Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/01608

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/01608

 

 

 

 

 

Ц.Н-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2020/01305 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Н-н хариуцагч Д.Э-т холбогдуулан гэм хорын хохиролд 8 876 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Ц.Нацагдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ундрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Нацагдорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Х............. 1-20 тоотод байрлах амины орон сууцны өмчлөгч юм. 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр манай гаражнаас ус алдлаа гэж холбоо барьсан. Тухайн үед манай гэр бүлийн хүн Г.Мөнхзул очиход 19 тоотод амьдардаг Д.Э нь цэвэр усны крантаа нээж орхиж явсаны улмаас тэр үед бохирын шугам хөлдөлттэй байсан учир төв шугам руу ус зайлуулагдалгүй гараж дахь худгийн хэсгээр ус гадагш алдагдсан байна. Үүний улмаас миний үл хөдлөх эд хөрөнгөд ханын засвар, шалны засвар, бусад засвар хийхэд нийт 7.356.500 төгрөгийн хохирол учирсан болох нь Хөрөнгийн үнэлгээний төвийн дүгнэлтээр тогтоогдсон. Иймд уг хохирол болох 7.356.500 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн уг дүгнэлтийг гаргахад төлсөн ажлын хөлс 150.000 төгрөгийг, бохирын ус алдсан тул ариутгал хийлгэхэд гарах зардал 110.000 төгрөг, шалны халаалтын тогийг засварлах зардал 1.100.000 төгрөг, унааны зардалд гарсан 60.000 төгрөг, цаашид засвар үйлчилгээ хийхэд унааны зардалд гарах 100.000 төгрөг, нийт 8.876.500 төгрөгийг хариуцагч Д.Эрдэнэчимэгээс гаргуулж өгнө үү гэв. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ундрах шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ................. оршин суудаг Д.Эрдэнэчимэг нь тухайн үед крантаа огт онгорхой орхиж яваагүй. 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 09-ний өдрүүдэд манайх эзгүй байсан, 09-ний өдөр ирэхэд манай байр усгүй байсан. Хотхон хариуцсан жижүүр, сантехникч н.Пүрэвсүрэнгээс асуухад цочир хүйтрэлээс болж ус хөлдсөн байна гэсэн. Маргааш нь буюу 10-ны өдрийн орой 22.00 цагийн үед манай байрны дотор талаас болон хөрш айлын гараж талаас усны хоолойн хөлдүүсийг гаргасан. Дараа нь айлын гаражийг хааж Маргааш өглөө бид нар явна. Одоо зүгээр биз дээ, дахиад хөлдөх вий, гадуур, дотуур хаах газар байвал хаачихна биз дээ гэхэд н.Пүрэвсүрэн зүгээр дээ гэсэн. Тэгээд 11-ний өдөр хот руугаа буцсан. Бид 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр буцаж ирэхэд манай байрны дотор тал болон гадаа, мөн хөрш айлын байрны үүд орчимд ус хөлдсөн, мөстөж тогтсон ямар нэг шинж тэмдэг байгаагүй. Үүний дараа өдөр нь буюу 15-ны үдээс хойш хотхоны жижүүр, сантехникч н.Пүрэвсүрэн утасдаж Танайх ирэх үү гэж асуусан очно оо гэсэн. Биднийг 15-ны өдрийн орой ирэхэд хөрш айлын байрны гаражны хажуугийн хана хормой хэсгээр зайрмагтсан, урд талын 16 тоот айлын байрны ард талд зузаан мөс тогтсон байсан. Тухайн үед манайх дотроосоо ус алдаагүй, бидний буруутай үйлдлийн улмаас цэвэр, бохирын шугам хөлдөөгүй бөгөөд манай ард талд байдаг байрнуудын цэвэр, бохир усны хоолой мөн адил хөлдөж, гаражнуудынх нь үүдээр ус гоожсон байсныг жижүүр н.Пүрэвсүрэн янзалж, хөлдүүсийг нь гаргаж байсан. Иймд энэ олон байрны гүний худгийн ус яг хаанаа хөлдөж, хаанаа задарч, хаанаас даралтгай ус орж ирснийг жирийн оршин суугч бид нар мэдэхгүй. Иймд дээрх хөрш айлын хохирол болон бидний дунд үүссэн үл ойлголцол, цаашлаад бидний амьдран суугаа байр сууцны чанарын асуудлыг шийдвэрлэхэд уг хотхоныг барьсан байгууллага, аж ахуйн нэгж хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна. Иймээс нэхэмжпэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх:  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч . гэм хорын хохиро............лд 7.506.500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч.............. олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.370.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч .......... улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр төлсөн 156.974 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Эрдэнэчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид 135 054 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Эрдэнэчимэгээс шинжээчийн ажлын хөлс болох 251.538 төгрөгийг гаргуулан Д..................... тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Дэлгэрмаагийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэж шийдвэр гаргасан, өөр баримтыг үнэлээгүй. Шинжээчийн дүгнэлт нь үнэн зөв эсэх нь эргэлзээтэй байсан учраас хариуцагч талаас гомдол гаргасан. Тухайн шинжээчийн дүгнэлт нь үндэслэлгүй болсон бөгөөд эргэлзээтэй дараах нөхцөл байдлууд харагдаж байна. Хавтас хэргийн 21 дүгээр талд 3 дахь зурагт тодорхой харагддаг. Тухайн дүгнэлтэд 19 болон 20 тоот айлын дунд байрлах эзэмшлийн бохир усны шугам дээрх нөхцөл байдал үүсэхэд бага хэмжээний цоорсон байсан. Цоорсон нүхээр бохир хальж, ус алдсан нөхцөл байдал үүссэн гэж шинжээч тогтоосон. Гэтэл хэргийн 21 дүгээр талд 3 дахь зургаас харахад цоорсон нүхээр ус алдсан гэдэг нь тогтоогддоггүй. Наана цэвэр усны шугам юм уу, өөр ямар шугам хагарсан гэдгийг мэдэхгүй байна. Даралттай усны шугам задарч ус алдсан нөхцөл байдал үүссэн зураг бодитоор авагдсан. Иймд эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн учраас хариуцагч талаас дахин шинжээч томилуулах тухай хүсэлтийг гаргасан боловч хангахгүй орхиж шийдвэрлэсэн боловч уг үндэслэлээ тодорхой дурдаагүй. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт шинжээч нь хүлээн авсан шинжилгээний объектыг гэрэл зураг болон бусад арга хэрэгслээр бэхжүүлэн авсны дараа батлагдсан аргачлалын дагуу шинжилгээ хийнэ. Мөн тухайн шинжээчийн бүрэлдэхүүн хэсэг болох нотолсон баримтыг хавсаргана гэж заасан. Гэтэл 19 тоот айлаас шалтгаалан ус алдсан байна гэдгийг баталсан зургийг шинжээчийн дүгнэлтэд хавсаргаагүй. 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Улсын дээд шүүхээс гаргасан зөвлөмжид шинжээчийн дүгнэлт нь тодорхой 3 хэсгээс бүрдэнэ. Шинжээч дүгнэлт гаргахдаа шинжилгээ явуулсан аргачлал, баталсан баримт материалуудыг хавсаргана гэж заасан. Гэтэл шүүх ийм баримтыг явуулаагүй байхад шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв гэж үзэж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас гаргаж өгөх нотлох баримт төдийлөн байгаагүй. Мөн хариуцагчийн зүгээс татгалзлаа нотлох боломжийг олгоогүй гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ц.Нацагдорж нь хариуцагч Д.Эрдэнэчимэгт холбогдуулан гэм хорын хохиролд 8 876 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч Ц.Нацагдорж шаардлагын үндэслэлээ ...манай хажуу айл нь цэвэр усны крантаа нээж орхиж явсаны улмаас тэр үед бохирын шугам хөлдөлттэй байсан учир төв шугам руу ус зайлуулагдалгүй гарааш дахь худгийн хэсгээр ус гадагш алдагдаж, эд хөрөнгөд хохирол учирсан гэж тайлбарласныг хариуцагч Д.Эрдэнэчимэг эс зөвшөөрч ...крантаа огт онгорхой орхиогүй, дусагнуулж үлдээсэн, манай буруутай үйлдлийн улмаас цэвэр, бохирын шугам хөлдөж, ус алдаагүй... гэж тайлбарласан. /хх1-3, 37-38/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр дүгнэлт гаргуулахыг хүсчээ.

Шүүх хариуцагчийн хүсэлтийг үндэслэн .................86 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206027299 дугаартай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол нь хүний буруутай үйл ажиллагаанаас болсон эсэх, эсхүл бусад хүчин зүйлийн үйлчлэл нөлөөллийн улмаас ус алдсан эсэхийг тогтоолгохоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Д.Дэлгэрмааг шинжээчээр томилсон. Шинжээч нь 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №03 дугаартай дүгнэлт ирүүлсэн боловч, ямар аргачлалаар шинжилгээ хийсэн нь тодорхойгүй, шинжилгээ хийсэн обьектийн талаарх баримт материалыг дүгнэлтэд хавсаргаагүй байна.

Энэ нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дах хэсэгт заасан Шинжилгээний явцад хэрэглэсэн арга, аргачлал, тэдгээрийн үр дүнг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт бүхий материал нь шинжээчийн дүгнэлтийн бүрэлдэхүүн хэсэг болно гэсэн шаардлагыг хангаагүй тул хэргийн бодит байдал үнэн зөв тогтоогдсон эсэх нь эргэлзээтэй байна. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй.

Мөн шүүгчийн асуусан ... 19 тоот айлаас ус алдсан эсэх, тухайн хотхоны 19, 20 тоот айлуудын дунд байрлах цэвэр бохир усны шугам хоолой цоорсон, гэмтсэн шалтгаан нөхцлийн улмаас ус алдсан эсэх... гэх асуултанд ойлгомжгүй тодорхой бус хариулт өгсөн байгаа нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д шинжээчид тавьсан асуулт, түүнд өгсөн хариулт, түүний үндэслэлийг асуулт тус бүрээр тусгахаар заасантай нийцээгүй байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр дахин шинжилгээ хийх талаар зохицуулсан байхад анхан шатны шүүх хариуцагчийн дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасныг зөрчсөн байна.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2020/01305 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135 500 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД  А.ОТГОНЦЭЦЭГ

 

  А.МӨНХЗУЛ