Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00255

 

 

 

 

 

 

 

 

Э.К-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2021/02311 дугаар шийдвэртэй,

Э.К-гийн нэхэмжлэлтэй Т.Б-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 21,195,840 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Гэрээг цуцлаж, 159,788,720 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Болортуяа, М.Отгонжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, хариуцагчийн өмгөөлөгч Д.Хаш-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Э.К- нь Т.Б-тай 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Т.Б-гийн барихаар төлөвлөж буй 2 давхар хувийн сууцны дотор засал, тохижилтын ЗD зураг, инженерийн зураг, интерьерийн ажлын зураг гаргах ажлыг 40,000 ам.доллароор хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Э.К- нь гэрээт ажлыг захиалагчийн гарын үсэг зурж баталгаажуулсан төлөвлөгөө (план зураг)-ний дагуу хүссэн загвар, дизайн, зохион байгуулалт, сонголтыг тусгаж зохих ёсоор бүрэн гүйцэтгэсэн.

Захиалагчийн зүгээс ажлын гүйцэтгэлийн шатанд зургуудад, ялангуяа ЗD зурагт маш олон удаа өөрчлөлт оруулахыг хүссэн ба гүйцэтгэгчээс тухай бүр түүний санал, хүсэлтийг хүлээцтэй хүлээн авч, зохих өөрчлөлтүүдийг цаг гарган тусгаж байсан. Т.Б- нь гэрээний дагуу ажлын хөлсний урьдчилгаа 28,000 ам.доллар, мөн явцын төлбөр 8,000 ам.долларыг тус тус төлсөн боловч гэрээний үлдэгдэл төлбөр болох 4,000 ам.долларын ажлын хөлсийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа.

Гүйцэтгэгч нь 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр инженерийн зураг болон интерьерийн ажлын зургуудыг захиалагчид хэвлэмэл байдлаар хүлээлгэн өгсөн ба 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр инженерийн зургийг автокад файл хэлбэрээр Т.Б-гийн туслах Б.Солонгын цахим хаяг руу хүргүүлсэн. Харин ЗD зургийн хувьд захиалагчийн зүгээс дахин хэд хэдэн өөрчлөлт оруулахыг хүссэн. Ингээд гүйцэтгэгч тухайн хүссэн өөрчлөлтүүдийг тусгасан зургийг хүлээлгэн өгөх гэсэн боловч захиалагч хүлээж авахаас удаа дараа зайлсхийж, 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ямар ч үндэслэлгүйгээр ЗD зургийг үзэхгүй, авахгүй гэдгээ хэлсэн.

Иймд гэрээний үлдэгдэл төлбөр болох 4,000 ам.доллар буюу 11,330,560 төгрөг, инженерийн болон интерьерийн ажлын зурагт өөрчлөлт оруулсантай холбоотойгоор гарсан нэмэлт зардалд 2,800,000 төгрөг, төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул алдангид 7,065,280 төгрөг, нийт 21,195,840 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Би Э.К-тай 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын ам, Арцат лакшери вилла хотхонд баригдах өөрийн амьдрах 650 м.кв талбайтай амины орон сууцны дотор болон гадна тохижилтын зураг, ЗD зураг, инженер /цахилгаан, гал, агааржуулалт, цэвэр, бохир ус болон дулааны шугам сүлжээ/-ний зургийг 40,000 ам.доллароор хийж гүйцэтгүүлэхээр тохиролцсон. Гэрээний дагуу Т.Б- нь гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан өдрөөс 3 хоногт багтаан 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 28,000 ам.долларыг Э.К-д шилжүүлсэн.

Төлбөр шилжсэнээс хойш Э.К- ажлаа эхлэж гадна байшин, ногоон байгууламжийн зураг болон доторх өрөөний зургуудыг нэхэмжлэгчийн хүссэн дизайн өнгө төрхөөр гаргаж хийхээ амлан, ажлаа эхлүүлэхээр болсон. Ингэж ажиллах явцдаа Э.К- нь дотор тохижилтын өрөө хоорондын хуваалт, зарим нэг өрөөний интерьерийн зураг зэрэг цөөн хэдэн зураг үзүүлсэн боловч бидэнд огт таалагдаагүй тул зургуудыг өөрчлүүлэх, дахин хийлгэх хүсэлт гаргасныг хүлээн зөвшөөрч зураг хийхээр болсон. Гэтэл ажлаа бүрэн дуусгалгүй бидэнд мэдэгдэлгүй гадаад улс руу аялалд явснаар бидэнтэй уулзаж, бидний санал хүсэлтийг зурагт тусгах ажиллагаа хийгдэхгүй, хааяа онлайнаар холбогдох, гуравдагч этгээдээр дамжуулан ажлаа хийлгэх болсон.

Бидний зүгээс ажил гүйцэтгэх гэрээг зөвхөн Э.К-тай байгуулсан ба зөвхөн түүгээр зураг төслөө хийлгэхийн тулд их хэмжээний төлбөр төлснийг дурдах нь зүйтэй. Э.К-г гэрээний 3.1-д заасны дагуу хийх ёстой ажлаа бүрэн хийхгүй, хугацаа алдаж байгааг удаа дараа хэлж, шаардсан боловч Ковид-19 цар тахлын улмаас гадаадад гацсан гэж өөрийн туслахаараа хэлүүлэн бидний олон сарын ажлыг хойш татсан юм. Энэ хугацаанд гүйцэтгэгчээс дахин 8,000 ам.доллар төлөхийг шаардаж, хэрвээ төлөхгүй бол хийж байгаа ажлаа зогсоохоо мэдэгдэж, зураггүй бол барилга чинь баригдахгүй, хугацаандаа ашиглалтад орохгүй хэмээн дарамталж гэрээгээр хүлээсэн үүрэг, төлбөр төлөх хуваарийг зөрчсөн үйлдэл хийх болсон.

Захиалагчийн хувьд барилгын ажлаа хугацаанд нь дуусгах, мөн гүйцэтгэгчийг үлдсэн зургуудаа дуусгаж өгнө гэдэгт итгээд 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр бэлнээр 8,000 ам.долларыг төлсөн байдаг. Үүнээс хойш 3 долоо хоног болоход гэрээнд заасан ажлаа гүйцэтгээгүй атлаа дахин үлдэгдэл төлбөр 4,000 ам.долларыг нэхэж, захиалагчийн санал, хүсэл сонирхлыг зурагтаа тусгахгүй, интернэтээс бэлэн зураг гаргаж үзүүлэх зэргээр гэрээгээ зөрчиж эхэлсэн.

Ингээд бид удаа дараа шаардсаны эцэст 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Э.К-гийн туслах Б.Солонготой уулзахад инженерийн зургууд болон галын өрөө, үүдний цонх, том өрөө, хооллох хэсэг зэрэг нийт ажлын тал хүрэхгүй хувийн зураг гарсан байсан нь захиалагчийн шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл талаас илүү хэсэг буюу бусад эрэгтэй хүүхдийн өрөө, охины өрөө, бурханы өрөө, үйлчлэгч нарын өрөө, угаалгын өрөө, ариун цэврийн өрөө, аав ээжийн болон хүүхдүүдийн хувцасны өрөө, хүүхдүүдийн тоглох өрөө, 2 давхарын коридоор, В1 давхарын зураг гээд 360 м.кв талбай орчим хэсгүүдийн зураг, мөн экстерьерийн зургуудыг хийгээгүй, бүрэн дуусгаагүй байсан учир 2 тал гэрээ дүгнэх, зураг хүлээлцэх акт үйлдээгүй юм. Зөвхөн хийгдсэн тодорхой хэдэн зураг дээр гарын үсэг зурж, үлдсэн дийлэнх зургуудыг хуанлийн 7 хоногийн дотор хийж гүйцэтгэхийг сануулж, харилцан тохиролцсон.

Үүнээс хойш 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Э.К-г гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, доголдлоо арилгах, тогтоосон хугацаа өнгөрснийг сануулж, хуулийн байгууллагад хандахаа цахим захидлаар болон өмгөөлөгчөөрөө дамжуулан албан бичгээр мэдэгдэхэд шалтгаангүйгээр үлдэгдэл төлбөр 4,000 ам.доллараа нэхэж, тэр ч байтугай гэрээ болон гэрээний хавсралт 1-д тусгаагүй нэмэлт ажлын хөлс тооцож биднээс төлбөр нэхэх болсон.

2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “Аврора трейд” ХХК-тай гэрээ байгуулж, дахин зураг гаргуулж, гэрээний төлбөрт 34,000,000 төгрөг төлсөн. Иймд Э.К-гийн 21,195,840 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин Э.К-тай байгуулсан гэрээг цуцалж, гэрээний төлбөрт төлсөн 36,000 ам.доллар буюу 102,721,320 төгрөг, алданги 57,067,400 төгрөг, нийт 159,788,720 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Б-гаас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 16,995,840 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.К-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн “...гэрээг цуцлах, 159,788,720 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Э.К-гаас 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 263,929 төгрөгийг, хариуцагч Т.Б-гаас 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 956,893 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Т.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид 242,929 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1 Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т заасан зохицуулалт нь гагцхүү гэрээгээр харилцан тохиролцсон үр дүнг гүйцэтгэгч тал бий болгосон тохиолдолд захиалагч хүлээн авахаар тусгасан. Талууд 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч нь хэд хэдэн зургийг захиалагчид хүлээлгэн өгөөгүйгээс гадна хийж гүйцэтгэсэн гэх зарим зургууд гэрээгээр тохиролцсон шинж чанар, захиалагчийн хүсэл сонирхолд нийцээгүй, доголдолтой байсан, үүнийг захиалагч талаас уулзалт хийж зураг төсөлтэй танилцах үедээ илэрхийлсэнийг гүйцэтгэгч хүлээн зөвшөөрсөн тул ажлын үр дүн биелэгдээгүй. Ийнхүү ажлын үр дүн биелэгдээгүй тохиолдолд Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т заасан хүлээн авах үүрэг захиалагчид үүсэхгүй юм.

Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Тухайн гэрээний дагуу ажлын үр дүн гараагүй, захиалагч тал үр дүнг хүлээн авсан тухай нотлох баримт байхгүй байхад анхан шатны шүүхээс “...ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцов” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

4.2 Ажил гүйцэтгэх гэрээний 4.3-т захиалагч ажлын үр дүнг зохих ёсоор хүлээн авсан хэрнээ гэрээний төлбөрөө төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөхөөр заасан байдаг. Гүйцэтгэгч ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, захиалагч үр дүнг хүлээн аваагүй үйл баримтыг шүүх тогтоогоогүй хэрнээ захиалагчийг төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж алданги гаргуулахаар дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна. Иймд захиалагч нь ажлын үр дүнг хүлээн аваагүй тул хөлс төлөх үүрэг хүлээхгүй, энэ тохиолдолд алданги тооцох боломжгүй гэдгийг шүүх харгалзан үзээгүй байна.

4.3 Гэрээний 2.5-д ажил гүйцэтгэж дуусах эцсийн хугацааг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гэж тодорхой заасан бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэхэд 3D зураг дуусах, мөн 2.2-т “гүйцэтгэгч тал ... тайлан хийж өгч эцсийн тооцоо хийнэ”, 5.1-д “Гэрээт ажлыг стандарт , норм дүрмийн дагуу чанартай гүйцэтгэж, гэрээний хугацаанд захиалагчид файлаар хүлээлгэн өгнө”, 6.6-д “... ажил хүлээлцсэн акт үйлдэж. баталгаат хугацаа дуусгавар болсноор энэхүү гэрээ дуусгавар болно” гэж тус тус заасан боловч гүйцэтгэгч нь гэрээний заалтыг хэрэгжүүлж гүйцэтгэсэн ажлын үр дүнг бүрэн хэмжээгээр файлаар хүлээлгэн өгч, тайлан, ажил хүлээлцсэн акт үйлдэх үүргээ биелүүлээгүйг шүүх анхааран үзээгүй байна.

Гүйцэтгэгч нь гэрээнд заасан үүргээ биелүүлж ажилласан бол захиалагчаас нэмэлт зардал гаргахгүй, дахин өөрчлөх, засварлах шаардлага гарахгүй, хугацаандаа амжиж гүйцэтгэх боломжтой байсан ба анхнаасаа өөрийн худалдаалдаг үнэтэй тавилга, барааг захиалагчид шахахын тулд интерьерийн зурагтаа оруулсан нь захиалагчийн сэтгэлд нийцээгүй тул зургууд өөрчлөгдөх, засварлагдах үндэслэл болсон. Энийг ч гүйцэтгэгч хүлээн зөвшөөрч 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр зургуудад өөрчлөлт, засвар оруулах, 7 хоногийн дотор бэлэн болгохоор тохиролцсон байдаг. Энэ нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн вайбер чат, Э.К-гийн туслах н.Буян-Ундрахаас фэйсбүүк мэссэнжрээр илгээсэн дуут мэссэж, интерьерийн ажлын зурагт өөрчлөлт оруулах төлбөрийн нэхэмжлэхээс тодорхой харагдана. Эдгээр нотлох баримтыг шүүх үнэлж дүгнээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг тогтоох хэсгийг 1 дэх заалтын “хариуцагч Т.Б-гаас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 16,995,840 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох, хариуцагчийн гэрээг цуцлах, 159,788,720 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох” гэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгчээс давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Гэрээгээр 3 төрлийн инженерийн зураг, интерьерийн зураг, 3D зураг гэсэн ажлыг хийхээр тохиролцсоны дагуу зохих ёсоор нь гүйцэтгэж бүрэн хүлээлгэж өгсөн. Инженерийн зураг болох болон интерьерийн ажлын зураг гуравда зургийг гаргахын тулд хамгийн түрүүнд тулан зураг буюу ажлын даалгавар гэж гарах ёстой байдаг. Инженерийн зураг, интерьерийн зураг, 3D зураг гаргахын тулд план зураг буюу ажлын даалгавар гарах ёстой. Ажлын даалгаврыг захиалагч нь гүйцэтгэгч компанитай харилцан тохиролцож, өөрийн хүсэл сонирхлыг тусгаж, болж байна гэсний үндсэн дээр гэрээгээр тохиролцсон 3 төрлийн зураг гарах боломжтой. Захиалагч талын гарын үсэг зурж баталгаажуулсан ажлын даалгаврын дагуу гэрээт ажлыг зохих ёсоор нь гүйцэтгэсэн. Тухайн план зураг хэрэгт авагдчихсан. 186 хуудас зургийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр цаасан хэлбэрээр хүлээлгэж өгсөн. Үүний дараа файл хэлбэрээр имэйлээр хүргүүлсэн. 2 дугаар хавтаст хэрэгт авагдсан 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр энэхүү цахим хуусанд шүүх үзлэг хийж баримтаар нотлогдсон. Үлдсэн 3D зургийн хувьд 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр танилцуулахад захиалагч ихэнхи хэсгийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Цөөн хэдэн тохижилтын асуудалд санал хэлснээр 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр оруулахын хүссэн өөрчлөлтүүдийг оруулж цаасан хэлбэрээр хүлээлгэн өгөхдөө хамт 3D зургаа танилцуулсан. Гэтэл захиалагч дахин өөрчлөлт оруулахыг хүссэн. Тухайн өөрчлөлт нь нэхэмжлэгчээс хамааралтай биш, захиалагчийн хүсэл сонголт өөрчлөгдсөнтэй холбоотой өөрчлөлт байсан. Бид тус өөрчлөлтийг оруулж чатаар танилцуулахад захиалагч үзэж танилцаагүй зурганд урьдчилан дүгнэлт өгч, таалагдахгүй байна, хүлээн авахаас татгалзаж байна гэх хариу өгдөг. Захиалагч танилцаагүй хэрнээ сүүлийн зургаа хүлээн авахаас татгалзаж байгаа учраас үлдэгдэл 4,000 ам.долларыг авах үндэслэлтэй гэдэг албан бичиг хүргүүлсэн. Захиалагч албан бичигтээ инженер, интерьерийн зургаа хүлээж авсан гэдгээ хүлээн зөвшөөрч бичсэн. Гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгч авах эрхтэй.

Анхан шатны шүүх нотлох баримтыг зөв үнэлж үндэслэл бүхий шийдвэрлэсэн учраас хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч Э.К-г нь хариуцагч Т.Б-д холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 21,195,840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ажил гүйцэтгэх гэрээг цуцлаж, гэрээний төлбөрт төлсөн 102,721,320 төгрөгийг буцаан гаргуулах, алданги 57,067,400 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3.Т.Б-, Э.К- нар 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч буюу Э.К- нь Арцатын ам дахь 650 м.кв талбайтай хувийн сууцны дотор засал, тохижилтын ЗD зураг, инженерийн зураг, ажлын зургийг хийж гүйцэтгэх, захиалагч буюу Т.Б- ажлын хөлсөд 40,000 ам.доллар төлөх үүргийг тус тус хүлээсэн талаар талууд маргаагүй. /хх31-33/ Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж анахн шатны шүүх дүгнэсэн нь зөв.

 

Хариуцагч Т.Б- нь ажлын хөлсөнд 36,000 ам.доллар төлсөн талаар талууд маргаагүй. Харин ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

Нэхэмжлэгч нь ажлын хөлсний үлдэгдлийг шаардаж буй тохиолдолд ажлыг зохих ёсоор гүйцэтгэсэн байх учиртай. Гэрээнд заасан ажил болох дотор засал, тохижилтын 3D зураг, инженерийн зураг, ажлын зургийг ажил гүйцэтгэгч нь захиалагчид хэдийд хэрхэн хүлээлгэж өгсөн нь гэрээнд заасан ажлыг зохих ёсоор гүйцэтгэсэн гэж шүүх дүгнэхэд хүргэсэн үйл баримтыг анхан шатны шүүх тогтоогоогүй, улмаар тухайн үйл баримт бүрэн тогтоогдвол хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэл хэрхэн үгүйсгэгдэж байгаа нь тодорхой болох учиртай. Захиалагч буюу хариуцагч нь ажлын үр дүнг хугацаандаа хүлээж аваагүй гэх дүгнэлт нь баримтад хэрхэн үндэслэгдсэн талаар анхан шатны шүүх огт дүгнээгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой байснаар талуудын маргааны үйл баримтын талаар шүүх нотлох баримтад үндэслэн дүгнэлт өгөх, улмаар шаардах эрхийн үндэслэл, түүнийг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болно.

 

4. Түүнчлэн анхан шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр, 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр тус тус үзлэг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2 дахь хэсэгт зааснаар тэмдэглэл үйлдэж илэрсэн нөхцөл байдлыг тодорхой бичих учиртай.

Өөрөөр хэлбэл, үзлэгийн тэмдэглэлийг дутуу үйлдсэнээр зохигчийн тайлбараа үндэслэл болгосон үйл баримтууд тодорхой бус болжээ.

2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг үзлэгийн тэмдэглэл хэргийн 1 дүгээр хавтас 158-161 дэх талд авагдсан байх ба уг үзлэгээр илрүүлсэн нөхцөл байдал тэмдэглэлд тусгагдаагүй. 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл талуудын хооронд харилцсан захидал, чатад үзлэг хийсэн огноог жагсааж бичсэн боловч аль огноо нь үзлэгийн хавсралтад гэрэл зургаар бэхжүүлсэн баримтад хамаарч байгаа нь тодорхойгүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Үзлэгийн тэмдэглэлийг хавсралт 1-д нийт 51 хуудас баримт авагдсан гэж тэмдэглэсэн нь хэргийн 1 дүгээр хавтас 206-250, 2 дугаар хавтас 1-6 дахь талд авагдсан, тэмдэглэлд “55-72 дугаар талд авагдсан гал тогооны гэрэл зураг” гэсэн баримт хэрэгт огт байхгүй байна.

Эдгээр баримтууд нь нэхэмжлэгч гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн эсэхэд дүгнэлт хийхэд ач холбогдолтой.

 

5. Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2021/02311 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 1,199,822 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                 ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

 

                                                                  Э.ЗОЛЗАЯА