Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 1199

 

 

 

 

 

 

    2020            9               17                                      2020/ДШМ/1199

 

 

Г.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Н.Батсайхан, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Пүрэвсүрэн,

шүүгдэгч Г.Бгийн өмгөөлөгч Б.Энхтүвшин,   

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/863 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Г.Бд холбогдох эрүүгийн 2008000000864 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Г.Б,

урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 485 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан,

Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 23 цагийн үед Сонгинхайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хөтөлийн автобусны буудал орчимд иргэн Н.Бат-Эрдэнэтэй маргалдаж, нүүр, хамар руу гараараа цохиж биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Олгонууд овгийн Ганболдын Г.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20- ны өдрийн 485 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Бг 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан” шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Бг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногийн хорих ялаар тооцон 30 хоногийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалттад зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн 2008000000864 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад сайн дураараа нөхөн төлж арилгасан байдаг.

Хувийн байдлын хувьд ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, гэмт хэрэг үйлдэх үедээ эцгийн хамт хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан болно. Цаашид “НИНЖБУЯН” ББНөхөрлөлийн дэлгүүрт худалдагчаар тогтмол ажиллах болно. Шүүгдэгчийн эцэг эхийн зүгээс тус нөхөрлөлийн үүсгэн байгуулагч ба 8 нэрийн барааны дэлгүүр эрхлэн явуулдаг болно.

2020 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн байдлаар эхнэр У.Анужингийн ХААН банкны 5005555485 дугаарын дансанд 3.901.716 төгрөгийн орлогын үлдэгдэлтэй байна.

Иймд дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн эд хөрөнгө, бусад орлогын эх үүсвэр зэрэг торгуулийн ялыг биелүүлэх боломж нөхцлийг харгалзан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорих ялыг өөрчилж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан торгуулийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Прокурор О.Пүрэвсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 863 дугаартай шийтгэх тогтоол нь шүүгдэгч Г.Бгийн үйлдсэн гэмт хэрэг болон гэм бурууд тохирсон гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:        

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Г.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 23 цагийн үед Сонгинхайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хөтөлийн автобусны буудал орчимд иргэн Н.Бат-Эрдэнэтэй маргалдаж, нүүр, хамар руу гараараа цохиж биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Бат-Эрдэнийн “...Г.Б гэх залуу миний нүүрэнд гараараа нэг удаа цохисон. ...” /хх 7/,

гэрч Б.Баянжаргалын “...цэнхэр цамцтай залуу нь манай нөхрийн нүүрэнд гараараа нэг удаа цохисон. ...” /хх 14/,

гэрч Э.Тамирын “...Г.Б ах Н.Бат-Эрдэнийн нүүрэнд нь гараараа нэг удаа цохисон. ...” /хх 20/,

гэрч Э.Үүрцайхын “...Тэгээд Г.Б гэх залуу шууд Н.Бат-Эрдэнийн нүүрэнд нь гараараа цохисон. ...” /хх 23/,  

гэрч Б.Ганцогийн “...Г.Б ах Н.Бат-Эрдэнийн нүүрэнд нь гараараа 1 удаа цохисон. ...” /хх 25/,

шүүгдэгч Г.Бгийн “...би Н.Бат-Эрдэнэтэй маргалдаж байгаад нүүрэнд нь гараараа нэг удаа цохисон чинь Н.Бат-Эрдэнэ газар унасан. ...” /хх 75/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Н.Бат-Эрдэнийн биед зүүн нүдний доод зовхинд шарх, зүүн нүдний алим, дээд, доод зовхи, хацар цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 36/ гэх шинжээчийн дүгнэлт,  

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1/, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх 3/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг /хх 49-52/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 79-80, 82/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ бүрэн нотлогджээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж хэргийн үйл баримтыг шүүгдэгч Г.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшингээс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан торгуулийн ялаар сольж өгнө үү. ...” гэсэн утга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ.  

Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан зохицуулалтууд нь тэнссэн хугацаанд тодорхой үр дагавар, тухайлбал тэнссэн хугацаанд санаатай, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тохиолдолд заавал хэрэглэх хэм хэмжээнүүд юм.

Хуульд заасан нөхцөл ирээдүйд бүрдсэн, тэр цаг хугацаанд хэрэглэх хэм хэмжээг тэрхүү нөхцөл бүрдээгүй байхад урьдчилан шийдвэртээ тусгах шаардлагагүй бөгөөд тэнссэн хугацаанд санаатай болон болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх энэхүү хэм хэмжээг хэрэглэх учиртай.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 485 дугаартай шийтгэх тогтоолыг үндэслэж, Г.Бг 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногийн хорих ялаар тооцон 30 хоногийн хорих хөнгөн ялыг 1 жил хорих хүнд ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. 

Учир нь, шүүгдэгч Г.Б нь бусадтай бүлэглэн 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө хохирогч Ч.Жавхлангийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан /хх 55-58/ үйлдэлдээ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 485 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан байна.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 485 дугаартай шийтгэх тогтоол гаргахаас өмнө буюу 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр шүүгдэгч Г.Б хохирогч Н.Бат-Эрдэнийн эрүүл мэндэн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлджээ.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг ...хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасны дагуу хэд хэдэн гэмт хэрэгт тооцно.

Гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх шалтгааны талаар бодитой зөв дүгнэлт хийж ял шийтгэлийг ялгамжтай, шударгаар оногдуулах явдал нь хуулийн цээрлүүлэх хүч чадал, үр нөлөөг илэрхийлдэг хүмүүжлийн өвөрмөц чухал хэрэглүүр юм.

Хэдийгээр шүүгдэгч Г.Б Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 485 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдснаас хойш гэмт хэрэг үйлдээгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно”, 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна”, 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хууль, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг тодорхойлон хуульчилжээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн бол... энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэж зохицуулан заажээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 485, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 863 дугаар шийтгэх тогтоолуудаар шүүгдэгч Г.Бг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тус тус тооцсон байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан ...эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэснийг үндэслэж, шүүгдэгч Г.Бгийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж, тэдгээрийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоосныг буруутгах боломжгүй. 

Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Г.Бг тус тусдаа гарсан шийтгэх тогтоолуудаар түүнийг гэм буруутайд тооцсон хэдий ч нэг шийтгэх тогтоолоор түүнд тухайн зүйл, хэсэгт заасан хэмжээний дотор ял оногдуулсныг хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хуулийн зарчим, зорилтод нийцсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх Г.Бд нэг шийтгэх тогтоолоор 2 төрлийн ял оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтаан нэмж нэгтгэн шийдвэрлэсэн нь түүний шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохгүй, түүний хуулиар хамгаалагдсан эрх зөрчигдөхгүй, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/863 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14  хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН

 

           

ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ