Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2018/02298

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2018/02298

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хад 4: дугаар гудамж, 678 тоотод оршин суух, Пунцаг овогт Цолмонгийн Т /регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол хорооллын 416-66 тоотод оршин суух, Боржигон овогт Ядамсүрэнгийн Б /регистрийн дугаар /-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэг болон хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гарсан зардалд 7,510,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэнгэл, хариуцагч Я.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэнгэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Я.Б нь мөнгө хэрэгтэй байгаа тул зээлдүүлээч гэсэн санал гаргасныг нэхэмжлэгч Ц.Т хүлээн зөвшөөрч, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийт 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувиар алданги тооцож авахаар зээлийн гэрээг бичгээр байгуулж, мөнгийг бэлнээр хүлээж авсан тухай Я.Б нь гэрээн дээр өөрийн гараар бичиж баримтжуулсан байдаг.

Гэтэл хариуцагч Я.Б нь 3 сарын зээлийн хүү болох 1,200,000 төгрөгөөс нэг удаа 240,000 төгрөгийг төлсөн. Түүнээс хойш зээлийн төлбөрийг төлөөгүй явсаар өнөөдрийг хүрсэн тул шүүхэд хандаж зээлийн гэрээний төлбөрийг гаргуулахаар өмнө 2 удаа нэхэмжлэл гаргасан боловч ИХШХШТХуулийн 65 дугаар зүйлийн 65.9-д зааснаар хариуцагч хаягтаа амьдардаггүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болж байсан. Түүний дараа шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, түүний оршин суугаа албан ёсны дээрх хаягийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс олж тогтоосон болно.

Иймд дээрх учир шалтгааныг хүндэтгэн үзэж, үндсэн зээлийн хүү 4,000,000 төгрөг, 3 сарын хүү 960,000 төгрөг, алданги 2,480,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 7,510,200 төгрөгийг хариуцагч Я.Б аас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Я.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчээс урьд мөнгө авч, өгч байсан удаа байгаа. Манай эхнэр болон манай эхнэрийн бэр тус бүр 2 сая төгрөг зээлсэн байдаг. Я.Сүглэгмаа нь жижиг худалдаа эрхэлдэг хүмүүст зориулж хувиараа өдрийн зээл гаргаж мөнгө хүүлдэг. Сарын 10 хувийн хүүтэй өдөр бүрийн нөхцөлтэйгээр зээл олгодог. Т гэгчээс байнга зээл авч буцаан төлж бараа таваараа авч бас зээлдүүлэгчийн мөнгийг ч чамгүй өсгөн найдвартай төлж байсан.

Гэвч Т гээс 2016 оны 09 дүгээр сарын 06-нд авсан 2 сая төгрөгийн зээлээ алдагдалтай төлж эхэлсэн. Дараа нь 10 дугаар сард Г.Анхтуяа би бас ийм өдрийг зээл авмаар байна гэхээр нь Т тэй холбож өгсөн. Ингээд Анхтуяа нь бас зээл авсан байсан. Анхтуяа нь бизнес нь хямраад зээлээ алдагдалтай төлж эхэлсэн тул Т өөрөө ирж үлдэгдэл зээлэн дээрээ Анхтуяатай нотариатаар гэрээ хийсэн байдаг. Улмаар манай ажлын байран дээр хэд хэдэн удаа үйлчлүүлэгчдийн дэргэд хэрүүл маргаан үүсгэж дарамт үүсгэсэн.

Иймд би аргагүйн эрхэнд зохицуулах үүднээс Т тэй учраа ололцъё гэхэд Т тэгвэл та нотариат дээр өмнөөс нь гэрээ хий гэсэн шаардлага тавьсан учир арга буюу хүлээн зөвшөөрч зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Б би Т гээс 4 сая төгрөг бэлнээр хүлээн аваагүй. Энэ гэрээ эхнээсээ хүчин төгөлдөр бус хэлцэл байсан.

Би жинхэнэ хариуцагч биш. Харин бодит үнэнийг тогтоох зорилгоор Г.Анхтуяа, Я.Сүглэгмаа нарыг гэрчээр дуудан ирүүлж оролцуулах шаардлагатай гэж үзэж байна. Би хүний өмнөөс 7 сая төгрөг төлнө гэж байхгүй, би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Т гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэнгэл нь хариуцагч Я.Б т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болон хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гарсан зардалд 7,510, 200 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.

Шүүх, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэн Ц.Т , Я.Б нар нь 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан, зээлдүүлэгч нь 4,000,000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь заасан хугацаанд зээлийн хуваарийн дагуу мөнгийг эргүүлэн төлөх үүргийг тус тус хүлээсэн бөгөөд зээлдэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгч төлөхөөр гэрээ байгуулж, гэрээнд талууд гарын үсэг зурж, зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлжээ.

Талуудын байгуулсан зээлийн гэрээ нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.3-т Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ..., 232 дугаар зүйлийн 232.4.-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. 232.6.-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж тус тус зааснаар хариуцагч Я.Б аас 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 7,440,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Т д олгох нь зүйтэй.

Харин нэхэмжлэгч нь хариуцагч Я.Б ыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандаж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч нотлох баримтаар нотлоогүй тул хэрэгсэхгүй болгоно.

Хариуцагч Я.Б нь нэхэмжлэгч Ц.Т гээс 4,000,000 төгрөг бэлнээр аваагүй, өөр шалтгаанаар гэрээнд гарын үсэг зурсан, зээлийн гэрээ эхнээсээ хүчин төгөлдөр бус хэлцэл байсан гэх тайлбарыг шүүхэд гаргасан боловч энэхүү татгалзлаа нотлох баримтаар үгүйсгэж нотлоогүй.

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэйг дурьдах нь зүйтэй.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Я.Б аас зээлийн гэрээний үүрэгт 7,440,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Т д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 70,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэр хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Т гээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 135,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Б аас 7,440,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 133,990 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Т д олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан, хариуцагч Я.Б аас 7,440,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Ц.Т д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 70,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Т гээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 135,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Б аас улсын тэмдэгтийн хураамжид 133,990 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Т д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА