Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2021/02423

 

                                   

 

 

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 27 өдөр

          Дугаар 183/ШШ2021/02423

                         Улаанбаатар хот

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Э” ХХК-ийн гомдолтой,

/Хан-Уул дүүрэг, .....дугаар хороо, ..... ........тоотод байрлах, регистрийн дугаар ....../

 

            Хариуцагч: Нт холбогдох,

/....дүүрэг, ..... дугаар хороо, .......байрлах/

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: “Ч банк” ХХК,

/........дүүрэг, ......... байрлах, регистрийн дугаар ........../

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М нарийн бичгийн дарга Д.Содбилгүүн нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ......оны ....... дугаар сарын ........-ны өдрийн ....... дүгээр захирамжаар “Э” ХХК-иас ....... төгрөг гаргуулан “Ч банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Н газрын ...оны ..дугаар сарын ..-ны өдрийн “Албадан дуудлага худалдаа явуулах тухай” ... дугаар тогтоолоор “........... барилгыг шинжээчийн тогтоосон үнэ 3.841.344.000 төгрөгийн 70 хувь болох 2.688.940.800 төгрөгөөр”, 3/8 дугаар тогтоолоор “................. орон сууц зоорины давхрын 10,11 хамт шинжээчийн тогтоосон үнэ болох 1.462.000.000 төгрөгийн 70 хувь болох 1.023.400.000 төгрөгөөр”, 3/9 дүгээр тогтоолоор “......... орон сууцыг шинжээчийн тогтоосон 246.500.000 төгрөгийн 70 хувь болох 172.550.000 төгрөгөөр”, 3/10 дугаар тогтоолоор “Ч........... орон сууцыг шинжээчийн тогтоосон 107.188.000 төгрөгийн 70 хувь болох 75.031.600 төгрөгөөр” тус тус албадан дуудлага худалдааны үнийг тогтоож, 2021 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 10 цагт албан дуудлага худалдаа зохион байгуулагдах болохыг 2021 оны 03 сарын 12-ны өдөр компанийн төлөөлөх эрхгүй этгээдэд мэдэгдсэн байсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-т “Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно” гэж заажээ. Гэтэл Н газрын тасгийн дарга бөгөөд ........... ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Д.М 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” 3/7, 3/8, 3/9, 3/10 дугаар тогтоолоор “........” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гаргасан үнэлгээг үндэслэж барьцаа хөрөнгүүдийг 5.657.032.000 төгрөгөөр үнэлэн дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-т заасныг ноцтой зөрчсөн хууль бус дуудлага худалдаа болсон байна.

Учир нь “С” ХХК нь барьцаа хөрөнгүүдийг 2018 оны зах зээлийн ханшаар үнэлсэн байгаа бөгөөд уг үнэлгээ гарснаас хойш 27 сарын хугацаа өнгөрсөн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.5-т зааснаар үнэлгээ хийснээс хойш 6 сар өнгөрсөн тохиолдолд дахин үнэлгээ хийлгэхээр хуульчилсан байна. Нт манай компанийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.5-т заасан заасан эрхээ хэрэгжүүлэхээр хүсэлт гаргасан боловч хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөөгүй байхдаа 2018 оны үнэлгээнд үндэслэн албадан дуудлага худалдаа зохион байгуулж хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. 2018 оны үнэлгээгээр албадан дуудлага худалдаа зохион байгуулсан нь үүргийн гүйцэтгэлийн 50 хувьд ч хүрэхгүй байгаа бөгөөд төлбөр төлөгч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаад гомдолтой байна.

Н газрын тасгийн дарга бөгөөд ... дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Д.М “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” 317, 3/8, 3/9, 3/10 дугаар тогтоолууд 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гарсан боловч, тогтоолыг нэн даруй бидэнд мэдэгдээгүй, тогтоол гаргаснаас хойш 10 хоногийн дараа буюу 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр манай компанийн төлөөлөх эрхгүй этгээдэд өгөөд явсан байсан. Түүнчлэн шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс гаргасан тогтоолоо төлбөр төлөгчөөс гадна тухайн эд хөрөнгийн өмчлөгч нарт мэдэгдэх үүрэгтэй байсан ч мэдэгдээгүй нь Иргэний хуулийн 159 дугаар зүйлийн 159.3, 175 дугаар зүйлийн 175.3, 176 дугаар зүйлийн 176.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.2-т  заасныг зөрчжээ. Иймд Н газрын 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” 3/7, 3/8, 3/9, 3/10 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

            Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ... оны. дугаар сарын ...-ны өдрийн ..........захирамжаар “Э” ХХК-иас 8.688.182.053 төгрөгийг гаргуулан “Ч банк” ХХК-д олгож, хариуцагч нар үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэр бүхий барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Ингээд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн ...........тоот тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч “Э” ХХК-д шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөр төлөгдөөгүй тул барьцаа хөрөнгө болох Б.М өмчлөлийн ..........орон сууц, ....... тоот автозогсоол, Д.Тын өмчлөлийн ..........барилга, С.Бн өмчлөлийн ...............орон сууцыг тус тус 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр битүүмжилж, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хураасан авсан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талууд, өмчлөгч нарт үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэн боловч үнийн саналаа ирүүлээгүй тул 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ..........дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилоход хөрөнгийн үнэлгээний “С” ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоосныг төлбөр төлөгч, өмчлөгч нарт 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр албан бичгээр мэдэгдсэн болно. Төлбөр төлөгч “Э” ХХК нь дээрх үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж, ..........өдрийн ......... дүгээр захирамжаар албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахтай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, .......дугаар шийдвэрээр үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн .......оны ......дугаар сарын ...-ний өдрийн ......дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн ...оны ..дугаар сарын ..-ний өдрийн ...... дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Ингээд 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах болсныг төлбөр төлөгч болон өмчлөгч нарт 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр баталгаат шуудангаар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.6-д заасны дагуу “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Сийн гэр бүлийн хүн болох И.Нд 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр албан бичиг биечлэн хүргүүлж, тэмдэглэл хөтлөн баталгаажуулсан. Мөн “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мд 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр мэдэгдэж, тэмдэглэл хөтөлсөн байдаг. Иймд албадан дуудлага худалдаа явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нт холбогдох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай “Э” ХХК-ийн  гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ..оны .. дугаар сарын ..-ны өдрийн ........ дүгээр захирамжаар “...хариуцагч “Э” ХХК нь графикийн дагуу 6.000.000.000 төгрөгийг нэхэмжлэгч “Ч банк”-д төлж барагдуулаагүй тохиолдолд 8.688.182.053 төгрөгийг төлж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 21.799.430 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох”-оор шийдвэрлэжээ.

 

Уг шүүхийн шийдвэрийг төлбөр төлөгч “Э” ХХК нь сайн дураар биелүүлээгүйгээс тус шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн ......... дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, Н газрын 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 18290600/01 дүгээр “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-оор “.................... орон сууц, .......тоот автозогсоол”, 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн ....... дугаар “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-оор “.............орон сууц”, 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн ....../...дугаар “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-оор “............. орон сууц”, 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн ......./..дүгээр “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-оор “................. барилга”-ыг тус тус битүүмжилж, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хураан авч, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 302 дугаар тогтоолоор “С” ХХК-ийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан байна.

 

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон “С” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгох талаар “Э” ХХК-ийн шүүхэд гомдол гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн ........... дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн ........дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ........ дугаар тогтоолоор “...гомдлыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

 

Ингээд Н газрын 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн ........ дугаар тогтоолоор “...үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах” талаар төлбөр төлөгч “Э” ХХК-д 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр мэдэгдсэн болох нь 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлсэн тухай албан бичигт /Монгол шуудангийн дардас 2021.3.10/ гэсэн дардас, Шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн тэмдэглэлд “...төлбөр төлөгч “Э” ХХК-ийн хаяг, мөн гүйцэтгэх захирал П.Сын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэв... санхүү эрхэлсэн захирал н.Нд мэдэгдэл үлдээв” гэсэн тэмдэглэл гэсэн баримтаар нотлогдож байна.

 

Мөн нэхэмжлэгч “Э” ХХК нь шүүхэд гаргасан гомдлын үндэслэлдээ “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасныг шийдвэр гүйцэтгэгч зөрчиж, дахин үнэлгээ тогтоолгоогүй” гэжээ.

 

“Э” ХХК нь “...шинжээчийн дүгнэлт гарснаас хойш үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон” гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд хавтаст хэрэгт дээрх үйл баримтыг нотлох баримт авагдаагүй тул нэхэмжлэгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөн төлбөр төлөгч “Э” ХХК нь дахин үнэлгээ тогтоолгох тухай хүсэлтийг шийдвэр гүйцэтгэгчид гаргахдаа “...шинжээчийн дүгнэлт гарснаас хойш үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон” гэх үндэслэлийн талаарх баримтыг хавсарган өгсөн болох нь тогтоогдохгүй болно.

 

Шүүхээс нэхэмжлэгч талд эрх, үүргийг нь тайлбарлан өгч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38.1-д заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх боломжоор хангасан болохыг дурдав.

 

Дээр дурдсан үндэслэлээр Н нь хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан байх тул Нт холбогдох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “Э” ХХК-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан Нт холбогдох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “Э” ХХК-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн...... төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ж.СЭМЖИД