Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1226

 

 

 

 

 

 

 

 

       2020        12          15                                          2020/ШЦТ/1226

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

            улсын яллагч  Х.Онолт,

   шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008000001453 дугаартай нэг хавтаст хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1979 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Д” төвд тээш хадгалах үйлчилгээний цэгт ажилладаг, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин сууж байгаа, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, А овогт М.Б

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Яллагдагч М.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Оийг “ирснээ хэлсэнгүй” гэж уурлан үл ялих зүйлээр шалтаглан, нүүрэн тус газар нь гараараа цохиж, үснээс нь зулгаан тагтан дээр чирч гарган, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, биед нь баруун хөмсөгт шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

- Хохирогч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...2020 оны 09 дүгээр сарын 29-өөс 30-нд шилжих шөнө 01 цагийн үед ажлаа тараад гэртээ иртэл манай нөхөр бага зэрэг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан надаас “яагаад ийм орой ирж байгаа юм. Ирснээ хэлэхгүй яасан юм” гэхээр нь би “чамайг унтаж байхад заавал ирснээ мэдэгдэх шаардлагатай юу, чи унтаж л байгаач дээ” гэхэд М.Б уурлаад зүүн гараас хүчтэй атгаад, үснээс зулгаан цонхны хажууд татаж аваачаад тавихгүй байхаар нь гараа татаад автал зөрүүлээд миний баруун хөмсөг хэсэг рүү гараараа нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дугаар хуудас),

 

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 11649 дугаартай: “хэсэг газрын үзлэгт: баруун хөмсөгний дээд талд 1.5 см мэс заслын оёдол бүхий эдгэрч буй шархтай, ариун наалттай, баруун нүдний дээд  зовхинд 4х1.5см хөх ногоон цус хуралттай, зүүн бугалганы ар дээд хэсэгт 2х1.5см, 1х1см хөх ногоон шаргал цус хуралттай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

1. Б.Оийн биед баруун хөмсөгт шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн бугалгад цус хуралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас),

 

- Шүүгдэгч М.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

 “...2020 оны 09 дүгээр сарын 29-өөс 30-нд шилжих шөнө 01 цагийн үед гэртээ унтаж байх хооронд эхнэр маань ажлаа тараад гэртээ ирсэн байсан. Тэгэхээр нь би “чи ямар орой гэртээ ирдэг юм. Ирснээ мэдэгдэхгүй яасан юм” гэж хэлэхэд өөдөөс зөрсөн утгатай үг хэлэхээр нь миний уур хүрээд гараас нь татаж, үснээс нь зулгаагаад цонх руу аваачаад баруун хөмсөг рүү нь гараа атгаж байгаад нэг цохитол хөмсөгнөөс нь цус гараад эхэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас),

 

- Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас),

 

- Шүүгдэгч М.Бийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дугаар тал), оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 39 дүгээр тал), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 80 дугаар тал), Хаан банк дахь депозит дансны хуулга (хавтаст хэргийн 43-79 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Бт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч М.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 29-ны өдрөөс 30-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 57а байрны 1 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Оийг “ирснээ хэлсэнгүй ямар орой ирдэг юм” гэж уурлан үл ялих зүйлээр шалтаглан, нүүрэн тус газар нь гараараа цохиж, үснээс нь зулгаах зэргээр  биед нь халдан баруун хөмсөгт шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь:

- хохирогч Б.Оийн мэдүүлэг (хх-35),  Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 11649 дугаартай дүгнэлт (хх15-16), шүүгдэгч М.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг хуульчилсан ба тэрхүү үйлчлэлд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” хамаарна гэж,

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаа гэдгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн тайлбарт “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэж “гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно” гэж тайлбарлажээ.

Шүүгдэгч, хохирогч нарын “гэр бүл болоод 20 жил хамт амьдарсан, дундаасаа 3 хүүхэдтэй, гэр бүлийн баталгаатай...” гэсэн мэдүүлгүүд, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-40/ зэргээс дүгнэвэл хохирогч Б.О, шүүгдэгч М.Б нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгоно гэж хуульчилжээ.

Хууль зүйн хувьд гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Оийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан шүүгдэгч М.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийг шинжийг хангасан байна.

Өөрөөр хэлбэл гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий хандах, дошин авирлах, зовоон тарчлаах, эдийн засгийн эрхшээлд байлгах зэргээр бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн хүчирхийллийн шинжтэй аливаа үйлдлийг байнга үйлдэж зовиур шаналал учруулдаг, уг үйлдэл тогтсон хэвшмэл шинжийг агуулж тодорхой нэг хүний /гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай/ эсрэг байнга чиглэсэн санаатай үйлдлийн улмаас Эрүүгийн хууль болон Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь хохирол, хор уршиг учирсныг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэх хуулийн зохицуулалттай. 

Прокуророос шүүгдэгч М.Бийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв гэж шүүх үзэж, шүүгдэгчид тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч М.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан болохыг тэмдэглэв. 

 

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтыг хохирогч Б.О нь хэрэгт ирүүлээгүй бөгөөд “...хохирлын мөнгө нэхэмжлэхгүй, гомдол, санал байхгүй” гэх мэдүүлгийг өгсөн байх тул шүүгдэгч М.Бийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас: “шүүгдэгч М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг, шүүгдэгч маргаж, мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч М.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тодорхой эрхэлсэн ажилтай, цалин хөлс, хөрөнгө, бусад орлоготой зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500  нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг түүнд сануулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овогт М.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.Бт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.

 

4.  Эрүүгийн  тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,  өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.БЯМБААБААТАР