Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2021/02634

 

 

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 17 өдөр

          Дугаар 183/ШШ2021/02634

                     Улаанбаатар хот

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б овогтой, А Бын нэхэмжлэлтэй,

/Баянзүрх дүүрэг, .......дүгээр хороо, ......хороолол,.... байр, ..........тоотод оршин суух, регистрийн дугаар ......../

 

Хариуцагч: “..................” ХХК-д холбогдох,

/Хан-Уул дүүрэг, ............дугаар хороо, ........гудамж, ............., .......давхарт байрлах, регистрийн дугаар ........./

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э , түүний өмгөөлөгч М.Ш , А.О , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Э , түүний өмгөөлөгч Ц.Б , нарийн дарга Ц.Ц нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Б миний бие “..................” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг үндсэн ажилчин билээ. Би байгууллагын бусад ажилчидтай сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж, “..................” ХХК-ийн Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийг байгуулан, ....оны ... дугаар сарын ....-ний өдөр Улсын бүртгэлд бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Бидний арван ажилчин нэгдэж тус үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч гишүүдээр ажиллаж байсан. Гэтэл “..................” ХХК-ийн удирдлага намайг илт хууль бус үндэслэлээр буюу үйлдвэрчний эвлэл байгуулсан, байгууллагын нууц задруулсан гэж ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсанд гомдолтой байна. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хууль, Үндсэн хууль, Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийг зөрчиж намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан тул ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. А.Б нь олон нийтийн байгууллагад эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын хууль бус ажиллагааг аялдан дагалдаж, “..................” ХХК-ийн Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийг байгуулахдаа хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж, улмаар тус үйлдвэрчний эвлэлийн гишүүн гэдэг нэрийн доор ажил олгогч “..................” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох, саатуулах, компанийн бизнесийн нэр хүндэд халдах зэргээр Хөдөлмөрийн гэрээний 13.3.2.14, 13.3.2.21 заалтыг зөрчиж, хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон ноцтой зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан юм. А.Быг ажлаас халсан ......оны......дүгээр сарын ....-ны өдрийн ....../.......тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

А.Бын нэхэмжлэлтэй, “..................” ХХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Ажил олгогч “..................” ХХК нь А.Быг Уулын хэлтсийн /цахилгаан экскаватор/ операторын ажилд томилж, талууд 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.

 

“..................” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 377/20 дугаар тушаалаар “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 13.1, 13.4, 13.4.4, 16.3, Хөдөлмөрийн гэрээний 13.3.2.14, 13.3.2.21-т заасныг үндэслэн Уулын хэлтсийн оператор ажилтай А.Б нь компанийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулах үйлдэл хийсэн, компанийн үйл ажиллагааны эсрэг үйл ажиллагаа явуулдаг гуравдагч этгээдэд мэдээлэл задруулах, компанид хохирол учруулах нөхцөл бүрдүүлэн, энэ үйлдэлдээ бусад ажилчдыг өдөөн турхирах үйл ажиллагааг явуулсан ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг .....оны .....дүгээр сарын .......-ны өдрөөр дуусгавар болгосугай” гэжээ.

 

Хариуцагч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...тушаалын үндэслэл болсон ажилтан А.Бын гаргасан ноцтой зөрчил нь 1.Компанийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулах үйлдэл хийсэн гэдэгт: А.Б нь “..................” ХХК-ийн Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэл гэсэн нэртэй фэйсбүүк /facebook/-ийн зохицуулагч буюу /admin/ бөгөөд уг хаягаараа дамжуулан компанийн нэр хүндэд хохирол учруулж, мэдээ мэдээлэл тараасан. 2.Компанийн үйл ажиллагааны эсрэг үйл ажиллагаа явуулдаг гуравдагч этгээдэд мэдээлэл задруулсан гэдэгт: А.Б нь С.Э болон Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлд нэгдэж, С.Эрдэнийг үйлдвэрчний эвлэлийн тэргүүнээр сонгож, түүнтэй хамтран ажилласан. 3.Компанид хохирол учруулах нөхцөл бүрдүүлэн, энэ үйлдэлдээ бусад ажилчдыг өдөөн турхирах үйл ажиллагааг явуулсан гэдэгт: А.Б нь бусад ажилчдыг турхиран, хууль бус үйлдвэрчний эвлэл байгуулсан, уурхайн ажил зогсоож нөхцөл бүрдүүлж хохирол учруулсан” гэв.

 

Зохигчид “...ажилтан А.Б нь .................. ХХК-ийн нэр бүхий ажилчдын хамтаар эвлэлдэн нэгдэж, .................. ХХК-ийн эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийг байгуулж, даргаар нь С.Э-г томилж, ....оны ... дугаар сарын ...-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагчийн ....оны ... дүгээр сарын ..-ний өдрийн ...дугаар дүгнэлтээр уг бүртгэлийг хүчингүй болгосон, .................. ХХК-ийн эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэл гэсэн нэртэй фэйсбүүк хуудас байдаг” талаар маргаагүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримт, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчийн мэдүүлгээр нотлогджээ.

 

Монгол Улсын соёрхон баталсан Эвлэлдэн нэгдэх ба зохион байгуулах эрхийг хамгаалах тухай 1948 оны 87 дугаар конвенц, Зохион байгуулах эрх ба хамтын хэлэлцээний тухай ОУХБ-ын 1949 оны 98 дугаар конвенц, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 10-т “Монгол Улсын иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй...” гэж заасны дагуу А.Быг нэр бүхий ажилчдын хамтаар эвлэлдэн нэгдэж, үйлдвэрчний эвлэл байгуулах эрхээ хэрэгжүүлснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй юм.

 

Мөн А.Б нь “..................” ХХК-ийн эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэл гэсэн нэртэй фэйсбүүк хуудасны зохицуулагч буюу /admin/ болох нь, мөн уг фэйсбүүк хуудаст ямар нэгэн мэдээлэл нийтэлж, уг нийтлэлийн улмаас “..................” ХХК-д хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримт болон үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчийн мэдүүлгээр нотлогдоогүй болно.

 

Хариуцагч тал “...ажилтан А.Б нь  .................. ХХК-ийн үйл ажиллагаа болон нэр хүндэд хохирол учруулсан, ажил олгогч компанийн нууцыг задруулсан” гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлогдоогүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримт болон үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчийн мэдүүлгээр тогтоогдохгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр ажилтан А.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 13.3.2.14, 13.3.2.21-т тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан болох нь нотлогдоогүй тул А.Быг “..................” ХХК-ийн Уулын хэлтсийн операторын ажилд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй юм.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын ...оны ....дугаар тушаалыг үндэслэн А.Бын ....оны 5 дугаар сарын ...-ний өдрийн .....дугаар Нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийн сүүлийн 3 сарын /2020 оны 01, 02, 3 дугаар сарын/ хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дундаж цалин хөлсний 1 хоногт ногдох 140.713 төгрөгийг ...оны ....дүгээр сарын ...-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны буюу 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх ажлын ....хоногоор тооцож, 59.380.886 төгрөгийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч “..................” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч А.Бод олгов.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.” гэж заасны дагуу нэхэмжлэгч А.Бын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, шимтгэл хураамжийг хариуцагч “..................” ХХК-иар төлүүлэх нь зүйтэй байна.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дүгээр зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Быг “..................” ХХК-ийн Уулын хэлтсийн операторын ажилд нь эгүүлэн тогтоож, хариуцагч “..................” ХХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 59.380.886 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Бод олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, шимтгэл хураамжийг хариуцагч “..................” ХХК-иар төлүүлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Нарантунгалагийн нэхэмжлэлийн хувьд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “..................” ХХК-иас 454.854 төгрөг гаргуулан төрийн сангийн дансанд оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД