Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 01596

 

 

 

 

2018 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2018/01596

     Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

 

Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ф ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний хөлс болон алдангид 21.412.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө, гэрч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандшир нар оролцов. 

                                                                                      

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани  Завхан аймгийн Ургамал суманд Форсголд майнинг ХХК-ийн 48’26,18.8 93’57,45.7 цэг дээр 2017.06.18-ны өдөр уурхайн дарга С.Баярсайхантай гэрээ хийж 150 м буюу нийт 25.000.000 төгрөгийн өртөг бүхий  гүний худаг гаргаж өгсөн. Урьдчилгаа төлбөрт 10.000.000 төг авсан. Үлдэгдэл төлбөр болох 15.000.000 төгрөгийг ажил дууссанаас хойш 3 хоногийн дотор төлж дуусна гэсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөр хийгдэхгүй байна. Үүнд: гэрээний гүйцэтгээгүй үүрэг 15.000.000 төгрөг, гэрээнд зааснаар төлбөрөө хугацаанд төлөөгүй тул алдангид 6.412.500 төгрөг, нийт 21.412.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Манай зүгээс хариуцагч талд тооцоо дуусгахыг хүссэн албан бичгийг 2017.09.04-ний өдөр, мөн 2018.03.01-ний өдрүүдэд хүргүүлсэн боловч танайтай гэрээ байгуулсан хүн ажлаас халагдсан тул бид мэдэхгүй байна гээд асуудлыг шийдэж өгөөгүй болно гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Форс голд  майнинг ХХК нь М ХХК-тай 2017.06.18-ны өдөр Өрөмдлөгийн ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулж,  Завхан аймгийн Ургамал сумын нутаг дэвсгэрт уурхай дээрээ гүний худаг өрөмдүүлэхээр тохирсон бөгөөд нэхэмжлэгч талын гүйцэтгэсэн ажил нь хариуцагчийн нөхцөл шаардлагад нийцээгүй доголдолтой байсан тул хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Мөн гэрээг компанийн захирал бус уурхайн дарга байгуулсан зэрэг нөхцөл байдлуудыг үндэслэн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч М ХХК-иас хариуцагч Форсголд майнинг ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний  хөлсний үлдэгдэл 15.000.000 төгрөг, хугацаанд нь хөлсөө төлөөгүй  алдангид 6.412.500 төгрөг, нийт 21.412.000 төгрөг нэхэмжилсэн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

                Нэхэмжлэгч М ХХК нь 2017.06.18-ны өдөр хариуцагч Форсголд майнинг ХХК-ийн Завхан аймгийн Ургамал суман дахь  48’26,18.8 93’57,45.7 цэг дээр нийт 25.000.000 төгрөгийн өртөг бүхий  гүний худаг гаргаж өгөхөөр тохиролцож, урьдчилгаа төлбөрт 10.000.000 төгрөгийг өгч үлдэгдэл 15.000.000 төгрөгийг ажил дуусаж хүлээлгэн өгснөөс хойш 3 хоногийн дотор шилжүүлэн өгөхөөр тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, 2017.06.18-ны өдрийн худаг өрөмөдөх тухай гэрээ, урьдчилгаа 10.000.000 төгрөг төлсөн баримт, өрөмдлөгийн журнал хүлээлцэх акт зэргээр тогтоогдож байна.

 

                Хариуцагч талаас ажлын гүйцэтгэл доголдолтой байсан, Жеб менерал ХХК-ийн туслан гүйцэтгэгч нь М ХХК байсан гэх зэрэг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тухай тайлбар гаргаж байх боловч уг тайлбаруудыг нотлох баримтгүй байна.

 

                Хариуцагч талаас ажлын гүйцэтгэлийн талаар ямар нэг доголдолтой байсан гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д заасан 6 сарын хугацааны дотор гомдлын шаардлага гаргасан тухай нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй болно.

 

                Нэхэмжлэгч талаас гэрээнд заагдсан ажлыг  хийж хүлээлгэн өгсөн болох нь 2017.06.16-ны өдрийн огноотой өрөмдлөгийн журнал хүлээлцэх актаар өрөмдмөл худгийг ашиглалтад хүлээлгэн өгч хариуцагч Форсголд майнинг ХХК буюу захиалагч тал хүлээн авсан болох нь тогтоогдож байна.

 

                Шүүх хуралдааны явцад хариуцагчийн төлөөлөгчөөс гэрээг эрх бүхий этгээд хийгээгүй гэсэн тайлбарыг хийж байх боловч, уг тайлбарыг  үгүйсгэх хангалттай нотлох баримтгүй байх ба, өрөмдмөл худгийг хариуцагч Форсголд майнинг ХХК-ийн уурхайн талбайд хийсэн, урьдчилгаа 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн, гэрч А.Амгаланбаатарын мэдүүлэг, өрөмдмөл худгийг хариуцагч талаас хүлээн авсан үйл баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн гаргасан үлдэгдэл хөлс 15.000.000 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Хариуцагч талаас гэрээнд заасан хугацаанд үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байх тул нэхэмжилсэн алданги 6.412.500 төгрөгийг гаргуулах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 ба гэрээний 2.9-д заасантай нийцнэ гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйпийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн  343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч  Форсголд майнинг ХХК-иас 21.412.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч  М ХХК-д олгосугай.

           

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М ХХК-иас төлсөн 278.575 төгрөгнөөс төлбөл зохих  265.010 улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 13.565 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгож, хариуцагч Форсголд майнинг ХХК-иас 265.010 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.   

                               

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ц.АЛТАНЦЭЦЭГ