Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2200

 

 

Б.Б-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/01828 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Б-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч ЭМЯ-д холбогдох

 

Эрүүл мэндийн сайдын 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 233 дуаар тушаалаар батлагдсан Өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зааварыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Б ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэн Б.Б миний бие 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Хэлмэгдэгсдийн хөшөөний хажууд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасан иргэд төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргаж, шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь гаргасан өргөдөл гомдлыг хуулийн хүрээнд шийдвэрлүүлэх үүрэгтэй гэж заасан эрхээ хамгаалахын тулд буюу уг эрхэд минь халдаж буй Нийслэлийн Засаг дарга С.Батболд, НХТ, ЕТГ-ын дарга Э.Анар нарт хариуцлага тооцож, огцруулахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс шаардаж өлсгөлөн зарласан. Иргэн Б.Б миний бие нь өлсгөлөн зарлах тухайгаа Чингэлтэй дүүргийн засаг даргад урьдчилж мэдэгдсэн боловч 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2/1747 тоот албан бичгээр Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар өлсгөлөнтэй холбоотой нарийвчилсан зохицуулалт байхгүй тул бүртгэж авах боломжгүй гэсэн хариу ирсэн. Иймд үзлэг шинжилгээ хийлгэж, хяналт тавиулахаар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд хандахад, төвийн зүгээс: Эрүүл мэндийн сайдын 2010 оны 6 дугаар сарын 28-ны 233 дугаар тушаалаар батлагдсан Өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх заавар-ын 2 дугаар зүйлийн 2.1-д Хууль хяналтын байгууллагаас тухайн иргэнд өлсгөлөн зарлахыг зөвшөөрч, эрүүл мэндийн байдалд нь дүгнэлт гаргуулахаар эрүүл мэндийн байгууллагад хандсан тохиолдолд эмнэлгийн байгууллага зохих журмын дагуу эрүүл мэндийн иж бүрэн үзлэг, шинжилгээ хийж, дүгнэлт гарган холбогдох байгууллага, удирдлагад хүргүүлнэ гэж заасан заалтын дагуу хууль хяналтын байгууллагаас зөвшөөрөл авчирч байж, бид хяналтаа тавина гэсэн. Өлсгөлөнгийн үйл ажиллагааг Монгол Улсын хуулиар зохицуулаагүй бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаатай эдлэхээр олгогдсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн дээд хэлбэр юм. Гэтэл Өлсгөлөнгийн үед үзүүлэх тусламж үйлчилгээг үзүүлэх тухай зааврын 2.1 дэх заалт Хууль хяналтын байгууллагаас тухайн иргэнд өлсгөлөн зарлахыг зөвшөөрч, 3.1 дэх заалтуудад Өлсгөлөн зарлахыг хүсч, хууль хяналтын байгууллагаас зөвшөөрөл авсан иргэний, 3.3 дахь заалт Өлсгөлөнд оролцох зөвшөөрөл авсан гэж тус тус заасан нь хуулиар хориглоогүй асуудлаар буюу өлсгөлөн зарлах зөвшөөрөл хэнд хандаж хаанаас авах нь тодорхойгүй, Монгол Улсын хууль дүрэмд заагаагүй юм. Ингээд өлсгөлөн зарласан 2 хоногт эмнэлгийн байгууллагын хяналт огт байгаагүй бөгөөд харин Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 140/5013 тоот албан бичгийг Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд явуулж байж, уг төвд 17 цагийн орчим үзлэг шинжилгээ, хяналтад орсон. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 360 тоот албан бичгийг үндэслэн Чингэлтэй дүүргийн засаг дарга 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/698 тоот захирамжаар албадан эмчилгээ хийх нэрийн дор хүчээр эмнэлэгт хэвтүүлсэн. Гэвч энэ үед миний биеийн байдал сайн байсан бөгөөд Эрүүл мэндийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-д халдварт өвчнөөс бусад тохиолдолд эмчилгээ, оношлогоо, шинжилгээ хийлгэхээс татгалзах гэсэн эрхийнхээ хүрээнд албадан эмчилгээнд оролгүйгээр өлсгөлөнгөө үргэлжүүлж, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл нийт 29 хоног үргэлжлүүлсэн.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхийн журмаар Эрүүл мэндийн сайдын 2010 оны 233 дугаар тушаалаар батлагдасан Өлсгөлөнгийн үед үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх тухай зааврыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Хүчингүй болгох нэг үндэслэл нь 233 дугаар тушаалаар баталсан Өлсгөлөнгийн үед үзүүлэх тусламж үйлчилгээг үзүүлэх тухай заавар нь захиргааны хэм хэмжээний акт гэж миний бие үзсэн. Гэвч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №221/Ш32017/1821 тоот захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Захирамжийн үндэслэх хэсэгт Эрүүл мэндийн сайдын 233 дугаар тушаалаар баталсан Өлсгөлөнгийн үед үзүүлэх тусламж үйлчилгээ үзүүлэх зааврыг захиргааны хэм хэмжээний акт биш гэж үзжээ. Гэтэл бодит байдалд Эрүүл мэндийн сайд нь 2010 оны 233 дугаар тушаалдаа 1998 оны Эрүүл мэндийн тухай хуулийн 8.1.2-т заасан заалтыг хэрэгжүүлэх зорилгоор тушаасан байдаг. Уг хуулийн 8.1.2-т заасан заалт нь эрүүл мэндийг хамгаалах, дэмжих асуудлаар төрийн захиргааны бусад төв байгууллага, аймаг, нийслэлийн хэмжээнд мөрдөх журмыг батлах гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл зөвхөн аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нарт үүрэг болгоогүй, нийтээрээ буюу бусад төрийн захиргааны байгууллагууд дагаж мөрдөх заавар юм. Уг тушаалын 2 дугаарт нутгийн захиргаа, хууль хяналтын байгууллагатай хамтран зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нарт үүрэг болгосугай гэсэн нь нийтээрээ дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт болох нь тодорхой байна гэж миний бие үзээд 2010 оны 233 дугаар тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхийн журмаар гаргасан боловч хүлээн авахаас татгалзсан тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 221 /ШТ2017/0847 дугаартай тогтоолоор захиргааны хэргийн шүүхийн харъяаллын бус гэж үзсэн тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох гэсэн заалтын дагуу гомдол гаргаж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргасан тул Эрүүл мэндийн сайдын 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 233 дугаар тушаалаар батлагдсан Өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар-ыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүл мэндийн сайдын 2010 оны 233 дугаар тушаалаар батлагдсан Өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар нь эрүүл мэндийг хамгаалах, тусламж үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг зохицуулсан зохион байгуулалтын шинжтэй буюу өөрийн харъяалах аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газарт хандаж гаргасан заавар юм. Жагсаал, цуглаан хийх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Гудамж, талбайд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлнэ, 9.3-т Засаг дарга жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор түүнийг бүртгэсэн эсэхээ бичгээр мэдэгдэнэ гэж заасан байдаг. Иймд Эрүүл мэндийн сайдын 2010 оны 233 дугаар тушаалаар батлагдсан Өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар нь хууль зөрчөөгүй бөгөөд өлсгөлөн зарлах нь хэдийгээр хүний эрхийн асуудал боловч хүний амь нас, эрүүл мэндэд нөхөж баршгүй хор уршиг, үр дагавар дагуулах эрсдэл учрах аюултай учраас энэхүү шийдвэрийг гаргасан хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн заавар юм. Б.Б-н өлсгөлөн зарласан үед төрийн байгууллагуудын явуулсан үйлдлүүд нь уг зааврыг хэрэгжүүлэхэд шууд шалтгаант холбоо байхгүй. Иймд Б.Б-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-н хариуцагч ЭМЯ-д холбогдуулан гаргасан, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 233 дугаар тушаалаар батлагдсан Өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зааварыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Б улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэн Б.Б миний бие нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл өлсгөлөн зарласан. Анх өлсгөлөн зарлахдаа Чингэлтэй дүүргийн Засаг дарга болон Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд мэдэгдэл хүргүүлсэн. Гэтэл Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвөөс Эрүүл мэндийн сайдын 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 233 дугаар тушаалаар батлагдсан "Өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар"-ын 2 дугаар зүйлийн 1, 3 дугаар зүйлийн 3.1, 3.3 дахь заалтуудыг үндэслэн заавал хууль хяналтын байгууллагын зөвшөөрөл хэрэгтэй гээд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс өлсгөлөн зарласан эхний хоёр өдөр татгалзаж байсан. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд албан бичиг явуулж байж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар болсон. Гэвч уг зааврын 1.3-д заасан зурх судасны өвчнүүдэд заасан өвчин иргэн надад байгаа гэх үндэслэлээр өлсгөлөнг зогсоохыг шаардсан. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвөөс Чингэлтэй дүүргийн Засаг даргад албан бичиг явуулахдаа уг зааврын 4 дүгээр зүйлд заасныг баримталсан нь хууль бус болохыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэрээр тогтоосон. Иймд уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Эрүүл мэндийн сайдын 2010 оны 6 дугаар сарын 28-ны 233 дугаар тушаалаар батлагдсан "Өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар"-ын 2 дугаар зүйлийн 1, 3 дугаар зүйлийн 3.1, 3.3 дах заалтуудад заасан хууль хяналтын байгууллагаас зөвшөөрөл авсан байхыг шаардаж байгаа нь 2016 оноос хэрэгжиж эхлэсэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан захиргааны байгууллагын үйл ажиллагааны зарчимтай нийцэхгүй байна. Мөн Эрүүл мэндийн тухай хуулийн 2 дугаар зүйлд заасантай нийцэхгүй байна. Өлсгөлөн зарласан иргэн ямар хууль, дүрмийн дагуу хэнээс зөвшөөрөл авах нь толорхойгүй ба өөрөөр хэлбэл Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар өлсгөлөнгийн үйл ажиллагааг зохицуулсан хууль, дүрэм журам байхгүй байхад шаардаж байгаа нь хууль бус юм. Уг зааврын 1.3-д заасан зүрх судасны өвчнүүдэд заасан өвчин иргэн надад байгаа гэх үндэслэлээр өлсгөлөнг зогсоохыг шаардсан болон 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвөөс Чингэлтэй дүүргийн Засаг даргад албан бичиг явуулахдаа уг зааврын 4 дүгээр зүйлд заасныг баримтлан миний эрүүл мэндэд аюул учирсан гэж үздэг нь Эрүүл мэндийн тухай хуулийн зорилт, зорилгод нийцэхгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргаж байгааг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, миний гаргасан нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч ЭМЯ-д холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 233 дуаар тушаалаар батлагдсан Өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зааварыг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

                Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно”, 5.1.1-д “Төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв хамаарна” гэж заасан байна.

 

Нэхэмжлэгчийн маргаж буй “Өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар” нь төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв байгууллага буюу Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан акт байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдолд иргэний хэрэг үүсгэн шүүх хянан шийдвэрлэхээр заасан бөгөөд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт хэргийн харьяаллыг заажээ.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д зааснаар энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохоор заасан байхад анхан шатны шүүх дээрх ажиллагааг хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т заасан үндэслэл тогтоогдсон тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ЭМЯ-д холбогдох Эрүүл мэндийн сайдын 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 233 дуаар тушаалаар батлагдсан Өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зааварыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/01828 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасныг баримтлан ЭМЯ-д холбогдох Эрүүл мэндийн сайдын 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 233 дуаар тушаалаар батлагдсан Өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зааварыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ