Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2019/0644/З |
Дугаар | 128/ШШ2020/0185 |
Огноо | 2020-03-23 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 128/ШШ2020/0185
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О, Б.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, С.Э, А.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С, Ж.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.У нарыг оролцуулан С ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийв.
Нэхэмжлэгч: С ХХК
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Гуравдагч этгээд: Х ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/687 дугаар захирамжийг хүчингүй болгуулах.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...С ХХК нь эмнэлгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Сүхбаатар дүүргийн ,,, дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2291,,, м.кв газрыг А ХХК-nас Иргэний хууль, Газрын тухай хуульд заасны дагуу хэлцлийг үндэслэн газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан.
Уг хэлцэл болон зохих журмын дагуу гаргасан газар эзэмших эрх шилжүүлэх тухай бидний хүсэлтийг үндэслэн тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга (одоогийн Засаг даргад эрх, үүрэг залгамжлагдсан) 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 438 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газрыг эмнэлгийн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмших эрхийг манай компанид шилжүүлэн олгосон.
Улмаар газар эзэмших эрхийн хугацааг Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/450 дугаар захирамжаар 15 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон болно.
Манай компани нь газар эзэмших эрхийн гэрээнд заасан журмын дагуу газрын төлбөрийг тухай бүрт нь төлж хуулийн дагуу эрх үүргээ хэрэгжүүлж байгаа ба зохих байгууллагуудаас барилга барих зөвшөөрөл болон техникийн нөхцөлүүдийг авч, тус газарт зориулалтын дагуу 10,000 м.кв талбай бүхий 10 давхар эмнэлгийн барилга хамтрагч байгууллагын хамтаар бариад 2018 оны 01 дүгээр сард Улсын комисст хүлээлгэн өгч, Эрхүүгийн гудамж 35 гэсэн барилгын дугаар авсан.
Гэтэл Нийслэлийн Засаг даргын зүгээс 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/687 дугаар захирамжаар уг газарт өмч, үл хөдлөх эд хөрөнгө бий болгосны дараа манай газар эзэмших эрхийг хүчингүй болгон шийдвэрлэж байгаа нь илэрхий тонуул боллоо.
Бидний зүгээс уг захирамжийг наанадаж дараах 5 үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:
1. С ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан нь захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчмыг зөрчсөн тухайд:
Энэ харилцааг хувийн эрх зүйн үүднээс авч үзвэл, хэлцэл түүний үр дагаварт итгэсэн шударга эзэмшигч, нийтийн эрх зүйн үүднээс авч үзвэл, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим ямар нэг шалгуургүйгээр шууд үйлчлэх ёстой.
Хувийн эрх зүй дэх хэлцлийн үр дагавар, нийтийн эрх зүй дэх хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмын онолын үндэслэгээ, хэрэгжих чиг шугам практикт нэгэнт тогтсон.
Түүнчлэн захиргааны байгууллага нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-д зааснаар хууль дээдлэх үндсэн зарчим Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг баримталж ажиллах үүрэгтэй.
Гэтэл манай компанийн хөрөнгө оруулалт хийн барилга байгууламж барьж, бүтээн байгуулалт хийсний дараа тушаал гаргаж анх газар ашиглах эрх үүсгэсэн захирамжуудыг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байх ба Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6-д бусдыг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээр урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах гэж заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах үндсэн зарчмуудыг зөрчсөн шийдвэр гэж үзэж байна.
2. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/687 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлийн тухайд:
Нийслэлийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/687 дугаар захирамжид баримталсан хууль зүйн үндэслэлийг авч үзвэл, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийг тус тус үндэслэн ...Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрла******* Төрийн өмчийн хорооны эзэмшиж байсан 4026 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасныг зөрчиж А ХХК-д орон сууцны зориулалтаар шилжүүлэн эзэмшүүлсэн гэх үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2011 оны 293 дугаар захирамжийн А ХХК-д холбогдох хэсэг, уг хууль бус захирамжийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 396 дугаар захирамжийн А ХХК, А ХХК-д холбогдох хэсэг, 2011 оны 438 дугаар захирамжийн С ХХК-д холбогдох хэсэг, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгасан 2016 оны А/450 дугаар захирамжийн С ХХК-д холбогдох хэсэг, түүнийг үндэслэн олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана, 29.3-д Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно гэж заасны дагуу Нийслэлийн Засаг дарга өөрийн гаргаж буй шийдвэрийнхээ хувьд хуулийг дээдэлж, хуульд үндэслэх зарчмыг баримтлах ёстой.
Тушаалын үндэслэлд дурдсан Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т Энэ хуулийн 35.1.4, 35.1.6-д заасан эрх төрийн байгууллагад хамаарахгүй гэж зохицуулсан байх бөгөөд манай компанийн хувьд тус газрыг төрийн байгууллагаас бус А ХХК-nас шилжүүлж авсан болно.
Мөн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу гүүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж зохицуулжээ.
Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар төрийн байгууллага, албан тушаалтан өөрөө, түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан эсхүл шүүх газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг шийдвэрийг хүчингүй болгохоор байна.
Гэтэл энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэг зөрчигдөөгүй, газар эзэмшигч, ашиглагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг манай компанийн зүгээс зөрчсөн зүйл байхгүй болно.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл Оролцогчийг сонсох , 27 дугаар зүйл Сонсох ажиллагааг явуулах тухай зохицуулалтыг үндэслэсэн байх боловч захиргааны байгууллагаас шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд зааснаар оролцогчийг сонсох, энэ талаар нотлох баримт цуглуулах ажиллагааг огт явуулаагүй.
3. Хүчингүй болгосон захирамжийг дахин хүчингүй болгосон тухайд:
Нийслэлийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/687 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2011 оны 293 дугаар захирамжийн А ХХК-д холбогдох хэсэг, уг хууль бус захирамжийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 396 дугаар захирамжийн А ХХК, А ХХК-д холбогдох хэсэг, 2011 оны 438 дугаар захирамжийн С ХХК-д холбогдох хэсэг, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгасан 2016 оны А/450 дугаар захирамжийн С ХХК-д холбогдох хэсэг, түүнийг үндэслэн олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 293 дугаар захирамжаар А ХХК-д 4026 м.кв газрыг орон сууцны зориулалтаар шилжүүлэн эзэмшүүлсэн байх бөгөөд уг захирамжийн 3 дахь заалтаар Нийслэлийн Засаг даргын 2010 оны 608 дугаар захирамжийн өмнөх эзэмшигчид холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцжээ.
Улмаар Нийслэлийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 13-ны 396 дугаар захирамжаар А ХХК-иас 1650 м.кв газрыг шилжүүлэн, өмнө эзэмшиж байсан 641 м.кв газрын хэмжээг нэмэгдүүлэн нийт 2291 м.кв газрыг А ХХК-д үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмшүүлж, захирамжийн 3 дахь заалтаар Нийслэлийн Засаг даргын 2011 оны 293 дугаар захирамжийн А ХХК, А ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсон байна.
Ингээд Нийслэлийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 438 дугаар захирамжаар С ХХК-д 2291 м.кв газрыг эмнэлгийн зориулалтаар шилжүүлэн 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн бөгөөд захирамжийн 3 дахь заалтаар Нийслэлийн Засаг даргын 2011 оны 396 дугаар захирамжийн А ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсон.
Түүнчлэн газар эзэмших эрхийн хугацаа дууссан тул сунгуулах хүсэлтээ холбогдох журмын дагуу гаргаж, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/450 дугаар захирамжаар С ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацааг сунгаж шийдвэрлэсэн.
Гэтэл Нийслэлийн Засаг даргаас өмнө нь хүчингүй болгосон буюу эрх зүйн үйлчлэлгүй захирамжийг дахин хүчингүй болгох замаар манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохын тулд холбогдох хууль тогтоомжийг буруугаар тайлбарлан хэрэглэж манай компанид газар эзэмших эрх олгосон тушаалыг түүхчлэн хянаж буй мэт дүр эсгэн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/687 дугаар захирамжаар хүчингүй болгосон гэж үзэхээр байна.
4. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 438 дугаар захирамжаар С ХХК-д холбогдох хэсгийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн тухайд:
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд Төрийн өмчийн хорооноос 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 438 дугаар захирамжаар С ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгон, Төрийн өмчийн хорооны эзэмшилд шилжүүлэн захирамж гаргахыг даалгах" шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд манай компани хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож байсан.
Улмаар энэ маргааныг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 213 дугаар захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
5. Захиргааны актыг хүчингүй болгох хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тухайд:
Нийслэлийн Засаг даргын дээрх захирамжууд нь тухайн үедээ бусад этгээдэд болон манай компанид газар эзэмших эрх олгосон тул эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үзнэ.
Хэрэв захиргааны байгууллага өөрийн гаргасан эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хууль бус гэж үзвэл хүчингүй болгох эрхтэй бөгөөд уг хүчингүй болгосон захиргааны акт нь эрх авсан этгээдийн хувьд сөрөг нөлөөлөл үзүүлэх тул хууль тогтоогч ямар тохиолдолд эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгож болох талаар хуульчилсан.
Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно гэж зохицуулсан бөгөөд 48.2-т Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно гээд, 48.2.1-д хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан, 48.2.2-т бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн, 48.2.3-д захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй, 48.2.5-д нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан гэж заасан.
Гэтэл дээрх захирамжуудын хувьд хуульд заасан дээрх нөхцөл байдлуудын аль нь ч үүсээгүй бөгөөд мөн энэ талаар тушаалын үндэслэлд дурдаагүй.
Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гарсан өдрөөс хойш 5 жилийн дотор хүчингүй болгож болно гэж зохицуулсан бөгөөд дээр дурдсан бүх захирамжууд 2011 онд гарсан бөгөөд хуульд заасан уг хугацаа мөн өнгөрсөн болно.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/687 дугаар захирамжийн С ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд амаар гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээд нь нэхэмжлэлийн шаардлага хангагдсан ч манай эрх ашиг сэргэхгүй гэж хэлж байгаа нь дараа нь бид авчихна гэсэн утгатай юм. Өөрөөр хэлбэл тэр хавийн газрыг өөрийн болгох хандлагатай байгааг ойлгоод эхлэхээр нотариатын үйлдэлтэй холбоотой нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч компани нь гэрээнийхээ дагуу юмаа өгөөд явахад татгалзах зүйлгүй. Би асуулт хариултын шатанд энэ утгыг илэрхийлэхийн тулд н.Х*******той холбогдож байгаа юм уу гэж асуусан юм. Иргэний хэргийн шүүхэд зөндөө асуусан. Учир нь мэдээлэл нь зөрүүтэй байгаа. Хариуцагч нь анх яаж шилжүүлж авсныг шалтаг болгоод байгаа болохоос хэн нь илүү хүчтэй вэ гэдэг зүйл явагдаад байна. Гуравдагч этгээд яг ингэж хандаж байгаа. Маргаан бүхий захиргааны актыг судлаад үзэхэд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон гэсэн байдаг. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа нөхцөлд ямар хуулийг баримтлах вэ гэдэг асуудал яригдах ёстой. Газрын тухай хуульд газар эзэмших гэж байгаа тохиолдолд анхны эзэмшигч тухай газрыг хэрхэн авсан гэдгийг судлахыг үүрэг болгосон зүйл байхгүй. Мөн өөр аль ч хуульд байхгүй. Газар нь анхнаасааа төрийн өмч байж байгаад тодорхой тохиолдлуудын улмаас хувь этгээдүүдэд очсон. 2016 онд гарсан захирамж нь буруутгасан үндэслэл биш юм. Маргаан бүхий захирамжийг харахад 2011 оны А/293 дугаар захирамжийг буруутгасан байдаг. Газрын тухай хууль нь материаллаг хуулийн бодит хэмжээ хязгаарт захирагдаж үйлчлэх ёстой.. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...С ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 438 дугаар захирамжаар А ХХК-иас газар эзэмших эрхийг шилжүүлж авсан. Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд байрлах 4026 м.кв газрыг анх төрийн өмчийн хороо эзэмшиж байгаад А******* ******* ХХК-д орон сууцны зориулалтаар шилжсэн байдаг. Өөрөөр хэлбэл Төрийн өмчийн хорооны 2011 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 1Б/285 тоот хүсэлтийг үндэслэн шилжсэн.
Төрийн өмчийн хорооны тогтоолоор Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үл хөдлөх эд хөрөнгийг актлах шийдвэр гарсан. Дээрх шийдвэрийн дагуу чөлөөлөгдөж байгаа талбай дээр төрийн өмчийн хорооны ажилтнуудын орон сууцыг барих сана******* байсан. Өөрөөр хэлбэл анх орон сууц барих зориулалтаар хуулийн этгээд рүү шилжсэн. Орон сууцны зориулалт нь өөрчлөгдөж явсаар байгаад А ХХК-д шилжсэн бөгөөд тус компаниас С ХХК-д эрх шилжихдээ орон сууц барих зориулалт нь өөрчлөгдсөн. Маргаан бүхий газрыг эзэмшүүлэх эрх олгосон шийдвэрүүд нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасныг зөрчиж гаргасан байсан болохоор Нийслэлийн Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрийг хүчингүй болгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүх хуралдаанд амаар гаргасан тайлбартаа: Маргаан бүхий захиргааны акт нь хууль бус захиргааны акт байсан тул Нийслэлийн Засаг дарга хүчингүй болгосон. Газрын зориулалт нь анх эмнэлгийн зориулалттай байж байгаад орон сууц болоод явсан. Гэхдээ одоо тухайн газарт эмнэлэг баригдсан байгаа. Зориулалтын хувьд шилжсэн процесс нь хууль бус. С ХХК-ийн удирдлагууд нь Гэмтэл согог судлалын төвд удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан хүмүүс бөгөөд төрийн өмчийн газар нь анхнаасаа хууль бусаар хувийн байгууллагад шилжсэн нөхцөл байдал харагдаж байна. Дээрх үйл баримтууд нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, С ХХК нь төрийн өмчийн газрыг хувийн хэвшлийн байгууллагаар дамжуулан өөр дээрээ авсан байна. Гуравдагч этгээд орж ирснээр газар эзэмшигч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж болно. Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх гэсэн үүргээ хэрэгжүүлээгүй болохоор гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасан ч бидний эрх ашиг сэргэхгүй гэсэн байр суурьтай оролцож байгаа гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д шүүх хуралдаанд амаар гаргасан тайлбартаа: Маргаан бүхий газар нь өнгөрсөн хугацаанд нийт 8 удаа бусдын эзэмшилд шилжсэн. Шилжих болгондоо хэмжээ нь багассан. Монгол Улсын хэмжээнд газартай холбоотой бүх шийдвэрүүдийг эргэж харах үүрэг өгсөн бөгөөд үүний дагуу бид шийдвэрүүдээ эргэж харсан. Ямар ч этгээд хувийн эрх зүйн харилцаанд орохдоо тухайн худалдан авч байгаа зүйлийнхээ анхны эх үүсвэрийг нягтлан судлах үүрэгтэй. Төрийн байгууллагын газрын хувь этгээдэд шилжүүлэхийг хуулиар хориглосон. Тухайн газар нь 2 жил болоод хэн нэгэн этгээд рүү шилждэг байсан. Заримдаа нэг жилийн хугацаанд 2-3 этгээдэд шилжсэн байдаг. Энэ мэтээр шилжиж явсаар байгаад С ХХК-ийн нэр дээр шилжсэн. Тухайн компанийн нэр дээр шилжүүлсэнтэй холбогдуулан гуравдагч этгээдээс гомдол гаргадаг. Үүний дагуу бид хяналт шалгалт хийхээр хувийн хэргийг татан аваад шалгаад үзэхээр төрийн байгууллагын нэр дээр байсан газар нь хувийн байгууллагад хууль бусаар шилжсэн. Харамса******* нь тухайн үед ажиллаж байсан албан тушаалтнууд нь одоо байхгүй болохоор хариуцлага тооцож чадаагүй. Гэхдээ Монгол Улс хууль журамтай тул бид хүчингүй болгосон. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтад заасныг сайн харах юм бол өөр этгээдийн буюу хууль ёсны ашиг сонирхолд нь халдах эрх олгогдоогүй байхад халдсан бол энэ захирамжийг илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагын газар халдах эрхийг нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд олгогдоогүй байхад дээрх компаниуд нь халдсан байна. Тэгэхээр энд хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдахгүй байх. гэжээ.
Гуравдагч этгээд Х ХХК шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ...Х ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болон С ХХК-иудын хооронд хамтран ажиллах гэрээг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан. Тус гэрээний дагуу дээрх маргаан бүхий С ХХК-ийн газар дээр баригдсан 10-н давхар эмнэлгийн зориулалттай барилгын хөрөнгө оруулалтыг манай Х ХХК 100 хувь гаргаж, барилгыг бариулж дуусгасан бөгөөд захиалагчаар нь газрын эзэмшигч болох С ХХК байдаг.
Засгийн газрын 69, 172 дугаар тогтоол шийдвэрээр байгуулагдсан 22 хүний бүрэлдэхүүнтэй барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 1 хоногийн хугацаанд ажиллаж, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан дунд төвөгшилтэй ангиллын 10-н давхар, 134 ортой хүчин чада******* эмнэлэг, 2 давхар Хүчилтөрөгчийн барилга, байгууламжийг ашиглалтад хүлээн авсан.
Энэхүү эмнэлгийн зориулалттай 10-н давхар барилгад шаардагдах бүх хөрөнгө оруулалтыг Х ХХК-нь дангаар хийсэн бөгөөд барилгын өмчлөгч юм. Харин Улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлээгүй байна.
Гэтэл бүртгүүлж амжаагүй байхад С ХХК-ийн эзэмшил газрыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар цуцалсан байна.
Нийслэлийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/687 дугаар захирамжийг хүчингүй болгохыг дэмжиж байна. гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С шүүх хуралдаанд амаар гаргасан тайлбартаа: Манай компани нь С ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулаад тус гэрээний дагуу С ХХК-ийн газар дээр эмнэлгийн зориулалтаар барилга бариад, тухайн эзэмшил газрынхаа эрхийг дундын эзэмшлийн компани руу шилжүүлэх нөхцөлтэй байсан. Энэхүү барилгыг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ашиглалтад хүлээж авсан. Нэхэмжлэгчийн маргаж байгаа захирамжийг хүчингүй болгосноор манай компанийн эрх ашиг сэргэхгүй гэж үзэж байна. Учир нь барилга байгууламжаа өмчлөлдөө шилжүүлж авч чадахгүй ийм нөхцөл байда******* байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2012 оны ... захирамжаар Сүхбаатар дүүргийн,,, дугаар хорооны нутаг дэвсгэрт 2291 м.кв газар 5 жилийн хугацаанд эмнэлгийн зориулалтаар газар эзэмших эрхийг шилжүүлэн авч, нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/450 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацаагаа 15 жилээр сунгуулжээ. Ингэхдээ эзэмших эрх бүхий газартаа эмнэлгийн зориулалттай 10 давхар барилгыг барьсан байна.
Гэтэл Нийслэлийн Засаг дарга 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/687 захирамжаараа А ХХК, А ХХК, С ХХК-иудын газар эзэмших эрх шилжүүлж, хугацааг сунгасан нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзээд Нийслэлийн Засаг даргын 2011 оны 293 дугаар захирамжийн А ХХК, 2011 оны 396 дугаар захирамжийн А ХХК, А ХХК, 2011 оны 438 дугаар захирамжийн С ХХК-уудад холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д зааснаар газар эзэмшигч эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхтэй боловч 35.2-т Энэ хуулийн 35.1.4, 35.1.6-д заасан эрх төрийн байгууллагад хамаарахгүй гэж заасан. Гэтэл Нийслэлийн Засаг дарга Төрийн өмчийн газрын 2011 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1в/506 тоот албан бичгээр хүргүүлсэн хүсэлтийг[1][1] үндэслэн 2011 оны 293 дугаар захирамжаар эрхийн гэрчилгээг А ХХК-д шилжүүлсэн нь хууль зөрчсөн байна. Улмаар эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан А ХХК нь маргаан бүхий газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2011 оны 396 дугаар захирамжаар АХХК-д, А ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 438 дугаар захирамжаар С ХХК-д тус тус шилжүүлжээ.
Гэвч шүүх доорх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
Нэг. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.8-д заасан зарчмын дагуу хууль ёсны итгэл хамгаалагдах ёстой. Нэхэмжлэгч нь гуравдагч этгээд Х ХХК-тай хамтран 10 давхар эмнэлгийн барилгыг барьж, улсын комисст хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдож байна. Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмын ерөнхий агуулга буюу хэрэглээ нь захиргааны үйл ажиллагаа буюу тодорхой актын улмаас тухайн чиглэсэн этгээдэд мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүн үр дагавартай итгэл үүссэн тохиолдолд, уг актын хууль бус байдал хожим тогтоогдсон ч нэгэнт үүссэн итгэлийг хууль ёсны гэж үзэж хамгаалах, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан онцгой үндэслэлүүдээс бусад тохиолдолд, эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт эрх зүйн үйлчлэлтэй байх, өөрөөр хэлбэл хууль бус байсан ч түүнийг хүчингүй болгохгүй, ингэснээр тухайн захиргааны актын хандсан этгээдийн буюу С ХХК-ийн итгэл хамгаалагдах ёстой юм. Маргаан бүхий захиргааны актаар хүчингүй болгож шийдвэрлэсэн захирамжуудыг батлан гаргасан буюу хууль зөрчсөн этгээд нь хариуцагч нийслэлийн Засаг дарга өөрөө болохыг дурдах нь зүйтэй байна.
Хоёр. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 438 дугаар захирамжийн С ХХК-д холбогдох хэсгийг эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үзнэ. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох 5 үндэслэлийг л дурдсан бөгөөд С ХХК-д газар эзэмших эрх шилжүүлэх, эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай захирамжуудыг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл байхгүй байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д ...захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно гэж заасныг хариуцагч анхаарах ёстой. Нэхэмжлэгч газар эзэмших эрхээ хэрэгжүүлснээр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхгүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахааргүй байна.
С ХХК нь газар эзэмшигч болохынхоо хувьд хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн үйл баримт тогтоогдохгүй байгаа бөгөөд хариуцагч Нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн, хууль бус захиргааны акт гаргажээ. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг дарга өөрийн гаргасан хууль бус захиргааны актыг хууль зөрчиж засахыг оролджээ гэж шүүх дүгнэх үндэслэлтэй байна. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол ... шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасны дагуу маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/687 дугаар захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Төрийн өмчийн хорооны нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох Төрийн өмчийн хорооны эзэмшиж байсан нэгж талбарын 143006/0130 дугаартай газрын үлдэгдэл 1650 м.кв газрыг С ХХК-д дамжуулан эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгон Төрийн өмчийн хорооны эзэмшилд шилжүүлэн захирамж гаргахыг нийслэлийн Засаг даргад бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгуулах шаардлага бүхий хэргийг шүүх хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэнтэй холбоотой үйл баримт энэхүү маргааныг шийдвэрлэхэд хамааралгүй бөгөөд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамжтай гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн гуравдагч этгээдээс анх шүүхэд бичгээр гаргасан тайлбараасаа зөрүүтэй буюу шүүх хуралдаанд ... нэхэмжлэгчийн маргаж байгаа захирамжийг хүчингүй болгосноор манай компанийн эрх ашиг сэргэхгүй гэж үзэж байна. Учир нь барилга байгууламжаа өмчлөлдөө шилжүүлж авч чадахгүй нөхцөл байда******* байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй байна. гэх тайлбарыг хийсэн нь ойлгомжгүй бөгөөд энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.8, 48 дугаар зүйлийн 48.2, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/687 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН