуцагч компанид гэрээ бүртгэлтэй байх ёстой нотлох баримт нь алга байна. Ийм ажил гүйцэтгүүлсэн гээд нэхэмжлэгч, хариуцагч хоёрын аль нь ч баримт гаргаж өгсөн зүйл байхгүй байна. Нөгөөтэйгүүр энэ гэрээ огт байгуулагдаагүй гэж харагдахаар байна. Үнэхээр гэрээ байгуулагдсан бол энэ дугаарыг А ХХК О.Дт шилжүүлэх байсан. Гэтэл шилжүүлэлгүй А.Баясгаланд шилжүүлсэн. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө шилжүүлж буй этгээд өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүний өмчлөх эрхийг шударгаар олж авсанд тооцно гэсэн хуулийн зохицуулалт байдаг. А.Баясгалан нь О.Дын дугаарыг авч байгаагаа мэдээгүй, А ХХК энэ дугаар О.Дын дугаар гэдгийг хэлсэн бол  А.Баясгалан энэ дугаарыг авахгүй байсан. Үнэхээр хариуцагч нэхэмжлэгчээр ажлаа гүйцэтгүүлсэн юм бол анх энэ дугаарыг хэдэн төгрөгөөр үнэлсэн юм, тэр үнийн дүнг О.Д хариуцагчаас нэхэмжлэх эрх нь нээлттэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

       Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг  сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

          Тус шүүх хуралдааны товыг хариуцагчийн төлөөлөгч Д.Жамъянсүрэнд мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч О.Д нь хариуцагч “А”ХХК-нд холбогдуулан 99114221 дугаарыг А.Баясгаланд шилжүүлснийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй этгээдээр А.Баясгаланг татан оролцуулсан болно.

Шүүх нэхэмжлэгч О.Дын 99114221 дугаарыг А.Баясгаланд шилжүүлснийг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч “А”ХХК нь “Мобиком корпораци”ХХК-ийн 99114221 дугаарыг эзэмшиж, ашиглаж байгаад 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр иргэн А.Баясгалангийн эзэмшилд шилжүүлэн өгсөн болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч О.Д нь хариуцагч “А”ХХК-тай 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсөнд дээрх 99114221 дугаарыг эзэмших эрхийг шилжүүлэн авахаар тохиролцсон боловч хариуцагч “А”ХХК-иас А.Баясгаланд шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн 99114221 дугаарыг эзэмших эрхийг зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардсан бол хариуцагч “А”ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болно.

Харин маргаан бүхий 99114221 дугаарыг эзэмшиж байгаа иргэн А.Баясгалан нь өөрийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож 99114221 дугаарыг өмчлөх эрхийг “А”ХХК-иас шударгаар олж авсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Гуравдагч этгээдийн татгалзал үндэсгүй гэж шүүх дүгнэв.

Учир нь зохигчдын маргааны зүйл болсон “Мобиком корпораци”ХХК-ийн 99114221 дугаар нь тус компаниас гаргасан нэг төрлийн үйлчилгээ тул тус үйлчилгээнд хамаарах 99114221 гэсэн дугаар нь дангаараа  Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4 дэх хэсэгт заасан эдийн бус эд хөрөнгө болохгүй.

Харин 99114221 дугаарыг эзэмших эрх нь эзэмшигч этгээддээ ашиг өгөх, өөрөөр хэлбэл бусадтай үүрэн холбоогоор харилцах боломжийг олгож байх тул эдийн бус хөрөнгөд хамаарахаар байна.

Энэхүү эдийн бус хөрөнгийг  2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гуравдагч этгээд А.Баясгаланд шилжүүлэх хүртэл хариуцагч “А”ХХК нь “Мобиком корпораци”ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр эзэмшиж байжээ.

Нэхэмжлэгч О.Д, хариуцагч “А”ХХК нарын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, О.Д нь “А”ХХК-ийн 368 ажилтны цалингийн өр төлбөр болох 3.497.167.694 төгрөг гаргуулах тухай 2009 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 457 дугаар шүүгчийн захирамжийг дахин хянуулах, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхтэй холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад компанийг төлөөлөх, төлбөр авагчтай харилцан тохиролцох, эвлэрэх замаар төлж барагдуулах, шаардлагатай үед шүүх хуралд захиалагчтай хамт төлөөлөн оролцох үүрэг хүлээж, ажлын хөлсөнд “А”ХХК-ийн эзэмшиж байсан 99114221 дугаарыг шилжүүлэн авахаар тохиролцсоны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2016/00480 дугаар шийдвэрээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч О.Д хариуцагч “А”ХХК-тай  2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлсэн болох нь дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байх тул түүнийг дахин нотлохгүй шаардлагагүй бөгөөд зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй, гэрээний үүргээ биелүүлсэн болох нь нотлогдохгүй гэх гуравдагч этгээдийн татгалзал үндэслэлгүй юм.

Хариуцагч “А”ХХК нь ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн 99114221 дугаарыг эзэмших эрхийг нэхэмжлэгч О.Дын эзэмшилд шилжүүлэн өгөх үүргээ зөрчиж, 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр иргэн А.Баясгаланд шилжүүлэн өгсөн болох нь “А”ХХК-ийн 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 3009/01 тоот албан бичиг, 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №140722339232 тоот гэрээ шилжүүлгийн  хуудас зэргээр тогтоогдож байна.

Ийнхүү ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцсон ажлын хөлсийг хэлцэл хийгч нөгөө талд мэдэгдэлгүйгээр өөр этгээдэд шилжүүлсэн нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан хууран мэхэлж хийсэн  хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдоно.

Иймд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч  нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй.

Хариуцагч “А”ХХК нь маргаан бүхий 99114221 дугаарыг эзэмших эрхийг шилжүүлэхэд нэхэмжлэгч О.Дтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүрэг саад болж байгааг мэдсээр байж иргэн А.Баясгалантай харилцан тохиролцсоны дагуу түүний эзэмшилд шилжүүлсэн нь 99114221 дугаарыг эзэмших нэхэмжлэгч О.Дын эрхийг зөрчсөн байх тул шүүх уг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлтэй гэж үзэв.

Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хариуцагч “А”ХХК, гуравдагч этгээд А.Баясгалан нарын хооронд хийгдсэн 99114221 дугаарыг эзэмших эрхийг шилжүүлсэн хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцогдсон учраас уг хэлцлээр шилжүүлсэн  бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй тул 99114221 дугаарыг хариуцагч “А”ХХК-ийн эзэмшилд буцаан шилжүүлэн бүртгэхийг “Мобиком корпораци”ХХК-нд даалгах нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118  дугаар зүйлүүдийг удирдлага болгон                      

ТОГТООХ нь:

      1.Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт заасныг баримтлан “А”ХХК, А.Баясгалан нарын хооронд байгуулагдсан 99114221 дугаарыг эзэмших эрхийг шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсугай.

 

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.260 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А”ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Дт олгосугай.

       

3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар 99114221 дугаарыг хариуцагч “А”ХХК-ийн эзэмшилд буцаан бүртгэхийг “Мобиком корпораци”ХХК-д даалгасугай.

 

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

      5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МӨНХБАЯР