Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2021/02191

 

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 13 өдөр

       Дугаар 183/ШШ2021/02191

                        Улаанбаатар хот

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б овогтой, Нийн Тийн гомдолтой,

/Хан-Уул дүүрэг, ............дугаар хороо, ...... гудамж, ......дугаар байр, .....тоотод оршин суух, регистрийн дугаар ....../

 

Хариуцагч: Нт холбогдох,

/Сүхбаатар дүүрэг, .....дугаар хороо, .....өөрийн байранд байрлах/

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нарийн бичгийн дарга Д.Содбилгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн ......... дугаар захирамжаар Н.Таас 77.531.738 төгрөг гаргуулан “Х ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Л.Л болон Н.Т миний өмчлөлийн Хан-Уул дүүрэг, ... дугаар хороо, гудамж, ...... дугаар байр, .. тоотод байрлах 59.83 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 127.573.600 төгрөгөөр үнэлсэн болохыг би 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр мэдсэн. Иймээс би дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гомдол гаргаж байна. Учир нь хуулиар шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь дуудлага худалдаанд оруулах эд хөрөнгийн үнийн талаар өмчлөгч буюу төлбөр төлөгч төлбөр авагч нарыг харилцан тохиролцуулах ажиллагаа хийнэ, хэрвээ харилцан тохиролцож чадаагүй бол шинжээч томилно гэснийг зөрсөн. Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч Н.Тийг төлбөр авагч “Х ББСБ” ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохиролцох ажиллагааг огт явуулаагүй, шууд шинжээч томилсон байдаг. Мөн шийдвэр гүйцэтгэгч нь шинжээч томилж байгаагаа мэдэгдээгүй, орон сууцны үнэлгээг ямар компаниар үнэлүүлсэн, шинжээчийн үнэлгээний тайланг танилцуулаагүй болно. Хан-Уул дүүрэг, ... дугаар хороо, гудамж, ...... дугаар байр, .. тоотод байрлах 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээ нь зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд дурдсан Хан-Уул дүүрэг, ... дугаар хороо, гудамж, ...... дугаар байр, .. тоотод байрлах 2 өрөө орон сууцыг битүүмжилж, хураан авсан. Ингээд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нараас үнийн санал авахад төлбөр төлөгч Н.Т, хамтран өмчлөгч Л.Л нар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 180.000.000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналаа 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн. Төлбөр төлөгчийн ирүүлсэн үнийн саналыг төлбөр авагч талд танилцуулахад “Хишигбумбан ББСБ” ХХК-иас зөвшөөрөөгүй тул шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Ингээд шинжээч томилж, “Б ХХК-ийн дүгнэлтээр уг орон сууцыг 127.573.600 төгрөгөөр үнэлсэн. Уг шинжээчийн тайланг төлбөр төлөгч Н.Тт 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн албан бичгээр биечлэн гардуулж, гарын үсэг зуруулсан. Мөн үнэлгээний талаар гомдол гаргах 1 сарын хугацаа өнгөрсөн байгаа. Иймээс гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

            ҮНДЭСЛЭХ нь:

           

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, үнэлгээ хүчингүй болгуулах тухай Г.Хын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн ...../......../.....дугаар захирамжаар “...нэхэмжлэгч Х ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 77.531.738 төгрөгийг хариуцагч Н.Т төлөхийг хүлээн зөвшөөрч, үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 107 дугаар байр, 52 тоотод байрлах 59.83 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэжээ.

 

Уг шүүхийн шийдвэрийг төлбөр төлөгч Н.Т сайн дураар биелүүлээгүйгээс тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн .......дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 20291275/189 дүгээр Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 20291275/02 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор барьцаа хөрөнгө болох Н.Т, Л.Л нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, ... дугаар хороо, гудамж, ...... дугаар байр, .. тоотод байрлах, 59.83 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар “уг үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах үнийн саналыг ирүүлэх”-ийг төлбөр төлөгч Н.Т, орон сууцны хамтран өмчлөгч Л.Л нарт 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр мэдэгдэж, гарын үсэг зуруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 4-140113114 дүгээр албан бичиг, уг албан бичигт зурагдсан Н.Тийн гарын үсэг, мөн Н.Т, Л.Л нарын оршин суух Хан-Уул дүүрэг, ... дугаар хороо, гудамж, ...... дугаар байр, .. тоот гэсэн хаягаар шуудангаар хүргүүлсэн гэх Монгол шуудангийн тэмдэг, дардсаар нотлогджээ.

 

Ингээд төлбөр төлөгч Н.Т, орон сууцны хамтран өмчлөгч Л.Л нарын ирүүлсэн уг орон сууцны үнийн санал “180.000.000 төгрөг” гэснийг төлбөр авагч “Х ББСБ” ХХК-иас хэт өндөр үнийн санал ирүүлсэн гэж үзэн, шинжээч томилуулах хүсэлтийг 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн тул “дуудлага худалдаагаар худалдах үнийн саналын талаар харилцан тохиролцоогүй” гэж үзэн,  2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 7/......дугаар тогтоолоор уг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор “Б” ХХК-ийг шинжээчээр томилжээ.

 

Шинжээчээр томилогдсон “Б” ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн ОСҮ-21/7 дугаар Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлангаар “...Хан-Уул дүүрэг, ... дугаар хороо, гудамж, ...... дугаар байр, .. тоотод байрлах, 59.83 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг 127.573.600 төгрөг” гэж дүгнэлт гаргасныг төлөгч Н.Т, орон сууцны хамтран өмчлөгч Л.Л нарт 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдсэн болох нь 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 4-140/13931 дүгээр албан бичиг, уг албан бичигт зурагдсан Н.Тийн гарын үсэг, мөн Н.Т, Л.Л нарын оршин суух Хан-Уул дүүрэг, ... дугаар хороо, гудамж, ...... дугаар байр, .. тоот гэсэн хаягаар шуудангаар хүргүүлсэн гэх Монгол шуудангийн тэмдэг, дардастай баримт болон Н.Тийн 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт гаргах нь гэсэн баримтаар нотлогджээ.

 

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, тухай бүрд нь төлбөр төлөгч, орон сууцны хамтран өмчлөгч нарт нь мэдэгдэж, дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн саналыг авч, харилцан тохиролцоонд хүрээгүй тул төлбөр төлөгчөөс хураагдсан эд хөрөнгийг хөндлөнгийн эрх бүхий байгууллагаар зах зээлийн үнэлгээг тогтоолгосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2, 55.3-т заасантай нийцэж байх тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Н.Тийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс нэхэмжлэгчид хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Н.Тийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Таас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                           Ж.СЭМЖИД