Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2135

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/01596 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Ф.М” ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 21 412 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Завхан аймгийн Ургамал суманд “Ф.М” ХХК -ийн 4826,18.8 9357,45.7 цэг дээр 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдөр уурхайн дарга С.Баярсайхантай гэрээ хийж 150 м буюу нийт 25 000 000 төгрөгийн өртөг бүхий гүний худаг гаргаж өгсөн. Урьдчилгаа төлбөрт 10 000 000 төгрөг авсан. Үлдэгдэл төлбөр болох 15 000 000 төгрөгийг ажил дууссанаас хойш 3 хоногийн дотор төлж дуусна гэсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөр хийгдэхгүй байна. Гэрээний гүйцэтгээгүй үүрэг 15 000 000 төгрөг, гэрээнд зааснаар төлбөрөө хугацаанд төлөөгүй тул алдангид 6 412 500 төгрөг, нийт 21 412 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Манай зүгээс хариуцагч талд тооцоо дуусгахыг хүссэн албан бичгийг 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр, 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрүүдэд хүргүүлсэн боловч танайтай гэрээ байгуулсан хүн ажлаас халагдсан тул бид мэдэхгүй байна гээд асуудлыг шийдэж өгөөгүй болно гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ф.М” ХХК  нь “М” ХХК -тай 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Өрөмдлөгийн ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулж, Завхан аймгийн Ургамал сумын нутаг дэвсгэрт уурхай дээрээ гүний худаг өрөмдүүлэхээр тохирсон бөгөөд нэхэмжлэгч талын гүйцэтгэсэн ажил нь хариуцагчийн нөхцөл шаардлагад нийцээгүй доголдолтой байсан тул хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Мөн гэрээг компанийн захирал бус уурхайн дарга байгуулсан зэрэг нөхцөл байдлуудыг үндэслэн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ф.М ХХК-иас 21 412 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК -д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “М” ХХК -иас төлсөн 278 575 төгрөгнөөс төлбөл зохих 265 010 улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 13 565 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгож, хариуцагч “Ф.М” ХХК -иас 265 010 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК -д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлэхгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч талаас гэрээнд заасан ажлыг хийж хүлээлгэн өгсөн болох нь 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн огноотой өрөмдөлгийн журнал хүлээлцэх актаар өрөмдмөл худгийг ашиглалтад хүлээлгэн өгч хариуцагч "Ф.М" ХХК буюу захиалагч тал хүлээн авсан болох нь тогтоогдож байна гэж дурдсан. Гэтэл 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн огноотой "Өрөмдлөгийн журнал хүлээлцэх акт" гэх баримт нь ажлын гүйцэтгэлийг хүлээн авсныг нотлох албан ёсны баримт бичиг биш бөгөөд нэхэмжлэгч талаас ажлыг эцсийн байдлаар хүлээлцэх актыг шүүхэд гаргаж өгөөгүй байдаг. Энэ нь гэрч А.Амгаланбаатарын мэдүүлэгт ч гэсэн дурдагдсан байдаг. Мөн түүнчлэн "Өрөмдлөгийн журнал хүлээлцэх акт" гэх баримтын огноо нь нэхэмжлэгч болон хариуцагч талуудын хооронд байгуулсан Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээний огнооноос цаг хугацааны хувьд өмнөх огноотой үйлдэгдсэн байгааг анхан шатны шүүх харгалзаж үзээгүй ба энэ нөхцөл байдлаас харахад дээрх "Өрөмдлөгийн журнал хүлээлцэх акт" гэх баримтыг хүчин төгөлдөр, албан ёсны баримт гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Мөн талуудын хооронд байгуулагдсан Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр хэлцэл мөн эсэхийг анхан шатны шүүх харгалзаж үзээгүй. Талуудын хооронд байгуулсан Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээнд "М" ХХК-ийг төлөөлж Менежер М.Сонинбилэгт гэж хүн гарын үсэг зурсан, харин "Ф.М" ХХК-ийг төлөөлж уурхайн дарга С.Баярсайхан гэж хүн гарын үсэг зурсан байдаг. Гэтэл эдгээр албан тушаалтнууд компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий биш байдаг бөгөөд компанийг төлөөлж гэрээ, хэлцэл байгуулах итгэмжлэлийг аль аль талаас дээрх хүмүүст олгосныг нотлох баримт байдаггүй. Энэ талаар хариуцагчийн зүгээс анхан шатны шүүх хуралдааны үеэр гаргасан тайлбартаа дурдсан боловч анхан шатны шүүх харгалзаж үзээгүй ба хүчин төгөлдөр бус гэрээ, хэлцэл заагдсаны дагуу нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжилсэн алдангийг хүртэл хариуцагчаар гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус шийдвэр болсон. Анхан шатны шүүх "М" ХХК-ийг "Жэб минерал" ХХК-ийн туслан гүйцэтгэгч мөн эсэхийг харгалзаж үзэлгүй шийдвэр гаргасан. Хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн "Жэб минерал" ХХК, "Ф.М" ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээ болон "Жэб минерал" ХХК-д ажлын хөлсний урьдчилгаа төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлж, дүгнэлгүйгээр шийдвэр гаргасан. "Жэб минерал" ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгч "М" ХХК-иар гүйцэтгүүлэхээр хариуцагч талтай тохирч, өөрсдөө зуучлан уулзуулж байсан нөхцөл байдлыг анхан шатны шүүх харгалзаж үзээгүй. Дээрх нөхцөл байдлуудаас харахад анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гэж үзэхэд учир дутагдалтай байх бөгөөд анхан шатны шүүх талуудын хооронд хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн эсэх, нэхэмжлэгч тал гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн эсэх, хариуцагчийн зүгээс ерөнхий гүйцэтгэгч байж болох хуулийн этгээдэд гэрээний урьдчилгаа төлбөр төлсөн байдал, нэхэмжлэгч талд хохирол учирсан байдлыг тал бүрээс нь бодитойгоор үнэлж дүгнэхгүйгээр хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд "Ф.М" ХХК-ийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “М” ХХК  нь хариуцагч “Ф.М” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний хөлсний үлдэгдэл 15 000 000 төгрөг, алданги 6 412 500 төгрөг, нийт 21 412 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Хариуцагчийн зүгээс гэрээний урьдчилгаа төлбөрт зориулан нэхэмжлэгчид 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн талаар зохигч маргаагүй. Хариуцагч нь нэхэмжлэгч гэрээгээр тохирсон ажлын гүйцэтгэлийг хугацаанд хүлээлгэн өгөөгүй, уг ажил доголдолтой байсан, “Жэб минерал” ХХК-ийн туслан гүйцэтгэгч юм гэж зөрүүтэй тайлбарлажээ.

 

Талуудын хооронд 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдөр худаг өрөмдөх тухай гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч нь Завхан аймгийн Ургамал суман дахь 48”26,18.8/93”57”45,7 цэг дээр өрөмдлөгийн ажил гүйцэтгэж гүний худаг гаргаж өгөх ажлыг 3 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх, хариуцагч нь ажлын хөлсний 40 хувь буюу 10 000 000 төгрөгийг ажил эхлэхээс 1 хоногийн өмнө, 60 хувь буюу 15 000 000 төгрөгийг ажил дуусаж захиалагчид хүлээлгэж өгснөөс хойш 3 хоногийн дотор төлөх үүрэг хүлээсэн ба уг гэрээг ажил гүйцэтгэх гэрээ гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.                             /хх-4-5 дахь тал/

 

Нэхэмжлэгч “М” ХХК  нь гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгэн хариуцагчид хүлээлгэн өгсөн болох нь хэргийн 7 дахь талд авагдсан өрөмдлөгийн журнал хүлээлцэх актаар нотлогдоно гэсэн бол, хариуцагч өрөмдлөгийн журнал бол ажил хүлээлцсэн акт биш, талууд ажлыг эцсийн байдлаар хүлээлцээгүй гэж мэтгэлцжээ.

                                                                                                                      /хх-7 дахь тал/

 

Хариуцагчийн дээрх тайлбарыг үндэслэлгүй болохыг нотлохоор нэхэмжлэгч нь   А.А-г гэрчээр асуулгасан байх ба тэрээр тухайн худгийг 100 метр, 3 цооног өрөмдөж, ус гарсан тул хэмжилт хийлгэж, уг худгийг “Ф.М” ХХК-д хүлээлгэж өгсөн, уг ажлыг актаар хүлээлцэх үед байсан гэх агуулга бүхий мэдүүлэг өгчээ.                         

/хх-60-61 дахь тал/

 

            Хэргийн 7 дахь талд авагдсан өрөмдлөгийн журнал, гэрч А.А-ийн мэдүүлэг болон талуудын тайлбарыг хооронд нь харьцуулан дүгнэвэл өрөмдлөгийн журнал хүлээлцэх актыг ажил хүлээлцсэн акт биш гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд гэрээгээр тохирсон ажлын гүйцэтгэлийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт зааснаар хүлээлгэн өгсөн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн боловч хариуцагч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажлын хөлс төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас талуудын хооронд маргаан үүсчээ.

 

            Хариуцагч нь гэрээгээр хийж гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан гэх үндэслэлийг заан маргасан атлаа Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар доголдлын талаар гомдлын шаардлага гаргасан баримтгүй, мөн “М” ХХК  нь “Жэб минерал” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул түүний татгалзал үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

            Зохигч гэрээний 2.9 дэх хэсэгт “захиалагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй төлбөрийн 0,3 хувьтай тэнцэх алдангийг нөхөн төлнө” гэж тохиролцсон бөгөөд хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд ажлын үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тул шүүх алданги 6 412 500 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж ажлын үлдэгдэл хөлс 15 000 000 төгрөг, алданги 6 412 500 төгрөг, нийт 21 412 000 төгрөгийг хариуцагч “Ф.М” ХХК -иас гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК -д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн тул энэ талаарх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

            Хариуцагч нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд гэрээг байгуулаагүй гэсэн тайлбар гаргасан боловч талуудын гэрээгээр тохирсон ажлыг бодитойгоор нэхэмжлэгч гүйцэтгэсэн, урьдчилгаа шилжүүлснээс үзвэл эрх бүхий этгээд гэрээг хийгээгүй гэх тайлбарыг үгүйсгэх хангалттай баримтгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн тул талуудын хооронд байгуулагдсан өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад улсын тэмдэгтийн хураамж буцаан олгох талаар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн заалтыг баримтлаагүй алдааг залруулж шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/01596 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “М” ХХК -иас төлсөн 278 575 төгрөгнөөс төлбөл зохих 265 010 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 13 565 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгож, хариуцагч “Ф.М” ХХК -иас 265 010 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК -д олгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265 010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНХАНД

 

 

                             ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

 

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ