Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2017/0002

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А ХХК

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Нэхэмжлэлийн шаардлага: ...Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын А ХХК-д, 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А-266 дугаар тушаалын М ХХК, Ө ХХК-д, 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалын Ж ХХК-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, гуравдагч этгээд Ө ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, гуравдагч этгээд Ө ХХК-ийн өмгөөлөгч П.А, гуравдагч этгээд М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч А ХХК-ийн захирал П.Г 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Манай компани холбогдох хууль тогтоомжийн хүрээнд заасан нөхцөл болзлыг хангаж, хүсэлт гаргасны дагуу нийслэлийн Х дүүргийн нутаг дэвсгэрт Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн А задгай нэртэй газарт 5.0 га газрыг аялал жуулчлалын зорилгоор ашиглуулахаар Байгаль орчны сайдын 2008 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 258 дугаар тушаалаар шийдвэрлэж, тус газрыг ашиглах эрхийг олгосон билээ.

Бид холбогдох хууль, дүрэм болон Байгаль орчны сайдын дээрх тушаалд заасны дагуу Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ авснаар тус газарт газар ашиглах эрхээ хуулийн хүрээнд баталгаажуулсан болно. Мөн дурдсан хугацаанд газар ашигласны төлбөрөө төлж байсан болно.

Анх Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгосон бөгөөд түүнийг дахин нэг удаа 5 жилээр сунгах боломжтой тул гэрчилгээний хугацааг 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүртэл дахин сунгуулж баталгаажуулсан.

Гэтэл шинээр байгуулагдсан Засгийн газарт Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр А-236 дугаар тушаал гаргаж, бидний газар ашиглах эрхийг хүчингүй болгож, газар ашиглах гэрээг цуцалж шийдвэрлэлээ.

Манай компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хууль, гэрээний нөхцлийг чанд мөрдөж ажиллаж байсан тул газар ашиглах эрхийг хүчингүй болгох, гэрээг цуцлах хууль зүйн үндэслэл огт байгаагүй гэж үзэж байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Хоёр. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 тоот тушаалаар А ХХК-д холбогдох 5.0 га газрыг цуцалж шийдвэрлэсэн. Энэ цуцалж шийдвэрлэх болсон шалтгаан нь А ХХК 2008 оноос хойш 2015 он хүртэл тухайн газар дээрээ ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Тэнд объект, байшин барилга баригдаагүй. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас баталсан барилга байгууламжийн эскиз зураглалыг батлуулаагүй байдаг. Тухайн газар дээр үйл ажиллагаа явуулаагүй гэдэг нь хэргийн материалд авагдсан үзлэгээр нотлогдоно. Гэрээнд заасны дагуу газрын төлбөрийг тухай бүрт нь төлөөгүй. Тус гэрээнд газрын төлбөрийг улирал бүр бүтэн төлнө. Газар ашиглах хугацааг нь 2008-2013 он гэж заасан байгаа. Гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй бол ямар үр дагавар үүсэх талаар гэрээний 5.4-д заасан байгаа. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэрчилгээг хүчингүй болгох заалт байгаа. Үүний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яам А ХХК-ийн эрхийг цуцалж шийдвэрлэсэн байгаа. Энэ нь хуулийн үндэслэлтэй. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь байгаль орчны хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, түүний биелэлтийг хангах, мөн тус хуулийн 36.1-д заасан газар ашиглах шийдвэрийг олгох, цуцлах эрхтэй. Энэ эрх нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Газрын тухай хууль нэгэн адил үйлчилнэ гэж заасан байна. Гуравдагч этгээд Ө ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг манай талаас дэмжиж байна. Яагаад үндэслэлтэй гэвэл 2008 онд А ХХК-д олгосон тушаал нь илт хууль бус гэдэг нь харагдаж байна. Яагаад илт хууль бус юм гэхээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон хамгаалалтын захиргаанд хүсэлтээ өгөөд тэр хүсэлтийг хамгаалалтын захиргаанаас судалсны үндсэн дээр саналаа Байгаль орчны яаманд явуулна гэсэн заалт байгаа. Байгаль орчны яамнаас саналыг үндэслээд Байгаль орчны яамны сайд нь тушаал гаргадаг. Гэтэл 2008 онд А ХХК нь газар ашиглах хүсэлтээ өгөхөд хамгаалалтын захиргааны санал байдаггүй. Энэ саналгүйгээр тухайн тушаалыг гаргуулсан байдаг. Мөн А ХХК-ийн төсөл байдаггүй. Төсөл хөтөлбөр, санал байсан тохиолдолд тухайн компанид газар ашиглах шийдвэрийг гаргах үндэслэлтэй байдаг. Энэ компанийн хувийн хэрэгт эдгээр нь байдаггүй. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжид тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулахыг хориглодог. Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд А ХХК-ийн хувийн хэрэгт улсын бүртгэл нь байдаг. Тус улсын бүртгэлийн арын хуудас нь байдаггүй. А компанийн эзэмшигч нь хэн гэдэг нь тодорхой бус харагдаад байна. Хуулийн 33.3-д зааснаар хуулиар зөвшөөрсөн хүрээнд төслийн дагуу гэсэн заалт байдаг. Манай улсын хувьд Засгийн газар хоорондын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд газар олгодог гэв.

Гурав. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...А ХХК нь Богдхан уулын дархан цаазат газарт газар эзэмшиж байсан. Сайдын тушаалын дагуу нийтдээ 5.0 га газар эзэмшиж байсныг Байгал орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалаар холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Газар эзэмших эрхийг нь хүчингүй болгоод гэрээг нь цуцалсан тушаал гарсан. Энэ тухай асуудлыг цуцалсныхаа дараагаар мэдэгдээгүй. Оны төгсгөлөөр өөр бусад гуравдагч этгээдийн тусламжтайгаар олж мэдээд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны дагуу хүсэлтээ гаргаад эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан. Энэ сайдын тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, улмаар хүчингүй болгуулах шаардлагатай оролцож байна. Ийм тушаал гаргах хууль зүйн үндэслэл байгаагүй гэж шүүх хуралдаанд мэтгэлцэнэ. А ХХК-д олгосон газрын эрхийг цуцалсны дараагаар залгуулаад 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр А/321 тоот тушаалаар Жа ХХК, 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн тушаалаар М ХХК, Ө ХХК-д энэ газрыг 3 хуваагаад олгосон. Эдгээр тушаалуудтай тухайн хуулийн этгээдийн холбогдох заалтыг хүчингүй болгуулах ийм шаардлага байдаг. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Мөн адил Байгаль орчны сайдын тушаал хууль зүйн үндэслэлгүй илт хууль бус болохыг тогтоож, эдгээр аж ахуй нэгжүүдийн холбогдох заалтыг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан. Мөн энэ тушаалаар эдгээр газрыг олгоход хууль зүйн ямар нэгэн үндэслэл байгаагүй. Хуульд заасан хязгаарыг зөрчсөн. Хуулиар олгоогүй эрх мэдлээ эдэлсэн гэсэн үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж хүчингүй болгож байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагуудыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Хариуцагчийн хэлж байгаа тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид нарын маргааны гол зүйл нь сайдын гаргасан 3 тушаалын хүрээнд энэ асуудлыг ярих ёстой. Нотлох баримт судалсны дараагаар сайдын тушаалыг яагаад илт хууль бус талаар үндэслэлээ ярина. Гуравдагч этгээдийн хувьд нилээд дэлгэрэнгүй зүйл ярьж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл болон 22 дугаар зүйлд заасны хүрээнд асуудлыг ярих учиртай. Хэргийн нотлох баримт, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ярина. Бид нар энэ хүрээнд асуудлаа шийдвэрлэдэг. Нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагатай огт хамааралгүй Байгаль орчны сайдын 2008 оны 258 дугаар тушаалыг илт хууль бус гэж байна. Үүнийг хэн нэгэн гуравдагч этгээд тогтоодог болсон байна. Бид нар хуульд заагаагүй асуудлыг яримааргүй байна. Мэтгэлцэх гэж байгаа бол бид нар хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэлийн үндэс шаардлагын хүрээнд ярих ёстой. Шүүх мөн энэ хүрээнд асуудлыг шийдвэрлэнэ. Тэгээд 7 жил үйл ажиллагаа явуулаагүй гэж ярьж байна. 7 жилийн хугацаанд битгий хэл 2, 3 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан зүйл хаана байгаа юм. Бид нар бүгд очиж харсан. Эднийх хашаа барьсан байсан. Бусад нь задгай байсан. Төлөвлөгөө нь 2220 он хүртэл батлагдсан гэдэг нь тодорхой байж байгаа асуудал юм. Энд А компанийг буруутгах нь эргэлзээтэй юм. Түүнээс гадна 2008 онд 258 дугаар тушаал гарсан нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндсөн гэж яриад байна. Илт хууль бус гэх үндэслэлүүд хуучин хуулийн 9 дүгээр зүйлийн холбогдох заалтууд, одоо үйлчилж байгаа хуулийн 47 дугаар зүйлийн холбогдох заалтууд хангалттай бий. Тийм учраас нотлох баримт шинжлэн судалсны дараагаар ярина. Маргаан бүхий захиргааны акт нь илт хууль зөрчиж гарсан. Гуравдагч этгээд нарт нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан гаргасан захиргааны акт нь мөн адил хууль зөрчсөн. Энэ актууд гарсан өдрөөсөө хойш хүчин төгөлдөр биш юм. Тусгай газрын нутгийн тухай хуулийн хориглосон заалтыг зөрчиж олгосон талаар ярьж байна. Тус хуулийн 33.3-д зааснаар 100 хувь хориглосон зүйл биш, тодорхой үйл ажиллагааг явуулж болно гэж заасан байдаг. Тэр асуудлынх нь хүрээнд энэ асуудлыг шийдсэн. Тухайн үеийн сайд Г.Ш болон түүний дор ажиллаж байсан хүмүүс мэдэхгүйдээ үүнийг гаргаад, авилга хээл хахуулийн зүйл ярих гээд байна. Ийм зүйл байхгүй гэж үзэж байна. Гадаадын хөрөнгө оруулалттай компани нь хууль бусаар газар авсан тийм учраас нэхэмжлэл гаргах эрхгүй гэж яриад байна. Энэ бол ямар ч үндэслэлгүй тайлбар юм. Одоо үйлчилж байгаа хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар  шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ гэж заасан байгаа. Захиргааны ерөнхий хууль дээр тодорхой заасан байна. Тийм учраас нэхэмжлэл гаргах этгээд гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй юм. Газар ашиглах эрхийг цуцалж байгаа асуудал нь 2 үндэслэлтэй. Төлбөрийг хугацаандаа төлөөгүй гэсэн асуудал, Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.6-д заасан 2 жил дараалан ашиглаагүй гэсэн асуудал байна. Ашиглах боломжийг монголын төр олгоогүй. Төрийн захиргааны төв байгууллага болон нутгийн захиргааны байгууллага хоорондын ажлаа мэддэггүй, уялдаагүй харилцаатай холбоотой зөвхөн энэ компани биш өчнөөн компани хохироод шүүхээр явж байгаа. Түрүүчээсээ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа. Нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлүүд байна. Гуравдагч этгээд Ж ХХК-ийн хувьд хуралд оролцохгүй гэсэн байна. Ж ХХК хүсэлт гаргаж байхад Ж ХХК-д газар олгож байна. Хуулийн этгээдийн бүртгэлд байхгүй газар олгож байгаа сайд шүү дээ гэв.

Дөрөв. Гуравдагч этгээд Ө ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь А ХХК газар эзэмших эрхтэй гэж ярьсан. Бидний хувьд ашиглах эрхийг нь цуцалсан гэж ойлгож байна. Газрын тухай хуулийн дагуу эзэмших, ашиглах нь 2 өөр статустай юм. Ашиглах эрхийг цуцалсан Байгаль орчин, аялал жуулчлал, ногоон хөгжлийн сайдын шийдвэрийг хүчингүй болгож өгөөч гэсэн үндсэн шаардлага байгаа. Нэмэлт шаардлагаараа гуравдагч этгээдүүдэд газар ашиглах эрх олгосон захирамжуудыг хүчингүй болгож өгөөч гэсэн нэмэгдэл шаардлага тавьсан. Энэ тавьж байгаа шаардлага нь манай гуравдагч этгээдүүдийн эрх ашгийг зөрчиж байгаа. Тийм учраас шүүх хуулийн дагуу гуравдагч этгээдүүдийг татан оролцуулсан. 

Үндсэн шаардлагын тухайд 2015 оны А-236 тоот Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын тушаалаар А ХХК-д газар ашиглах эрхийг цуцалсан. Үүнийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгөөч гэсэн үндсэн шаардлага гаргасан. Илт хууль бус гэдэг нь хуульд тусгагдсан. 2015 оны 06 дугаар сард Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын тушаал гарах үед Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж байсан. Өмнөх хуулийн 9 дүгээр зүйлд илт хууль бус захиргааны актыг тусгаж өгсөн. Өөрөөр хэлбэл тус хуулийн 9.1.1-9.1.9 хүртэл 9 нөхцөл байдлаар захиргааны актыг хууль бус болохыг хуульчлаад өгсөн. Өмнөх шүүх хуралдаанууд дээр үүнийг дараа хэлж байсан. Нэхэмжлэгчээс Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын А-236 тушаал нь энэ хуулийн аль хэсгийг зөрчиж байгааг тодорхойлж өгөөч гэхээр тодорхойлж өгдөггүй. Нэмэгдүүлсэн шаардлага буюу гуравдагч этгээдүүдэд газар ашиглах эрх олгосон 2 захирамжийг мөн тус хуульд заагдсан аль хэсгийг зөрчсөн гэдгийг бас тодорхойлж өгөхгүй байна. Ийм учраас илт хууль бус захиргааны акт гэж үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагадаа цуцалж өгөөч гэж байгаа боловч хууль зөрчсөн байдлыг илт хууль бус акт юм гэж одоо ч тогтоож өгөхгүй байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага нь ерөнхий утгатай үндэслэл байхгүй.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-236 тоот тушаал нь хуульд нийцсэн үү? Хариуцагч маань дэлгэрэнгүй тайлбарласан бол зүгээр байсан байх арай цомхон хэлчих шиг болчихлоо. Бидний үзэж байгаагаар А-236 тоот тушаал гарахдаа хуулийн заалтыг хэрэглэсэн. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд нь А ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцлахдаа Газрын тухай хуулийг хэрэглэсэн. Тусгай хамгаалалттай газар нутгийн хуулиар Газрын тухай хуулийг хэрэглэх заалттай. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг баримтлаад зориулалтын дагуу газрыг ашиглаагүй, төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй гэж цуцалсан байдаг. Энэ нь хэрэгт авагдсан олон нотлох баримтаар тогтоогдсон байна. Газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг нь үзлэгээр тогтоогдсон. Нийслэлээс тодорхой хэмжээний гэрчилгээг нэхэмжлэгч нь шаардаж авахуулсан байдаг. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас шүүхэд ирүүлсэн тодорхойлолт байдаг. Утга нь жаахан алдаатай харагддаг. 708 дугаар гэрээнд тусгагдсан солбицолтой талбай дээр ямар нэгэн байдлаар эскиз зураг батлаагүй байна. Гэрээний дугаар биш гэрчилгээнийх нь дугаар юм. Гэхдээ утга нь байгаа. Гэрээн дээр заагдсан солбицлууд гэдэг нь А ХХК-ийн ашиглахаар авсан газрын хязгаар юм. Энэ дотор ямар нэгэн зураг эскиз батлагдаагүй, ерөнхий төлөвлөгөөнд тусгуулаагүй. Нэгэнт тусгуулаагүй байгаа бол барилгын ажил эрхлэх зөвшөөрөл авагддаггүй. Хэрвээ тэнд зураг эскиз батлагдаад ерөнхий төлөвлөгөөнд орсон бол барилгын ажил эхлэх ёстой. Би үүнийг яагаад тодотгож хэлж байгаа гэхээр дараагийн тайлбар дээр Ж.Э өмгөөлөгчийг хэлж магадгүй гэж урьдчилаад хэлж байна. Шинэ Яармаг төсөл хэрэгжүүлэх гээд зогсоогоод байсан гэж хэлэх байсан байж болзошгүй. Тэгэхээр үгүй гэдгийг саяны нотлох баримт батлаад байна. Угаасаа зураг төсөл ерөнхий төлөвлөгөөнд тусгуулаагүй. Тусгуулаагүй учраас барилгын ажил эхлэхгүй. Энэ нь Шинэ Яармаг хорооллыг барихтай холбоогүй гэдгийг энэ баримтууд нотлоод байна. Мөн он, сар, дарааллын хувьд ч гэсэн Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ирүүлж байгаа тогтоол захирамж, мөн Засгийн газрын тогтоолууд байдаг. Зориулалтын дагуу ашиглаагүй үгүйсгэх баримт болж чадахгүй байна. Яагаад гэвэл энэ нотлох баримтаар авчирсан баримтууд нь бүгд 2014, 2015 оны тушаал байдаг. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэж цуцалсан. Нэхэмжлэгчээс хэрэгт авахуулсан баримт нь анх ашиглах шийдвэр гаргуулснаас хойш 6, 7 жилийн дараа актуудыг авчруулсан. Цаг хугацааны дарааллаар нэхэмжлэгчид ашигтай байдлыг үүсгэж чадахгүй юм. Эдгээр баримтуудыг түшиглэж ярьвал сайдын тушаал зөв гарсан. Газрын төлбөрийн тухай тусдаа бие даасан хууль байдаг. Үүгээр газрын төлбөрийг яаж төлөх тухай хуульчилж зохицуулаад өгсөн. Тухайлбал газрын төлбөрийг яаж төлөх вэ гэхээр гэрээн дээрээ өөрөө тохироогүй бол тогтмол хугацаанд дараа сарын 05-ны дотор гэж хуульчилсан. Зөвхөн гэрээг биш зөрчиж байсан биш Газрын төлбөрийн тухай хуулийг зөрчсөн. Ийм учраас нэхэмжлэгч А ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалсан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-236 тоот тушаал хуулийг зөв хэрэглэж, нөхцөл байдлыг зөв тодорхойлж гаргасан тушаал байсан гэдгийг дурдаж өгмөөр байна. А компанид 2008 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Байгаль орчны сайдын 258 тоот тушаалыг хуульд нийцэж байна уу гэдгийг заавал ярих ёстой. Энэ тушаал нь хүчин төгөлдөр үйлчилж байсан хэд хэдэн хуулийн хориглох заалтуудыг зөрчсөн. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т хориглох заалт байдаг. Тусгай хамгаалалттай газар нутагт гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй, нэгжид газар ашиглуулахыг хориглоно. Энэ бол хязгаарласан заалт биш юм. Мөн 2011 он хүртэл үйлчилж байсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль байдаг. Монгол улсын хуулиар хориглогдсоноос бусад нутаг дэвсгэрт хөрөнгө оруулж болно гэсэн заалт байдаг. Дархан цаазат газар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж хөрөнгө оруулж болохгүй. Энэ нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар мөн хориглогдсон байгаа. Гэтэл энэ хуулийн хоригийг зөрчсөн. А компанид 2008 онд газар ашиглах эрх олгохдоо илт хууль бус захиргааны акт гаргасан байна. Захиргааны акт гарах эрх зүйн үндэс байгаагүй. Өмнөх шүүх хуралдаанд бид нар тодорхой жишээг ярьж байсан. Монгол Улсын Их хурлын тухай хууль, Сонгуулийн тухай хуульд тодорхой насны хязгаар заасан байдаг. 18 нас хүрээгүй иргэд сонгуульд оролцохгүй, 25 нас хүрч байж сонгогдох хязгаарлалт байна. Энэ мэтчилэн хуульд заасан хязгаарыг хэн ч зөрчих эрх байхгүй. Төрийн байгууллагын үйл ажиллагааны эрхэмлэх зарчим нь бол хууль дээдлэх юм. Тухайн үеийн Байгаль орчны сайд нь илт хуулийг зөрчиж, илт хууль бус захиргааны актыг гаргасан. Үүнээс гарах үр дагавар нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж байгаа Захиргааны ерөнхий хуульд маш тодорхой заасан. Үүнийг баримтлан А компани нь 2008 оны 258 тоот Байгаль орчны сайдын тушаалаар авсан газар ашиглах эрхийнхээ талбайд ямар нэгэн маргаан гаргах субъект биш болж байна. Тухайн үеийн захиргааны албан тушаалтан, сайд нь анзаараагүй байж болно. А компани нь өөрөө хуулийн заалтуудыг мэдэж байх ёстой байсан. Ийм учраас нэгэнт хуулиудад заагдсан хэд хэдэн хуулийн заалтуудыг ноцтой зөрчиж, илт захиргааны хууль бус акт гаргуулаад газар ашиглах эрх авсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэл гаргасан байж болно. А компани нь газар эзэмших эрх авч байхдаа 95 хувийн хөрөнгө оруулалттай компани байгаа. Ийм учраас түрүүнд дурдсан хуулийн заалтуудын хүрээнд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдэд тооцогдоод, хэрэг шийдвэрлэх ажиллагааг дуусгах ёстой. А ХХК-ийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэдгийг тогтоох ёстой. Тэгэхгүй тохиолдолд хуулийн гажуудал цаашид үүсээд явна. А компаниас Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэгэнт үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг буцаахыг хүсэж байна гэв.

Тав. Гуравдагч этгээд Ө ХХК-ийн өмгөөлөгч П.А 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн өмгөөлөгч эрхтэй, эрхгүй талаар манай талыг илүү зүйл яриад байна гэж хэлж байна. Үүнийг ярихаас өөр аргагүй. 2008 онд нэхэмжлэгчид 258 дугаар тушаалаар газар олгоогүй бол эрхтэй мэтээр маргаж суухгүй байсан. Тэрийг шүүх дүгнэж дурдахаас өөр аргагүй. Тэрийг дурдахгүй шүүх шийдсэн бол Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчиж, танай байгууллагыг газар ашиглах эрхтэй мэтээр шийдсэн юм шиг болно. Сонгох, нэр дэвших эрхгүй гадаадын иргэн нэр дэвшчихээд, дараа нь сонгууль бол луйвартай байсан энэ талаар маргаж байгаатай ижил. Хэн нэгэн этгээд хууль бусаар эрхийг олж авчихаад маргах эрхтэй гэж дайраад байж болохгүй. Тийм учраас манайх нэхэмжлэгчид газар олгосон 258 дугаар тушаалыг хуучин Захиргааны хуулийн 9.1.7, 9.1.9-д зааснаар захиргааны акт эрх зүйн үндэслэл байгаагүй, мөн бусад байдлаар хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр илт хууль бус байсан. Тийм учраас илт хууль бус акт нь гарсан цагаасаа эхэлж эрх зүйн үйлчлэлгүй учраас Тусгай хамгаалалттай газар дээр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байсан. Монгол Улсын Үндсэн хуульд заасан хэн нэгэн этгээд эрхээ хамгаалуулахаар шүүхэд гаргах эрхийг бид нар зөрчсөн гэж яриагүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэл гэдэг нь эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар гаргасан өргөдлийг хэлдэг гэж яриад байна. Эрх хууль ёсны ашиг сонирхол гэдэг нь хуулиар хамгаалагдсан эрхийг хэлж байна. Хуулиар хориглосон байгаа эрхийг хууль зөрчиж авчхаад эрхтэй юм шиг ярьж байна. Өөрсдөө ийм зүйлээр маргаад байж болохгүй. Тусгай хамгаалалттай газар нутагт танайх ямар ч эрхгүй. Хуулиар хориглогдсон байгаа учраас танайх нэхэмжлэл гаргаж шүүхэд маргах эрхгүй юм. Шүүх энэ асуудлыг дүгнэж үзэх ёстой гэв.

Зургаа. Гуравдагч этгээд М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А гээс гаргаж байгаа тайлбар дээр Байгаль орчны яам болон, тусгай хамгаалалттай газар нутгийн газар ашиглах гэрээнд санаа зовж байна. Процесс нь өөрөө алдаатай байсан талаар яриад байна. 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр М ХХК-д газар ашиглах гэрчилгээг олгосон. 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр буюу 3 сарын дараа газар ашиглах гэрээг байгуулсан. Бид нарын хувьд маш урт хугацаа юм. Энэ хугацаанд 10 дугаар сарын 21-ний өдөр арай гэж гэрээ батлуулахаар нэхэмжлэгч талаас танай энэ гэрээ буруу болсон байна. Тэр хугацааг нь далимдуулаад өөрсдийнхөө хууль бус болсон газрыг хашаалуулж авсан. Ийм дүр зураг харагдаад байна. Бусад зүйлсийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б хэллээ. Гуравдагч этгээд Ө ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч А ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа тус шүүхэд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын /хуучин нэрээр/ 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын А ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж тодорхойлж байгаад, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын М ХХК-д, Ө ХХК-д олгосон Газар ашиглах эрх цуцлах, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн А-266, Ж ХХК-д олгосон 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалуудын холбогдох хэсгүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Маргаан бүхий Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Газар ашиглах эрх цуцлах тухай А-236 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсгийг үндэслэн А ХХК-ийн Богдхан уулын дархан цаазат газрын А задгайд 5.0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг /Үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөр хугацаанд нь төлөөгүй гэсэн үндэслэлээр/ цуцалж, 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А-266 тушаалаар М ХХК-д 2.4 га газрыг, Ө ХХК-д 1.2 га газрыг, 2015 оны 8 сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалаар Ж ХХК-д 1.4 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэжээ.

Анх Байгаль орчны сайдын 2008 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ олгох тухай 258 дугаар тушаалаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах зөвшөөрөл хүссэн А ХХК-д Улаанбаатар хот, Х дүүргийн 4 дүгээр хороо, А аманд 5.0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар олгохоор шийдвэрлэж, Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 708 дугаар гэрчилгээ олгожээ. Дээрх шийдвэрийг үндэслэн Х дүүргийн Засаг дарга болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга нь нэхэмжлэгч А ХХК-тай 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 25/2009 дугаар газар ашиглах гурвалсан гэрээг байгуулжээ.

Мөн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А-266 дугаар тушаалыг үндэслэн М ХХК-д 2.4 га, Ө ХХК-д 1.2 га газрыг Х дүүргийн нутагт Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн задгайд аялал жуучлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглуулж, тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах 2015/221, 2015/189 дүгээр гэрчилгээнүүдийг олгож, 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ байгуулжээ.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалыг үндэслэн Ж ХХК-д 1.4 га газрыг Х дүүргийн нутагт Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн задгайд, аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах 2015/245 дугаар гэрчилгээг олгожээ.

Хариуцагч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэг буюу ...газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэснийг газар ашиглах эрхийг цуцалсан үндэслэлээ болгож маргажээ. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1-д зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр, түүнчлэн газар эзэмшигч нь тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тохиолдолд дуусгавар болгох ёстой байна.

Газрыг тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д зааснаар газар ашиглах хүсэлт гаргах, түүнийг хянан шийдвэрлэх, газар эзэмших гэрээний агуулгыг тодорхойлох, түүнийг байгуулахад Газрын тухай хуульд заасан журмыг баримтлах хуулийн зохицуулалттай байна.

Маргаж байгаа энэхүү үндэслэлүүд нь хэрэгт авагдсан 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 820150212 тоот газар ашиглах гэрээг дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт-аар А ХХК нь 2013 онд 66 000.000 /жарган зургаан сая төгрөг/, 2015 онд 66.550.000 /жаран зургаан сая таван зуун тавин мянган төгрөг/ төлж, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй үлдэгдэлгүй болохыг нотолсон баримтаар, мөн Х дүүргийн Засаг дарга болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга нь нэхэмжлэгч, хариуцагчийн А ХХК-тай 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан 25/2009 дугаар гэрээ нь 5 жилийн хугацаатайгаар байгуулсан гэрээ, хариуцагчийн А ХХК-ийн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 2018 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүртэл сунгасан гэсэн тайлбар зэргээр няцаагдаж байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40. 1.6-д заасан газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэдэг ойлголт нь газар эзэмших гэрээний хугацаатай хамааралгүй бөгөөд бөгөөд гагцхүү гэрээ хийгдсэн өдрөөс хойш бүтэн 2 жилийн хугацаанд газар дээрээ зориулалтын дагуу барилга байгууламж бий болгоогүй байхыг ойлгоно. Тэгвэл А ХХК-ийн 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан гурвалсан гэрээний хугацаа 5 жил байх бөгөөд энэ гэрээ 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр дуусгавар болжээ. Захиргааны байгууллага нэхэмжлэгчийн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийн хугацааг дахин 5 жилээр 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр сунгасан боловч гэрээ байгуулагдаагүй байна. Өөрөөр хэлбэл Байгаль орчны сайдын /хуучин нэрээр/ 2008 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 258 дугаар тушаалаар тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрх олгож 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 5 жилийн хугацаатайгаар гурвалсан гэрээ байгуулагдаж, газар ашиглах гэрчилгээний хугацаа дууссан тул нэхэмжлэгч тал хүсэлт гаргаснаар гэрээ дүгнэгдэж, гэрчилгээний хугацааг 2018 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүртэл сунгажээ. Газар эзэмших гэрчилгээний хугацаа сунгагдаснаас хойш захиргааны байгууллага нэхэмжлэгчтэй дахин гэрээ байгуулаагүй байх тул 2 жил дараалан ашиглаагүй гэх хуулийн заалтаар А ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцлах боломжгүй юм.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар газар эзэмших эрх нь ...газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэсэн-ээр үүсэх бөгөөд мөн хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр газар эзэмших эрх дуусгавар болж, 40 дүгээр зүйлд заасан үндэслэл бүрдвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийн зохицуулалттай байна. Гэтэл хариуцагч Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрх дуусгавар болгох үндэслэлийн аль нь ч бий болоогүй байхад нэхэмжлэгч А ХХК-д олгосон газар ашиглах эрхийг цуцлахаар шийдвэрлэсэн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Дархан цаазат газрын болон байгалийн цогцолбор газрын хязгаарлалтын бүс газраас Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр ашиглуулж болно, 35 дугаар зүйлийн 1-д иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах хүсэлтээ гаргана, 37 дугаар зүйлийн 1-д ...дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг байгуулна, 40 дүгээр зүйлийн 1-д тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр гэснийг, мөн Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д газар өмчлөх, эзэмших, ашиглахад шудрага ёс, тэгш байдлыг хангах гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Нэхэмжлэгч тал 2010 онд Э ХХК-тай эскизийн төсөл боловсруулах гэрээ байгуулж аялал жуулчлалын иж бүрэн цогцолборын үндсэн барилгуудын архитектур төлөвлөлтийн эскизийг боловсруулах-аар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн эскизийн төсөл боловсруулах гэрээ-ээр нотлогдож байна. Гэтэл Мэргэжлийн хяналтын газраас Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүргүүлсэн 02-02/2193 дугаар Х дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газрын зориулалтын асуудлыг шийдвэрлэх хүртэл хугацаанд барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл болон улсын комисс ажиллуулахгүй байхыг мэдэгдсэн албан бичиг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 10 дугаар тогтоол, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн 03/108 дугаар албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудаас үзэхэд А ХХК-ийн газар ашиглах эрхээ хэрэгжүүлж чадаагүй нь бусдын буруугаас болсон гэж үзэхээр байхад хариуцагч захиргааны байгууллагын албан тушаалтан холбогдох нотлох баримтуудыг нягтлан хяналгүйгээр нэхэмжлэгчийн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг цуцалсан нь холбогдох хууль тогтоомжид нийцээгүй байна.

Нэхэмжлэгч А ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-236 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Ерөнхий сайдад гомдол гаргасан байх бөгөөд захиргааны байгууллага, албан тушаалтан нь дээрх гомдлыг хянаад Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 01/498 дугаар албан бичгээр татгалзсан хариу ирүүлсэн, түүнчлэн нэхэмжлэгч нь дээрх захиргааны актыг илт хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Тусгай хамгалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2-т ...гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно гэж заажээ. А ХХК-д 2009 онд тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулахаар, мөн 2014 онд газар ашиглах эрхийн гэрчилгээг дахин сунгаж олгож байгаа захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрт нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй юм. Түүнчлэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалж байгаа А-236 дугаар тушаалд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглосон заалт-ыг үндэслэл болгоогүй байна.

Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас тус шүүхэд ирүүлсэн М ХХК, Ж ХХК, Ө ХХК-ийн газрын байршлын зургаар эдгээр аж ахуйн нэгжүүдэд А ХХК-ийн ашиглаж байсан 5.0 га газрыг хувааж ашиглуулах эрх олгосон болох нь тогтоогдож байна. Мөн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А-266, 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалуудаар дархан цаазат газарт газар ашиглах эрхтэй болсон Ө ХХК нь 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газарт Морьт аялал жуучлалын цогцолбор байгуулах хүсэлтэй байгаа тул Улаанбаатар хотын Налайх дүүргийн харъяа Тэрэлжид 5.0 га газар олгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байхад Богдхан уулын дархан цаазат газар Нүхтийн задгайд буюу хүсэлт гаргаагүй газарт 1.2 га газар ашиглах зөвшөөрөл олгосон. Мөн 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалаар Ж ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн аманд 1.4 га газар ашиглах эрх олгосон байх боловч тус шүүхэд Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн 14/5865 тоот албан бичигт Ж ХХК гэдэг хуулийн этгээд мэдээллийн санд бүртгэлгүй байна гэжээ.

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл маргаан бүхий Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар, 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А-266 дугаар, 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалуудын улмаас нэхэмжлэгч А ХХК-ийн газар ашиглах эрх зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээр газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн бол, ...эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасны дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын А ХХК-д, 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А-266 дугаар тушаалын Ө ХХК-д, М ХХК-д, 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалын Ж ХХК-д холбогдох хэсгүүд, мөн М ХХК-д олгосон Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2015/221 дугаар, Ө ХХК-д олгосон 2015/189 дугаар, Ж ХХК-д олгосон 2015/245 дугаар гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох нь хуульд нийцнэ гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, 39 дүгээр зүйлийн 39.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан А ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын /хуучин нэрээр/ 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын А ХХК-д холбогдох хэсэг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын М ХХК-д, Ө ХХК-д олгосон Газар ашиглах эрх цуцлах, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А-266 дугаар тушаал, Ж ХХК-д олгосон 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалын хавсралтын холбогдох хэсгүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ