Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 1141

 

 

                                                                                               

Прокурорын дүгнэлтийг хянан

шийдвэрлэх тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Зориг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Батнасан,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаярын даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1032 дугаартай шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар прокурор Б.Батнасангийн бичсэн дүгнэлтээр М.Тд холбогдох эрүүгийн 1905040471218 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

,

 

М.Т нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1032 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээсэн байна.  

 

Баянгол дүүргийн прокурорын газраас:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэл тогтоогдсон тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1032 дугаартай шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлт бичиж ирүүлжээ. 

 

Прокурор Б.Батнасан шүүхэд бичсэн болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1032 дугаартай шийтгэх тогтоолоор М.Тыг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэн шийдвэрлэж, уг шийтгэх тогтоолд хэргийн оролцогч нар гомдол, эсэргүүцэл гаргаагүй тул хүчин төгөлдөр болсон байна.

Гэтэл яллагдагч М.Т нь 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 476 байрны орчим хохирогч Э.Дөлгөөний өмчлөлийн Huawei Y-6 /Хуавэй Вай-6/ маркын гар утсыг “утсаар чинь ярьчихаад өгье” гэж хэлэн авч, улмаар тухайн гар утсыг барьцаалан зээлдүүлэх газарт тавьж залилсан гэх хэрэгт М.Тыг холбогдуулан 2020 оны 02 дугаар сарын 7-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр 187 дугаартай яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Энэ хэргийг тус шүүхийн шүүх хуралдаанаар 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хэлэлцээд 2020/ШЦТ/395 дугаартай шийтгэх тогтоолоор М.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байна.

Шүүгдэгч М.Т нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасны дагуу түүнд холбогдох хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдөр хянан хэлэлцээд “...Шүүгдэгч М.Т нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэний учир Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1032 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тус хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байх ба уг шийдвэр хүчин төгөлдөр болжээ. Тэрээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхээс өмнө 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр залилах гэмт хэрэг үйлдсэн боловч тусад нь мөрдөн шалгах ажиллагаа явуулсны улмаас дээрх 1032 дугаартай шийтгэх тогтоол гарсаны дараа гэм буруугийн асуудал нь шүүхээр хэлэлцэгдэж байна... Дээрэмдэх болон залилах хоёр гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн ... бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэж заасан тэнсэхийг хориглосон зохицуулалттай зөрчилдөх ба уг нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааг тус тусад нь явуулсны улмаас дээрэмдэх гэмт хэргийг шийдвэрлэх үед шүүхэд мэдэгдээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас ... хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн” гэж заасан шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцогдоно. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/395 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Тд холбогдох хэргүүдийг нэгтгэн нэг яллах дүгнэлтээр шийдвэрлүүлэхээр прокурорт буцааж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй...” гэж дүгнэн 2020/ДШМ/754 дугаартай магадлалаар хэргийг прокурорт буцаасан байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас ...хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн” гэж үзэх шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул М.Тд холбогдох Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1032 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлт бичсэн. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/1032 дугаартай шийтгэх тогтоолоор М.Ты “...2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Эрүүл мэндийн 7 дугаар төвийн орчим гудамжинд насанд хүрээгүй хохирогч Б.Сондорын Самсунг эс-8 плас загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан...” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан “Дээрэмдэх” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан шинжтэй болохыг тогтоож, тус зүйл хэсэгт заасан хорих яыг М.Тд оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан 02 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээж шийдвэрлэсэн ба тус шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/1032 дугаартай шийтгэх тогтоолыг хөндөх хууль зүйн үндэслэл нь шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдлууд хамаарна.

 

Гэтэл М.Тыг яллагдагчаар татсан “...2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 476 байрны орчим хохирогч Э.Дөлгөөний өмчлөлийн Huawei Y-6 /Хуавэй Вай-6/ маркын гар утсыг “утсаар чинь ярьчихаад өгье” гэж хэлэн авч, улмаар тухайн гар утсыг барьцаалан зээлдүүлэх газарт тавьсан...” гэсэн “Залилах” гэмт хэрэг нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/1032 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн цаг хугацаанаас өмнөх үйлдэл байна.

 

Иймээс шүүхээс тэнссэн хугацаанд М.Тыг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй бөгөөд гагцхүү түүний холбогдсон хэргүүдийг нэгтгэлгүй, тусад нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхээр шийдвэрлүүлсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэжээ.

 

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар  сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/1032 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Тд холбогдох хэргүүдийг нэгтгэн нэг яллах дүгнэлтээр шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заахдаа зөвхөн ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол хэрхэхийг зохицуулсан ба ял оногдуулахаас өмнө үйлдсэн гэмт хэрэгт ялыг хэрхэн оногдуулах журмыг зохицуулаагүй орхигдуулсан байгаа нь шүүхээр шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн шалгах ажиллагаа хийлгэж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг тогтоолоор гэм буруугийн болон ял оногдуулах асуудлыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэл болно.   

 

Прокурорын М.Ты эрх зүйн байдлыг дээрдүүлж, нэг шийтгэх тогтоолоор М.Тд холбогдох хэргийг хянан шийдвэрлүүлэх талаарх прокурорын дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хүлээн авч, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/1032 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/1032 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Мөнхнарангийн Тэлмэнсайханд холбогдох 1905040471218 дугаартай хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

                                    ШҮҮГЧ                                                             Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ