Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2021/02311

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 20 өдөр

           Дугаар 183/ШШ2021/02311

                        Улаанбаатар хот

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Эгийн нэхэмжлэлтэй,

.........дүүрэг, ......дугаар хороо, ......... дүгээр байр, ............тоотод түр оршин суух хаягтай, паспортын дугаар ............../

 

            Хариуцагч: ...........овогтой, Тын Бд холбогдох,

/Хан-Уул дүүрэг, ..... дүгээр хороо, ........ тоотод оршин суух, регистрийн дугаар ........./

 

            Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 21.195.840 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээг цуцлаж, 159.788.720 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б, М.О, түүний өмгөөлөгч Н.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, түүний өмгөөлөгч Д.Х, гэрч Э.Н, гэрч Б.Т нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э нь Т.Бтай 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Т.Бгийн барихаар төлөвлөж буй 2 давхар хувийн орон сууцны дотор засал, тохижилтын ЗD зураг, инженерийн зураг, интерьерийн ажлын зураг гаргах ажлыг 40.000 ам.доллароор хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Э нь гэрээт ажлыг захиалагчийн гарын үсэг зурж баталгаажуулсан төлөвлөгөө (план зураг)-ны дагуу хүссэн загвар, дизайн, зохион байгуулалт, сонголтыг тусгаж зохих ёсоор бүрэн гүйцэтгэсэн. Захиалагчийн зүгээс ажил гүйцэтгэлийн шатанд зургуудад, ялангуяа ЗD зурагт маш олон удаа өөрчлөлт оруулахыг хүссэн ба гүйцэтгэгчээс тухай бүр түүний санал, хүсэлтийг хүлээцтэй хүлээн авч, зохих өөрчлөлтүүдийг цаг гарган тусгаж байсан. Т.Б нь гэрээний дагуу ажлын хөлсний урьдчилгаа 28.000 ам.доллар, мөн явцын төлбөр 8.000 ам.долларыг тус тус төлсөн боловч Гэрээний үлдэгдэл төлбөр болох 4.000 ам.долларын ажлын хөлсийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа. Гүйцэтгэгч нь 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр инженерийн зураг болон интерьерийн ажлын зургуудыг захиалагчид хэвлэмэл байдлаар хүлээлгэн өгсөн ба 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр инженерийн зургийг автокад файл (AUTOCAD) хэлбэрээр Т.Бгийн туслах Б.Сын и-мэйл хаяг ([email protected])-руу хүргүүлсэн. Харин ЗD зургийн хувьд захиалагчийн зүгээс дахин хэд хэдэн өөрчлөлт оруулахыг хүссэн. Ингээд гүйцэтгэгч тухайн хүссэн өөрчлөлтүүдийг тусгасан зургийг хүлээлгэн өгөх гэсэн боловч захиалагч хүлээж авахаас удаа дараа зайлсхийж, 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ямар ч үндэслэлгүйгээр ЗD зургийг үзэхгүй, авахгүй гэдгээ хэлсэн. Иймд гэрээний үлдэгдэл төлбөр болох 4.000 ам.доллар буюу 11.330.560 төгрөг, инженерийн болон интерьерийн ажлын зурагт өөрчлөлт оруулсантай холбоотойгоор гарсан нэмэлт зардалд 2.800.000 төгрөг, төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул алдангид 7.065.280 төгрөг, нийт 21.195.840 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Т.Б миний бие Этай 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, .................хотхонд баригдах өөрийн амьдрах 650 м.кв талбайтай амины орон сууцны дотор болон гадна тохижилтын зураг, ЗD зураг, инженер /цахилгаан, гал, агааржуулалт, цэвэр, бохир ус болон дулааны шугам сүлжээ/-ний зургийг 40.000 ам.доллароор хийж гүйцэтгүүлэхээр тохиролцсон. Гэрээний дагуу Т.Б нь гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан өдрөөс 3 хоногт багтаан 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 28.000 ам.долларыг Эд шилжүүлсэн. Төлбөр шилжсэнээс хойш Э ажлаа эхлэж гадна байшин, ногоон байгууламжийн зураг болон доторх өрөөний зургуудыг нэхэмжлэгчийн хүссэн дизайн өнгө төрхөөр гаргаж хийхээ амлан, ажлаа эхлүүлэхээр болсон. Ингэж ажиллах явцдаа Э нь дотор тохижилтын өрөө хоорондын хуваалт, зарим нэг өрөөний интерьерийн зураг зэрэг цөөн хэдэн зураг үзүүлсэн боловч бидэнд огт таалагдаагүй тул зургуудыг өөрчлүүлэх, дахин хийлгэх хүсэлт гаргасныг хүлээн зөвшөөрч дахин зураг хийхээр болсон. Гэтэл ажлаа бүрэн дуусгалгүй бидэнд мэдэгдэлгүй гадаад улсруу аялалд явснаар бидэнтэй уулзаж, бидний санал хүсэлтийг зурагтаа тусгах ажиллагаа хийгдэхгүй, хааяа онлайнаар холбогдох, гуравдагч этгээдээр дамжуулан ажлаа хийлгэх болсон. Бидний зүгээс “Ажил гүйцэтгэх гэрээ”-г зөвхөн Этай байгуулсан ба зөвхөн түүгээр зураг төслөө хийлгэхийн тулд их хэмжээний төлбөр төлснийг дурдах нь зүйтэй. Эг гэрээний 3.1-д заасны дагуу хийх ёстой ажлаа бүрэн хийхгүй, хугацаа алдаж байгааг удаа дараа хэлж, шаардсан боловч Ковид-19 цар тахлын улмаас гадаадад гацсан гэж өөрийн туслахаараа хэлүүлэн бидний олон сарын ажлыг хойш татсан юм. Энэ хугацаанд гүйцэтгэгчээс дахин 8.000 ам.доллар төлөхийг шаардаж, хэрвээ төлөхгүй бол хийж байгаа ажлаа зогсоохоо мэдэгдэж, зураггүй бол барилга чинь баригдахгүй, хугацаандаа ашиглалтад орохгүй хэмээн дарамталж гэрээгээр хүлээсэн үүрэг, төлбөр төлөх хуваарийг зөрчсөн үйлдэл хийх болсон. Захиалагчийн хувьд барилгын ажлаа хугацаанд нь дуусгах, мөн гүйцэтгэгчийг үлдсэн зургуудаа дуусгаж өгнө гэдэгт итгээд 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр бэлнээр 8.000 ам.долларыг төлсөн байдаг. Үүнээс хойш 3 долоо хоног болоход гэрээнд заасан ажлаа гүйцэтгээгүй атлаа дахин үлдэгдэл төлбөр 4.000 ам.долларыг нэхэж, захиалагчийн санал, хүсэл сонирхлыг зурагтаа тусгахгүй, интернэтээс бэлэн зураг гаргаж үзүүлэх зэргээр гэрээгээ зөрчиж эхэлсэн.

Ингээд бид удаа дараа шаардсаны эцэст 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Эгийн түслах нь манай оочуулагч Б.С  бид хоёрыг гэртээ дуудаж, зургууд дууссан, бэлэн болсон, хүлээлгэж өгье гэсний дагуу очиход инженерийн зургууд болон галын өрөө, үүдний цонх, том өрөө, хооллох хэсэг зэрэг нийт ажлын тал хүрэхгүй хувийн зураг гарсан байсан нь захиалагчийн шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл талаас илүү хэсэг буюу бусад эрэгтэй хүүхдийн өрөө, охины өрөө, бурханы өрөө, үйлчлэгч нарын өрөө, угаалгын өрөө, ариун цэврийн өрөө, аав ээжийн болон хүүхдүүдийн хувцасны өрөө, хүүхдүүдийн тоглох өрөө, 2 давхарын коридоор, В1 давхарын зураг гээд 360 м.кв талбай орчим хэсгүүдийн зураг, мөн экстерьерийн зургуудыг хийгээгүй, бүрэн дуусгаагүй байсан учир 2 тал гэрээ дүгнэх, зураг хүлээлцэх акт үйлдээгүй юм. Зөвхөн хийгдсэн тодорхой хэдэн зураг дээр гарын үсэг зурж, үлдсэн дийлэнх зургуудыг хуанлийн 7 хоногийн дотор хийж гүйцэтгэхийг сануулж, харилцан тохиролцоод салсан. Захиалагчийн зүгээс интернэтээс татаж авсан зургаар тохижуулах гэж төлбөр төлөөгүй гэдгийг хэлсэн юм. Хэрвээ интернэтэд байгаа зургийг ашиглах байсан бол бусдад өндөр төлбөр төлөх шаардлага байхгүй юм. Үүнээс хойш 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Эг гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, доголдлоо арилгах, тогтоосон хугацаа өнгөрснийг сануулж, хуулийн байгууллагад хандахаа и-мэйлээр болон өмгөөлөгчөөрөө дамжуулан албан бичгээр мэдэгдэхэд шалтгаангүйгээр үлдэгдэл төлбөр 4.000 ам.доллараа нэхэж, тэр ч байтугай гэрээ болон гэрээний хавсралт 1-д тусгаагүй нэмэлт ажлын хөлс тооцож биднээс төлбөр нэхэх болсон.

Ингээд бид аргагүй эрхэнд ........оны ....... дүгээр сарын .......-ны өдөр “А” ХХК-тай гэрээ байгуулж, дахин зураг гаргуулж, гэрээний төлбөрт 34.000.000 төгрөг төлсөн. Иймд Эгийн 21.195.840 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин Этай байгуулсан гэрээг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д заасны дагуу цуцалж, гэрээний төлбөрт төлсөн 36.000 ам.доллар буюу 102.721.320 төгрөг, алданги 57.067.400 төгрөг, нийт 159.788.720 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Эгийн нэхэмжлэлтэй, Т.Бд холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 21.195.840 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, гэрээг цуцлаж, 159.788.720 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Т.Б, Э нарын хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”-ээр ажил гүйцэтгэгч Э нь Улаанбаатар хот, ........... хувийн орон сууцны дотор засал, тохижилтын ЗД зураг, инженерийн зураг, ажлын зургийг стандарт, норм дүрмийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэн ЗД зургийг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр, инженерийн зургийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хийгдэж дуусган хүлээлгэн өгнө, захиалагч Т.Б нь ажлын хөлсөнд нийт 40.000 ам.долларын 28.000 ам.долларыг урьдчилгаа болгон шилжүүлнэ, 3Д зураг бэлэн болоход буюу 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 8000 ам.долларыг төлнө, 3Д зураг, ажлын болон инженерийн зураг бэлэн болоход 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 4000 ам.долларыг төлнө гэж тохиролцсон талаар зохигч маргаагүй тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.

 

Уг гэрээний дагуу захиалагч Т.Б нь ажлын хөлсөнд 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 28.000 ам.долларыг, 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 8000 ам.долларыг ажил гүйцэтгэгч Эд төлсөн, ажил гүйцэтгэгч нь 1.Ажлын даалгавар болох /план зураг/-ийн ажлыг гүйцэтгэж, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр захиалагчаар батлуулж, захиалагчийн хүсэлтээр уг зурагт 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өөрчлөлт оруулсан, 2.Дотор тохижилтын 3Д зургийг гүйцэтгэж, захиалагчийн санал хүсэлтийг тусгаж 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр танилцуулж, захиалагчийн санал, хүсэлтээр 2020 оны 02 дугаар сарын 13, 20-ны өдөр, 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан, 3.Инженерийн зураг (autocad) файл, ажлын зургийг хийж гүйцэтгэн, 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр цахим хаягаар захиалагчид хүргүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банкны 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “...28.000 ам.доллар шилжүүлсэн” дансны хуулга, ажлын /план/ зураг, дотор заслын 3Д зураг, интерьерийн зураг, инженерийн зураг, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “3Д зургийн төлбөр 8000 ам.доллар Бгаас шилжүүлсэн” гэсэн Кассын орлогын ордер, үзэг хийсэн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлгээр нотлогджээ.

 

Нэхэмжлэгчийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ............ дугаар Төлбөрийн мэдэгдэл хүргүүлэх тухай “...2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр бэлэн болсон инженерийн зураг болон ажлын зургийг цаасан болон цахим хэлбэрээр танд хүргүүлсэн болно. Харин 3Д зургийг дахин өөрчлөлт хийх санал гарган хүлээн аваагүй. Гүйцэтгэгчийн зүгээс зохих өөрчлөлтийг тусгаж, улмаар 3Д зургийг эцсийн байдлаар хүлээлгэн өгөхөөр удаа дараа хандсан боловч таны зүгээс үндэслэлгүйгээр татгалзсан тул үлдэгдэл төлбөр 4000 ам.долларыг төлнө үү” гэсэн баримт, хариуцагчийн Хариу мэдэгдэл хүргүүлэх тухай “...өнөөдрийг хүртэл ажлын үр дүнг бүрэн хэмжээгээр файлаар хүлээлгэн өгч, тайлан, ажил хүлээлцсэн акт үйлдээгүй. Захиалагчийн зүгээс ажлын явцад таалагдаагүй зурагт дахин ажиллах хүсэлт гаргасан боловч ямар нэгэн үр дүн гараагүй...” гэсэн баримт болон үзлэг хийсэн тэмдэглэлийг үндэслэн Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т зааснаар захиалагч Т.Бг гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2-т зааснаар түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцов.

 

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.2, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар  хариуцагч Т.Бгаас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд ажлын хөлс болох үлдэгдэл төлбөр 4000 ам.доллар буюу /............зарласан 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн ам.долларын ханш 2.832,64 төгрөг/-өөр тооцон 7.364.864 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Эд олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.3-т “Захиалагч тал гэрээнд зааснаар төлбөр төлөх хугацааг хоцроовол хоног тутамд төлөгдөх ёстой үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө” гэж заасны дагуу 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 11.330.560 төгрөгийн 0.5 хувиар алданги тооцож 5.665.280 төгрөгийг хариуцагч Т.Бгаас гаргуулан нэхэмжлэгч Эд олгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасантай нийцэж байна.

 

Гэрээний 2.4-т “...зурагт захиалагчаас шалтгаалан өөрчлөлт орж, зураг болон төсөвт ороогүй нэмэлт ажил хийхээр болсон тохиолдолд талууд нэмэлт хийх ажлын тоо хэмжээ, үнийн дүнг харилцан тохиролцож гэрээнд хавсралтаар нэмэлт оруулан батална” гэж заасны дагуу энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгчийн “...ажлын зурагт өөрчлөлт оруулсантай холбоотойгоор гарсан нэмэлт ажлын зардалд 2.800.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

2. Хариуцагч Т.Б “...Э нь гэрээнд заасан хугацаанд ажлыг бүрэн хийж дуусган, хүлээлгэн өгөөгүй. Гэрээ дүгнэсэн, ажил хүлээлцсэн акт үйлдээгүй тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар гэрээг цуцлаж, ажлын хөлсөнд шилжүүлсэн 36.000 ам.доллар буюу 102.721.320 төгрөгийг буцаан гаргуулан, алдангид 57.067.400 төгрөг, нийт 159.788.720 төгрөг гаргуулах” гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Ажил гүйцэтгэгч Э нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийг ноцтой зөрчсөн, мөн түүнийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнийг залруулах нэмэлт хугацааг захиалагч талаас тогтоосон боловч үр дүн гараагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй тул хариуцагч Т.Б нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээг цуцлаж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар ажлын хөлсөнд шилжүүлсэн 36.000 ам.доллар буюу 102.721.320 төгрөгийг буцаан шаардах, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алдангид 57.067.400 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардах эрхгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Т.Бгаас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд ажлын хөлс 4000 ам.доллар буюу 11.330.560 төгрөг, алданги 5.665.280 төгрөг, нийт 16.995.840 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Эд олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.200.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн “... гэрээг цуцлах, гэрээний дагуу шилжүүлсэн 36.000 ам.доллар буюу 102.721.320 төгрөгийг буцаан гаргуулан, алдангид 57.067.400 төгрөг, нийт 159.788.720 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Бгаас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 16.995.840 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.200.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн “...гэрээг цуцлах, 159.788.720 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Эгаас 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 263.929 төгрөгийг, хариуцагч Т.Бгаас 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 956.893 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Т.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 242.929 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах  шатны шүүхэд  гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.СЭМЖИД