Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2021/02553

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 11 өдөр

        Дугаар 183/ШШ2021/02553

                     Улаанбаатар хот

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, шүүгч Д.Хулан, Ц.Оюунбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б овогтой, Цийн Нийн нэхэмжлэлтэй,

/Хан-Уул дүүрэг, ....дугаар хороо, .... байр, ...тоотод оршин суух, регистрийн дугаар ..../

 

Хариуцагч: Ж овогтой, Дн Эт холбогдох,

/Хан-Уул дүүрэг, ....хороо, ... гудамж, .....тоотод оршин суух, регистрийн дугаар ........./

 

Гэм хорын хохиролд 8.876.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагчийн өмгөөлөгч Г.У, нарийн бичгийн дарга Д.Содбилгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Н миний бие Хан-Уул дүүргийн .... дүгээр хороо, ...... гудамж, .....хотхон, . тоотод байрлах амины орон сууцны өмчлөгч бөгөөд манай гаражнаас ус алдлаа гэж ....оны ..... дугаар сарын .....-ны өдөр холбоо барьсан. Тухайн үед манай гэр бүлийн хүн Г.М очиход .....тоотод амьдардаг Д.Э нь цэвэр усны крантаа нээж орхиж явсны улмаас тэр үед бохирын шугам хөлдөлттэй байсан учир төв шугам руу ус зайлуулагдалгүй манай өмчлөлийн гаражид байрлалтай сангийн шугамнаас ус алдагдсан. Үүний улмаас миний үл хөдлөх эд хөрөнгөд “ханын засвар, шалны засвар, бусад засвар хийхэд нийт 7.356.500 төгрөгийн хохирол” учирсан болох нь Хөрөнгийн үнэлгээний төвийн дүгнэлтээр тогтоогдсон. Иймд уг хохирол болох 7.356.500 төгрөгийг, уг дүгнэлтийг гаргахад төлсөн ажлын хөлс 150.000 төгрөгийг, бохирын ус алдсан тул ариутгал хийлгэхэд гарах зардал 110.000 төгрөг, шалны халаалтын тогийг засварлах зардал 1.100.000 төгрөг, унааны зардалд гарсан 60.000 төгрөг, цаашид засвар үйлчилгээ хийхэд унааны зардалд гарах 100.000 төгрөг, нийт 8.876.500 төгрөгийг хариуцагч Д.Эээс гаргуулж өгнө үү гэв. 

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Эийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас Хан-Уул дүүргийн ......дүгээр хороо, .....гудамж, ..... тоот амины орон сууцнаас ус алдаж, Ц.Нийн өмчлөлийн  Хан-Уул дүүргийн .... дүгээр хороо, ...... гудамж, .....хотхон, . тоотод байрлах амины орон сууцанд хохирол учруулсан болох нь нотлогдохгүй байна. Д.Эийн хувьд тухайн үед ус алдахад крантаа онгорхой орхиогүй бөгөөд Хан-Уул дүүргийн .... дүгээр хороо, ...... гудамж, .....хотхон, . тоотод байрлах амины орон сууцны гаражид байдаг сангийн шугам хоолойноос ус алдахад Д.Э буруугүй юм. Мөн уг амины орон сууцны шугам сүлжээ нь өвөл хөлддөг асуудалд Д.Э буруу байхгүй бөгөөд тухайн өдөр манай ард байдаг 26, 27, 30, 31 дүгээр байрны цэвэр, бохир усны хоолой мөн хөлдөж, гаражных нь үүдээр ус гоожсон байсныг жижүүр н.п янзалж, хөлдүүсийг нь гаргаж байсан. Иймд энэ олон байрны гүний худгийн ус хөлдөж, хаанаас даралттай ус орж ирснийг би мэдэхгүй, “Амгалан” хотхон нь анхнаасаа чанар муутай, цэвэр бохир усны холболт шугам муу, бараг дулаалгагүй, өмнө нь удаа дараа хөлдөж байсныг бүх оршин суугчид мэднэ. Иймд Ц.Нид гэм хор учруулаагүй тул 8.876.500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогчийн гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ц.Нийн нэхэмжлэлтэй, Д.Эт холбогдох, гэм хорын хохиролд 8.876.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ц.Нийн “...манай хажуу айл нь цэвэр усны крантаа нээж орхиж явсаны улмаас тэр үед бохирын шугам хөлдөлттэй байсан учир төв шугам руу ус зайлуулагдалгүй Ц.Нийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн .... дүгээр хороо, ...... гудамж, .....хотхон, . тоотод байрлах амины орон сууцны гаражид байрлах сангийн шугам хоолойны хэсгээс ус алдагдсаны улмаас учирсан хохиролд 8.876.500 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Э хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж “...крантаа онгорхой орхиогүй, манай буруутай үйлдлийн улмаас цэвэр, бохирын шугам хөлдөж, ус алдаагүй, Ц.Нийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн .... дүгээр хороо, ...... гудамж, .....хотхон, . тоотод байрлах амины орон сууцны гаражид байрлах сангийн шугам хоолойны хэсгээс ус алдахад Д.Эийн буруу байхгүй” гэсэн хариу тайлбарыг гаргаж, зохигчид мэтгэлцжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч Д.Эийн хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр нэхэмжлэгч Ц.Нийн эд хөрөнгөд гэм хор учруулсан болох нь нотлогдохгүй болно.

 

Өөрөөр хэлбэл Д.Э нь Хан-Уул дүүргийн ....... хороо, ........ гудамж, Амгалан хотхон, ...........тоотод байрлах амины орон сууцны цэвэр усны крантыг нээлттэй орхисны улмаас ус алдаж, Ц.Нийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн .... дүгээр хороо, ...... гудамж, .....хотхон, . тоотод байрлах амины орон сууцанд хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...1-20 тоотод байрлах амины орон сууцны гаражид байрлах сангийн шугам хоолойг тухайн үед хөлдүүсийг нь арилгахын тулд .....хотхоны ажилтан цоолсон ба уг хэсгээс ус алдсан” гэсэн тайлбар, гэрч Н.П “...19 тоотын гаражид ус алдаагүй, 20 тоотын гаражид ус алдсан байсан. Гүний худгаас явсан цэвэр усны шугам нь 20 тоотын гараж дотор байдаг ба энэ дотроо хоёр хаалттай буюу 20 тоотын, 19 тоотын хаалттай. Тухайн үед 20 тоот нь хаалтаа хаасан, 19 тоот хаалтаа нээснээс ус алдсан... хөлдсөн бохирын хоолой руу орсон ус буцаж хальж гарч ирсэн” гэсэн мэдүүлгээр нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байна.

 

Шүүгчийн захирамжийн дагуу томилогдсон шинжээчийн ....оны ...дугаар сарын ...-ны өдрийн .....дугаар дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д заасантай нийцэхгүй байх тул үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байна гэж Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн .....оны..дугаар сарын ..-ны өдрийн ....дугаар магадлалаар дүгнэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасны дагуу ...оны ..дугаар сарын ..-ны өдрийн ..дугаар шинжээчийн дүгнэлтийг үнэлээгүй бөгөөд зохигчид “...дахин шинжээч томилуулахгүй, хэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд шийдвэрлүүлэх” тухай хүсэлт гаргасныг дурдав.

 

            Дээр дурдсан үйл баримтаар хариуцагч Д.Э нь хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр нэхэмжлэгч Ц.Нийн эд хөрөнгөд 8.876.500 төгрөгийн гэм хор учруулсан болох нь нотлогдоогүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан Ц.Нийн нэхэмжлэлтэй, Д.Эт холбогдох, гэм хорын хохиролд 8.876.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүхээс иргэдийн төлөөлөгч Г.Сд хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр “...өвчний улмаас хуралдаанд оролцох боломжгүй болсон”-ыг мэдэгдсэн ба зохигчид “...иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх” хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар зохигчийн зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан Ц.Нийн нэхэмжлэлтэй, Д.Эт холбогдох, гэм хорын хохиролд 8.876.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Ноос улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр төлсөн 156.974 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.СЭМЖИД

 

ШҮҮГЧИД                                                       Д.ХУЛАН

 

Ц.ОЮУНБИЛЭГ