Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2096

 

 

Ц.Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/02298 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Т-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Я.Б-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэг болон хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гарсан зардалд 7 510 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Я.Б  нь мөнгө хэрэгтэй байна зээлдүүлээч гэсний дагуу нэхэмжлэгч Ц.Т  нь 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 4 000 000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийт 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувиар алданги тооцож авахаар зээлийн гэрээг бичгээр байгуулж, мөнгийг бэлнээр хүлээж авсан тухай Я.Б  нь гэрээнд өөрийн гараар бичиж баримтжуулсан. Гэтэл хариуцагч нь 3 сарын зээлийн хүү  1 200 000 төгрөгөөс нэг удаа 240 000 төгрөг төлсөнөөс өөрөөр төлбөр төлөөгүй. Өмнө нь 2 удаа шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.9 дэх хэсэгт зааснаар хариуцагч хаягтаа амьдардаггүй үндэслэлээр хэрэгсэхгүй болж байсан. Түүний дараа шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаж, түүний оршин суугаа хаягийг тогтоосон. Иймд үндсэн зээлийн хүү 4 000 000 төгрөг, 3 сарын хүү 960 000 төгрөг, алданги 2 480 000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, нийт 7 510 200 төгрөгийг хариуцагч Я.Б аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс урьд мөнгө авч, өгч байсан удаа байгаа. Манай эхнэр болон манай эхнэрийн бэр тус бүр     2 000 000 төгрөг зээлсэн. Я.Сүглэгмаа нь жижиг худалдаа эрхэлдэг хүмүүст зориулж хувиараа өдрийн зээл гаргаж мөнгө хүүлдэг. Сарын 10 хувийн хүүтэй өдөр бүрийн нөхцөлтэйгээр зээл олгодог. Ц.Т гээс байнга зээл авч буцаан төлж бараа авч бас зээлдүүлэгчийн мөнгийг ч найдвартай төлж байсан. Гэвч Ц.Т гээс 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр авсан 2 000 000 төгрөгийн зээлээ алдагдалтай төлж эхэлсэн. Дараа нь 10 дугаар сард Г.Анхтуяа би бас ийм өдрийн зээл авмаар байна гэхээр нь Ц.Т тэй холбож өгсөнөөр Г.Анхтуяа зээл авсан байсан. Г.Анхтуяа нь бизнес нь хямраад зээлээ алдагдалтай төлж эхэлсэн тул Ц.Т  өөрөө ирж үлдэгдэл зээл дээрээ Г.Анхтуяатай нотариатаар гэрээ хийсэн. Улмаар манай ажлын байранд үйлчлүүлэгчдийн дэргэд хэд хэдэн удаа хэрүүл маргаан үүсгэсэн. Иймд би аргагүйн эрхэнд зохицуулах үүднээс Ц.Т тэй учраа ололцъё гэхэд тэрээр “та нотариат дээр өмнөөс нь гэрээ хий гэснийг арга буюу хүлээн зөвшөөрч зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Я.Б  би Ц.Т гээс 4 000 000 төгрөг бэлнээр хүлээн аваагүй. Энэ гэрээ эхнээсээ хүчин төгөлдөр бус хэлцэл байсан. Би жинхэнэ хариуцагч биш. Харин бодит үнэнийг тогтоох зорилгоор Г.Анхтуяа, Я.Сүглэгмаа нарыг гэрчээр дуудан ирүүлж оролцуулах шаардлагатай гэж үзэж байна. Би хүний өмнөөс 7 000 000 төгрөг төлөхгүй, үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

   Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан, хариуцагч Я.Б аас 7 440 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Т д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 70 200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Т гээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 135 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Б аас улсын тэмдэгтийн хураамжид 133 990 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Т д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчийн хууль зүйн туслалцаа авах, нотлох баримт бүрдүүлэх эрхийг хангаагүй. Миний бие өмгөөлөгч авах хүсэлт гаргасан ба шүүх хүсэлтийг хүлээн авсан бөгөөд 7 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцохыг хүссэн боловч санал хүсэлтийн шатанд хэлээгүй гээд хүлээн аваагүй. Миний бие Ц.Т гээс мөнгө авааүй болохоо нотолж гэрчээр Г.Анхтуяа, Я.Сүглэгмаа нарыг оролцуулахыг хүссэн боловч хүлээн аваагүй бөгөөд шүүхийн шийдвэрт “...Г.Анхтуяа, Я.Сүглэгмаа нарыг гэрчээр оролцуулах шаардлагатай байна” гэж бичээд намайг хүсэлт гаргаагүй мэтээр тусгасанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, мөн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Ц.Т  нь хариуцагч Я.Б-т холбогдох зээлийн гэрээний үүрэг болон хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гарсан зардалд 7 510 200 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Ц.Т гээс мөнгө аваагүй болохоо нотлох зорилгоор Г.Анхтуяа, Я.Сүглэгмаа нарыг гэрчээр оролцуулах тухай хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчсөн гэж үзнэ.

 

Шүүх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрхийг бүрэн хангаагүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчмыг шүүх хэрэгжүүлээгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/02298 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                         ШҮҮГЧИД                                          Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ