Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2173

 

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/01766 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Ө” ХХК, “Ю” ХХК-д холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт “Ө” ХХК-аас 608 313 797 төгрөг, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс үүссэн үүрэг болох алдангид ”Ю” ХХК-аас 344 707 400 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О, Д.Б,

Хариуцагч “Ө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц,

Хариуцагч “Ө” ХХК-ийн өмгөөлөгч Б.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг Даргын 2002 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 378 тоот захирамжаар ”Б” ХХК  нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барилгын ажил эхлүүлэн, 2008 он гэхэд уг барилгын ажлыг дуусгах зорилгоор Хаан банкнаас 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 572 тоот зээлийн гэрээгээр барилгын санхүүжилтэд зориулж 1 600 000 ам.долларын зээл авсан. Мөн 2008 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Барилгын төсөлд хөрөнгө оруулах зээлийн гэрээгээр БНСУ-ын иргэн Ли Жэй Гү-ээс 1 400 000 ам.долларыг зээлсэн. Дээрх мөнгөн хөрөнгийг Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол /14250/ Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамжинд орших өөрийн эзэмшлийн газар дээрээ барьсан 40 хувийн гүйцэтгэлтэй 38 тоот орон сууцны барилга, 70 хувийн гүйцэтгэлтэй 37 тоот орон сууцын барилгад буюу 2 үл хөдлөх хөрөнгийг барихад зарцуулсан. Улмаар барилгыг цаашид үргэлжлүүлэн барихад санхүүгийн хүндрэл бэрхшээл тулгарсан тул хамтран ажиллах компанийг хайж эхэлсэн. Тухайн үед “Ө” ХХК-ийн захирал Н.Төмөрхүү манай компанид хүсэлт тавьж, барилгуудыг худалдан авахаар тохиролцсон болно. Манай компани нь “Ө” ХХК-д дээрх 40, 70 хувийн гүйцэтгэлтэй барилгуудыг 2010 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 10/25, 2010 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10/27, 10/28 тоот худалдах-худалдан авах гэрээгээр худалдаж, “Б” ХХК  нь гэрээнд заасан үүргийнхээ дагуу “Ө” ХХК-д үл хөдлөх хөрөнгүүдийг шилжүүлэн өгч 37, 38 дугаартай байрнуудын өмчлөх эрхийг 2010 оны 12 дугаар сарын 16-нд “Ө” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгсөн. “Ө” ХХК нь дээрх 2 барилгыг худалдан авсан төлбөр 3 446 240 ам.доллараас гэрээ байгуулах үед 300 000 ам.доллар бэлнээр, явцын дунд 1 700 000 ам.долларт нь 7 ширхэг орон сууц өгөх, үлдэх 1 400 000 ам.долларыг 2010 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөх үүрэг хүлээсэн. Үүнээс 530 916 ам.долларыг төлөөгүй ба талууд 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 98/2013 тоот актаар тооцоо нийлж, үлдэгдлийг баталгаажуулсан бөгөөд төлбөрийг 2013 оны 3 дугаар сарын 30-ны дотор бүрэн төлөхөөр тохиролцсон. “Б” ХХК  нь тооцоо нийлсэн актын дагуу төлбөрөө төлөхийг удаа дараа шаардахад “Ө” ХХК нь төлбөртөө тооцож өөрийн охин компани болох “Ю” ХХК-ийн барьж буй НАРРҮ ТОWN хотхоны ХД-73 байрнаас 46,4 м.кв 2 өрөө орон сууц 4 ширхэг, 56,64 м.кв 2 өрөө орон сууц 1 ширхэг, 61,91 м.кв 2 өрөө орон сууц 1 ширхэг, 62,56 м.кв 2 өрөө орон сууц 1 ширхэг буюу нийт 7 айлын орон сууцны байрыг танайд өгье гэсэн санал тавьсныг бид хүлээн зөвшөөрч, орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг иргэн Ц.Цолмон болон захирал Юн Кён Ну-гийн нэр дээр 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хийж, орон сууцнуудаа 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр эзэмшилдээ шилжүүлэн авсан. Нийт 7 орон сууцны үнийг тооцвол 689 414 800 төгрөг болсон тул энэ дүнг төлөгдсөнд тооцож байгаа, үүнээс өөр төлбөр төлөөгүй. Манай компани нь Хас банк, “Есөн шижир” ББСБ зэргээс хохирсон хүмүүсийн хохирлыг төлөх болон компанийнхаа үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд мөнгө зээлж түүний өндөр хүү, буцаан төлөлт зэрэгт маш ихээр хохирч эдийн засгийн хүндрэлд ороод байна. Иймд үлдэгдэл төлбөр болох 530 916 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн төгрөгийн ханш 1 297 728 597 төгрөгөөр тооцож, үүнээс дээрх 7 орон сууцны үнэ 689 414 800 төгрөгийг хасаж үлдэх 608 313 797 төгрөгийг “Ө” ХХК-аас гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн “Ю” ХХК нь эзэмшилд шилжүүлсэн 7 орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул орон сууц захиалгаар бариулах гэрээнд зааснаар хоногийн 0,3 хувийн алданги тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу нийт үнийн дүн 689 414 800 төгрөгийн 50 хувьтай тэнцэх 344 707 400 төгрөгийн алданги төлөх ёстой гэж үзэж байна. Иймд хариуцагч нараас дээрх төлбөрийг гаргуулж өгнө үү. Анхны шаардлагаа энэ хэмжээнд бууруулж, багасгаж байгаа гэжээ.

 

Хариуцагч “Ө” ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороонд байрлах Ү-2203020293 тоот улсын бүртгэлийн дугаартай 40 хувийн гүйцэтгэлтэй 38 тоот, Ү-2203020096 тоот улсын бүртгэлийн дугаартай 70 хувийн гүйцэтгэлтэй 37 тоот барилгуудыг “Б" ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлж авсан. Төлбөрийг зохих журмын дагуу төлж, 2013 оны 6 дугаар сарын 24-ний байдлаар 530 916 ам.долларын үлдэгдэлтэй үлдсэн нь үнэн. Төлбөр тооцооны баримтад зааснаар 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлбөрийг барагдуулах байсан ч эдийн засгийн хүнд нөхцөл байдал нөлөөлж, заасан хугацаанд барагдуулах боломжгүй болсон. Тиймээс ажлын хөлсөнд “Ю” ХХК-аас авахаар тохирсон 7 ширхэг орон сууцыг төлбөртөө тооцуулан “Б” ХХК -д шилжүүлэх талаар санал тавьж, гурвуул зөвшилцөлд хүрсэн. “Ю” ХХК-ийн хувьд манай ажлын хөлсийг орон сууцаар төлөх, манайх өрнөөсөө салах, “Б” ХХК  төлбөрөө байраар авах ашигтай тохиролцоо хийсэн байдаг.

2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 1 ам.доллартай тэнцэх төгрөгийн ханш /1 440.02/-аар 530 916 ам.долларыг тооцоход 764 529 658.3 төгрөг болсон бөгөөд 689 414 800 төгрөгийн үнэ бүхий 7 орон сууцыг энэ үнийн дүнд дүйцүүлэн шилжүүлж гэрээний үүрэг дуусгавар болсон байдаг. Иймд “Ө” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тул үндэслэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Ю” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ю” ХХК нь тус хэргийн хариуцагч байх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани нь “Б” ХХК -тай гэрээ байгуулаагүй, нэхэмжлэлд дурдсан 37, 38 тоот орон сууцыг худалдан аваагүй, энэ талаар ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй, төлбөрийн үүрэг хүлээгээгүй. Ийм байхад нэхэмжлэгч нь манай компаниас алданги шаардсан нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлд дурдсан НРТ13А11, НРТ13А12, НРТ13А13, НРТ13А14, НРТ13А15, НРТ13А16, НРТ13А17 тоот гэрээг манай компани “Б” ХХК -тай бус иргэн Ц.Цолмон болон Юн Кён Ну нартай байгуулсан. Энэ гэрээг байгуулах болсон үндэслэл нь манай компани “Ө” ХХК-д өгөх өглөгийн хүрээнд “Б” ХХК -д 7 ширхэг орон сууц шилжүүлэхээр тохиролцсоны дагуу “Б” ХХК-ийн зөвшөөрлөөр 2 иргэнтэй гэрээ байгуулсан. Орон сууцыг 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр эзэмшилд нь шилжүүлэн өгсөн бөгөөд тодорхой шалтгааны улмаас өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахтай холбогдсон баримт бүрдүүлэх боломж нөхцөл бүрдээгүй байна. Иймд “Ю” ХХК-д холбогдох “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан “Ө” ХХК-аас 208 236 736.16 төгрөгийг гаргуулж “Б” ХХК -д олгож, “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 400 077 060.84 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д заасны дагуу үүрэг үүсээгүй тул “Ю” ХХК-аас төлбөр төлөх хугацаа хэтрүүлсний алдангид 344 707 400 төгрөг гаргуулахыг хүссэн “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 890 915 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Өндөрбуянт холдинг” ХХК-аас 1 199 133.6 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Зохигчдын хооронд 2010 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 10/25 тоот худалдах-худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд тухайн гэрээний үлдэгдэл тооцоог 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдөр талууд нийлэхэд 530 916 ам.долларын үлдэгдэлтэй байсан. Тухайн төлбөрөөс худалдан авагч буюу хариуцагч нь 689 414 800 төгрөгт "Ю" ХХК-ийн өмчлөлийн 7 ширхэг орон сууцыг нэхэмжлэгч компанийн захиралд шилжүүлэхээр тохиролцсон. Гэвч хариуцагч нь өнөөдрийн байдлаар 689 414 800 төгрөгт ногдох 7 ширхэг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгөөгүй бөгөөд үлдэгдэл төлбөр мөн төлөгдөөгүй байна. Тодруулбал өмчлөх эрх нь "Ю" ХХК-д байх бөгөөд нэхэмжлэгч нь тухайн 7 ширхэг орон сууцыг худалдан борлуулах эрх үүсээгүй. Иймээс хариуцагч нь өнөөдрийг хүртэл гэрээний үлдэгдэл төлбөр болох 530 916 ам.долларын төлбөрийг барагдуулаагүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 186 дутаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үүргийн эрх зүйн нийтлэг үндэслэлээр талууд гэрээгээр ямар үүргийг гүйцэтгэхээр хэлэлцэн тохиролцсон тэр үүргийг гүйцэтгэх ёстой байтал хариуцагч "Ө" ХХК нь энэ үүргээ биелүүлээгүй. Зохигчид Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийг үндэслэн гэрээний төлбөрийг ам.доллароор тохиролцсон. Ийнхүү Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцох байтал анхан шатны шүүх орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан өдрийн ханшаар тооцсон нь үндэслэлгүй байна. Иймд 530 916 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Монгол банкны ханш /1 ам.доллар 2428.23/-тай байсан тул зөрүү 391 534 622 төгрөгийг хариуцагч "Ө" ХХК-иас шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д "төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө" гэж заасан нь Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт буюу төгрөгийн өөрийн үнэлгээ болох ханшийн тухай заасан. Харин тухайн төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн талаарх зохицуулалт биш гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсгийг үндэслэж орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулсан өдрийн ханшаар тооцсон нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсгийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлох ёстой байсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан зөрүү 391 534 622 төгрөгийг "Ө" ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Ө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...366.71 м.кв талбайтай 689 414 800 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгүүдийг хүлээлгэн өгснөөр талуудын хооронд үүссэн худалдах-худалдан авах гэрээний үүрэг биелэгдэж, уг харилцаа дуусгавар болсон. Үүнийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд үгүйсгэдэггүй бөгөөд гагцхүү орон сууцнуудын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй учир хохирч байх тул нэхэмжлэл гаргасан гэж тайлбарладаг. Гэрээ байгуулагдах үе буюу 2010 оны 8 дугаар сард ам.доллар 1301.8 төгрөгтэй тэнцэхээр байсан бөгөөд талууд 2013 онд төлбөр тооцоо нийлэхдээ 530 916 ам.долларын үлдэгдэлтэй гэсэн баримт үйлдсэн байдаг. Уг баримтад заасан 530 916 ам.долларыг монгол төгрөгөөр /691,146,449/ тооцож дээрх орон сууцнуудыг шилжүүлсэн байна. Гэтэл шүүхээс ямар үндэслэлээр ам.долларын ханшийг 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөр тооцсон нь тодорхойгүй бөгөөд үүнийг бид хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар 2010 оны 8 сарын 28-ны өдрийн ам.долларын ханшаар тооцох байсан боловч түүнийг баримтлаагүй байна. Өөрөөр хэлбэл үүрэг үүссэн үеийг зөв тодорхойлж, дүгнээгүй хууль зөрчсөн шийдвэр гаргажээ. Бид үзэхдээ талуудын хооронд 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр үүрэг үүссэн гэж үзэж байгаа бөгөөд уг орон сууцны барилгуудын үнийг шаардах эрх 2010 оны 10 дугаар сарын 30-ны өдөр үүснэ. Мөн үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолно. Хөөн хэлэлцэх хугацаа 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 98/2013 тоот актаар 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-т зааснаар түр зогссон байх бөгөөд улмаар мөн өдрөөс цааш үргэлжлэн тоологдоно.

“Б” ХХК  нь шаардах эрх үүссэн үеэс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл нийт 7 жилийн хугацаа өнгөрсөн байх тул хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан үндэслэл бүрдсэн байна. Гэвч анхан шатны шүүхээс шаардах эрх үүссэн үеийг буруу тодорхойлсон тул хөөн хэлэлцэх хугацаа дууссаныг анхаараагүй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймээс ам.долларын ханшийг тооцохдоо хуульд нийцүүлэн гэрээ байгуулагдсан өдрөөр буюу үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул дээрх үндэслэлүүдээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Б” ХХК  нь хариуцагч “Ө” ХХК, “Ю” ХХК-д холбогдуулан 1 297 728 597 төгрөг гаргуулахаар шаардсанаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хариуцагч “Ө” ХХК-иас 608 313 797 төгрөг, “Ю” ХХК-иас алдангид 344 707 400 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2010 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 10/25 тоот худалдах-худалдан авах гэрээ байгуулж, “Б” ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамжинд байрлах 40 хувийн гүйцэтгэлтэй 38 дугаар байр, 70 хувийн гүйцэтгэлтэй 37 дугаар байрыг газрын хамт 3 446 240 ам.доллараар “Ө” ХХК-д худалдсан бөгөөд худалдан авагч нь үнийг 2010 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутуам 0.1 хувийн алданги төлөхөөр зохигчид тохиролцжээ.

  /хх-22-27 дахь тал/

 

Дээрх гэрээгээр худалдсан 2 орон сууц тус бүр дээр 2010 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 10/27, 10/28 тоот худалдах-худалдан авах гэрээг хийсэн бөгөөд шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж зөв дүгнэсэн байна.

 

Нэхэмжлэгч “Б” ХХК  нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 37, 38 дугаар орон сууцны өмчлөлийг хариуцагч “Ө” ХХК-д шилжүүлсэн байх ба хариуцагч “Ө” ХХК нь худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээс тодорхой хэсгийг төлж барагдуулж, 530 916 ам.долларын үлдэгдэлтэй үлдсэн болох нь хэргийн 28 дугаар тал дахь 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 98/20163 тоот тооцоо нийлсэн баримтаар тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

 

            Талууд харилцан тохиролцож, “Б” ХХК -д “Ө” ХХК нь “Ю” ХХК-ийн барьсан HAPPY TOWN орон сууцны 73 дугаар байрны 183, 18, 24, 33, 178, 180, 184 тоот 7 ширхэг орон сууцыг 689 414 800 төгрөгт тооцож шилжүүлэн өгөхөөр 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Ц.Цолмон болон Солонгос Улсын иргэн Юн Кён Ну нарын нэр дээр орон сууц захиалгаар бариулах 7 тусдаа гэрээ байгуулж 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр орон сууцны эзэмшлийг шилжүүлэн өгөхдөө орон сууц хүлээлцэх акт үйлдсэн болох нь хэргийн 1 дүгээр хавтасны 32-70 тал дахь баримтуудаар тогтоогджээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ю” ХХК нь дээрх 7 орон сууцыг “Ө” ХХК-тай тохирч “Б” ХХК-ийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг зөвшөөрсөн бөгөөд нэхэмжлэгч “Б” ХХК  нь эдгээр 7 орон сууцны өмчлөлийг эрхийн бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байгаа боловч төлбөртөө 689 414 800 төгрөгт тооцож авахыг зөвшөөрч байх тул худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 530 916 ам.доллараас хасч тооцож зөрүүг гаргуулах үндэслэлтэй.

 

            Учир нь талууд 2010 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 10/25 тоот, 2010 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10/27, 10/28 тоот худалдах-худалдан авах гэрээний зүйлийн үнийг ам.доллараар гэж тохирсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй талаарх шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

            Хариуцагч “Ю” ХХК нь “Ө” ХХК-ийн “Б” ХХК -д худалдах-худалдан авах гэрээний дагуу төлөх төлбөрт өөрийн өмчлөлийн 689 414 800 төгрөгийн үнэ бүхий 7 ширхэг орон сууцыг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар өрийг шилжүүлэн авсан гэж үзэх үндэслэлтэй байх ба энэ талаар шүүх зөв дүгнэсэн байна.

 

Ийнхүү өрийг “Ю” ХХК шилжүүлэн авахыг хүлээн зөвшөөрснөөр гэрээ хүчин төгөлдөр болох ба хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй талаарх шүүхийн дүгнэлт нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргасан өдрийн ханш буюу үүрэг үүсэх үеийн ханшаар ам.долларыг тооцолгүй талуудын хооронд байгуулагдсан өр шилжих хэлцэл хийсэн үеийн ам.долларын ханшаар тооцож шийдвэрлэсэн нь буруу болсныг залруулах боломжтой.

 

 Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт “төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасан нь төгрөг болон гадаад валютын харьцааг бус төгрөгийн өөрийн ханшийг тодорхойлсон бөгөөд зөвхөн төлбөр төлөх хугацаа болоогүй үүрэгт хамааралтай юм.

 

Нэхэмжлэгч “Б” ХХК  болон хариуцагч “Ю” ХХК-ийн хооронд бичгийн хэлбэрээр гэрээ байгуулаагүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар анз шаардах эрхгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Иймд хариуцагч “Ө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж хариуцагч “Ө” ХХК-иас 599 771 358 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК -д олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/01766 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “208 236 736.16“ гэснийг “599 771 358”, “400 077 060.84” гэснийг “8 542 439” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “1 199 133.6” гэснийг “3 156 806” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ө” ХХК-ийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 200 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 115 630 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          М.НАРАНЦЭЦЭГ

 

     ШҮҮГЧИД                                          Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ