Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/00229

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/00229

 

 

 

АААААААХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2021/002423 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч Эс жи майнинг ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХХХХХХхолбогдох

Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Анхны албадан дуудлага явуулах тухай 3/7, 3/8, 3/9, 3/10 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Уртнасан, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *********** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхдэлгэр, нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч АААААААХХК-ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/01414 дугаартай шийдвэрээр АААААААХХК-аас 8,688,183,053 төгрөг гаргуулан *********** ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 3/7, 3/8, 3/9, 3/10 дугаар тогтоолоор *****ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гаргасан үнэлгээг үндэслэж барьцаа хөрөнгүүдийг 5,657,032,000 төгрөгөөр тогтоож, 2021 оны 03 дугаар сарын 19-ны өдөр албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дах хэсэгт заасныг зөрчсөн байна.

Учир нь мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дах хэсэгт зааснаар үнэлгээ хийснээс хойш 6 сар өнгөрсөн тохиолдолд дахин үнэлгээ тогтоолгохоор зохицуулсан. Гэтэл *********ХХК нь барьцаа хөрөнгүүдийг 2018 оны зах зээлийн ханшаар үнэлсэн бөгөөд уг үнэлгээ гарснаас хойш 27 сарын хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд ам.долларын ханш өсөж, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ өссөн.

Манай компанийн зүгээс хариуцагч байгууллагад дахин үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасан боловч хүсэлтийг шийдвэрлээгүй байхдаа албадан дуудлага худалдаа зохион байгуулж хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. 2018 оны үнэлгээгээр албадан дуудлага худалдаа зохион байгуулсан нь үүргийн гүйцэтгэлийн 50 хувьд хүрэхгүй байгаа бөгөөд төлбөр төлөгч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.

Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолуудыг 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр манай компанийн төлөөлөх эрхгүй этгээдэд өгсөн байхаас гадна тухайн эд хөрөнгийн өмчлөгч нарт мэдэгдэх үүрэгтэй байсан ч мэдэгдээгүй байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 3/7, 3/8, 3/9, 3/10 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч хххххххххххххх татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/01414 дугаар шийдвэрээр АААААААХХК-аас 8,688,182,053 төгрөгийг гаргуулан *********** ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан 4 нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг мөн оны 08 дугаар сарын 08-ны өдөр битүүмжилж, мөн оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хураасан авсан.

Үл хөдлөх эд хөрөнгүүдэд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нараас үнийн саналыг авахад талууд харилцан тохиролцоогүй тул хөрөнгийн үнэлгээний "Сэлэнгэ эстимэйт" ХХК-г томилж, үнэлгээний тайланг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн.

Төлбөр төлөгч АААААААХХК үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 946 дугаартай шийдвэрээр үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн мөн оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1187 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 617 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулах болсныг төлбөр төлөгч болон өмчлөгч нарт мөн сарын 09-ний өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.6 дах хэсэгт заасны дагуу АААААААХХК-ийн гүйцэтгэх захирал П.С гэр бүлийн хүн болох Ч.Наранхүүд мөн сарын 10-ны өдөр албан бичиг биечлэн хүргүүлж, тэмдэглэл хөтлөн баталгаажуулсан. Мөн АААААААХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр мэдэгдэж, тэмдэглэл хөтөлсөн. Иймд албадан дуудлага худалдаа явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *********** ХХК-аас шүүхэд тайлбар ирүүлээгүй болно.

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дах хэсэгт заасныг баримтлан ХХХХХХХХхолбогдох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч АААААААХХК-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч АААААААХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5.Нэхэмжлэгч АААААААХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

а.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч нь шинжээчийн дүгнэлт гарснаас хойш ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх боловч энэ талаарх үйл баримтыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь ААААААА ХХК-аас үл хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч өөрсдөө шинжээчээр хөрөнгийн үнэлгээ хийлгүүлэх боломжтой гэх үндэслэлээр хүсэлтийг хангаагүй. Гэтэл манай компаниас шинжээч томилж дүгнэлт гаргуулсан ч энэ нь нэг талын баримт тул шүүх үнэлж, шийдвэр гаргах боломжгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дах хэсэгт заасан дахин үнэлгээ тогтоолгохоор хүсэлт гаргасан боловч хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөөгүй байхдаа 2018 оны үнэлгээнд үндэслэн албадан дуудлага худалдаа зохион байгуулсан. Анхны албадан дуудлага худалдаагаар нийт хөрөнгийн хэмжээ нь үүргийн гүйцэтгэлийн 50 хувьд ч хүрэхгүй байгаа бөгөөд төлбөр төлөгч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нарын эрх, хууль ёсны ашиг зөрчиж байна.

б.Мөн шийдвэр гүйцэтгэгч нь албадан дуудлага худалдааны тогтоолоо төлбөр төлөгч болон тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нарт мэдэгдээгүйгээс, өмчлөгч нар нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэх, хамгаалах, шаардлага, хүсэлт тавих боломжоор хангагдаж чадаагүй. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6.Хариуцагч хххххххххх-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарын агуулга: Давж заалдах гомдлыг үндэслэлгүй байна. Учир нь төлбөр төлөгч АААААААХХК-аас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дах хэсэгт зааснаар дахин үнэлгээ хийлгэх хүсэлтийг ХХХХХХХХгаргаагүй. Харин үнэлэгдсэн үнэлгээгээр бие даан худалдан борлуулах 1 сарын хугацаа авах тухай хүсэлт гаргасныг үнэлгээг хүлээн зөвшөөрсөн агуулгатай гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 3 шатны шүүхээр хэлэлцэж хэрэгсэхгүй болгосны дараа дуудлага худалдааг зохион байгуулсан.

Дуудлага худалдаа болох тухай мэдэгдлийг төлбөр төлөгчийн хаягаар баталгаат шуудангаар хүргүүлж, гүйцэтгэх захирлын гэр бүлийн хүнд гардуулсан. Мөн нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид биечлэн гардуулж тэмдэглэл үйлдсэн болох нь хэрэгт авагдсан. Барьцаа хөрөнгүүдийн өмчлөгч нарт дуудлага худалдааны мэдэгдлийг Улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэлтэй хаяг, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хаягаар баталгаат шуудангаар хүргүүлж мэдэгдсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *********** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарын агуулга: Үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг 3 шатны шүүх шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч АААААААХХК нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 3/7, 3/8, 3/9, 3/10 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...барьцаа хөрөнгүүдийг 2018 онд үнэлсэн үнэлгээг үндэслэн албадан дуудлага худалдаа явуулах доод үнэ тогтоосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дах хэсгийг зөрчсөн, дуудлага худалдаа явуулах тухай өмчлөгч нарт мэдэгдээгүй гэж тайлбарласан байна. Хариуцагч тал шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа хуулиар тогтоосон журам зөрчөөгүй гэх үндэслэл заан эс зөвшөөрч марган, талууд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой баримт, хувийн хэргийн материалыг шүүхэд нотлох баримтаар гарган өгчээ.

 

3.Анхан шатны шүүх дээрх нотлох баримтууд, зохигч талуудын тайлбар зэргийг үндэслэн маргааны үйл баримтыг тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

 

4.Хэрэгт барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээний талаарх үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй баримтад хамаарах ххххххх ХХК-ийн 2018 оны үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай АААААААХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд авагджээ. /хх-103-108, 112-124/

 

5.Нэхэмжлэгч АААААААХХК нь үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан барьцаа хөрөнгүүдэд тогтоосон үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэдгээ нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагч байгууллагыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дах хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй. Энэ талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

6.Нэхэмжлэгч АААААААХХК нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 3/7, 3/8, 3/9, 3/10 дугаартай тогтоолын дагуу хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг дуудлага худалдаанд оруулах болсонтой холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хөрөнгүүдийг бие даан борлуулах нэхэмжлэгч талын саналыг хариуцагчаас хүлээн аваад мөн хуулийн 62.2 дах хэсэгт заасны дагуу хугацаа олгож, хөрөнгийг албадан борлуулах ажиллагааг зогсоосон байна. /хх-145-146/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 3/7, 3/8, 3/9, 3/10 дугаартай тогтоолууд гарган анхны дуудлага худалдааг товлож, дуудлага худалдаа явуулах мэдэгдлийг нэхэмжлэгч ААААААХХК-ийн санхүү хариуцсан захирал буюу тус компанийн захирал Б.С-ийн эхнэр Н, компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М нарт гардуулсан, барьцаа хөрөнгийн өмчлөгч С.Б, Д.Т, Б.М, Б.Д нарын оршин суугаа газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн үйл баримт хэргийн 128-144 дэх талд авагдсан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдсон, уг ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.5, 14.6 дэх хэсгийн заасантай нийцэж байна. Иймд албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг өмчлөгч нарт мэдэгдээгүй, компанийн эрхгүй этгээдэд гардуулсан гэх нэхэмжлэгчийн тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дэх хэсэгт заасан хөрөнгөд дахин үнэлгээ тогтоолгох ажиллагаа нь шийдвэр гүйцэтгэлийн шатанд хамаарах зохицуулалт тул хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх буюу шинжээч томилуулах эрхийг анхан шатны шүүх зөрчсөн гэж үзэхгүй.

 

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, АААААААХХК-ийн нэхэмжлэлтэй, ХХХХХХХХхолбогдох ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 3/7, 3/8, 3/9, 3/10 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2021/002423 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ч.ЦЭНД