Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00307

 

 

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00307

 

А.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2021/02634 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Б-ын хариуцагч Т ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э , нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.О , М.Ш , хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: А.Б миний бие Т ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг үндсэн ажилтан, би байгууллагын бусад ажилчидтай сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж, Т ХХК-ийн Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийг байгуулан, 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Улсын бүртгэлд бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Бидний арван ажилчин нэгдэж тус үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч гишүүдээр ажиллаж байсан. Гэтэл Т ХХК-ийн удирдлага намайг илт хууль бус үндэслэлээр буюу үйлдвэрчний эвлэл байгуулсан, байгууллагын нууц задруулсан гэж ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсанд гомдолтой байна. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хууль, Үндсэн хууль, Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийг зөрчиж намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан тул ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. А.Б нь олон нийтийн байгууллагад эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын хууль бус ажиллагааг аялдан дагалдаж, Т ХХК-ийн Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийг байгуулахдаа хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж, улмаар тус үйлдвэрчний эвлэлийн гишүүн гэдэг нэрийн доор ажил олгогч Т ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох, саатуулах, компанийн бизнесийн нэр хүндэд халдах зэргээр Хөдөлмөрийн гэрээний 13.3.2.14, 13.3.2.21 заалтыг зөрчиж, хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон ноцтой зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. А.Б ыг ажлаас халсан 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 377/20 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дүгээр зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Б ыг Т ХХК-ийн Уулын хэлтсийн операторын ажилд нь эгүүлэн тогтоож, хариуцагч Т ХХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 59,380,886 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Б од олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, шимтгэл хураамжийг хариуцагч Т ХХК-иар төлүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Нарантунгалагийн нэхэмжлэлийн хувьд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Т ХХК-иас 454,854 төгрөг гаргуулан төрийн сангийн дансанд оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

а/ Хариуцагч өөрийн тайлбарыг нотлох баримтуудыг шүүхэд гаргасан боловч шүүх тэдгээрийг үнэлээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт А.Б ыг нэр бүхий ажилчдын хамтаар эвлэлдэн нэгдэж, үйлдвэрчний эвлэл байгуулах эрхээ хэрэгжүүлснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй юм", Фэйсбүүк хуудаст ямар нэгэн мэдээлэл нийтэлж, уг нийтлэлийн улмаас Т ХХК-д болох нь нотлогдоогүй болно гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн нотлох бкримтууд, шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг тал нь бүрээс нь авч үзэж, бодитойгоор үнэлж дүгнээгүй бөгөөд хэт нэг талыг барьсан гэж үзэж байна. Ажилтан нь ажил олгогчийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулах аливаа үйлдэл, эс үйлдэл хийсэн нь "компанийн нэр хүнд, бизнесийн нэр хүндэд халдсан худал мэдээлэл бүхий фэйсбүүкийн нийтлэлээр тогтоогддог. Мөн нэхэмжлэгч болон нэр бүхий бусад ажилчид хамтран "Т ХХК-ийн Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийг жуурамч баримт бичиг бүрдүүлж, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгуулсан бөгөөд энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагчийн 1945 дугаар дүгнэлтээр тогтоогддог. Компанийн зүгээс тухай ажилтныг үйлдвэрчний эвлэл байгуулсан, фэйсбүүк групп нээж ажиллуулсан гэх үндэслэлээр ажлаас огт халаагүй бөгөөд Үндсэн хуулиар олгогдсон эвлэлдэн нэгдэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг бид хааж боогдуулах боломжгүй юм. Харин хөдөлмөрийн гэрээнд заасан дээр дурьдсан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажилтны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон бөгөөд хариуцагчийн зүгээс энэхүү үндэслэлээ нотлох баримт, тайлбарыг гаргаж өгсөөр байхад шүүхээс тэдгээрийг харгалзаж үзэлгүй шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

б/ Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын өмгөөлөгчөөр М.Ш , А.О нар оролцсон. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э нь 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өмгөөлөгч А.О тай хууль зүйн тусалцаа үзүүлэх дугаар гэрээг байгуулсан байдаг. Харин өмгөөлөгч М.Ш тай байгуулсан аливаа гэрээ болон түүнийг хэрэг хянан шийвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцуулах нэхэмжлэгч нарын хүсэлт хэрэгт авагдаагүй байхад хэргийн оролцогч биш этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 34.1 дэх заалтуудыг зөрчсөнөөс гадна хэргийн оролцогч биш этгээдийн гаргасан хүсэлтээр нотлох баримт цуглуулах болон бусад ажиллагааг хийснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Өмгөөлөгч М.Ш нь нийт 10 ажилтны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд үзлэг хийлгэх, гэрчээс тайлбар мэдүүлэг авах зэрэг шүүхийн шийдвэр гарахад нөлөөлөхүйц бүхий л ажиллагаанд оролцсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь зохих хууль тогтоомжийг хэрэглээгүй орхигдуулсан, хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтыг зохих ёсоор үнэлж дүгнээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэлгүй шийдвэр байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийг байгуулж, 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүчингүй болгох тухай улсын ахлах байцаагчийн 1945 дугаартай дүгнэлт гарсан. Харин нэхэмжлэгчийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ажлаас халсан. Энэ хугацаанд тухайн үйлдвэрчний эвлэл нь хуулийн этгээдийн нэгэн адил үйл ажиллагаагаа явуулж байсан. Тухайн байгууллага хууль бус, эсхүл хүчингүй болгоогүй байсан тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуульд үйлдвэрчний эвлэлийг хүчингүй болгох нь гагцхүү шүүхийн эрх мэдлийн өөрийнх нь асуудал байхаар заасан. Гэтэл улсын ахлах байцаагчид тус эвлэлийн бүртгэлийг хүчингүй болгох эрх хуулиар олгогдоогүй байхад бүртгэлийг хүчингүй болгосон. Нэхэмжлэгчийн зүгээс итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э тэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Мөн хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар татгалзаагүй, шүүх хуралдааны тэмдэглэл болон шийдвэрээс харахад мэтгэлцэж, бүх ажиллагаанд оролцож байсан тул үйлдлээрээ хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлын хүрээнд хянаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох гомдолд заасан үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талууд 2019 оны 07 дугаар сарын 01ий өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан, А.Б нь Т ХХК-ийн Уулын хэлтсийн /цахилгаан экскаватор/ оператороор ажиллаж байсан ба ажил олгогчийн 2020 оны 04 дүгээр сарын 06ы өдрийн 377/20 тоот тушаалаар А.Б нь компанийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулах үйлдэл хийсэн, компанийн үйл ажиллагааны эсрэг үйл ажиллагаа явуулдаг гуравдагч этгээдэд мэдээлэл задруулах, компанид хохирол учруулах нөхцөл бүрдүүлэн, энэхүү үйлдэлдээ бусад ажилчдыг өдөөн турхирах үйл ажиллагааг явуулсан ноцтой зөрчил тул А.Б той байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөр дуусгавар болгож түүнийг ажлаас чөлөөлсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон. /хх-3, 117-121 дэх тал/

 

4. Хариуцагч байгууллага нь 2020 оны 04 дүгээр сарын 06ы өдрийн 377/20 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, компанийн хөдөлмөрийн дотоод журмын 13.1, 13.4, 13.4.4, 16.3, хөдөлмөрийн гэрээний 13.3.2.14, 13.3.2.21-т заалтыг тус тус үндэслэжээ. /хх-3 дахь тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т хөдөлмөрийн гэрээг ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан бөгөөд ажилтныг ажлаас уг үндэслэлээр чөлөөлөхдөө сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон байх шаардлагатай. Зөрчил гаргасан эсэх асуудлаар зохигчид маргасан тохиолдолд ажил олгогчийн зүгээс ажлаас чөлөөлсөн шийдвэрийнхээ үндэслэл буюу ажилтны гаргасан зөрчлийг нотлох үүрэгтэй болно.

 

5. Хариуцагч компани нь нэхэмжлэгч А.Б ыг Т ХХК-ийн үйл ажиллагаа болон нэр хүндэд хохирол учруулсан, ажил олгогч компанийн нууцыг задруулсан гэх зөрчлийг гаргасан гэх боловч А.Б-ын гаргасан гэх дээрх зөрчлийг эргэлзээгүй баримтаар нотлоогүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

6. Мөн нэхэмжлэгч болон нэр бүхий бусад ажилчид хамтран "Т ХХК-ийн Эв санааны нэгдэл Үйлдвэрчний эвлэлийг хуурамч баримт бичиг бүрдүүлж, байгуулан, уг үйлдвэрчний эвлэлийн нэрээр Т ХХК-ийн Эв санааны нэгдэл нэртэй фэйсбүүк групп нээж компанийн бизнесийн нэр хүндэд халдсан, худал мэдээлэл тарааж, компанийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулах үйлдэл, эс үйлдэл хийсэн нь дээрх фейсбүүкийн нийтлэлээр нотлогддог үйлдвэрчний эвлэл байгуулсан, фэйсбүүк групп нээж ажиллуулсан гэх үндэслэлээр халаагүй хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр халсан гэх тайлбарыг гаргасан. Хэрэгт хариуцагч талаас Т ХХК-ийн Эв санааны нэгдэл нэртэй фэйсбүүк групп хуудаст тавьсан мэдээлэлтэй холбоотой баримтыг гаргасан байна.

 

Хэргийн 108-110 дугаар талд Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 1945 дтоот дүгнэлт авагдсан байх бөгөөд уг дүгнэлтэнд хуулийн этгээдийг улсын бүртгэлд Т ХХК-ийн Эв санааны нэгдэл нэртэй үйлдвэрчний эвлэлийг бүртгэсэн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн бүртгэл, мөн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн улсын бүртгэлийн 200317006 дугаартай хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтыг тус тус хүчингүй болгосон байна. Дээрх бүртгэлийг хүчингүй болгосон нь ажилтныг Хөдөлмөрийн гэрээний 13.3.2.14, 13.3.2.21-т заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй. Учир нь улсын бүртгэл хийлгэх явцад гаргасан баримт бичгийн зөрчилтэй холбоотой асуудал сахилгын зөрчилд хамаарахгүй.

 

7. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгч А.Б ыг хариуцагч Т ХХК-ийн Уулын хэлтсийн операторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 59,380,886 төгрөгийг хариуцагч Т ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч А.Б од олгож, түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нөхөн төлөхийг хариуцагч Т ХХК-д даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт нийцжээ.

 

8. Нэхэмжлэгч нь эвлэлдэн нэгдэх эрхийнхээ хүрээнд ажилтны хувьд ая тухтай байдлаа хангуулахаар үйлдвэрчний эвлэл байгуулах, эвлэлдэн нэгдэх эрхтэй. Энэ эрхээ хэрэгжүүлэхдээ холбоотой хийсэн үйлдэл нь улсын бүртгэлтэй холбоотой дүрэм, журам зөрчсөн гэж үзэж ажлаас халах үндэслэл болгосон нь буруу байна.

 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэл хийлгэхтэй холбоотой баримт бичиг үйлдсэн нь шаардлага хангахгүй, хуурамч баримт бичиг гэсэн үндэслэлээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн гэх нөхцөл байдал хөдөлмөрийн гэрээнд заасан ажил олгогчийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулах үйлдэл, хууль тогтоомжид заасан бусад гэм буруутай үйлдэл хийсэн гэж үзэх шууд шалтгаант холбоо үндэслэлд хамаарахгүй болно. /4а/

 

9. Хариуцагчийн нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ш тай байгуулсан аливаа гэрээ болон түүнийг хэрэг хянан шийвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцуулах нэхэмжлэгч нарын хүсэлт хэрэгт авагдаагүй байхад хэргийн оролцогч биш этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх заалтуудыг зөрчсөн, хэргийн оролцогч биш этгээдийн гаргасан хүсэлтээр нотлох баримт цуглуулах болон бусад ажиллагааг хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд хамт оролцсон тул төлөөлөх эрхгүй этгээд шүүх хуралдаанд оролцсон гэж үзэх боломжгүй. Хүсэл зоригийн илэрхийлэл байхгүй, төлөөлөлгүйгээр өмгөөлөгчийн үүрэг гүйцэтгэсэн гэж үзэхгүй. Түүнчлэн нэхэмжлэгч нь хуульд заасан хууль зүйн туслалцаа авах эрхтэй, уг эрхээ хэрэгжүүлж өмгөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсанд хариуцагчийн эрх ашиг хөндөгдөхгүй юм. /4б/

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2021/02634 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 455,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ