Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2019/0172

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Эрдэнэтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: У ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газрын алба

Гуравдагч этгээд: У ХХК, С  ХХК, М ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 676 дугаар захирамжийн М ХХК-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/290 дүгээр захирамжийн С  ХХК-д холбогдох хэсэг, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамж, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/750 дугаар захирамжийн У ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Газрын кадастрын мэдээллийн санд У ХХК-ийн эзэмшил газрын байршлын зургийг алдаатай бүртгэсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, зөвтгөж оруулахыг Нийслэлийн Газрын албанд даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, С.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагч Нийслэлийн газрын алба, Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, хариуцагч Нийслэлийн газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, гуравдагч этгээд У ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, Ө.С, өмгөөлөгч Р.М, гуравдагч этгээд С  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анх 2001 онд Нийслэлийн Засаг даргын А/232 дугаар захирамжаар Ү ХХК-д 29.000 м.кв газрыг эзэмшүүлсэн байдаг. 2003 оны 164 дүгээр захирамжаар газрын хэмжээг нэмэгдүүлж 32.210 м.кв газрыг эзэмшүүлсэн. Улмаар Ү ХХК-иас У ХХК нь газар эзэмших эрхийг 2008 онд шилжүүлэн авсан. Газрыг шилжүүлэхэд Нийслэлийн Засаг даргын 2008 оны 461 дүгээр захирамжаар 28.119 м.кв газрыг эзэмшүүлсэн. Тэгэхээр 32.210 м.кв газрын баруун хойд хэсгээс тодорхой хэмжээгээр багасгасан байгаа. Тухайн хэсэгт н.Б-т гэх иргэний үл хөдлөх хөрөнгө байдаг учраас түүнтэй холбогдуулан газрын хэмжээг багасган У ХХК-д шилжүүлсэн. 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/829 дүгээр захирамжаар У ХХК-ийн газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгаж, өнөөдрийн байдлаар 28.119 м.кв газрыг эзэмшиж байна. Нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн Засаг даргын 4 захирамжтай холбогдуулан маргаж байгаа. Уг 4 захирамж нь үндсэндээ нэг л газрын эрхтэй холбоотой. 3064 м.кв газар эзэмших эрхийг анх олгоод тухайн газрыг дараа, дараагийн этгээдэд шилжүүлсэн, газрын эрхийг сунгасантай холбоотой 4 захирамж байдаг. Энэ нь 3064 м.кв газар нь У ХХК-ийн эзэмшил газар байх ёстой. Гэтэл 2005 онд кадастрын мэдээллийн санд өөрчлөлт оруулж 3064 м.кв газар нь хоосон мэтээр бүртгэгдэж явсан. 2011 онд газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь М ХХК юм байна гэдэг үндэслэлээр Нийслэлийн Засаг дарга 3064 м.кв газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргасан байдаг. Тус газар нь анх Ү ХХК болон У ХХК-ийн газар байсан гэж бид маргаж байна. 2013, 2014 онуудад У цогцолборын барилгыг хувьчлах ажил зохион байгуулагдаж У ХХК нь 1.700.000.000 төгрөгөөр тухайн объект болон 28.119 м.кв талбайг худалдан авсан. Хэрэгт авагдсан баримтаас харахад Ю ХХК гэх үнэлгээний компани үл хөдлөх эд хөрөнгийг болон газрыг тус тусад нь үнэлсэн. 1.700.000.000 төгрөгийн үнэд газар болон барилгын үнэ бүгд орсон. У ХХК нь газрын үнийг төлөөд, Ү ХХК нь газрыг анх эзэмшээд явж байсан. Гэтэл тус газрыг М ХХК-д эзэмшүүлж улмаар С  ХХК, У ХХК-иудад шилжүүлэн эзэмшүүлээд байгаа нь хууль бус захиргааны үйл ажиллагаа болжээ.

Манай 28.119 м.кв эзэмшил газрын зүүн хойд талаас хасагдсан хэмжээнд У цогцолборлуу ордог авто зам, нийтийн эдэлбэр газрыг манайд эзэмшүүлэн кадастрын мэдээллийн санд оруулсан байдаг. Үүнийг У ХХК нь огт мэдээгүй. Уг асуудлыг 2017 онд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд У ХХК нь газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж хариуцагчаар У ХХК-ийг тодорхойлсон байдаг. Манай үл хөдлөх хөрөнгө дотор У ХХК-ийн жорлон байна. Үүнийг чөлөөлүүлье гэдэг агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Уг нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гардан авах үедээ тухайн объект, газрыг тус компанийн эзэмшил, өмчлөлд шилжсэн болохыг мэдсэн. 2018 оны 01 дүгээр сард Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн газрын албанд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдлоо гаргаж, хариу авсан. Улмаар 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн үед Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан шийдвэр гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байсан.

Хариуцагч, гуравдагч этгээдийн шүүхэд ирүүлсэн тайлбараас харахад шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж тайлбарладаг. Бид маргаан бүхий захиргааны актын талаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд маргаан үүсэхэд мэдсэн. Улмаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг ханган Нийслэлийн Засаг дарга болон Газрын албанд хандаж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргасан. Бид хамгийн сүүлийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодорхойлсон байгаа. Үүнээс өмнөх нэхэмжлэлийн шаардлагад илт хууль бус захиргааны актад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэсэн хуулийн зохицуулалтыг өөртөө ашигтай, давуу байдлаар ашиглах зорилго байгаагүй. Тухайн захиргааны акт Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байсан.

У ХХК буюу М ХХК-д газар ашиглах эрхийг шинээр баталгаажуулан олгохдоо Нийслэлийн Засаг дарга дараах хуулиудыг зөрчсөн байдаг. Үүнд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан. Тухайн үед энэ газар У ХХК-ийн эзэмшил, ашиглалтад байсан. Мэдээллийн санд бүртгэгдээгүй байгаа нь нэхэмжлэгч компанийн буруутай үйл ажиллагаа биш юм. Энэ нь Нийслэлийн газрын албаны буруутай үйл ажиллагаа байсан. Зориуд ямар ч захирамж, шийдвэргүйгээр иргэн, бусад хуулийн этгээдийн нэр дээр манай газраас хасаж бүртгэснээс маргааны үндэс тавигдсан. Мэдээллийн санд давхцалгүй мэт харагдаж байгаа боловч бодит байдал дээр бид газрыг эзэмшээд, ашиглаад явж байсан. Иймд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалт зөрчигдсөн байна.

М ХХК нь тухайн газар ашиглах эрхийг шинээр баталгаажуулан авсан байдаг. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар газрыг шинээр баталгаажуулан авч байгаа тохиолдолд 2 арга замаар газрын эрхийг олж авдаг. Үүнд дуудлага худалдаанд оролцох, төсөл шалгаруулалтад оролцох хэлбэрээр газрыг хуулийн этгээдэд олгодог. М ХХК нь газрын эрхийг авахдаа төсөл шалгаруулалт, дуудлага худалдаанд оролцох эсэх лавлагааг шүүхийн журмаар авахад тус газартай холбоотой дуудлага худалдаа, төсөл шалгаруулалтад оролцоогүй гэсэн хариуг ирүүлсэн. Энэ нь Газрын тухай хуулийн дээрх заалтыг зөрчсөнийг харуулж байна. Төрийн өмчийн, У ХХК-ийн эзэмшил газрыг нэг ч төгрөг төлөхгүйгээр авсан.

2014 онд У ХХК нь тухайн объектыг хувьчлан авах үедээ газрын 371.000.000 төгрөг төлсөн байдаг. 2008 онд газар эзэмших эрхтэй болсноос хойш ямар ч ашиггүй газарт газрын төлбөр төлсөөр ирсэн байна. Манайд нэмж эзэмшүүлсэн зам, нийтийн эдэлбэр газрыг бид ашигладаггүй. Гэвч мэдээллийн санд орсон, Газрын албанаас төлбөр төлөхийг шаарддаг учраас газрын төлбөрийг төлж ирсэн байна.

М ХХК-ийн газрын хувийн хэрэгт У ХХК-иас М ХХК-д газрын эрхийг шилжүүлэх тухай гэрээ, 2 талын хүсэлт байдаг. Үүнд 2700 м.кв орчим газрыг шилжүүлэх гэрээ, газар эзэмших хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад гаргасан байна. Тухайн 2011 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн гэрээ хэрэгжээгүй юм. Тухайн газрыг шилжүүлэхтэй холбоотойгоор аман байдлаар хэлэлцэж, тохиролцоод явж байсан. Гэрээг үзэглэсэн боловч үүнтэй холбоотой төлбөрийг М ХХК нь манай компанид төлөөгүй байдаг. Тэгэхээр газрын эрхийг шилжүүлэх харилцаа огт байхгүй. Энэ ч утгаар Нийслэлийн Засаг дарга газрын эрхийг шинээр баталгаажуулж олгосон. Дээрх эд хөрөнгө нь М ХХК-ийн өмч гэдэг үндэслэлээр газрыг эрхийг шинээр олгосон. Нийслэлийн Засаг даргаас газрыг У ХХК-иас шилжүүлсэн гэдэг үндэслэлээр газрын эрхийг олгоогүй юм. Хэрэв газрыг шилжүүлсэн гэж үзэхэд 28.119 м.кв газраас 2700 м.кв газар хасагдах ёстой байсан. Өнөөдрийн байдлаар 2008 онд гарсан захирамжийн дагуу 28.119 м.кв газраа манай компани хэвээр эзэмшиж байгаа. Гагцхүү газрын байршил нүүж, газрын зүүн хойд хэсгээс хасагдан өөр газарт газар нэмэгдсэнтэй холбогдуулан манай эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдлөө гэж үзэн нэхэмжлэл гаргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү... гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2008 онд У ХХК нь Ү ХХК-иас газрыг шилжүүлэн авсан. Тухайн үед хийгдсэн зураг нь алдаатай байсан. Бид нийтийн эзэмшил газрын төлбөрийг 10 гаруй жил төлөөд явна гэж байхгүй. Зургийг алдаатай гэж мэдээгүй. Энэ нь тухайн үеийн Газрын албанд ажиллаж байсан хүмүүсийн луйвар байна. 2005 онд хэсэг газрыг таслан аваад хэмжээнд нь тааруулан нийтийн эзэмшил газрыг манайд нэмж мэдээллийн санд оруулсан байна. Бид өөрсдийн эзэмшиж буй газрыг үнэн зөвөөр тогтоолгох хүсэлттэй байна. Нийслэлийн өмчөөс худалдан авсан үл хөдлөх хөрөнгө, түүний доорх болон эргэн тойрны эзэмшил газрын үнийг төлсөн байгаа. Гуравдагч этгээдэд анх газар олгохдоо ямар ч сонгон шалгаруулалт, дуудлага худалдаагүй, төсөл хэрэгжүүлэлгүйгээр газар олгосон байгаа нь хууль бус байна. Иймд манай газрын үнэн зөвийг тогтоож өгнө үү... гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Газрын албанд холбогдуулан гаргасан зураг зөвтгөж оруулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ү ХХК-д 2003 оны 164 дүгээр захирамжаар 32.210 м.кв газрыг эзэмшүүлсэн. Ү ХХК болон У ХХК-иудын хооронд байгуулагдсан эрх шилжүүлэх гэрээ, хүсэлтийг үндэслэн 2008 оны 461 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг шилжүүлсэн байдаг. Шилжүүлэхэд талбайн хэмжээ 28.119 м.кв болон багассан. Үүнийг нэхэмжлэгч компани хүлээн зөвшөөрөөд гэрээ байгуулан, гэрчилгээгээ баталгаажуулсан баримт хавтаст хэрэгт байгаа. Мөн 2013 онд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулсан.

Нэхэмжлэгч Нийслэлийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 676 дугаар захирамжийн М ХХК-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/290 дүгээр захирамжийн С  ХХК-д холбогдох хэсэг, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамж, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/750 дугаар захирамжийн У ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна. Энэ нь хууль зүйн хувьд биелэгдэх боломжгүй. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 676 дугаар захирамжаар М ХХК-д газар ашиглах эрх олгосон. Уг компанийн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж учраас газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг гаргахад иргэн, хуулийн этгээдээс гаргасан хүсэлт, хоорондын гэрээ зэргийг үндэслэсэн. У ХХК нь хүсэлт гаргасан байдаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаагаар тус гэрээг хэрэгжсэн эсэх нь бидний шийдвэрлэх асуудал биш. Хэрэв гэрээ хэрэгжээгүй бол гэрээг цуцлах асуудлыг манайд мэдэгдсэн бол асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан. Манайд үүнтэй холбоотой ямар нэгэн баримтыг ирүүлээгүй. Иймд М ХХК-ийн газар ашиглах эрхийг баталгаажуулсан.

Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар газрыг олгоогүй гэж байна. Газрын тухай хууль 2002 онд батлагдан 2003 оноос хэрэгжиж эхэлсэн. Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтад оролцоогүй боловч Нийслэлийн Засаг даргын 2013 оны дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх захирамжийн хүрээнд дуудлага худалдааны үнийг авах боломж, бололцоо байгаа. Энэ үндэслэлээр захирамжийг хүчингүй болгоно гэж байгаа нь өрөөсгөл байна. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 676 дугаар захирамжаар газар ашиглах эрх үүссэнээс хойш газар эзэмшигч өөрчлөгдөөд, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулсан. Гэтэл юу ч мэдээгүй гэж байгаа нь үнэнд нийцэхгүй юм.

Анх газар ашиглах эрхийг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг үндэслэн баталгаажуулсан асуудал бий. Гэтэл нэхэмжлэгч объектыг манайх хувьчлан авсан учраас доорх газар нь манайх, бид анхнаасаа эзэмшигч байсан, гуравдагч этгээдэд газар олгосон асуудлыг мэдэхгүй гээд байгаа хууль зүйд болон үнэнд нийцэхгүй. Газрын тухай хуульд газар дээр байгаа байгууламж, үл хөдлөх эд хөрөнгө нь газрын салшгүй бүрдэл хэсэг мөн гэж заасан учраас үл хөдлөх хөрөнгийн асуудлыг шийдвэрлэсний дараа газрын асуудал шийдвэрлэгдэх боломжтой гэж үзэж байгаа. Үл хөдлөх хөрөнгийн асуудал шийдвэрлэгдээгүй байгаа гэдгийг шүүх анхаарч үзэх байх. Нэхэмжлэгчийн тайлбарлаж буй үндэслэлүүдээр Нийслэлийн Засаг даргын дээрх 4 захирамжийг хүчингүй болгох үндэслэл байхгүй байна.

Газрын мэдээллийн санд өөрчлөлт оруулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын хувьд гэрчийн мэдүүлгээр захирамжгүйгээр мэдээллийн санд өөрчлөлт оруулсан гэдэг асуудал яригдсан. Газрын тухай хуульд захиргааны шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасан байдаг. Тухайн зурагт өөрчлөлт оруулсан асуудалд зурагт өөрчлөлт оруулсан гэрч сайн санахгүй, мэдэхгүй байна гэж мэдүүлсэн. 2011 онд тухайн газар захирамж, шийдвэртэй болсон учраас газрын мэдээллийн санд өөрчлөлт оруулах боломж байхгүй. Захирамжийн дагуу зураг оруулсан үйл баримт тогтоогдож байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү... гэв.

Гуравдагч этгээд У ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Газрын кадастрын мэдээллийн санд У ХХК-ийн эзэмшил газрын байршлын зургийг алдаатай бүртгэсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, зөвтгөж оруулахыг Нийслэлийн Газрын албанд даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тэгэхээр мэдээллийн санд алдаатай бүртгэсэн үйлдэл гэсэн захиргааны акттай маргаж байна. Энэ тохиолдолд тухайн захиргааны акт нь тодорхой байх ёстой. Өөрөөр хэлбэл 2004 онд мэдээллийн санд орсон зурагтай маргаад байгаа юм уу?, 2005 онд О.Б-ийн газартай холбогдуулан мэдээллийн санд оруулсан үйлдэлтэй маргаад байгаа юм уу?. Үүнийг тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэхгүй бол ямар үйлдлийг хууль бус болохыг тогтоох нь тодорхойгүй байна.

Зөвтгөж оруулахыг даалгах гэж байна. Үүнийг нэхэмжлэгч талын тайлбарын дагуу одоо байгаа 28.000 м.кв талбайгаас нийтийн эзэмшил буюу ойролцоогоор 1050 м.кв газрыг хасаад зүүн хойд хэсэгт байгаа 3064 м.кв нэмбэл 30.000 м.кв талбайгаас илүү гарч байгаа. Гэтэл нэхэмжлэгчид Нийслэлийн Засаг даргын захирамжаар 28.119 м.кв газрыг эзэмшүүлсэн. Нэхэмжлэгч газрын хэмжээтэй холбогдуулан маргадаггүй. Тэгэхээр газрын мэдээллийн санд зургийг зөвтгөж оруулах боломжгүй.

Нийслэлийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/290 дүгээр захирамжийн С  ХХК-д холбогдох хэсэг, 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 676 дугаар захирамжийн М ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага биелэгдэх боломжгүй. Учир нь газрыг шилжүүлсэн Нийслэлийн Засаг даргын захирамжаар хүчингүй болсон захирамжууд юм. Тэгэхээр хүчингүй болсон захирамжийг дахин хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа нь ойлгомжгүй байна.

Нийслэлийн Засаг даргын 4 захирамжийг хүчингүй болгуулна гэж маргаж байгаа боловч тус захирамжууд нэхэмжлэгч У ХХК-ийн ямар эрх, ашиг сонирхлыг зөрчөөд байгааг тайлбарласангүй.

2005 онд Ү ХХК-ийн газраас О.Б ийн 3600 м.кв газрыг хасаад газрын баталгаат хэмжээг тогтоосон акт үйлдсэн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс манай газраас хууль бусаар О.Бгэх хүнд шилжүүлчихлээ гэж тайлбарласан байдаг. Тухайн үеийн газрын албаны мэргэжилтэн н.С нь ...хоёр талаас хүсэлт ирсэн тохиолдолд газрын мэдээллийн зурагт өөрчлөлт оруулах боломжтой. Нийслэлийн Засаг даргын захирамж гараагүй тохиолдолд тухайн зургийг баталгаажсан гэж үзэхгүй гэж гэрчийн мэдүүлэг өгсөн. Тухайн зургийг О.Б-д хууль бусаар газар шилжүүлсэн шийдвэр гэж харахгүй байна. Техникийн зөвлөлийн хуралд зориулан бэлтгэсэн зураг хувийн хэрэгт нь орсон гэж үзэж байгаа.

Хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг зайлшгүй ярих ёстой. У ХХК 2008 онд Нийслэлийн газрын албатай газар эзэмших гэрээ байгуулсан. Гэтэл тухайн үед гарсан кадастрын зургийг хараагүй байж байгаад 2018 онд 10 жилийн дараа мэдсэн гэж байна. Хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг шүүх анхаарч үзэх шаардлагатай. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан. Нэхэмжлэгч мэдээгүй гэж тайлбарлаж байгаа. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалаар батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 5.14-д Үл хөдлөх эд хөрөнгийн хаяг /гэр хороололд байгаа/ өөрчлөгдсөнийг бүртгэхдээ тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа газрын баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, баталгаажсан хаяг бүхий кадастрын зургийг үндэслэл болгоно гэж заасан. У ХХК нь объектдоо хаяг авахдаа кадастрын зургаа хавсарган өгсөн баримтууд хавтаст хэрэгт байгаа. Мөн 2013 онд газар эзэмших эрхийн хугацаа нь дуусаад дахин газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байдаг. Тухайн үед кадастрын зургаа харсан байх ёстой. 2008 онд байгуулсан газар эзэмшүүлэх гэрээнд энэхүү гэрээний салшгүй хэсэг болох дараах зүйлийг заавал тусгах бөгөөд эдгээр аль нэг нь дутуу бол гэрээг хүчингүй тооцох үндэслэл болно гээд 1.1 дэх хэсэгт газрын байршил, хэмжээ, хил хязгаарын заагийг тодорхойлсон кадастрын зураг гэж заасан байгаа. Тухайн үед кадастрын зургийг зайлшгүй харсан болох нь харагдаж байна.

М ХХК нь дуудлага худалдаанд оролцох, төсөл шалгаруулалтад оролцох хэлбэрээр газрыг аваагүй гэж байна. Энэ асуудлаар У ХХК нь маргах эрхгүй гэж үзэж байгаа. У ХХК нь манайх байх ёстой газрыг газрын мэдээллийн санд буруу оруулснаас болж тухайн газрыг М ХХК эзэмшсэн гэж маргаж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү... гэв.

Гуравдагч этгээд У ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэхийг хүсч байна. Нэхэмжлэгч өөрт нь газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2008 оны 461 дүгээр захирамжтай маргахгүй байна. Тэгэхээр газрын хэмжээтэй холбогдуулан маргахгүй гэж ойлгогдлоо.

Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн гол мөн чанар зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино. Дээрх захирамжуудыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар эрх, ашиг сонирхол нь сэргэх, мөн тухайн захирамж нь ямар хуулийн, хэд дэх заалтуудыг зөрчиж байгааг тодорхой тайлбарлахгүй байна. У ХХК-ийн эрх ашиг сэргэхгүй, маргах эрхгүй юм. Учир нь Ү ХХК-иас О.Бгэх хүнд газар салж шилжсэн. Энэ үед У ХХК байгаагүй. 2008 онд тус компани газар эзэмших эрхийг авсан. Уг газар эзэмшүүлсэн захирамжтай маргахгүй байна. Тэгсэн атлаа газрыг Ү ХХК нь эзэмшиж байх үед тус компанийн эзэмшлээс гарсан газартай холбогдуулан маргаж байна. Иймд У ХХК нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Уг асуудалд Ү ХХК хүсэлт гаргаж, О.Б өд шилжүүлсэн. О.Бнь 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тухайн маргаан бүхий газар дээр байрлах үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болсон. 2015 оны 12 дугаар сард газар Ү ХХК-иас салж, өөр этгээдэд шилжихээр зураглал үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Уг асуудалд У ХХК-ийн эрх ашиг сэргэхгүй.

Маргаан бүхий газар дээрх 1944 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн асуудлаар маргаж байгаа боловч өмчлөгчийн асуудал хүчин төгөлдөр байгаа. Тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг хүчингүй болгоогүй. Хүчингүй болгох боломжгүй. Хүчин төгөлдөр өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэн газрыг олгосон.

Нэхэмжлэгчийн зүгээс газрын маргаантай уг асуудлыг мэдээгүй гэж ярьдаг. Гэтэл мэдэж байсныг нотлох баримтууд олон байгаа. У ХХК-ийн гүйцэтгэх захирлаар О.Баяр гэдэг хүн ажиллаж байсан. Дараагийн захирлаар өөр хүн томилогдоод мэдээгүй, одоо мэдэж байна гэдэг зүйл ярьж болохгүй. Хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал солигдсоноос үл хамаарч өмнөх асуудлыг мэдэхгүй гэсэн асуудлыг ярих боломжгүй. Нийслэлийн Засаг даргын 461 дүгээр захирамжийг гардан авахдаа кадастрын зургийг тухайн байгууллага өөрсдөө хийлгэдэг. Кадастрын зургаа хийлгээд Газрын албанд очиж гэрчилгээгээ авах хүсэлтээ гаргадаг. Тэгэхээр газрын маргаантай байгаа уг асуудлыг мэдээгүй гэж ярих нь зохимжгүй юм. Шүүхийг төөрөгдүүлсэн зүйлийг ярьж байгаа нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч анх хүчингүй болгох гэж нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илт хууль бус болохыг тогтоолгох гэж өөрчилсөн. Дараа нь хүчингүй болгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй. Хөөн хэлэлцэх хугацааны асуудал болон ямар үндэслэлээр захирамжуудыг хүчингүй болгох тухайгаа дурдаагүй байгаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү... гэв.

Гуравдагч этгээд С  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Гуравдагч этгээдүүдийн хувьд бүгд тухайн барилга байгууламж, газрын хууль ёсны өмчлөгч, эзэмшигч нар байсан, байгаа этгээдүүд юм. С  ХХК-ийн хувьд 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн дуусаагүй барилга, байгууламж худалдан авах гэрээгээр М ХХК-иас 1944 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан. 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөө барилгын доорх 3064 м.кв талбайтай газрыг шилжүүлэн аваад 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Засаг даргын захирамж гарч газар эзэмших эрх маань баталгаажсан. У ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл У ХХК-д маргаан бүхий 3064 м.кв газар анхнаасаа байгаагүй. 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын 461 дүгээр захирамжийн 7 дугаар хэсэгт зааснаар 28.119 м.кв газрын эрх шилжин баталгаажсан байгаа. 28.119 м.кв газрын хэмжээнд нэхэмжлэгч талаас маргадаггүй. Нэхэмжлэгчийн зүгээс газрын маргаантай энэ асуудлыг мэдээгүй гэсэн огт үндэслэлгүй тайлбар өгч байна. Кадастрын зургийг нэхэмжлэгч өөрөө үйлдүүлсэн. Тухайн газрыг өмчлөгч, эзэмшигч нь Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 7.3 дах хэсэгт зааснаар кадастрын зураг хийлгэх захиалгаа өөрсдөө өгдөг. Төрийн байгууллагаас дур мэдэн кадастрын зургийг нь үйлдчихсэн, үүнийг нь нэхэмжлэгч мэдээгүй байх ямар ч боломж байхгүй. Өөрсдөө үйлдүүлсэн байх кадастрын зураглалыг бид мэдээгүй байна гэдэг нь огт үндэслэлгүй тайлбар юм. Нэхэмжлэгчээс объектын хаяг, нэршлийг авахаар холбогдох баримт бичиг, кадастрын зургийг хавсарган өгсөн баримтууд байгаа. Энэ үед газрын хэмжээнд ямар нэгэн маргаан байгаагүй. Маргаан бүхий газар дээрх үл хөдлөх хөрөнгө олон компанид шилжиж ирсэн. 2003 онд гэхэд тус барилга нь Ү ХХК-ийн өмчлөлөөс аль хэдийн гарчихсан байсан. 2005 онд 32.210 м.кв газар нь 28.119 м.кв болж хасагдахад Ү ХХК нь огт маргаагүй. Ү ХХК нь манай 32.210 м.кв газар 28.119 м.кв болчихлоо гэж байгаа бол тухайн үед маргах эрх нь нээлттэй байсан. Гэтэл 28.119 м.кв газрыг шилжүүлэн авсан этгээд манай эзэмшилд уг газар байсан юм гэж байгаа нь ойлгомжгүй байна. Үүнээс эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй нөхцөл харагдаад байна.

Эрх ашиг нь хөндөгдсөн гэдгийг мэдсэн үеэс хойш 30 хоногийн дотор эрх бүхий байгууллагад хандсаны дараа шүүхэд нэхэмжлэл ёстой. Энэ тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааны хуулийн зохицуулалт хэрэгжих ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэлтэй байна... гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч У ХХК нь нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 461 дүгээр захирамжаар Ү ХХК-аас 28119 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлэн авснаар анх Баянгол дүүргийн 6 дугаар хороо У цогцолборын газрыг үйлчилгээ, соёл урлагийн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болжээ. Улмаар газар эзэмших эрхийн хугацаагаа нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/829 дүгээр захирамжаар 15 жилээр сунгуулан эзэмшиж байна.

            Газар эзэмших эрхээ шилжүүлэн өгсөн Ү ХХК-ийн тухайд нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 164 дүгээр захирамжаар 32210 м.кв газрыг эзэмших эрхтэй байжээ. Энэхүү газрын хэмжээ, байршлыг 2004 оны 03 дугаар сарын Эзэмшил газрын баталгаат хэмжээг тогтоосон актаар тодорхойлсон байна. Энэхүү зургаас үзэхэд Ү ХХК нь У цогцолборын суурийн газрыг бүхэлд нь, баруун хойд талыг эс тооцвол одоо бодит байдал дээр хашаалсан хэмжээгээр газрыг эзэмшиж байсан нь тогтоогдож байна.

            Нэхэмжлэгч У ХХК-ийн зүгээс товчхондоо Нийслэлийн Газрын алба 2005 онд мэдээллийн санд алдаатай зураг оруулсан, үүнээс болж 2011 онд М ХХК-д манай эзэмшил газрын зүүн хойд хэсгийн газрыг олгосон, улмаар тус газар эзэмших эрхийг хууль бусаар С  ХХК, У ХХК-уудад шилжүүлэн эзэмшүүлсэн байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлэг, талуудын тайлбар, хэргийн бодит нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэг. Нийслэлийн Газрын алба кадастрын мэдээллийн сангийн зурагт хууль бусаар өөрчлөлт оруулсан гэх тухайд. Дээр дурдсанчлан 32210 м.кв газар эзэмшиж байсан Ү ХХК-ийн эзэмшил газрыг 2004 оны 03 дугаар сарын Эзэмшил газрын баталгаат хэмжээ тогтоосон акт буюу гар зургаар тодорхойлох боломжтой бөгөөд энэхүү зурагт маргаан бүхий У ХХК-д эзэмшүүлсэн 3064 м.кв газар нь Ү ХХК-ийн эзэмшиж байсан газарт хамаарч байсан нь тогтоогдож байна. Гэтэл тус зурагт 2005 оны 12 дугаар сард өөрчлөлт орж, Ү ХХК-ийн эзэмшил газрыг 27300 м.кв болгон багасгасан, О.Б гэх иргэний нэр дээр 3600 м.кв газрын /энэ нь одоогийн У ХХК-ийн эзэмшил газар/ гар зураг гаргаж, эзэмшил газрын баталгаат хэмжээ тогтоосон акт үйлдсэн байна. Үүнд тухайн үеийн газар зохион байгуулагч Н.С, архитектор С.Ц, дарга Ц.С гэх хүмүүс гарын үсэг зурсан байна.

Энэ нь ямар захирамж шийдвэрийн дагуу хийгдсэн зураг болох талаар Нийслэлийн Газрын алба, итгэмжлэгдсэн төлөөлөгч, гэрчээс тодруулга авахад дээрх байдлаар Ү ХХК-ийн газрын хэмжээг 27300 м.кв болгон багасгах, иргэн О.Б-д 3600 м.кв газар эзэмшүүлэх шийдвэр, захирамж огт гараагүй болох нь тогтоогдож байна. Зургийг үйлдсэн, тухайн үед газар зохион байгуулагчаар ажиллаж байсан гэрч Н.С 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ Энэ зургийг би зурсан байна, ...захирамжгүй дан зураг бол баталгаатай биш, захирамж гарч байж баталгаатай болно гэжээ. Өөрөөр хэлбэл нийслэлийн Засаг даргын 2004 оны 164 дүгээр захирамжаар эзэмшиж байсан Ү ХХК-ийн газрын хэмжээ огт өөрчлөгдөж байгаагүй байна. У ХХК-д газар эзэмших эрхээ шилжүүлэхдээ 32210 м.кв хэмжээгээр газар эзэмших эрхтэй байжээ.

Гэтэл огт үндэслэлгүйгээр, захирамж, шийдвэргүйгээр эзэмшил газрын баталгаат хэмжээ тогтоосон акт, зурагт өөрчлөлт орж, үүнийг үндэслэн кадастрын мэдээллийн санд газрын хэмжээ, байршил өөрчлөгдсөн болох нь тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн манай газрын зүүн хойд хэсгээс хасаж, хассан газраа урд талд нэмж буюу нийтийн эдэлбэр газрыг, У цогцолбор руу ордог авто замыг эзэмшүүлсэн гэх тайлбар үндэслэлтэй байна. 2005 онд, Ү ХХК-ийг газраа эзэмшиж байх үед дээрх газрын хэмжээ, байршил өөрчлөгдсөн хэдий ч газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан У ХХК нь энэхүү асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах, Нийслэлийн Газрын албаны хууль бус гэж үзэж буй захиргааны үйл ажиллагааг шүүхээр дүгнүүлэх эрхтэй болно.

Хоёр. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 676 дугаар захирамжийн М ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд. Энэхүү маргаан бүхий захиргааны актаар У цогцолборын зүүн блокийн суурийн газрыг орчны газрын хамт 3064 м.кв хэмжээгээр М ХХК-д ашиглах эрхтэйгээр шинээр баталгаажуулж олгожээ. Дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь М ХХК-ийн нэр дээр байгаа нь ийнхүү газар ашиглах эрх олгох үндэслэл болсон байна. Энэхүү нийслэлийн Засаг даргын шийдвэр дараах байдлаар хууль болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

Маргаан бүхий газар нь У ХХК-ийн эзэмшил газар байжээ. Учир нь нийслэлийн Засаг даргын 2008 оны 461 дүгээр захирамжаар Ү ХХК нь өөрийн эзэмшил газраа У ХХК-д шилжүүлэхдээ баруун хойд хэсгийн газраас бусдаар үлдсэн газраа бүхэлд нь шилжүүлсэн байна. Харин Ү ХХК, У ХХК-аас хамааралгүйгээр дээрх байдлаар кадастрын мэдээллийн санд алдаатай зураг орсон тул одоогийн маргаан бүхий газар буюу У ХХК-ийн эзэмшлийн 3064 м.кв газар хэний ч өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаагүй мэтээр мэдээллийн санд дүрслэгдсэн, сул чөлөөтэй газар гэж ойлгогдож, газрыг шинээр олгох шалтгаан болжээ. Гэтэл энэ нь бодит байдал дээр У ХХК-ийн эзэмшил газар байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Зүүн хойд хэсгээс хасагдсан газрыг зүүн урд хэсэгт эзэмшүүлсэн мэтээр кадастрын мэдээллийн санд зураг оруулж, баталгаажуулсан нь нийслэлийн Газрын албаны буруутай үйл ажиллагаа, хасагдсан газарт шинээр газар ашиглах эрх баталгаажуулж олгосон нь нийслэлийн Засаг даргын буруутай үйл ажиллагаа байна. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасныг зөрчжээ.

Энэхүү маргаан бүхий газрыг У ХХК-ийн эзэмшилд байсан гэдгийг М ХХК хүлээн зөвшөөрч байсныг эдгээр компаниудын хооронд хийгдсэн 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Газрын эрх шилжүүлэх гэрээнээс харж болохоор байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид Энэхүү гэрээ хийгдсэн боловч бодитоор хэрэгжээгүй, М ХХК гэрээнийхээ дагуу төлбөрөө төлөөгүй. Тэр ч утгаараа нийслэлийн Засаг дарга энэхүү гэрээг үндэслэж газрын эрхийг шилжүүлж чадаагүй байж болох юм гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй бөгөөд гуравдагч этгээд М ХХК нь энэхүү тайлбартай холбоотой, эсхүл газар эзэмших эрх шилжүүлэх гэрээтэй холбоотой тайлбар, баримтыг шүүхэд гаргаж өгсөнгүй. Тиймээс энэхүү гэрээг хэрэгжээгүй гэж үзэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. Хариуцагч болон гуравдагч этгээдүүдийн зүгээс газрын эрхийг шилжүүлсэн зүйл байхгүй, шинээр баталгаажуулж олгосон гэж маргадаг тул энэхүү гэрээ, гэрээг үндэслэсэн талуудын хүсэлтүүдийг нэмж дүгнэх шаардлагагүй байна.

У ХХК нь 2014 онд У цогцолборыг бүхэлд нь Нийслэлийн Өмчийн харилцааны газраас хувьчлан авахдаа 28119 м.кв газрын үнийг төлсөн нь Ю ХХК-ийн үнэлгээний тайлангаас харагдаж байна. Хувьчлалын үнэд газрын үнэ багтсан байжээ. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ... гэж заасан боловч М ХХК нь энэхүү газрыг авахдаа дуудлага худалдааны үнэ төлсөн, төсөл шалгаруулалтад оролцсон зүйл байхгүй байна. Энэ талаарх хариуг Нийслэлийн Газрын алба 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 02-04/5964 дүгээр албан бичгээр шүүхэд ирүүлсэн болно. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа ...Гуравдагч этгээд газрын дуудлага худалдааны үнийг төлсөн зүйл байхгүй ч нийслэлийн Засаг дарга дуудлага худалдааны үнийг нөхөн төлүүлэх боломжтой гэснийг дурдах нь зүйтэй байна.

Хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан 2011 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэлээс харахад М ХХК-д газар ашиглах эрх олгох үндэслэл нь газрын дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх байжээ. Үл хөдлөх эд хөрөнгийг үндэслэж газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгох тухай зохицуулалт Газрын тухай хуульд байхгүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй бөгөөд Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн газар дээрх тэдгээрийн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болно, 47 дугаар зүйлийн 47.1Газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгө өмчлөгч этгээдийн тэрхүү эд хөрөнгөө тухайн газар дээр ашиглах эрх дуусгавар болно гэж тус тус зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг үндэслэж газрын эрх олгогддог биш, харин эсрэгээр газрын эрхийг үндэслэж, үл хөдлөх эд хөрөнгийн эрх олгогддог байна. Тиймээс нийслэлийн Засаг дарга үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг үндэслэж, газар ашиглах эрх шинээр баталгаажуулж олгож байгаа нь хуульд нийцээгүй байна. Мөн гуравдагч этгээд М ХХК-ийн хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.2-т заасны дагуу захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй байх тухай хүсэлтийг ирүүлсэн тул гуравдагч этгээд М ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Гурав. Нийслэлийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/290 дугаар захирамжийн С  ХХК-д холбогдох хэсэг, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамж, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/750 дугаар захирамжийн У ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд. Өмнө дүгнэсэнчлэн М ХХК-д газар ашиглах эрх олгосон нь хууль бус байх тул 2011 оны 676 дугаар захирамжийг үндэслэж хийгдсэн С  ХХК-д газар эзэмших эрх шилжүүлсэн захирамж, У ХХК-д газар эзэмших эрх шилжүүлсэн захирамж, газар эзэмших эрхийг хугацааг сунгасан захирамжууд нь хууль бус байна.

Маргаан бүхий газар, У ХХК-ийн эзэмшил гэх авто замыг хэмжүүлэх, кадастрын зураг үйлдүүлэх нь энэхүү маргааныг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай биш, өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлт гаргуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтой тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шинжээч томилуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон болохыг дурдах нь зүйтэй байна.

Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасны дагуу нийслэлийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 676 дугаар захирамж, 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/290 дугаар захирамж, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамж, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/750 дугаар захирамжуудын гуравдагч этгээдүүдэд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэв. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.3-д газрын кадастр эрхлэх, аймаг, нийслэлийн газрын мэдээллийн сан байгуулж, олон нийтэд мэдээллээр үйлчлэх, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1Газрын кадастрыг суманд газрын даамал, аймаг, нийслэл, дүүрэгт газрын алба, улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхэлнэ гэж тус тус заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Нийслэлийн Газрын алба кадастрын зургийг зөвтгөн, мэдээллийн санд оруулах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.            Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.3.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 676 дугаар захирамжийн М ХХК-д холбогдох хэсэг, 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/290 дугаар захирамжийн С  ХХК-д холбогдох хэсэг, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамж, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/750 дугаар захирамжийн У ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Газрын кадастрын мэдээллийн санд У ХХК-ийн эзэмшил газрын байршлын зургийг алдаатай бүртгэсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, зөвтгөж оруулахыг Нийслэлийн Газрын албанд даалгасугай.

2.     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Газрын албанаас 70200 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Х.ЭРДЭНЭТУЯА