Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 210/ма2022/00185

 

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2022/00185

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Б, М.Э нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

   Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2021/02615 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Б, М.Э нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 102,928,314 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Б.Б- нь М.Э, Г.Б нараас мөнгө зээлэн авч форексийн арилжаанд өөрөө оролцох, зээлсэн мөнгөө 2020 оны 07 дугаар сар гэхэд 2 нугалж буцааж төлөх маш ашигтай санал тавьж, удаа дараа уулзан ятган сэнхрүүлсэн, удаа дараа уулзахдаа төрөл бүрийн мэдээ баримт, график үзүүлж итгэл үнэмшил төрүүлсэн тул богино хугацаанд их хэмжээний ашиг олох зорилгоор 2020 оны 03-05 сарын хугацаанд ах дүү, найз нөхдөөсөө мөнгө зээлж Б.Б-д итгэж шилжүүлсэн. М.Э нь 2020 оны 03 дугаар сарын 11-нд 500 ам.доллар /Худалдаа хөгжлийн банкны 499272215 данснаас Б.Б-ы 495024815 дансанд/ 2020 оны 04 дүгээр сарын 01-нд 2,110 ам.доллар /Голомтын 2205154431 данснаас Батсайханы 2105138970 дансанд/, 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөг /Хаан банкны 5664022161 данснаас Батсайханы 5003529808/, 2020 оны 05 дугаар сарын 06-нд 2,000 ам.доллар бэлнээр, 2020 оны 05 дугаар сарын 06-нд 400 ам.доллар /голомтын 2205154431 данснаас Батсайханы 2105138970 дансанд/, 2020 оны 05 дугаар сарын 13-нд 8,000,000 төгрөг /Хаан банкны 5664022161 данснаас Батсайханы 5003529808 данс/, нийт 5,010 ам.доллар, 9,000,000 төгрөгийг Батсайханд өгсөн байна. Г.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 10-нд 1,000 ам.доллар /М.Э-ы долларын 2205154431 дансанд/, 2020 оны 04 дүгээр сарын 27-нд 3,000 ам.доллар /Б.Б-ы голомт банкны 2105138970 дансанд/, 2020 оны 05 дугаар сарын 13-нд 16,788,000 төгрөг /Батсайханы хаан банкны 5003529808 данс/ нийт 4,000 ам.доллар, 16,788,000 төгрөгийг Батсайханд өгсөн байна. Хамгийн сүүлд 2020 оны 05 дугаар сарын 13-нд Б.Б- нь мөнгө авснаас хойш сураггүй болж илэрхий худлаа ярьж зугтааж эхэлсэн. Б.Б- нь уулзахаараа худлаа яриад, эсвэл уулзахгүй зугтаагаад, утсаа ч авахгүй, орон гэртээ ч ирэхгүй байсан тул М.Э, Г.Б нар нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гаргасан боловч иргэний журмаар шийдвэрлүүлэх хэрэг хэмээн үзэж хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан. Хэдийгээр бичгийн хэлбэрээр гэрээ байгуулсан тохиолдолд хүү авах эрх үүсдэг хэдий ч иргэд хооронд 2 дахин нугалж буцааж өгнө, ашиг олох зорилготой байгуулсан тул хоёр нугалж шаардах эрхтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хоёр дахин нугалж нэхэмжилсэн. Тооцоолвол М.Э46,554,390 төгрөг, Г.Б 55,373,920 төгрөг, нийт 102,928,310 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Иргэн М.ЭБ.Б-тай гадаад форекс автомат цахим арилжаанд оролцож мөнгөө өсгөх тухай уулзаж сайн дураараа тохиролцож арилжаа хийж эхэлсэн. Улмаар найз Г.Бг танилцуулж цахим арилжаа хийхэд туслах үйл ажиллагаа явуулсан. Эдгээр хүмүүс цахим арилжаанаас ашиг олоогүй нь Б.Б-аас хамааралгүй бөгөөд программ хангамж, брокерийн үйл ажиллагаа, ханшийн савалгаа зэрэг гадаад хүчин зүйлсээс шалтгаалсан. Энэ төрлийн харилцаа нь эрсдэлтэй, ашиг алдагдлаа өөрсдөө хариуцдаг, баталгаагүй болохыг ойлгож зөвшөөрсөн. Эдгээр хүмүүсийн хүсэл зоригийн дагуу данс нээж өгөх, бүртгэл хийх, программ хангамж хийх, гадаад брокерийн байгууллагатай харилцах ажиллагааг явуулсан. Г.Б, М.Энар техникийн талаар мэдлэггүй бөгөөд хүсэлт тавьсны дагуу Б.Б- хамтран ажилласан. Дээрх үйл баримт нь талуудын тайлбар, баримт, цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдсон. Г.Б, М.Э нар нь Б.Б-д мөнгө зээлээгүй зээлийн гэрээний харилцаа, эрх үүрэг, хариуцлага байхгүй. Зээлж авах нөхцөлтэйгээр мөнгө шилжүүлээгүй болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар, бодит үйл баримт зэргээр нотлогдоно. Прокурорын байгууллагаас иргэний журмаар шийдвэрлүүлэх маргаан байна гэж дүгнэсэн болохоос биш зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн шинжтэй мөнгө шилжүүлсэн гэдгийг нотолж үнэлж дүгнээгүй. Олох ёстой байсан ашиг, ашиг алдагдлаа хэрхэн хуваарилах, хариуцлага хэрхэх талаар зохицуулсан талуудын хооронд байгуулагдсан гэрээ байхгүй. Өөрсдөө сайн дураараа цахим арилжаанд оролцохоор мөнгө оруулсан, алдагдлаа өөрсдийн оруулсан хувь хэмжээгээр хариуцах үндэслэлтэй. Гэтэл ашиг олвол нугалж нэхээд, алдагдвал хариуцагчаас нэхээд байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Б, М.Энарын хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 102 928 314 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 672 592 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Б.Б- болон М.Э, Г.Б нарын хооронд нэг талаас мөнгө зээлэх, нөгөө талаас зээлсэн мөнгөө өсгөж буцааж өгөх гэсэн агуулгатай аман хэлцэл хийгдсэн нь Иргэний хуулийн 39.1 дэх хэсэгт заасан хэлцэл мөн. Хэлцэл нь оролцогч талуудад эрх, үүрэг үүсгэж буй тул зээлийн гэрээ мөн хэлцэлд хамаарна. М.Э, Г.Б нар нь мөнгөн хөрөнгийг хариуцагч Б.Б-д шилжүүлсэн, Б.Б- нь мөнгөн хөрөнгийг хүлээн авснаар зөвшөөрсөн ба энэ үйл баримтууд дээр талууд маргаагүй. Анхан шатны шүүх мөнгөн хөрөнгө шилжүүлсэн, хүлээн авсан үйл баримтууд тогтоогдсон байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. М.Э, Г.Б нар нь зөвхөн Б.Б-д л мөнгөн хөрөнгө шилжүүлсэн болохоос ямар нэг цахим арилжаанд огт оролцож байгаагүй, арилжааны гүйлгээ огт хийгээгүй, Б.Б- дангаараа арилжаа хийсэн хэмээн мэдүүлсэн мэдүүлэг байсаар байхад ямар ч үндэслэлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 282.3 дахь хэсэгт заасныг үндэслэн үндсэн хохирлоо Б.Б-аас гаргуулахыг хүсэж байна. Иймд 51,454,457 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчаас давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй байна.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянав.

 

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй боловч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтад зөв дүгнэлт өгч чадаагүй байгааг залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

3. Нэхэмжлэгч Г.Б, М.Энар нь хариуцагч Б.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 102,928,314 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Б.Б- нь цахим арилжаанд оролцох зорилготой байгаа бөгөөд мөнгө зээлдүүлбэл 2 нугалж өгнө гэсэн ашигтай санал тавьсаны дагуу дээрх мөнгийг зээлдүүлсэн /хх-1/ гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч нар техникийн мэдлэггүй бөгөөд хүсэлт тавьсны дагуу Б.Б- ажилласан, мөнгө авсан боловч зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, өөрсдөө сайн дураараа цахим арилжаанд оролцсон, энэ төрлийн харилцаа эрсдэлтэй, ашиг алдагдлаа өөрсдөө хариуцдаг болохыг ойлгож зөвшөөрсөн гэж /хх-45/ тайлбарласан байна.

 

4. Хэрэгт авагдсан бичгийн баримтаар 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгч М.Энь 5,010 ам.доллар, 9,000,000 төгрөгийг, Г.Б нь 4000 ам.доллар, 16,788,000 төгрөгийг хариуцагч Б.Б-д тус тус шилжүүлсэн /хх 6-14/ болох нь тогтоогджээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийг хэлэлцсэн анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нараас нийт 9010 ам.доллар, 25,788,000 төгрөгийг хүлээн авсан гэх үйл баримтыг зөвшөөрсөн /хх 45/ тайлбар гаргасан байна.

 

5. Зохигчдын хооронд дээр дурьдсанаар нэг тал мөнгөн хөрөнгө шилжүүлсэн, нөгөө тал мөнгөн хөрөнгийг хүлээн авсан үйл баримт нь нэхэмжлэгч талын гаргасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүсгэсэн эсхүл хариуцагчийн гаргасан цахим арилжаанд оролцох зорилгоор шилжүүлсэн аль нь болох талаар нотлох баримт хэрэгт байхгүй байна. Зохигчдын хэн аль нь дээрх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

6. Мөнгөн хөрөнгө шилжүүлсэн үйл баримт нь зохигчдын хооронд харилцан зээлийн гэрээний үүрэг үүсгэсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь зохигчдын хооронд мөнгөн хөрөнгийг зээлдүүлэх талаар Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-т зааснаар тохиролцоо хийгдсэн гэх нөхцөл байдлыг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчээс мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан хууль зүйн үндэслэлээ мөн баримтаар нотлоогүй. Иймд нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагчид шилжүүлсэн мөнгөө гаргуулахаар шаардах эрхтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг залруулж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

7. Нэхэмжлэгч нарын гаргасан шилжүүлсэн мөнгөө 2 дахин өсгөж авахаар тохиролцсон гэх тайлбар нь баримтаар нотлогдоогүй тул бодитоор шилжүүлсэн мөнгөний хэмжээгээр буюу хариуцагч Б.Б-аас 5,010 ам.доллар, 9,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Эд, 4,000 ам.доллар, 16,788,000 төгрөгийг гаргуулж Г.Бд тус тус олгох нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт нийцнэ. Нэхэмжлэлийн хангасан үнийн дүн өөрчлөгдсөнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад зохих өөрчлөлт оруулна.

Нэхэмжлэл гаргасан 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Монгол банкны зарласан ханшаар мөнгөн төлбөрийн үүргийг тооцож, хариуцагчаас нийт 51,464,157 төгрөг гаргуулж үүнээс 23,277,197 төгрөгийг М.Эд, 28,186,960 төгрөгийг Г.Бд тус тус олгож, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2021/02615 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Б-аас 51,464,157 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Эд 23,277,197 төгрөг, Г.Бд 28,186,960 төгрөг тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагас үлдэх хэсэг болох 51,474,157 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтад үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Б.Б-аас 573,219 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Эд 274,335 төгрөг, Г.Бд 298,884 төгрөг тус тус олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 672,592 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Д.ЦОГТСАЙХАН