Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2021/02615

 

 

 

 

 

 

 

 

 

 2021 оны 11 сарын 16 өдөр                         Дугаар 183/ШШ2021/02615                       Улаанбаатар хот

 

 

                

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ХХХХХ дүүрэг, ХХХХ дугаар хороо, ХХХХ хороолол, ХХХ дүгээр байр ХХХ тоот оршин суух, Х овогт Г.Б  /РД:0000000,

Нэхэмжлэгч: ХХХ дүүрэг,ХХХ дугаар хороо, ХХХХ гудамж, ХХХ байр ХХХ  тоот оршин суух, Б овогт М.Э /РД:00000000/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ХХХХХ дүүрэг, ХХХХ дүгээр хороо,ХХХХ хороолол, ХХХ байр, ХХХтоот оршин суух, Э баян овогт Б.Б  /РД:00000000/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 102 928 314 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Б, М.Э нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.Б нь М.Э, Г.Б нартай 2020 оны хавар анх уулзаж мөнгө өсгөх маш ашигтай ажил байгаа талаар танилцуулж, үүнээс хойш М.Э, Г.Б нарыг өөрт нь мөнгө зээлэхийг удаа дараа ятгасан байдаг. Б.Бнь М.Э, Г.Б нараас мөнгө зээлэн авч форексийн арилжаанд өөрөө оролцох, зээлсэн мөнгөө 2020 оны 07 дугаар сар гэхэд 2 нугалж буцааж төлөх маш ашигтай санал тавьж, удаа дараа уулзан ятган сэнхрүүлсэн, удаа дараа уулзахдаа төрөл бүрийн мэдээ баримт, график үзүүлж итгэл үнэмшил төрүүлсэн тул М.Э, Г.Б нар нь богино хугацаанд их хэмжээний ашиг олох зорилгоор 2020 оны 03-05 сарын хугацаанд ах дүү, найз нөхдөөсөө мөнгө зээлж Б.Б-д итгэж шилжүүлсэн. М.Э нь 2020 оны 03 дугаар сарын 11-нд 500 ам.доллар /Худалдаа хөгжлийн банкны 499272215 данснаас Б.Б-ны 000000 дансанд/ 2020 оны 04 дүгээр сарын 01-нд 2,110 ам.доллар /Голомтын 000001 данснаас Б-Ны 000000 дансанд/, 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөг /Хаан банкны 5000000 данснаас Б-ны 00000000/, 2020 оны 05 дугаар сарын 06-нд 2,000 ам.доллар бэлнээр, 2020 оны 05 дугаар сарын 06-нд 400 ам.доллар /голомтын 0000001 данснаас Б-ны 0000000 дансанд/, 2020 оны 05 дугаар сарын 13-нд 8,000,000 төгрөг /Хаан банкны 0000000 данснаас Б-ны 00000 данс/, нийт 5,010 ам.доллар, 9,000,000 төгрөгийг Батсайханд өгсөн байна. Г.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 10-нд 1,000 ам.доллар /М.Э-ы долларын 11111 дансанд/, 2020 оны 04 дүгээр сарын 27-нд 3,000 ам.доллар /Б.Б-ны голомт банкны 00000 дансанд/, 2020 оны 05 дугаар сарын 13-нд 16,788,000 төгрөг /Батсайханы хаан банкны 5003529808 данс/ нийт 4,000 ам.доллар, 16,788,000 төгрөгийг Б-д өгсөн байна. Хамгийн сүүлд 2020 оны 05 дугаар сарын 13-нд Б.Б нь мөнгө авснаас хойш сураггүй болж илэрхий худлаа ярьж зугтааж эхэлсэн. Иргэн М.Э, Г.Б нар нь асуудал эргэлзээтэй болсоныг мэдээд араас нь хөөцөлдөж, удаа дараа уулзан, утсаар ярьж, зээлсэн мөнгөө буцааж өгөхийг шаардахад Б.Б нь “... Би Форекст арилжаа хийж байгаа, ... би та хоёрын мөнгийг хэд нугалж өгнө, ... би алдана гэж хэзээ ч байхгүй, 100 хувь найдвартай ... хөндлөнгийн зээл, гадаад хөрөнгө оруулалтаас хэдэн тэрбум төгрөг орж ирнэ гэж зураг харуулж цаг авах .... би 20 жил арилжаа хийж байгаа надад хоёр гурван шавь нар бий. Нэг шавь маань английн бирж дээр байдаг. Нэг нь баяжаад мөнгөтэй болоод явсан. Надад туршлага байна. Та нараас авсан мөнгө би 1 хүүтэй нь 100 хувь төлнө ... Манай эхнэр хүртэл өдөрт цайны мөнгө тасрахгүй олдог ... их хөрөнгө оруулалт байх тусам ашиг нь өндөр байна. Овоо өсөөд байгаа хэмээн зураг харуулах ... Банк бус санхүү хүртэл биржийн арилжаан дээрээс мөнгө олдог ... Корона гарч бүх юм хаалттай байгаа энэ үед биржийн арилжаа л ашигтай ... 7 сард 10,000 ам.доллар татаад ажлын 2-3 өдөр болно ... Мөн 8 сарын дундуур 27,000 ам.доллар татсан .... “ гэх мэтээр худал хэлж өдөр хоногийг аргацаасаар өнөөдрийг хүрлээ. Б.Б нь уулзахаараа худлаа яриад, эсвэл уулзахгүй зугтаагаад, утсаа ч авахгүй, орон гэртээ ч ирэхгүй байсан тул М.Э, Г.Б нар нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гаргасан. Б.Б нь ХХХХ дүүргийн Цагдаагийн хэлтэст өгсөн мэдүүлэгтээ “...зээл авсан нь үнэн, ... эрсдэл зардлыг би өөрөө төлж барагдуулъя...” гэх мэдүүлэг өгсөн тул Цагдаагийн хэлтээс уг хэрэг маргааныг иргэний журмаар шийдвэрлүүлэх хэрэг хэмээн үзэж хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн.

Иймд Монгол улсын Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 /Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ/, 282 дугаар зүйлийн 282.4 /Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсон бол зээлдүүлэгч зээлийг нэн даруй буцаан шаардах эрхтэй/ хэмээн тус тус заасныг үндэслэн иргэн Б.Б-аас иргэн М.Э-д 14,277,197 төгрөг / 5,010 ам.доллар х 2849.24/ 9,000,000 = 23,277,197 төгрөг х 2 = 46.554.394 төгрөг, иргэн Б.Батсайханаас иргэн Г.Б-д 11,398,960 төгрөг /4,000 ам.доллар х 2,849.24/ 16,788,000 = 28,186,960 төгрөг х 2 = 56,373,920 төгрөг, нийт 102,928,314 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байна. Иргэн Б.Б нь Г.Б, М.Э нартай 2020 оны хавар уулзаж мөнгө зээлэх санал гаргаж удаа дараа уулзаж, зээлсэн мөнгөө 2020 оны 07 дугаар сард хоёр дахин их болгож буцаан авна гэх итгэл үнэмшил төрүүлсэн тул богино хугацаанд их хэмжээний ашиг олох зорилгоор 2020 оны 05 дугаар сард мөнгө зээлсэн. Зорилго нь мөнгө өсгөж авах байсан. М.Э 5000 ам.доллар болон 9,000,000 төгрөг, Г.Б 4000 ам.доллар болон 16,788,000 төгрөгийг шилжүүлсэн. 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн холбоотой байсан хүмүүс зугтааж эхэлсэн. Гэрт нь очиж утсаар ярихад мөнгө 100 буцааж өгнө, алдахгүй  гэх байдлаар тайлбар хэлж хугацаа хожсон. Илэрхий зугтааж эхэлсэн тул Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргахад хариуцагч зээл авсан нь үнэн төлж барагдуулах бодолтой байгаа гэсний дагуу иргэд хоорондын зээлийн харилцаа байна, иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гээд хэрэг бүртгэлийн хэргийг хаасан. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэдийгээр бичгийн хэлбэрээр гэрээ байгуулсан тохиолдолд хүү авах эрх үүсдэг хэдий ч иргэд хооронд 2 дахин нугалж буцааж өгнө, ашиг олох зорилготой байгуулсан тул хоёр нугалж шаардах эрхтэй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хоёр дахин нугалж нэхэмжилсэн. Тооцоолвол М.Э 46,554,390 төгрөг, Г.Б 55,373,920 төгрөг нийт 120,928,310 төгрөгийг  хариуцагчаас гаргуулж  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэн М.Э Б.Б-тай  гадаад форекс автомат цахим арилжаанд оролцож мөнгөө өсгөх тухай эхэлж уулзаж сайн дураараа тохиролцож арилжаа хийж эхэлсэн. Улмаар найз Г.Б-г танилцуулж цахим арилжаа хийхэд туслах үйл ажиллагаа явуулсан. Эдгээр хүмүүс цахим арилжаанаас ашиг олоогүй бөгөөд энэ байдал нь Б.Батсайханаас хамааралгүй бөгөөд программ хангамж, брокерийн үйл ажиллагаа, ханшийн савалгаа зэрэг гадаад хүчин зүйлсээс шалтгаалсан. Тус арилжаанаас Б.Б хувьдаа авсан, завшсан зүйл байхгүй. Энэ нь зээлийн гэрээ биш, өгсөн мөнгийг арилжаанд оруулаад ашиг олох байсан, ашиг олох зорилгоор харилцаанд оролцсон гэдгээ өөрсдөө ч тайлбарлаж байна. Энэ төрлийн харилцаа нь эрсдэлтэй, ашиг алдагдлаа өөрсдөө хариуцдаг, баталгаагүй болохыг ойлгож зөвшөөрсөн. Эдгээр хүмүүсийн хүсэл зоригийн дагуу данс нээж өгөх, бүртгэл хийх, программ хангамж хийх, гадаад брокерийн байгууллагатай харилцах ажиллагааг явуулсан. Г.Б, М.Э нар техникийн талаар мэдлэггүй бөгөөд хүсэлт тавьсны дагуу Б.Б хамтран ажилласан. Дээрх үйл баримт нь талуудын тайлбар, баримт, цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдсон. Г.Б, М.Э нар  нь Б.Б-д мөнгө зээлээгүй зээлийн гэрээний харилцаа, эрх үүрэг, хариуцлага байхгүй. Зээлж авах нөхцөлтэйгээр мөнгө шилжүүлээгүй болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар, бодит үйл баримт зэргээр нотлогдоно.   Прокурорын байгууллагаас иргэний журмаар шийдвэрлүүлэх маргаан байна гэж  дүгнэсэн болохоос биш зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн шинжтэй мөнгө шилжүүлсэн гэдгийг нотолж үнэлж дүгнээгүй. Олох ёстой байсан ашиг, ашиг алдагдлаа хэрхэн хуваарилах, хариуцлага хэрхэх талаар зохицуулсан талуудын хооронд байгуулагдсан гэрээ байхгүй. Өөрсдөө сайн дураараа цахим арилжаанд оролцохоор мөнгө оруулсан, алдагдлаа өөрсдийн оруулсан хувь хэмжээгээр хариуцах үндэслэлтэй. Гэтэл ашиг олвол нугалж нэхээд, алдагдвал хариуцагчаас нэхээд байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн звөшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Б, М.Э нар нь хариуцагч Б.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 102 928 314 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

            Нэхэмжлэгч нар нь хариуцагч Б.Б-ыг зээлсэн мөнгөө хоёр дахин өсгөж буцаан өгнө гэсэн итгэл үнэмшил төрүүлснээс богино хугацаанд их хэмжээний ашиг олох зорилгоор мөнгө зээлүүлсэн, зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн мөнгийг хоёр дахин нугалж өгнө гэсэн тул М.Э 46 554 390 төгрөг, Г.Б 55 373 920 төгрөг, нийт 120 928 310 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.

            Хариуцагч нь нэхэмжлэгч М.Э, Г.Б нараас зээлийн гэрээний үүрэгт төгрөгийг шилжүүлэн аваагүй, нэхэмжлэгч нар нь цахим арилжаанд оролцоод мөнгөө өсгүүлэхээр өгсөн, гэтэл мөнгө зээлсэн гэж зээлийн гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

            Нэхэмжлэгч М.Э нь 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 500 ам.доллар, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 2110 ам.доллар, 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 1 000 000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 2000 ам.доллар, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 400 ам.доллар, 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 8 000 000 төгрөг, нийт 5 010 ам.доллар, 9 000 000 төгрөгийг,

            нэхэмжлэгч Г.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 1000 ам.доллар, 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 3000 ам.доллар, 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 16 788 000 төгрөг, нийт 4000 ам.доллар, 16 788 000 төгрөгийг тус тус хариуцагчид шилжүүлсэн тул мөнгө шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсан гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч М.Э нь 5010 ам.доллар, 9 000 000 төгрөгийг, Г.Б нь 4000 ам.доллар, 16 788 000 төгрөгийг хариуцагч Б.Батсайханд шилжүүлсэн болох нь талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,  хэрэгт авагдсан Голомт банкны зарлагын мэдүүлэг, мемориалын баримт, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна. /хэргийн 6-14-р хуудас/

Хариуцагч нь нэхэмжлэгч М.Э, Г.Б нараас нийт 9010 ам.доллар, 25 788 000 төгрөгийг хүлээн авсанаа хүлээн зөвшөөрсөн маргаагүй болно.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно” гэж заасан.

Мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэгч нар нь ашиг олох зорилгоор мөнгийг зээлсэн боловч Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д “зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсон бол зээлдүүлэгч зээлийг нэн даруй буцаан шаардах эрхтэй” гэж зааснаар ашиг олох нь эргэлзээтэй болсон тул зээлийн гэрээний үүргийг шаардаж байна гэсэн.

Хариуцагч нь нэхэмжлэгч нарыг зээлийн гэрээний дагуу мөнгө шилжүүлээгүй, мөнгийг хүлээн авсан боловч хамтран цахим арилжаанд оролцож, ашиг олох зорилгоор шилжүүлсэн тул Иргэний хуулийн 486 дугаар зүйлийн 486.1-д заасан “тоглоом болон мөрий нь шаардах эрхийг бий болгохгүй”, 486.2-д “тоглох, мөрий тавихад зориулан олгосон зээл, урьдчилгаа, түүнчлэн мөрийний шинжийг агуулсан хөрөнгө нийлүүлэх тухай биржийн болон түүнтэй төстэй хэлцэлд энэ хуулийн 486.1-д заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж мэтгэлцсэн.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь эрүүгийн журмаар хандсан боловч иргэд хоорондын зээлийн харилцаа байна, иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гээд хэрэг бүртгэлийн хэргийг хаасан гэж тайбарласан боловч хэрэгт авагдсан Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 197 дугаар прокурорын тогтоолоор “М.Э, Г.Б нар нь 2020 оны 03 дугаар сараас эхлэн Б.Б-тай интернет бизнес, форекс автомат цахим арилжаанд оролцон мөнгөө өсгөх, хөрөнгө оруулалт хийхээр тохиролцон удаа дараа мөнгөө шилжүүлж залилуулсан гэх гомдлыг шалгажээ.

М.Э, Г.Б нар нь Б.Б-тай автомат цахим арилжаанд оролцож мөнгөө өсгөх талаар харилцан тохирч эрсдэлээ тооцон сайн дурын үндсэн дээр хамтран ажилласан байх бөгөөд хөрөнгө оруулсан, өсгөж өгнө гэсэн мөнгөө өгөөгүй гэх асуудал нь Иргэний журмаар шүүхэд хандан шийдвэрлүүлбэл зохих иргэд хоорондын маргаан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах гэмт хэргийн шинжгүй, хэрэг бүртгэлийн хэрэг нээх үндэслэлгүй байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч нар нь форекс гэж мэдэхгүй, цахим арилжаа ч гэж мэдэхгүй, зөвхөн мөнгөө өсгүүлэх, ашиг олох зорилгоор л зээлсэн гэж тайлбарласан, хэдийгээр хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нар нь хариуцагчид мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдож байгаа боловч зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээний дагуу мөнгийг шилжүүлсэн гэж үзэхэд гэрээ байгуулагч талууд гэрээ байгуулах талаараа санал нэгдсэн байх ёстой бөгөөд гэрээний санал болон түүнийг хүлээн авсан талаарх талуудын хүсэл зориг байх шаардлагатай юм.

Өөрөөр хэлбэл зээлийн гэрээ нь хоёр талын зөвшилцөлд тулгуурласан гэрээ бөгөөд гэрээ байгуулагч хоёр талын харилцан дүйцсэн саналыг үндсэн дээр нэг тал нь мөнгө зээлэх эсвэл зээлдүүлэх тухай гэрээ байгуулах санал гаргаж, нөгөө тал нь үүнийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгоно.

 

Мөн нэхэмжлэгч нар нь мөнгийг хариу төлбөртэйгээр буюу цахим арилжаанд оролцож олсон ашгийг нугалж өгөхөөр тохирсон гэж шүүхэд гаргасан нэхэмжлэл, төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдсан бөгөөд ийнхүү хариу төлбөртэй байхаар тохирсон нь хоёр талт гэрээ тул талуудын хүсэл зориг буюу тохиролцоо чухал, гэтэл хариуцагчийн төлөөлөгч нь мөнгийг зээлийн гэрээний зорилгоор шилжүүлээгүй, цахим арилжаанд оролцоод ашиг олохоор өгсөн гэж тайлбарласан, нэхэмжлэгч нар нь хариуцагчаас шилжүүлсэн мөнгийг хоёр дахин нугалж шаардсан тул шүүх зээлийн гэрээний зорилгоор шилжүүлсэн гэдэг нь тогтоогдохгүй байна гэж дүгнэв.

 Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлгүй байна гэж үзэж, нэхэмжлэгч Г.Б, М.Э нарын хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 102 928 314 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Б, М.Э нарын хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 102 928 314 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 672 592 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай 

                                 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                   Д.ХУЛАН