Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2022/00116

 

 

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2022/00116

 

Н.Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2021/02191 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Т-ийн хариуцагч НШШГГ холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/01866 дугаар захирамжаар Н.Т-аас 77,531,738 төгрөг гаргуулан Хишиг бумбан инвест ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Л.Л болон Н.Тнарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж, 107 дугаар байр, 52 тоотод байрлах 59.83 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 127,573,600 төгрөгөөр үнэлснийг 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр мэдсэн тул дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хуулиар шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь дуудлага худалдаанд оруулах эд хөрөнгийн үнийн талаар өмчлөгч буюу төлбөр төлөгч, төлбөр авагч нарыг харилцан тохиролцуулах ажиллагаа хийнэ, хэрэв харилцан тохиролцож чадаагүй бол шинжээч томилно гэснийг зөрчсөн. Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч Н.Т-ийг төлбөр авагч Хишиг бумбан инвест ББСБ ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохиролцох ажиллагаа явуулахгүйгээр шинжээч томилсон байдаг. Мөн шийдвэр гүйцэтгэгч нь шинжээч томилж байгаагаа мэдэгдээгүй, орон сууцны үнэлгээг ямар компаниар үнэлүүлсэн, шинжээчийн үнэлгээний тайланг танилцуулаагүй болно. Иймд дээрх орон сууцыг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд дурдсан Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж, 107 дугаар байр, 52 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг битүүмжилж, хураан авсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нараас үнийн санал авахад төлбөр төлөгч Н.Т , хамтран өмчлөгч Л.Л нар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 180,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналаа 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн. Төлбөр төлөгчийн ирүүлсэн үнийн саналыг төлбөр авагч талд танилцуулахад Хишиг бумбан ББСБ ХХК-аас зөвшөөрөөгүй тул шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Ингээд шинжээч томилж, Баян модот ХХК-ийн дүгнэлтээр уг орон сууцыг 127,573,600 төгрөгөөр үнэлсэн. Уг шинжээчийн тайланг төлбөр төлөгч Н.Т т 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн албан бичгээр биечлэн гардуулж, гарын үсэг зуруулсан. Мөн үнэлгээний талаар гомдол гаргах 1 сарын хугацаа өнгөрсөн. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан НШШГГ холбогдох, үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Н.Т-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.а Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, шүүх хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь хуульд нийцээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. М.Хби 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Н.Т-аас итгэмжлэл авч, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хэргийн материалтай танилцаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эхэлсэн. Шүүх хуралдаан 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 11 цаг 00 минутад товлогдож, миний бие хурлын тов мэдэгдэх хуудаст гарын үсэг зурсан. Шүүх хуралдааны өдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 09 цаг 00 минутын үед манай дүү өндөр халуурч, 2 удаа түргэвчилсэн шинжилгээ авахад эерэг гарсан тухай Хэнтий аймгаас надад утсаар хэлсэн. Тухайн үед манай дүү болох М.Х надтай хамт нэг гэрт байж байгаад 2 өдрийн өмнө Хэнтий аймаг руу явсан учраас би ойрын хавьтал болсон тухайгаа шүүгчийн туслах Л.Солонгод утсаар мэдэгдсэн. Шүүгчийн туслахаас ...түргэвчилсэн шинжилгээ өгөөд хариу нь гарахаар хэлээрэй... гэсэн тул би гэрийнхээ ойролцоох эмийн сангаас түргэвчилсэн шинжилгээ авч үзэхэд эерэг гарсан. Энэ талаар шүүгчийн туслах Л.С-д хэлэхэд ...ПСР шинжилгээ байхгүй бол хурал хойшлуулах боломжгүй, ийм богино хугацаанд ПСР өгөөд хариугаа өгөх боломжгүй байдаг, юу ч гэсэн шүүгчээсээ асуугаад эргээд хариу хэлье... гэж хэлэхээр нь ...би Ковид-19 халдвараар өвдсөн гэдгээ баттай мэдэхгүй байна, асуудалгүй гэвэл хуралдаа орно шүү, би шүүхийн байртай ойрхон байгаа... гэж хэлсэн. Улмаар над руу дахиж ярихгүй болохоор нь утсаар залгаж асуухад ...шүүгчийн зөвлөгөөнөөс асуугаад хариу хэлнэ... гэж хэлэхээр нь хуралдаа орох хүсэлттэй байгаагаа дахин илэрхийлж хэлсэн. Хэсэг хугацааны дараа шүүх хуралдааны нарийн бичгийн дарга утсаар залгахад ...би хуралдаа орно, шүүхийн байртай ойрхон байгаа шүү... гэхэд ...за, би туслахаас асууя... гээд утсаа тасалсан. Улмаар 11 цаг болоход над руу хэн аль нь ч залгахгүй болохоор нь өөрөө залгаж асуутал ...хурал орсон, эзгүйд шийдвэрлэсэн, та гомдол гаргах эрхтэй... гэж хэлсэн. Гэтэл намайг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзэж, миний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж, хэргийн ороцогчийн шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхийг хязгаарлаж, хууль зөрчиж хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хязгаарлаж шийдвэрлэсэн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй.

4.б Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийх журмыг зөрчсөн байхад энэ талаар дүгнэлт өгөлгүй, ажиллагаа хуульд нийцсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч талаас өмнө нь Ковид-19 туссан гэх шалтгаанаар шүүх хуралдааныг 2 удаа хойшлуулж байсан. Сүүлд Ковид-19 туссан гэх шалтгаанаар дахин хойшуулах хүсэлт гаргасан боловч нотлох баримт ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль журмын дагуу явагдсан тул гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж, гомдолд заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Н.Тнь хариуцагч НШШГГ холбогдуулан Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр Чингисийн өргөө гудамж, 107 дугаар байр, 52 тоотод байрлах 59.83 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 127,573,600 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/01866 дугаар захирамжаар нэхэмжлэгч Хишиг бумбан инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 77,531,738 төгрөгийг хариуцагч Н.Ттөлөхийг хүлээн зөвшөөрч, үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж, 107 дугаар байр, 52 тоотод байрлах 59.83 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх28-30 дахь тал/

 

Дээрх хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэж, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 01058 тоот гүйцэтгэх хуудас олгогдсоноор Н.Т , Л.Л нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж, 107 дугаар байр, 52 тоотод байрлах 59.83 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2029/1275/139 тоот тогтоолоор битүүмжилж, 20291275/02 тоот тогтоолоор хураан авсан ба энэ талаар хуульд заасны дагуу талууд гомдол гаргаагүй. /хх32-33, 37-38 дахь тал/

 

2. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талууд дуудлага худалдаа явуулах үеийн үнэлгээний талаар харилцан тохиролцсон бол үнэлгээ хийлгэхээр мэргэжлийн үнэлгээчнийг шинжээчээр томилох шаардлагагүй. Харин төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч талууд үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй бол шинжээч томилон мэргэжлийн үнэлгээчдийн саналыг үндэслэн үнэлгээ тогтоохоор хууьчлан зохицуулсан.

 

Хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан баримтаас үзвэл хариуцагч байгууллага нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнэлгээг тогтоохоор төлбөр төлөгч Н.Т , өмчлөгч Л.Л нараас үнийн санал авахад үл хөдлөх эд хөрөнгийг 180 000 000 төгрөгөөр үнэлсэн санал гаргасан /хх42-43/ уг үнэлгээний саналыг төлбөр авагч Хишиг бумбан инвест ББСБ ХХК зөвшөөрөөгүй шинжээч томилуулах хүсэлт гаргаж /хх-44/ улмаар талууд үнэлгээг харилцан тохиролцоогүй тул Баян модот ХХК-ийг 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 7/135 дугаар тогтоолоор шинжээчээр томилсон /хх45/ нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй байна.

 

3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага болох Баян модот ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилсон тогтоолдоо Шүүх шинжилгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан эрх үүргийг тус тус танилцуулж, шинжээчийн дүгнэлтийг 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор ирүүлэхийг даалгажээ.

 

Шинжээч Баян модот ХХК нь Иргэний хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж, 107 дугаар байр, 52 тоотод байрлах 59.83 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өнөөгийн зах зээлийн үнэ, цэнийг 127,573,600 төгрөгөөр үнэлсэн байна. /хх-50-63 дахь тал/

 

4. Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу дээрх үнэлгээний талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 4-140/13932 дугаар албан бичгээр мэдэгдэж, үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Н.Т , өмчлөгч Л.Л нарт гардуулан өгчээ. /хх65 дахь тал/

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч Н.Тнь Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж, 107 дугаар байр, 52 тоотод байрлах 59.83 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнээс багагүй үнээр өөрөө бие даан худалдан борлуулах хүсэлтээ гаргаж хуульд заасан хугацааг авсан байна. /хх-66 дахь тал/

 

6. Хариуцагч нь хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, тухай бүрд нь төлбөр төлөгч, өмчлөгч нарт нь мэдэгдэж, дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн саналыг авч, харилцан тохиролцоонд хүрээгүй тул төлбөр төлөгчөөс хураагдсан эд хөрөнгийг хөндлөнгийн эрх бүхий байгууллагаар зах зээлийн үнэлгээг тогтоолгосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2, 55.3-т заасантай нийцсэн байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийх журмыг зөрчсөн байхад энэ талаар дүгнэлт өгөлгүй, ажиллагаа хуульд нийцсэн гэж үзсэн нь үндэслэлгүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно. /4б/

 

7. Анхан шатны шүүх 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдааны товыг зохигчдод 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр мэдэгдэж, баримтад гарын үсэг зуруулсан болох нь хэргийн 75 дахь талд авагдсан шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтаар тогтоогдсон бөгөөд шүүх нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг буруутгахгүй. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...Ковид-19 халдварын ойрын хавьтал болж, түргэвчилсэн шинжилгээ өгөхөд эерэг гарч улмаар шүүгчийн туслахад мэдэгдсэн бөгөөд шүүгчийн зөвлөгөөнөөс асуугаад хариу хэлье гэсэн боловч хэлээгүй. Шүүх хуралдаанд биечлэн оролцохоо илэрхийлсээр байхад, шүүхийн байртай ойрхон байгаагаа хэлсээр байхад ямар ч хариу хэлэлгүйгээр шүүх хуралдааныг явуулж, нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна... гэж давж заалдах гомдол гаргасан боловч хэргийн баримтаар гомдолд дурьдсанаар нөхцөл байдлыг нотлох баримт байхгүй тул энэ талаарх гомдол үндэслэлгүй байна. /4а/ Нэхэмжлэгчээс уг нөхцөл байдлын талаар шүүхэд мэдэгдсэн талаар баримт хэрэгт байхгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2021/02191 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ