Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 1057

 

 

 

 

 

 

      2020           8             20                                       2020/ДШМ/1057

 

 

М.Бт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Мягмаржав, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

шүүгдэгчМ.Б өмгөөлөгч М.Эрдэнэбилэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Амарзаяа,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Байгалмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнбилэгийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч М.Бт холбогдох эрүүгийн 2004000470065 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Цэрэн овгийн М.Б, 1972 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Зам тээврийн хөгжлийн төв, Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр баг, 4 дүгээр зөрлөг хоолтын төлбөр хураах цэгийн төлбөр хураагч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Баянхайрханы 3 дугаар гудамжны 13 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Бадралын 4 дүгээр гудамжны 8 тоотод оршин суудаг, /РД: ПЖ72012916/;

Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2003 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

 

Шүүгдэгч М.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 11 цагийн орчимд Багануур дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соронз” дэлгүүрийн урд байрлах авто замын уулзвар хэсэгт ертөнцийн зүгээс урдаас баруун зүгт Киа Фронтщр загварын 11-72 БРА улсын дураартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлыг хангана”, 10.8.а/ “уулзвар, гарцаас гарахдаа тухайн орж буй зорчих хэсгийн эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ”, гэснийг тус тус зөрчиж уулзвараас гарахдаа тухайн орж буй хэсгийн эсрэг урсгалыг сөрж Ц.Дашзавыг мөргөж биед нь гавал ясны хугарал, тархины эдийн няцрал, цусан хураа, тархи дарагдал, баруун чамархайн булчинд цус хуралт гэмтлүүдийг учруулж амь насыг нь хохироож авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.

 

Багануур дүүргийн прокурорын газраас:М.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... Шүүгдэгч Цэрэн овгийнМ.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Шүүгдэгч Цэрэн овгийнМ.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Бт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар М.Батсууриас 17.494.586 төгрөгийн оршуулгын зардлыг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Амарзаяад олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс 750.450 төгрөгийн хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд М.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, М.Бт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Бт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс хугацааг тоолохоор шийдвэрлэжээ.

 

ШүүгдэгчМ.Б өмгөөлөгч М.Эрдэнэбилэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч М.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан хохирлыг бүрэн барагдуулсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Одоо гомдол саналгүй болсон. Шүүгдэгчийн эх өндөр настай, эхнэр нь өвчтэй хүн байдаг. Санаатайгаар үйлдэгдсэн хэрэг биш учир гомдол саналгүй. ...”  гэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч М.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 11 цагийн орчимд Багануур дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соронз” дэлгүүрийн урд байрлах авто замын уулзвар хэсэгт ертөнцийн зүгээс урдаас баруун зүгт Киа Фронтщр загварын 11-72 БРА улсын дураартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлыг хангана”, 10.8.а/ “уулзвар, гарцаас гарахдаа тухайн орж буй зорчих хэсгийн эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ”, гэснийг тус тус зөрчиж уулзвараас гарахдаа тухайн орж буй хэсгийн эсрэг урсгалыг сөрж Ц.Дашзавыг мөргөж биед нь гавал ясны хугарал, тархины эдийн няцрал, цусан хураа, тархи дарагдал, баруун чамархайн булчинд цус хуралт гэмтлүүдийг учруулж амь нас нь хохирсон авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Амарзаяагийн “...Би 2020 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хөдөө, нөхөр бэр хоёр ачийн хамтаар айлд очиж ямаа самнах гээд замд явж байтал таньдаг хүүхэн чатаар залгаад байсан байсан тэгэхээр нь би салгаад, өөрийнх нь утасны дугаар руу залгахад чи хаана байна гэж асуухад нь хөдөө явж байна яасан гэж асуухад өөдөөс аав чинь “Амтлаг” дэлгүүрийн урд зам дээр машинд дайруулсан байна гэж хэлүүлж байна гэсэн.  Тэгэхээр нь би хэн хэлүүлж байна гэхэд “Амтлаг” дэлгүүрийн эзэн Очирхуяг ах хэлүүлж байна гэсэн. Тэгээд шууд буцаад Багануур дүүрэг рүү явсан. Ирэх замдаа утсаар ярьж Багануур 24-д ажилладаг. Ариунзаяа эгчээ замаараа эмнэлэг рүү шууд очсон. Тэгэхэд аав минь сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байсан эмч биеийн байдлыг танилцуулахад тархины үхэл комын байдалтай байна гэж хэлсэн. Багануурын эмнэлэгт томографик аппарат байхгүй тул рентген зургаар оношилж эмчилгээ хийж байна. Тээвэрлэх боломжгүй тул энд нь эмнэлэг эмчилгээг үргэлжлүүнэ гэсэн. Эмч хэлэхдээ өөрийн амьсгалгүй 103-аар ирэхдээ ухаангүй ирсэн гэсэн. Өнөөдрийг хүртэл эрчимт эмчилгээнд эмчилгээ хийлгэж байсан боловч ухаан ороогүй байсааар 2020 оны 4 дүгээр сарын 6-ны 14 цаг 57 минутанд зүрхний цохилт бүр мөсөн зогссон. /1хх 29-30/,

 

Насанд хүрээгүй гэрч Г.Батсанаагийн “...Би гэрээсээ ажил дээрээ 10 цагийн орчим ирээд найзуудтайгаа гадаа суугаад юм ярьж байтал “Соронз” дэлгүүрийн уулзвар дээр гарцны цаахан хавьд автомашины тоормозны чимээ гарсан. Тэгээд би эргэж хараад шууд очсон чинь хүн мөргөсөн байсан. Мөргөсөн гэж жолооч нь мөргүүлсэн хүнээ өргөөд замын хажууд гаргаад тавьж байхад нь би очоод түшиж авсан.  Би цагдаа иртэл дайрсан гэх жолоочтой цуг байж байтал хүүхэд нь гээд нэг ах ирээд тэр жолоочийг “манай өвөөг дайрчихлаа” гээд тэр жолоочийг цохьсон. ...Ногоон гэрлээр гарсан чинь хүн байна гэж ёстой хараагүй гэж ярьж байсан. ...” /1хх 34/,

 

Гэрч С.Жаргалсайханы “...Дэлгүүрт орж ирж байгаа хүмүүс гадаа хүн дайрчихлаа шүү дээ гэж байсан. Би гадагшаа гарч дэлгүүрийн үүднээс харсан. Тэгэхэд цэнхэр өнгөтэй портерт халзан толгойтой өвгөн мөргүүлсэн байсан. Намайг харахад тэр машин уулзварын голд баруун хойшоо хараад зогсож байсан. ...” /1хх 35-36/,

 

Гэрч М.Оюунчимэдийн “...Намайг очиход нэг хүнийг түшээд хагас суулгасан байдалтай байсан. Хамраас нь цус гарсан, зүүн тохой нь шалбарсан байсан. Хувцас нь шороо болсон дуудахад ухаангүй, хариу урвалгүй байсан. Гүрээний судас тэмтрэгдэж, артерийн даралт 220-10, доод даралт амьсгалт нь 17, зүрхний цохилт 69 хүчил төрөгч SPO2-98 байсан. Хүүхэн хараа гэрлийн урвалгүй нарийссан байсан, рефлексгүй. Тэгээд өвчтний биеийн байдал хүнд байсан учир дамнуургаар тавж автомашинаар шууд эрчимт эмчилгээний тасагт хүлээлгэн өгсөн. ...” /1хх 37-38/,

 

Гэрч  Ц.Эрхэмбаярын “...Өглөө 10 цаг 40 минутад гараад машинаа зогсоолоос аваад хойшоо айлд очих гээд явсан. Тэгээд 4 замыэн уулзварын гэрлэн дохио дээр улаан гэрэл асаж байхад нь зогсож байгаад ногоон гэрэл асахаар хөдөлсөн чинь гэнэт урдуур хүн ороод ирсэн.  Манай нөхөр шууд зогссон. Тэгээд манай хүн буугаад нөгөө хүнийг түшээд замаас гаргасан. Би сандраад эмнэлэг дуудсан, удалгүй түргэн ирээд аваад явсан. Манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. ...” /1хх 39-40/,

 

Шинжээч эмч Ө.Шаарийбуугийн “...Талийгаач Ц.Дашзавд Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн 20/26 тоот өвчний түүхээс үзэхэд ирэх үедээ ухаангүй байсан, үндсэн онош нь гавал тархины цусан хураа, гавал ясны зүүн талын дагз чамархай хөндлөн цууралт оношоор хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан байна. Дээрх гэмтэл нь амь нас аврагдах боломж муутай задлан шинжилгээний оноштой таарсан тул эмчилгээ шинжилгээг журмын дагуу хийгдэж оношлогдсон байна. ...” /1хх 67-68/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2174 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь спиртийн агууламж тогтоох шинжилгээнд тэнцэнэ. “М.Б 48/эр IV04” гэж хаягласан цусанд спирт илрээгүй. Цусанд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын шинжилгээ хийхэд дээжийн хэмжээ хүрэлцэхгүй байна. ...”/1хх 54-56/,

 

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 7 дугаартай “...Талийгаач Ц.Дашзавын биед гавал ясны хугарал, тархины эдийн няцрал, цусан хураа /100 гр/, тархи дарагдал, баруун зүүн чамархайн булчинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал: цохих, цохигдох, өндрөөс унах гэх мэт. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Талийгаач нь А буюу 2 дугаар бүлгийн цустай байна. Талийгаач нь нас барах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна /эмчилгээ хийгдсэний дараа шинжилгээ авсан болно/. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас тархи дарагдаж амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. Эмнэлгийн анхан шатны тусламжаар амь нас аврагдах боломж муутай байна. Шинжилгээгээр шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин эмгэг тогтоогдсонгүй” гэх дүгнэлт болон гадна цогцост хийсэн тэмдэгдэл /1хх 17, 60-62/,

 

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сонгино хайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 4 сарын 22-ны өдрийн Шинжээчийн №21490 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...KIA маркийн Fronter загварын 11- 72 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Уг тээврийн хэрэгслийн тоормосны ажиллагаа бүрэн бус байна, энэ эвдрэлийг уг үзлэгийн явцад тогтоох боломжгүй. Урд дохионы гэрэл хэвийн бус ажиллагаатай, урд баруун зүүн оврын гэрэл ажиллахгүй, урд буфер сэвтэй, зүүн хаалга замасктай, паар агааржуулах систем хэвийн бус ажиллагаатай, зүүн тоормос гэрэл ажиллахгүй, ухрах арааны гэрэл ажиллахгүй гэх эвдрэл гэмтлүүдтэй байна. Уг гэмтлүүд нь ослоос өмнө үүссэн гэмтлүүд болох нь үзлэгийн явцад тогтоогдсон...” гэжээ. Шинжээч Г.Бямбасүрэн, Б.Ихтайван, О.Ганчулуун, /1хх 73-78/,

 

            Техникийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 7 дугаартай “Жолооч М.Б нь “Киа Пронтер" маркийн 11-72 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 10.1 жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, 10.8а жолооч уулзвар гарцаас гарахдаа тухайн орж буй зорчих хэсгийн эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдож байна. Явган зорчигч Ц.Дашзав нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6. явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна... гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдож байна. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч зэрэг хэргийн материалтай танилцахад тоормосны мөр илрээгүй байх тул тээврийн хэрэгслийн хурдыг тоормосны мөрөөр тогтоох аргачлалын дагуу хөдөлгөөний хурдыг тогтоох боломжгүй. Киа Пронтер маркийн 11-72 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн байдалд үзлэг хийсэн “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төв”-ийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн №21490 дугаартай шинжээчийн дүгнэлтээр гэрэл дохио, тоормосны систем бүрэн бус гэмтэл тогтоогдсон байх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралт, 1.1 Ажпын тоормосны идэвхижил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх, 5.3 Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон зэрэг заалтуудыг тус тус зөрчиж ашиглахыг хориглосон бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсон байна. Жолооч М.Б нь Киа Пронтер маркийн 11-72 БРА улсын дугаартай ашиглахыг хориглосон бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, хориглосон гэрлэн дохиогоор зогсож хөдөлгөөн эхлэхдээ аюулгүй байдлыг хангаагүй, уулзвар, гарц нэвтрэхдээ эсрэг урсгалыг сөрж үйлдлийг гүйцэтгэснээс, мөн явган зорчигч явган хүний гарцаар зам хөндлөн гараагүйгээс тус тус шалтгаалж тухайн зам тээврийн гэмт хэрэг осол үйлдэгдсэн байна гэж үзлээ” техникийн шинжээч хошууч Д.Жавхлан. ...”  /1хх 83-84/ гэх дүгнэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчМ.Б хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

ШүүгдэгчМ.Б өмгөөлөгч М.Эрдэнэбилэг “...Шүүгдэгч М.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан хохирлыг бүрэн барагдуулсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Батсуурийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон байна.

 

Гэвч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Амарзаяа давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэх явцад гомдол саналгүй, анхан шатны шүүхээс гаргуулахаар тогтоосон 17.494.586 төгрөгөөс  12.000.000 төгрөг бэлнээр авсан, үлдсэн мөнгийг ярилцаад тохирсон, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн хүсэлт болон шүүгдэгчийн болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтэй чин санаанаасаа гэмшиж байгаа байдлыг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жилийн хорих ял болгон хөнгөрүүлэх боломжтой гэж үзлээ.

Мөн анхан шатны шүүхээс М.Батсуурийг гэм буруутайд тооцохдоо “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохироосон” гэж дүгнэжээ.

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол” гэж заасан байх тул шийтгэх тогтоолын 1 дэх заалтын  “хохироосон” гэснийг “хохирсон” гэж  өөрчлөх нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр шүүгдэгчМ.Б өмгөөлөгч М.Эрдэнэбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 1 дэх заалтын: “Шүүгдэгч Цэрэн овгийнМ.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг, “Шүүгдэгч Цэрэн овгийнМ.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэж,

 

2 дахь заалтын: “Шүүгдэгч Цэрэн овгийнМ.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэснийг, “Шүүгдэгч Цэрэн овгийнМ.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж,

 

3 дахь заалтын: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Бт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Бт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй гэж, тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

           3.  Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                  Н.БАТСАЙХАН

 

                        ШҮҮГЧ                                                   Д.МЯГМАРЖАВ

 

                        ШҮҮГЧ                                                   О.ЧУЛУУНЦЭЦЭГ