Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2021/02516

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 09 өдөр Дугаар 183/ШШ2021/02516 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, Метро бизнес төвийн 0 тоот хаягт байрлах, ************** ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Стадион оргил, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 00 байр, 0 тоот хаягт оршин суух, Боржигин овогт************** /РД:/-д холбогдох,

 

Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, стадион оргил /17013, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 26А байрны 809 тоот 75,3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч*******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, маргааны зүйл болох орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийн бүрдүүлбэрийг хангаж******* миний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж Голомт банканд хүргүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Эрдэнэсүрэн, хариуцагч*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Үүрийнтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай компани хариуцагч*******тэй 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр орон сууц захиалан бариулах Б4-1105-96 дугаар гэрээ байгуулж, уг гэрээгээр төсөл хэрэгжүүлэгч Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, стадион оргил /17013, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 26А байрны 809 тоот 75,3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2020 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх, захиалагч орон сууцны төлбөр 240 960 000 төгрөгийг гэрээний 2.2-т заасан хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн болно. Хариуцагч нь төлбөрийн дийлэнх хэсэг буюу 168 672 000 төгрөгийг огт төлөөгүй. Тухайн орон сууцыг улсын комисс 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, ашиглалтад оруулсан бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээгээр захиалагч нь төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон боловч захиалагчийн тухайн үеийн нөхцөл байдал, гаргасан хүсэлтийг харгалзан орон сууцыг 2021 оны 11 сарын 12-ны өдөр хүлээлгэн өгсөн. Захиалагчид орон сууцны төлбөрийг яаралтай төлж барагдуулахыг удаа дараа шаардаж байсан бөгөөд 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр албан бичгээр орон сууцны үндсэн төлбөр болон алдангийн хамт нийт 243 056 352 төгрөгийг 2021 оны 05 сарын 15-ны дотор төлөхийг шаардсан боловч захиалагч төлбөрийг төлөөгүй тул төсөл хэрэгжүүлэгчээс гэрээний 7.1.2-т заасан үндэслэлээр гэрээг цуцалж энэ тухай 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр албан бичгээр захиалагчид мэдэгдэж, орон сууцыг 2021 оны 8 дугаар сарын 05-ны дотор суллаж өгөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл орон сууцыг чөлөөлж өгөөгүй. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, стадион оргил /17013, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 26А байрны 809 тоот 75,3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч*******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие нэхэмжлэгчтэй орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан гэрээний дагуу төлбөрийн урьдчилгаанд 30 хувь болох 72 288 000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 70 хувийн төлбөрийг банкны лизингээр төлөхөөр болж ************** ХХК-ийн санал болгосон гэрээт гэх Голомт банкны Цэцээ гүн салбараас ав гэсний дагуу тус салбарт 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зээлийн хүсэлт өгсөн. Гэвч зээлийн шийдвэр гарсан эхний айлуудын гэрчилгээнүүд ирээгүй байна, эдийн засагч нь нэмэлт материал шаардаж, мөн банкны эдийн засагч жирэмсний амралтаа авч өөр эдийн засагчид материал шилжин судлагдаж байна гэх шалтгаанаар 20-иод хоног болсон. Ингээд банк зээлийн хорооны хурлаа 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хуралдуулахаар товлосон боловч тэр өдөр нь Засгийн газар, УОК-ийн шийдвэрээр хатуу хол хорио тавигдаж зээлийн хорооны хурал хойшилсон. Энэ үед би зээл бүтнэ гэж бодож хөлсөөр сууж байсан байраа хүлээлгэн өгсөн байсан учир ************** ХХК-д өргөдөл гарган зөвшөөрсний дагуу захиалсан байрандаа орсон юм. Хөл хорио тавигдаж банк 2020 оны 11 сарын 28-ны өдөр хуралдсан боловч 6 сарын дараа дахин зээл хүсч болно гэсэн татгалзсан хариу өгсөн. Миний бие давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй болсон бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэгч компаниас надад ямар нэгэн мэдэгдэл, шаардлага өгөөгүй. Миний бие 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгчид төлбөрийн үлдэгдэл төлөх хугацааг хожимдуулж буй шалтгаан нөхцөлөө тайлбарлан харгалзан үзэхийг хүсч өргөдөл, холбогдох баримтын хамт өгсөн. Гэтэл маргааш нь буюу 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 21/05/12-28 дугаар албан бичгээр алдангийн хамт нийт 243 056 352 төгрөгийг 3 хоногийн дотор төлж барагдуулах шаардлага өгсөн. Миний бие үлдэгдэл төлбөрөө төлөх боломжтой бүхий л арга хэмжээг авахын төлөө чармайн зүтгэж 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Голомт банканд дахин хүсэлт гаргасан бөгөөд тус банк 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн хорооны хурлаар оруулж зээл олгох боломжтой гэсэн шийдвэр гаргасан. Энэ талаарх мэдэгдлээ ************** ХХК-д хүргүүлэхдээ орон сууцны үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөлийн улсын бүртгэлийн гэрчилгээг*******гийн нэр дээр гаргуулж өгнө үү гэсэн албан бичгийг хүргүүлсэн байдаг. Мөн би 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр миний асуудлыг яаралтай шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг давхар өгсөн боловч 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр компанийн хуульч гэх хүн устаар хариу өгөхдөө алданги 74 384 352 төгрөгийг төлж байж ордероо ав, эсхүл байраа буцаан өг гэсэн шаардлагыг надад тавьсан. Орон сууц захиалан бариулах гэрээний 8 дугаар зүйлд заасан үндэслэл болон Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-д заасан үндэслэлээр миний бие алданги төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа. Голомт банкны 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрээр гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх бодит боломж үүссэн атал нэхэмжлэгчээс шалтгаалах өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай баримт бичгийн надад өгөхгүй татгалзаж, миний урьдчилгаанд төлсөн 30 хувийн төлбөртэй дүйцэх алданги шаардаж, намайг орон сууцнаас гарган дараагийн худалдан авагчид одоогийн зах зээлийн ханш буюу 1 м.кв талбайг 4 200 000 зарж 75 300 000 төгрөгийн ашиг давхар олох зорилгоор миний эрх ашгийг хохироож байна. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...Голомт банкны 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрээр******* надад 140 000 000 төгрөгийн зээл олгох боломжтой гэсэн шийдвэр гарсан ба үлдэх 28 672 000 төгрөгийг би дансандаа байршуулсан байгаа. Гэрээний зүйл болох орон сууцны төлбөрийг бүрэн төлөх бодит боломж үүссэн учир орон сууц захиалан бариулах гэрээний 4.2.2-т заасан болон банкнаас нэхэмжлэгчид хүргүүлсэн мэдэгдлийн дагуу Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, стадион оргил /17013, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 26А байрны 809 тоот 75,3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөлийн улсын бүртгэлийн гэрчилгээг миний нэр дээр гаргахад шаардагдах бичиг баримтын бүрдүүлбэрийг хангаж,******* миний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж Голомт банканд хүргүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ...Хариуцагч нь гэрээ цуцлагдсанаас хойш 3 сарын дараа банкны тодорхойлолтыг үндэслэн гэрчилгээ гаргуулахыг шаардаж байгаа нь үндэслэлгүй. Тус компанийн зүгээс төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж хангалттай хугацаа тогтоож өгсөн боловч огт хариу өгөөгүй төсөл хэрэгжүүлэгчид цаг хугацаа, хөрөнгө мөнгөний хувьд нэн хохиролтой байдлыг бий болгосон.******* нь гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 168 672 000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны дотор төлөх үүргийг 7 сар буюу 227 хоногоор хэтрүүлсэн тул гэрээний 7.1.2-т заасан үндэслэлээр гэрээг цуцалж байгаа тухай 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 21/07/30-51 тоот албан бичгээр гэрээний 7.3-т заасны дагуу захиалагчид мэдэгдсэнээр гэрээ цуцлагдсан болно. Гэрээ цуцлагдсанаар гэрээний үүргийн харилцаа дуусгавар болсон тул хариуцагч нь гэрээний үүрэг буюу орон сууцны гэрчилгээг гаргуулахыг шаардах эрхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ************** ХХК нь хариуцагч*******д холбогдуулан Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, стадион оргил /17013, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 26А байрны 809 тоот 75,3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргааны зүйл болох орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийн бүрдүүлбэрийг хангаж******* миний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж Голомт банкинд хүргүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган харилцан эс зөвшөөрч мэтгэлцэв.

 

Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2020 оны 05 сарын 01-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр төсөл хэрэгжүүлэгч буюу ************** ХХК нь Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, стадион оргил /17013/, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, Б4 блок, 26А байрны 8 давхрын 809 тоот 75,3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2020 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулах, захиалагч буюу******* нь орон сууцны үнэ 240 960 000 төгрөгийн 20 хувь болох 48 192 000 төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр, 10 хувь болох 24 096 000 төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр, 70 хувь болох 168 672 000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тус тус төлөх, захиалагч төлбөрөө 100 хувь төлсөн тохиолдолд орон сууцыг хүлээлгэн өгөхөөр тохирчээ. /хх-9-11/

 

Худалдах, худалдан авах гэрээний зүйл болон ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь тодорхой эд хөрөнгө байдгаараа адил мэт боловч ажил гүйцэтгэх гэрээнд тухайн эд хөрөнгө бий болгох үйл явц нь гэрээний харилцааны нэг хэсэг болдог ба талууд гэрээ байгуулах үед гэрээний зүйл болох орон сууц нь бий болчихсон, орон сууцны дотоод заслын ажил хийгдэж байсан талаар зохигчид тайлбарлаж байх тул шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарах бөгөөд хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэв.

 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Хариуцагч нь уг гэрээний дагуу 30 хувийн төлбөрт 72 288 000 төгрөг төлсөн, үлдэгдэл 70 хувийн төлбөрийг банкны зээлээр төлөхөөр талууд тохирч байсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

Нэхэмжлэгч ************** ХХК нь 2020 оны 11 дүгээр сарын 12-ны гэрээний зүйл болох орон сууцыг хариуцагч*******д актаар хүлээлгэн өгсөн байна. Нэхэмжлэгчийн өөрийнх нь зөвшөөрлөөр орон сууцыг хариуцагч тухайн өдрөөс хойш эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримт тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан. Энэхүү шаардах эрхийг хэрэгжүүлэгч эрх бүхий этгээд нь зөвхөн өмчлөгч байх бөгөөд уг эд хөрөнгийг эзэмшиж буй этгээдийн эзэмшил нь хууль бус байх хоёр нөхцөлийн аль аль нь бүрдсэн тохиолдолд шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч маргааны зүйл болон орон сууцны өмчлөгч болохоо нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй нь дээр хариуцагч нь тухайн орон сууцыг гэрээний дагуу нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр эзэмшиж байх тул хариуцагчийн эзэмшил хууль бус гэж үзэхгүй юм.

 

Иймд нэхэмжлэгч ************** ХХК-ийн Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, стадион оргил /17013, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 26А байрны 809 тоот 75,3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч*******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ зөрчсөнөөс гэрээ цуцлагдаж дуусгавар болсон гэж тайлбарлаж байх боловч Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар өнгөрсөн хугацааны гэрээний биелэлтийг хариуцагчид буцаан шилжүүлээгүй нь талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ дуусгавар болсон гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах эрх нээлттэй болно.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд, хариуцагч нь гэрээний үлдэгдэл төлбөр төлөх үүргээ хугацаанд гүйцэтгээгүй нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул маргааны зүйл болох орон сууцыг өмчлөлдөө бүртгүүлэхээр шаардах эрхгүй гэж дүгнэв.

 

Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч хариуцагч нараас урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ************** ХХК-ийн хариуцагч*******д холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, стадион оргил /17013, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 26А байрны 809 тоот 75,3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч*******гийн маргааны зүйл болох орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийн бүрдүүлбэрийг хангаж******* миний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж Голомт банканд хүргүүлэхийг нэхэмжлэгч ************** ХХК-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 362 750 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ