Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2018/01828

 

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2018/01828

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ЭМЯ холбогдох,

Эрүүл мэндийн сайдын 2010 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ..... дугаар тушаалаар батлагдсан Өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар-ыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, нарийн бичгийн даргаар Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Бшүүхэд болон шүүхэд хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэн Б.Бминий бие 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Хэлмэгдэгсдийн хөшөөний хажууд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасан иргэд төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргаж, шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь гаргасан өргөдөл гомдлыг хуулийн хүрээнд шийдвэрлүүлэх үүрэгтэй гэж заасан эрхээ хамгаалахын тулд буюу уг эрхэд минь халдаж буй Нийслэлийн Засаг дарга С.Б, НХТ, ЕТГ-ын дарга Э.Анарт хариуцлага тооцож, огцруулахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс шаардаж өлсгөлөн зарласан. Иргэн Б.Бминий бие нь өлсгөлөн зарлах тухайгаа Чингэлтэй дүүргийн засаг даргад урьдчилж мэдэгдсэн боловч 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2/1747 тоот албан бичгээр Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар өлсгөлөнтэй холбоотой нарийвчилсан зохицуулалт байхгүй тул бүртгэж авах боломжгүй гэсэн хариу ирсэн. Иймд үзлэг шинжилгээ хийлгэж, хяналт тавиулахаар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд хандахад, төвийн зүгээс: Эрүүл мэндийн сайдын 2010 оны 06 дугаар сарын 28-ны 233 дугаар тушаалаар батлагдсан Өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх заавар-ын 2 дугаар зүйлийн 2.1-д Хууль хяналтын байгууллагаас тухайн иргэнд өлсгөлөн зарлахыг зөвшөөрч, эрүүл мэндийн байдалд нь дүгнэлт гаргуулахаар эрүүл мэндийн байгууллагад хандсан тохиолдолд эмнэлгийн байгууллага зохих журмын дагуу эрүүл мэндийн иж бүрэн үзлэг, шинжилгээ хийж, дүгнэлт гарган холбогдох байгууллага, удирдлагад хүргүүлнэ гэж заасан заалтын дагуу хууль хяналтын байгууллагаас зөвшөөрөл авчирч байж, бид хяналтаа тавина гэсэн. Өлсгөлөнгийн үйл ажиллагааг МУ-ын хуулиар зохицуулаагүй бөгөөд МУ-ын Үндсэн хуулиар баталгаатай эдлэхээр олгогдсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн дээд хэлбэр юм. Гэтэл Өлсгөлөнгийн үед үзүүлэх тусламж үйлчилгээг үзүүлэх тухай зааврын 2.1 дэх заалт Хууль хяналтын байгууллагаас тухайн иргэнд өлсгөлөн зарлахыг зөвшөөрч, 3.1 дэх заалтуудад Өлсгөлөн зарлахыг хүсч, хууль хяналтын байгууллагаас зөвшөөрөл авсан иргэний, 3.3 дахь заалт Өлсгөлөнд оролцох зөвшөөрөл авсан гэж тус тус заасан нь хуулиар хориглоогүй асуудлаар буюу өлсгөлөн зарлах зөвшөөрөл хэнд хандаж хаанаас авах нь тодорхойгүй, МУ-ын хууль дүрэмд заагаагүй юм. Ингээд өлсгөлөн зарласан 2 хоногт эмнэлгийн байгууллагын хяналт огт байгаагүй бөгөөд харин Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 140/5013 тоот албан бичгийг ЧД-ийн Эрүүл мэндийн нэгдэлд явуулж байж, уг төвд 17 цагийн орчим үзлэг шинжилгээ, хяналтад орсон юм. ЧД-ийн Эрүүл мэндийн төвийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 360 тоот албан бичгийг үндэслэн Чингэлтэй дүүргийн засаг дарга 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/698 тоот захирамжаар албадан эмчилгээ хийх нэрийн дор хүчээр эмнэлэгт хэвтүүлсэн. Гэвч энэ үед миний биеийн байдал сайн байсан бөгөөд Эрүүл мэндийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-д халдварт өвчнөөс бусад тохиолдолд эмчилгээ, оношлогоо, шинжилгээ хийлгэхээс татгалзах гэсэн эрхийнхээ хүрээнд албадан эмчилгээнд оролгүйгээр өлсгөлөнгөө үргэлжүүлж, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл нийт 29 хоног үргэлжлүүлсэн.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхийн журмаар Эрүүл мэндийн сайдын 2010 оны 233 дугаар тушаалаар батлагдасан Өлсгөлөнгийн үед үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх тухай зааврыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан юм. Хүчингүй болгох нэг үндэслэл нь 233 дугаар тушаалаар баталсан Өлсгөлөнгийн үед үзүүлэх тусламж үйлчилгээг үзүүлэх тухай заавар нь Захиргааны хэм хэмжээний акт гэж миний бие үзсэн юм. Гэвч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №221/Ш32017/1821 тоот захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Захирамжийн үндэслэх хэсэгт: ЭМСайдын 233-р тушаалаар баталсан Өлсгөлөнгийн үед үзүүлэх тусламж үйлчилгээ үзүүлэх зааврыг Захиргааны хэм хэмжээний акт биш гэж үзжээ.

Гэтэл бодит байдалд Эрүүл мэндийн сайд нь 2010 оны 233 дугаар тушаалдаа 1998 оны Эрүүл мэндийн тухай хуулийн 8.1.2 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор тушаасан байдаг. Уг хуулийн 8.1.2 дахь заалт нь эрүүл мэндийг хамгаалах, дэмжих асуудлаар төрийн захиргааны бусад төв байгууллага, аймаг, нийслэлийн хэмжээнд мөрдөх журмыг батлах гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл зөвхөн аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нарт үүрэг болгоогүй, нийтээрээ буюу бусад төрийн захиргааны байгууллагууд дагаж мөрдөх заавар юм. Уг тушаалын 2-рт нутгийн захиргаа, хууль хяналтын байгууллагатай хамтран зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нарт үүрэг болгосугай гэсэн нь нийтээрээ дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт болох нь тодорхой байна гэж миний бие үзээд 2010 оны 233 дугаар тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхийн журмаар гаргасан боловч хүлээн авахаас татгалзсан тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 221 /ШТ2017/0847 дугаартай тогтоолоор захиргааны хэргийн шүүхийн харъяаллын бус гэж үзсэн тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох гэсэн заалтын дагуу гомдол гаргаж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргасан тул Эрүүл мэндийн сайдын 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 233 дугаар тушаалаар батлагдсан Өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар-ыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.БЭрүүл мэндийн яаманд холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй гэж заасан байдаг. Эрүүл мэндийн сайдын 2010 оны 233 дугаар тушаалаар батлагдсан Өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар нь эрүүл мэндийг хамгаалах, тусламж үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг зохицуулсан зохион байгуулалтын шинжтэй буюу өөрийн харъяалах аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газарт хандаж гаргасан заавар юм.

Жагсаал, цуглаан хийх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Гудамж, талбайд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлнэ, 9.3-т Засаг дарга жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор түүнийг бүртгэсэн эсэхээ бичгээр мэдэгдэнэ гэж заасан байдаг. Иймд Эрүүл мэндийн сайдын 2010 оны 233 дугаар тушаалаар батлагдсан Өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар нь хууль зөрчөөгүй бөгөөд өлсгөлөн зарлах нь хэдийгээр хүний эрхийн асуудал боловч хүний амь нас, эрүүл мэндэд нөхөж баршгүй хор уршиг, үр дагавар дагуулах эрсдэл учрах аюултай учраас энэхүү шийдвэрийг гаргасан хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн заавар юм. Б.Бөлсгөлөн зарласан үед төрийн байгууллагуудын явуулсан үйлдлүүд нь уг зааврыг хэрэгжүүлэхэд шууд шалтгаант холбоо байхгүй. Иймд Б.Бнэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх, зохигч талуудын тайлбар, тэдгээрийн гаргасан хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Бнь хариуцагч Эрүүл мэндийн яаманд холбогдуулан, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 233 дугаар тушаалаар батлагдсан Өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар-ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Эрүүл мэндийн сайдын 2010 оны 233 дугаар тушаалаар батлагдсан Өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар нь хууль зөрчөөгүй бөгөөд өлсгөлөн зарлах нь хэдийгээр хүний эрхийн асуудал боловч хүний амь нас, эрүүл мэндэд нөхөж баршгүй хор уршиг, үр дагавар дагуулах эрсдэл учрах аюултай учраас энэхүү шийдвэрийг гаргасан хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн заавар тул хүчингүй болгох үндэслэлгүй гэж маргадаг.

Нэхэмжлэгч Б.Бнь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хэлмэгдэгсдийн хөшөөний хажууд дүүргийн захиргаанд өлсгөлөн зарласан үйл баримтын талаар зохигч талууд маргаагүй бөгөөд холбогдох баримтууд хэрэгт авагдсан байна.

Эрүүл мэндийн сайд нь Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т хүн амын эрүүл мэндийн байдлыг судлах, хянах, үнэлэх, эрэлт хэрэгцээг үндэслэн эрүүл мэндийн салбарын бодлого, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох-оор заасан заалтыг хэрэгжүүлэх зорилгоор 2010 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 233 дугаар тушаалаар Өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тухай заавар-ыг баталсан байх бөгөөд энэхүү тушаал, заавар нь хүчин төгөлдөр үйлчилж байна.

Нэхэмжлэгч Б.Бнь энэхүү сайдын тушаалаар баталсан зааврыг иргэн миний хувьд нийцэхгүй, Эрүүл мэндийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-т иргэн халдварт өвчнөөс бусад тохиолдолд эмчилгээ, оношлогоо, шинжилгээ хийлгэхээс татгалзах-аар заасан миний эрхийг зөрчсөн, амьдралд нийцэхгүй байхад, Засаг дарга болон төрийн байгууллага үйл ажиллагаандаа мөрдөж байгааг хүчингүй болгуулна гэж тайлбарлан маргадаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлд ...иргэн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах, ...халдашгүй чөлөөтэй байх ...эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно, ...итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрхтэй гэж,

Мөн хуулийн арван есдүгээр зүйлд: Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна, ...Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй гэж тус тус заасан.

Дээрх зохицуулалтаас дүгнэвэл, Төр нь иргэнийхээ эрх, эрх чөлөөг хамгаалахын тулд түүний өмнө үүрэг хүлээдэг учир уул үүргээ хэрэгжүүлэх үүднээс Эрүүл мэндийн сайд нь 2010 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 233 дугаар тушаалаар Өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тухай заавар-ыг баталсан байх бөгөөд тухайн заавар нь иргэн Б.Бэрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, уг заавар нь ямар хуулийн ямар заалтыг зөрчсөн болохыг нэхэмжлэгч тодорхойлж чадахгүй байна.

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулиар өлсгөлөн зарлахтай холбоотой нарийвчилсан зохицуулалт байхгүй ч жагсаал, цуглаан зохион байгуулах нь эсэргүүцлийн нэг хэлбэр гэж үзэх боловч тус хуулийн 8 дугаар зүйлд зааснаар жагсаал, цуглаан болон өлсгөлөн зохион байгуулах, зарлахыг хориглосон зохицуулалттай.

Эрүүл мэндийн сайдын 2010 оны 233 дугаар тушаалаар батлагдсан Өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тухай заавар нь нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн шийдвэр биш бөгөөд зөвхөн өлсгөлөнгийн үед хэрхэн ажиллахыг харьяалах салбар болох аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газруудад зааварчилсан, дотоод зохион байгуулалтын шинжтэй эрхийн акт юм.

Нэхэмжлэгч Б.Бнь уг зааврын 2.1-д Хууль хяналтын байгууллагаас тухайн иргэнд өлсгөлөн зарлахыг зөвшөөрч, эрүүл мэндийн байдалд нь дүгнэлт гаргуулахаар эрүүл мэндийн байгууллагад хандсан тохиолдолд эмнэлгийн байгууллага зохих журмын дагуу эрүүл мэндийн иж бүрэн үзлэг, шинжилгээ хийж дүгнэлт гарган холбогдох байгууллага, удирдлагад хүргүүлнэ, 3.1-д Өлсгөлөн зарлахыг хүсч, хууль хяналтын байгууллагаас зөвшөөрөл авсан иргэний эрүүл мэндийн байдалд суурь үнэлгээ хийж, тодорхойлолт гаргахын тулд дараах шинжилгээ-оношлогоо, үзлэгийг хийнэ..., 3.3-т Өлсгөлөнд оролцох зөвшөөрөл авсан, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээгээр эрүүл мэндийн зүгээс ямар нэг хориглох заалтгүй иргэнд эмнэлгийн байгуулага өлсгөлөн эхлэхээс өмнө нарийн, бүдүүн гэдсэнд хуримтлагдаж буй хорт бодисуудыг гадагшлуулах, бие махбодийг цэвэршүүлэх зорилгоор цэвэрлэх бургуйг 6 цагийн зайтайгаар 2 удаа тавьж бэлтгэл хангана гэж тус тус заасныг хуулиар хориглоогүй асуудлаар буюу өлсгөлөн зарлах зөвшөөрлийг хэнд хандаж, хаанаас авах нь тодорхойгүй, Монгол Улсын хууль, дүрэмд заагаагүй гэсэн үндэслэлээр уг зааврыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан боловч энэхүү зааврыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бхариуцагч Эрүүл мэндийн яаманд холбогдуулан гаргасан, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 233 дугаар тушаалаар батлагдсан Өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар-ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Булсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд өөрөө ирж гардаж авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл түүнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ