Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/00392

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/00392

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

А дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2021/02516 дугаар шийдвэртэй

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Ад холбогдох

А дүүргийн 00 дугаар хороо, М О /17013/, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 000 байрны 000 тоот 75,3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч Б.Агийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

уг орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийн бүрдүүлбэрийг хангаж Б.Агийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж А-д хүргүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, хариуцагч Б.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Гэрэлсүрэн, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Манай компани хариуцагч Б.Атэй 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Орон сууц захиалан бариулах Б4-1105-96 дугаар гэрээ байгуулж, уг гэрээгээр А дүүргийн 00 дугаар хороо, М О /17013/, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 000 байрны 000 тоот 75,3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2020 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх, захиалагч орон сууцны төлбөр 240,960,000 төгрөгийг гэрээний 2.2-т заасан хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн. Хариуцагч нь төлбөрийн дийлэнх хэсэг буюу 168,672,000 төгрөгийг огт төлөөгүй. Тухайн орон сууцыг улсын комисс 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, ашиглалтад оруулсан бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээгээр захиалагч нь төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон. Захиалагчийн тухайн үеийн нөхцөл байдал, гаргасан хүсэлтийг харгалзан орон сууцыг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээлгэн өгсөн. Захиалагчид орон сууцны төлбөрийг яаралтай төлж барагдуулахыг удаа дараа шаардаж байсан бөгөөд 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр албан бичгээр орон сууцны үндсэн төлбөрийг алдангийн хамт нийт 243,056,352 төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 15-ны дотор төлөхийг шаардсан боловч захиалагч төлбөрийг төлөөгүй. Төсөл хэрэгжүүлэгчээс гэрээний 7.1.2-т заасан үндэслэлээр гэрээг цуцалж энэ тухай 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр албан бичгээр захиалагчид мэдэгдэж, орон сууцыг 2021 оны 08 дугаар сарын 05-ны дотор суллаж өгөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл орон сууцыг чөлөөлж өгөөгүй. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу А дүүргийн 00 дугаар хороо, М О /17013/, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 000 байрны 000 тоот 75,3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч Б.Агийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Б.Агийн шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Би нэхэмжлэгчтэй Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан гэрээний дагуу төлбөрийн урьдчилгаанд 30 хувь болох 72,288,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 70 хувийн төлбөрийг банкны лизингээр төлөхөөр болж Т ХХК-ийн санал болгосон гэрээт гэх Г Цэцээ гүн салбараас ав гэсний дагуу тус салбарт 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зээлийн хүсэлт өгсөн. Банканд өгсөн материал шаардаж, мөн банкны эдийн засагч жирэмсний амралтаа авч өөр эдийн засагчид материал шилжин судлагдаж байна гэх шалтгаанаар 20-иод хоног болсон. Ингээд банк зээлийн хорооны хурлаа 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хуралдуулахаар товлосон боловч тэр өдөр нь Засгийн газар, УОК-ийн шийдвэрээр хатуу хол хорио тавигдаж зээлийн хорооны хурал хойшилсон. Энэ үед би зээл бүтнэ гэж бодож хөлсөөр сууж байсан байраа хүлээлгэн өгсөн байсан учир Т ХХК-д өргөдөл гарган зөвшөөрсний дагуу захиалсан байрандаа орсон юм. Хөл хорио тавигдаж банк 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хуралдсан боловч 6 сарын дараа дахин зээл хүсч болно гэсэн татгалзсан хариу өгсөн. Би давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй болсон бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэгч компаниас надад ямар нэгэн мэдэгдэл, шаардлага өгөөгүй. Би 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгчид төлбөрийн үлдэгдэл төлөх хугацааг хожимдуулж буй шалтгаан нөхцөлөө тайлбарлан харгалзан үзэхийг хүсч өргөдөл, холбогдох баримтын хамт өгсөн. Гэтэл маргааш нь буюу 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 21/05/12-28 дугаар албан бичгээр алдангийн хамт нийт 243,056,352 төгрөгийг 3 хоногийн дотор төлж барагдуулах шаардлага өгсөн. Би үлдэгдэл төлбөрөө төлөх боломжтой бүхий л арга хэмжээг авахын төлөө чармайн зүтгэж 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Голомт банканд дахин хүсэлт гаргасан бөгөөд тус банк 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн хорооны хурлаар оруулж зээл олгох боломжтой гэсэн шийдвэр гаргасан. Энэ талаарх мэдэгдлээ Т ХХК-д хүргүүлэхдээ орон сууцны үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөлийн улсын бүртгэлийн гэрчилгээг Б.Агийн нэр дээр гаргуулж өгнө үү гэсэн албан бичгийг хүргүүлсэн байдаг. Мөн би 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр миний асуудлыг яаралтай шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг давхар өгсөн боловч 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр компанийн хуульч гэх хүн устаар хариу өгөхдөө алданги 74,384,352 төгрөгийг төлж байж ордероо ав, эсхүл байраа буцаан өг гэсэн шаардлагыг надад тавьсан. Орон сууц захиалан бариулах гэрээний 8 дугаар зүйлд заасан үндэслэл болон Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр би алданги төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа. Г 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрээр гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх бодит боломж үүссэн атал нэхэмжлэгчээс шалтгаалах өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай баримт бичгийг надад өгөхгүй татгалзаж, миний урьдчилгаанд төлсөн 30 хувийн төлбөртэй дүйцэх алданги шаардаж, намайг орон сууцнаас гарган дараагийн худалдан авагчид одоогийн зах зээлийн ханш буюу 1 м.кв талбайг 4,200,000 зарж 75,300,000 төгрөгийн ашиг давхар олох зорилгоор миний эрх ашгийг хохироож байна. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагч Б.Агийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Г 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрээр Б.А надад 140,000,000 төгрөгийн зээл олгох боломжтой гэсэн шийдвэр гарсан ба үлдэх 28,672,000 төгрөгийг би дансандаа байршуулсан байгаа. Гэрээний зүйл болох орон сууцны төлбөрийг бүрэн төлөх бодит боломж үүссэн учир орон сууц захиалан бариулах гэрээний 4.2.2-т заасан болон банкнаас нэхэмжлэгчид хүргүүлсэн мэдэгдлийн дагуу А дүүргийн 00 дугаар хороо, М О /17013/, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 000 байрны 000 тоот 75,3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөлийн улсын бүртгэлийн гэрчилгээг миний нэр дээр гаргахад шаардагдах бичиг баримтын бүрдүүлбэрийг хангаж, Б.А миний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж Голомт банканд хүргүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эгийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагч нь гэрээ цуцлагдсанаас хойш 3 сарын дараа банкны тодорхойлолтыг үндэслэн гэрчилгээ гаргуулахыг шаардаж байгаа нь үндэслэлгүй. Тус компанийн зүгээс төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж хангалттай хугацаа тогтоож өгсөн боловч огт хариу өгөөгүй төсөл хэрэгжүүлэгчид цаг хугацаа, хөрөнгө мөнгөний хувьд нэн хохиролтой байдлыг бий болгосон. Б.А нь гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 168,672,000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны дотор төлөх үүргийг 7 сар буюу 227 хоногоор хэтрүүлсэн тул гэрээний 7.1.2-т заасан үндэслэлээр гэрээг цуцалж байгаа тухай 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 21/07/30-51 тоот албан бичгээр гэрээний 7.3-т заасны дагуу захиалагчид мэдэгдсэнээр гэрээ цуцлагдсан болно. Гэрээ цуцлагдсанаар гэрээний үүргийн харилцаа дуусгавар болсон тул хариуцагч нь гэрээний үүрэг буюу орон сууцны гэрчилгээг гаргуулахыг шаардах эрхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т ХХК-ийн хариуцагч Б.Ад холбогдуулан гаргасан А дүүргийн 00 дугаар хороо, М О /17013, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 000 байрны 000 тоот 75,3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч Б.Агийн маргааны зүйл болох орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийн бүрдүүлбэрийг хангаж Б.А миний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж Голомт банканд хүргүүлэхийг нэхэмжлэгч Т ХХК-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,362,750 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.  

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Эгийн давж заалдах гомдлын агуулга: ...Шүүх энэ талаарх нотлох баримтыг шинжлэн судалсны үндсэн дээр талуудын тайлбарт үндэслэж үнэлэлт, дүгнэлтийг өгч чадсангүй. Гэрээний 7.1.2-т захиалагч гэрээний төлбөрийн хугацааг 60-аас дээш хоногоор хэтрүүлсэн тохиолдолд талууд гэрээг цуцлах эрхтэй бөгөөд 7.3-т энэ тухай захиалагчийн мэйл хаягаар мэдэгдсэнээр гэрээ цуцлагдсанд тооцно гэж талууд харилцан тохиролцсон. Захиалагч төлбөрийг 7 сар буюу 227 хоногоор хэтрүүлсэн тул гэрээний дагуу нэхэмжлэгч нь гэрээг цуцлах тухай 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 21/07/30-51 дугаар албан бичгийг захиалагчид гэрээнд заасан арга хэлбэр буюу захиалагчийн гэрээнд бүртгэлтэй и-мэйл хаягаар мэдэгдсэний дагуу хариуцагч орон сууцыг актаар хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Ийнхүү Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч орон сууц чөлөөлүүлэх шаардлагыг эд хөрөнгө эзэмшигчид гаргаснаар эд хөрөнгө эзэмшигчийн эзэмшил дуусгавар болсон тул Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг эзэмших эрхгүй буюу энэ эрхээ алдсан эзэмшигч нь уг эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй. Шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээний биелэлтийг хариуцагчид буцаан шилжүүлээгүй тул гэрээ дуусгавар болсон гэж үзэхээр байна гэх ойлгомжгүй дүгнэлтийг хийсэн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр ч дээрх асуудлыг тодорхой зохицуулсан. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо шаардах эрхийг хэрэгжүүлэгч эрх бүхий этгээд нь зөвхөн өмчлөгч байх, эзэмшил хууль бус байх гэсэн шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт шударга бус эзэмшигч гэж эзэмшлээ хууль бус болохыг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан хууль бус эзэмшигчийг хэлнэ гэж заасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хариуцагч гэрээний үүргээ зөрчсөний улмаас цуцлагдсанаар эзэмшил дуусгавар болсон тул хариуцагчийн эзэмшлийг хууль ёсны гэж үзэх боломжгүй. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт зааснаар өмчлөх эрх олж авч байгаа этгээд эд хөрөнгийн үнийг хугацаанд нь төлөөгүй байхад өмчлөх эрхээ шилжүүлж байгаа этгээд гэрээнээсээ татгалзвал үүрэг ёсоор талууд өмнө нь шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгчийн хувьд хөрөнгөө шаардаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу орон сууц чөлөөлүүлэх шаардлагыг шүүхэд гаргасан. Гэтэл шүүх зөвхөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заалтад баригдаж, Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 92, 100 дугаар зүйлийн 100.1, 112 дугаар зүйлийн 112.2 дахь зохицуулалтын дагуу хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн талаар шүүх хуралдаан дээр талууд ч мэтгэлцээгүй, шүүх ч талуудаас асууж тодруулаагүй, шийдвэрийн үндэслэлийг тайлбарлахдаа ч шүүгч огт дурдаагүй, өөрөөр хэлбэл шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй үндэслэлийг шүүхийн шийдвэрийн гол үндэслэл болгож өмчлөгч болохоо нотолсон баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгчийг өмчлөгч биш хэмээн бичгийн хэлбэрээр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэг болон шүүх хуралдааныг шууд явуулах шүүн таслах ажиллагааны үндсэн зарчмыг зөрчсөн гэж үзнэ.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ гэрээний төлбөр төлөх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тул орон сууцыг өмчлөлдөө бүртгүүлэхээр шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт нийцсэн гэж үзнэ. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байх тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

7. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Эгийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:... Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч өмчлөх, эзэмших гэрээг цуцлуулах шаардлага гаргаагүй. Шаардлага гаргаж буй нэхэмжлэгч зөвхөн тухайн маргаан бүхий орон сууцны өмчлөгч байна. Гэвч нэхэмжлэгч байгууллага уг хөрөнгийн өмчлөгч болохоо нотлох баримтаар нотлоогүй. Б.Агийн хувьд худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авсан. Нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр байр хүлээлцэх актаар тус байранд орсон. Харин худалдах, худалдан авах гэрээний төлбөр болох 70 хувийг төлж чадаагүй, уг төлбөрийг төлж чадаагүй шалтгаануудыг нотлох баримтаар өгсөн. Мөн гэрээний заалтад давагдашгүй хүчин зүйлээр нэхэмжлэлийн шаардлагын гэрээг цуцлах үндэслэлийг үгүйсгэдэг. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан учраас нэхэмжлэгчээс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангажээ.

2. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Б.Ад холбогдуулан А дүүргийн 00 дугаар хороо, М О /17013/, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 000 байрны 000 тоот 75,3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч Б.Агийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргааны зүйл болж буй орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийн бүрдүүлбэрийг хангаж, Б.Агийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж А-д хүргүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3а. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Б.Атэй 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Б4-000-96 дугаар Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь худалдагчид А дүүргийн 00 дугаар хороо, М О /17013/, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 000 байрны 000 тоот 75,3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдаж, худалдан авагч нь орон сууцны үнэд 240,960,000 төгрөг төлөхөөр тохиролцсон байна. /хх.9-11/ Хариуцагч Б.А орон сууцны урьдчилгаанд 72,288,000 төгрөг төлсөн асуудлаар зохигчид маргаагүй байна.

3б. Нэхэмжлэгч буюу худалдагч Т ХХК хариуцагч буюу худалдан авагч Б.Агийн хүсэлтийг үндэслэн Орон сууц хүлээлцэх акт үйлдэн хариуцагчид орон сууцыг хүлээлгэн өгсөн байна. /хх.73-75/

Иймд анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ.

4. Хариуцагч Б.А нь дээрх гэрээний үндсэн дээр орон сууцыг эзэмшилдээ байлгаж байгаа үйл баримт тогтоогдсон байх тул түүнийг тухайн орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэхгүй болно. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар эзэмших эрх тодорхой этгээдэд байх тул Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар түүнээс уг хөрөнгийг шаардаж үл болно.

5. Нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Т ХХК-ийн хариуцагч Б.Ад 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр №21/04/30-51 тоот Орон сууц захиалан бариулах Б4-000-96 тоот гэрээ-г гэрээний 7.1.2-т заасан үндэслэлээр гэрээ цуцалсан тул хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлнэ гэж тайлбарлажээ.

5а. Хэргийн 6-7 дугаар талд Т ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №21/05/12-28 дугаар Төлбөр нэхэмжлэх тухай, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №21/04/30-51 дугаар Орон сууц захиалан бариулах Б4-000-96 тоот гэрээг цуцлах тухай мэдэгдлүүд авагдсан байна.

6. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан. Нэхэмжлэгч байгууллага гэрээгээ цуцалсан гэж тайлбарлаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар үр дагаврыг арилгах үүргийг хүлээдэг.

6а. Харин нэхэмжлэгч байгууллага гэрээнээс татгалзсантай холбоотойгоор үр дагаврыг арилгаж, хариуцагч Б.Ад урьдчилгаа төлбөрийг буцаан шилжүүлсэн талаар нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

6б. Хэрэгт нотлох баримтаар А-аас Т ХХК илгээсэн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10/182 тоот албан бичиг авагдсан, уг баримтад А-ийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хурлаар Б.Ад 140,000,000 төгрөгийн орон сууцны зээл олгох боломжтой гэсэн шийдвэр гарсан, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөлийн улсын бүртгэлийн гэрчилгээ Б.Агийн нэр дээр гаргаснаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, бүртгүүлсэн даруйд манай банк орон сууцны зээлийн төлбөр болох 140,000,000 төгрөгийг танай компанийн холбогдох данс руу шилжүүлэх болно гэж бичсэн байна.

6в. Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.6 дахь хэсэгт зааснаар шударга эзэмшигч, өөрийн шаардлага хангагдах хүртэл эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцааж өгөхөөс татгалзах эрхтэй бөгөөд хэргийн дээрх нөхцөл байдлаас үзэхэд хариуцагч Б.А гэрээний үүргээ ноцтой зөрчиж, цаашид гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй болсон гэсэн нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэхэд учир дутагдалтай байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-т зааснаар ялимгүй зөрчлөөр гэрээг цуцлахыг хориглосон. Хариуцагч урьдчилгаа төлбөр төлсөн, нэхэмжлэгчид зээл авч үлдэгдлээ төлөх талаар мэдэгдэж байсан, гэрээ цуцалсан талаар мэдэгдэж, байрнаас гарахыг шаардсан атлаа урьдчилгааг буцааж өгөөгүй зэргээс үзэхэд гэрээнээс татгалзах, хариуцагч байрыг шаардах эрх үүсээгүй байна.

7. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Т ХХК-ийн хариуцагч Б.Ад холбогдуулан гаргасан А дүүргийн 00 дугаар хороо, М О /17013/, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 000 байрны 000 тоот 75,3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох шаардлагатай.

7а. Хариуцагч Б.Агийн маргааны зүйл болох орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийн бүрдүүлбэрийг хангаж Б.А миний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж А-д хүргүүлэхийг нэхэмжлэгч Т ХХК-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг мөн хангах боломжгүй.

Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар нөгөө тал үүргээ гүйцэтгэх хүртэл нэг тал үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. Хариуцагч Б.А худалдан авсан орон сууцны үнийг төлөөгүй тохиолдолд өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг шаардах эрх байхгүй.

8. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. А дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2021/02516 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,362,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Ц.ИЧИНХОРЛОО