Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хаянхярваагийн Эрдэнэтуяа |
Хэргийн индекс | 128/2018/0732/З |
Дугаар | 128/ШШ2019/0165 |
Огноо | 2019-03-12 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 128/ШШ2019/0165
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Эрдэнэтуяа даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, шүүгч Л.Өлзийжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: М ХХК.
Хариуцагч: Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэс.
Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгчийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гаргасан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмалын тухай хуульд зааснаар шийдвэрлэж, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК нь Цөмийн энергийн газрын 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших Хэрэмийн цагаан өндөр нэртэй газарт 74,427.98 гектар талбай бүхий цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмших болсон. Хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг тухай бүр төлж, мөн жил бүр хайгуулын ажлын зардал гаргаж хайгуул хийсэн бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгагдсан, өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр байгаа болно.
Цөмийн энергийн газар 2014 онд татан буугдсанаар цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох, хүчингүй болгох, бүртгэх чиг үүрэг Ашигт малтмалын газарт шилжин ирж, улмаар Кадастрын бүртгэлийн системд ХV-018... дугаартай цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл болгон бүртгэсэн.
М ХХК нь 2011 оноос эхлэн хайгуулын ажлыг явуулж жил бүр хайгуулын ажлын тайланг гаргахад тухайн хайгуулын талбайгаас нүүрсний нөөц илэрч байсан. Энэ талаар хайгуулын ажлын тайланд тусгаж байсан бөгөөд цөмийн энерги буюу цацраг идэвхт бодисын төлөв илрээгүй болно.
М ХХК нь 2011 оноос эхлэн нийт 8 жилийн хугацаанд хайгуулын ажилд 1,893,163,836.99 (нэг тэрбум найман зуун ерэн гурван сая нэг зуун жаран гурван мянга найман зуун гучин зургаан төгрөг ерэн есөн мөнгө) төгрөгийн зардал гаргасан. Мөн тусгай зөвшөөрлийн төлбөрт нийт 587,898,796.25 (таван зуун наян долоон сая найман зуун ерэн найман мянга долоон зуун ерэн зургаан төгрөг хорин таван мөнгө) төгрөгийн төлбөр төлсөн. Хайгуулын ажлыг гүйцэтгэхдээ 300 гаруй хүнийг ажлын байраар хангаж, улсын төсөвт 700 000 000 (долоон зуун сая төгрөг) орчим төгрөгийн татвар, хураамж төлсөн.
Манай компанийн хайгуулын талбайгаас анхнаасаа цацраг идэвхт бодисын нөөц илрээгүй бөгөөд энгийн ашигт малтмал болох хүрэн нүүрсний нөөц илэрч байсан тул энэ талаараа жил бүр хайгуулын ажлын төлөвлөгөө болон тайланд тусгаж, холбогдох төрийн байгууллагуудад танилцуулж, батлуулж ирсэн.
Улмаар 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь Эрээн толгойн хүрэн нүүрсний ордод 2011-2017 онуудад хийсэн эрэл хайгуулын ажлын үр дүнгийн тайланг төрийн эрх бүхий байгууллага болох Ашигт малтмалын газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд танилцуулахад хүрэн нүүрсний ордын нөөцтэйг зөвшөөрч Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Ингээд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ХХ-05-17 дугаар дүгнэлтээр манай хайгуулын ажлын үр дүнгээр илэрсэн хүрэн нүүрсний нөөцийг Улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэх нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан. Уг шийдвэрээр хүрэн нүүрсний нөөцийг хүлээн авах, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхийг Ашигт малтмалын газрын даргад хүргүүлэхээр шийдвэрлэсэн. Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 11/58 дугаар Нөөцийг хүлээн авч, бүртгэх тухай тушаалаар манай хүрэн нүүрсний ордын нөөцийг хүлээн авч, улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэсэн. Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1/5039 тоот албан бичгээр Хүрэн нүүрсний ордын нөөцийг улсын нэгдсэн санд бүртгэсэн, хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь ураны хэтийн төлөвгүй гэсэн хариуг манай компанид ирүүлсэн.
Манай компани Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийн дагуу хайгуулын ажлын үр дүнг үндэслэн хүрэн нүүрсний ашиглалтын тусгай зөвшөөрөл гаргуулахаар 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст өргөдөл гаргаж, холбогдох баримтуудыг хүргүүлсэн болно. 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын дарга болон мөн газрын Кадастрын хэлтэст тус тус Хайгуулын болон Ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудал шийдвэрлүүлэх тухай хүсэлт хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ашиглалтын тусгай зөвшөөрлийг гаргаж өгөөгүй байна.
Ийнхүү манай тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөхгүй байна.
Мөн тус компаниас 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 17/29 тоот албан бичиг, 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрүүдийн 18/39 тоот албан бичгээр цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн бүртгэлийг өөрчилж ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл болгох хүсэлтээ удаа дараа тавьсан боловч одоог хүртэл ямар нэгэн байдлаар хариу ирүүлээгүй байна.
М ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмших хугацаандаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг дээдлэн зохих зөвшөөрлийг авч, татвар, хураамжийг цаг хугацаанд нь төлж, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ сайн биелүүлж ирсэн гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хоёр агентлаг татан буугдаж нэгдэж нэг чиг үүрэгтэй болсон тул Ашигт малтмал, газрын тосны газар хуучин Цөмийн энергийн газар байсан тул тусгай зөвшөөрлийг хуульд заасан үндэслэлгүйгээр ялгаварлаж, ангилж эхэлсэн. Энд хамгийн гол асуудал гарсан. Учир нь Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 381 дүгээр тогтоолоор Цөмийн энергийн газрыг татан буулгасан. Уг тогтоолын хавсралт бүдүүвчид зааснаар Цөмийн энергийн газарт байсан цацраг идэвхт бодис хайдаг, эрэн хайх зөвшөөрлийг бүгдийг нь Ашигт малтмал, газрын тосны газарт шилжүүлсэн.
Улмаар Улсын Их Хурлаас 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Энэ хуулийн агуулга нь Цөмийн энергийн тухай хуульд заасан ашигт малтмал эрэх, хайхтай холбоотой бүх чиг үүргийг Геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газарт шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл Цөмийн энергийн газар гэж байхгүй болж Зөвхөн Цөмийн энергийн комисс гэдэг жижиг газар үлдсэн. Тэр нь ашигт малтмал эрэх, хайхтай холбоотой чиг үүргийг хэрэгжүүлэхгүй, зөвхөн цөмийн энергийн үйлдвэр барихтай холбоотой цөмийн энергийн аюулгүй байдлыг хариуцсан жижиг нэгж болж үлдсэн.
Цөмийн энергийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1 11.1.1-д зааснаар цацраг идэвхт бодистой холбоотой тусгай зөвшөөрлийн бүх асуудал Ашигт малтмал, газрын тосны газарт шилжсэн. Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т зааснаар цацраг идэвхт бодисыг эрэх, хайх асуудлыг Геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад шилжүүлсэн. Хоёр агентлаг нэгдсэнээр харилцан зөвшөөрөл авдаг байсан 28 дугаар зүйлийн 28.4.1 дэх заалт хүчингүй болсон. Үүнтэй холбоотой хоёр хуульд маш их хэмжээний өөрчлөлт орсон. Гол өөрчлөлт нь нэгд, Цөмийн энергийн газар татан буугдсантай холбоотой Ашигт малтмал, газрын тосны газарт бүх эрэх хайх асуудал шилжсэн. Хоёрт, ашигт малтмалын төрлөөр цацраг идэвхт бусад гэсэн ангилал байхгүй болсон. Өөрөөр хэлбэл хайгуул хайхдаа цацраг идэвхт ашигт малтмал хайх эсхүл бусад ашигт малтмалыг хайх гэж тусгай зөвшөөрөл авдаг байсан бол одоо шинэ хуулиар хайгуул хийх гэж нэг л тусгай зөвшөөрөл өгдөг болсон. Тэр нь XV-018... тоот тусгай зөвшөөрөл юм...Ашигт малтмал, газрын тосны газарт ирсэн цөмийн энергийн тусгай зөвшөөрөл хүчингүй болж, цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл биш болж энгийн ангилалтай тусгай зөвшөөрөл болсон. Гэтэл гарал үүслээр нь ялгаварлаж хамгийн анх танай тусгай зөвшөөрөл цөмийн энергийн газраас олгогдсон гэдэг. Бусад төрлийн ашигт малтмалыг хайж олоод Ашиглалтын тусгай зөвшөөрөл авах гэтэл өгөхгүй гэдэг. Танайх зөвхөн цацраг идэвхт бодис хайх эрхтэй тусгай зөвшөөрөлтэй байна гэдэг тайлбарыг гаргадаг. Шинэ хуулиар цөмийн энергийн газар, цацраг идэвхт бодис гэсэн тусгай зөвшөөрлийн ангилал байхгүй болсон. Бүх төрлийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх Ашигт малтмал, газрын тосны газарт ирсэн байгаа.
Газрын хэвлийд ямар баялаг байгааг урьдчилан таах ямар ч боломж байдаггүй. Шат дараалсан олон ажил хийж гүйцэтгэсний дараа ямар байгалийн баялаг байгааг тогтоох боломжтой. Урьдчилж уран, алтны, зэсний тусгай зөвшөөрөл гэж өгдөггүй юм. Харин ашиглалтын тусгай зөвшөөрлийн хувьд нөөц нь тогтоогдсон бол тухайн ашигт малтмалын төрлөөр олгогддог, хайгуулын тусгай зөвшөөрлийн хувьд тусгай зөвшөөрлийг ангилах ямар ч боломжгүй юм. Тиймээс хууль тогтоогч Цөмийн энергийн болон бусад гэж ангилах шаардлагагүй гэж үзэж хуулиа өөрчилж, агентлагаа татан буулгасан бөгөөд одоо бүх зүйл хэвийн болсон.
Мөн М ХХК ангиллаа өөрчилж бүртгүүлнэ гэдэг буруу байсан. Угаасаа нэг ангилалд байсан. Харин Ашигт малтмал, газрын тосны газарт үндэслэлгүйгээр ангилж байгаа асуудлыг шүүх тусгай зөвшөөрлийн төрлөөс шалтгаалж хайгуулын талбайн бүртгэлийг өөрчлөхгүй гэх хариуцагчийн татгалзал, үндэслэлд холбогдох баримтыг цуглуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэжээ. Тэгэхээр бидний маргаж буй нь ямар ч үндэслэлгүй болсон.
2015 онд хуульд нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд үүнтэй холбоотойгоор Улсын дээд шүүхийн тогтоол 2011, 2012, 2013 оны хайгуултай холбоотой материал, давж заалдах шатны шүүхийн магадлал хэрэгт авагдсан нь ямар ч ач холбогдолгүй гэж дүгнэсэн. 2017, 2018 онд хайгуул хийж нүүрс илрүүлсэн нь үнэн тул зөвхөн 2017, 2018 оны хайгуулын ажлын тайланд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэр гарч Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргаан явж байгаа нь үнэн, юу хайж байсан, ямар тусгай зөвшөөрөлтэй байсан гэдэг нь маргааны гол зүйл биш гэж дүгнэсэн.
Бид Газрын хэвлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Хөрснөөс доош газрын гүн рүү үргэлжлэх орон зай, түүнийг эзлэн орших материаллаг бүх зүйлс /бүх төрлийн чулуулаг, ашигт малтмал болон геологийн бусад биет, түүнчлэн барилга байгууламж/-ийг газрын хэвлий гэнэ гэж заасан. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Газрын хэвлийг дор дурдсан зориулалтаар ашиглуулахаар олгоно гээд 10.1.1-д геологийн судалгаа хийх гэж заасан. Мөн хуулийн 22 дугаар зүйлд Газрын хэвлийн геологийн судалгаа хийхэд тавих үндсэн шаардлага Газрын хэвлийн геологийн судалгаа хийж байгаа Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллага болон бусад байгууллага дор дурдсан үндсэн шаардлагыг хангасан байвал зохино гээд, 1-д геологийн судалгааны ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй оновчтой, зөв зохистой, үр ашигтай хийх, 2-т газрын хэвлийн геологийн тогтоц, түүнчлэн хайгуул хийсэн ордыг ашиглах, ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газар доор барилга байгууламж барих, ашиглахад нөлөөлдөг гидрогеологи, уул-техникийн болон бусад нөхцлийг бүрэн судлах, 3-д үндсэн болон түүнтэй хамт орших ашигт малтмал, тэдгээрт байгаа бүрэлдэхүүн хэсгийг бүрэн илрүүлж, тэдгээрийн нөөцийн хэмжээ, чанар, боловсруулах технологийг үнэн зөв тодорхойлох, ашигт малтмалын ордод геологи-эдийн засгийн үнэлгээ өгөх, 4-д геологийн судалгааны ажлыг ашигт малтмалын чанарыг бууруулахгүй, зүй бус хаягдал гаргахгүй аргаар хийх, 5-д газрын хэвлийгээс гаргасан чулуулаг, ашигт малтмалыг байгаль орчинд хортой нөлөө үзүүлэхгүйгээр хадгалж хамгаалах, тэдгээрийг цаашид ашиглах нөхцөлийг бүрдүүлэх, 6-д ордыг ашиглах үед болон аж ахуйн бусад зориулалтаар ашиглаж болох хайгуулын малталт, өрөмдлөгийн цооногийг хүн, мал, ан амьтанд аюулгүйгээр бүрэн бүтэн байлгах, харин ашиглахгүй хайгуулын малталт, өрөмдлөгийн цооногийг дарж цаашид ашиглаж болохуйцаар засаж тохижуулан тухайн сум, дүүргийн Засаг даргад хүлээлгэн өгч, геологийн судалгааны ажлын дүнгээ мэдээлж бүртгүүлэх, 7-д газрын хэвлийг цаашид судлах, ашигт малтмалын ордыг хайх, ашиглах, түүнчлэн газрын хэвлийг ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар ашиглахад хэрэглэж болох геологийн болон гүйцэтгэл-техникийн баримт бичиг, чулуулаг, хүдрийн дээж, цооногийн чөмөг, ашигт малтмалын сорьцын хувийг бүрэн бүтэн байлгах гэж заасан. Энэ хуулийн зохицуулалт Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд мөн байгаа.
Цөмийн энерги хайж байгаа ч тухайн талбайд дахиж хайгуул хийхгүйн тулд, дахиж байгаль орчин сүйтгэхгүйн тулд, нэг ажлыг хоёр хийхгүйн тулд тухайн талбайд ямар ашигт малтмал байгааг бүрэн тогтоох үүргийг хуулиар хүлээдэг.
Энэ хуулийн хүрээнд бид уран олоогүй ч бусад нөөцийг олсон. Энэ үүргийг заавал биелүүлэх ёстой.
2017 онд нэхэмжлэгч хайгуулын ажилдаа дахиж гарсан. Тэгэхдээ уран, нүүрсний хайгуул хийнэ гэж хайгуулын ажлын төлөвлөгөө өгсөн. Энэ төлөвлөгөөг Ашигт малтмал, газрын тосны газар хүлээж аваад баталсан.
Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/22 дугаар тушаалаар батлагдсан хайгуулын болон ашигт малтмал ашиглах үйл ажиллагаанд ашиглах төлөвлөгөө, мэдээнд ашиглах заавар журам гэж байгаа. Энэ зааврын 3 дугаар зүйлийн 3.3, 3.4-д хайгуулын ажлын төлөвлөгөөг хүлээж авах, засварт буцаах, татгалзах гэсэн 3 шийдвэрийн нэгийг гаргадаг. Гэтэл 2017 онд уран, нүүрсний хайгуул хийнэ гэж хайгуулын ажлын төлөвлөгөө Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлэхэд хүлээж аваад баталсан. Тэгээд 2017 оны намар хайгуулын ажил дуусч ирэхэд тайланг мөн хүлээж аваад баталсан. Ашигт малтмал, газрын тосны газарт татгалзах эрх байсан. Нэхэмжлэгчийн анх цөмийн энергийн хайгуулын тусгай зөвшөөрөл тул одоо та нар уранаас өөр зүйл хайж болохгүй гээд 2017 оны төлөвлөгөөг баталж, дараа нь тайлан хүлээж авах ёсгүй байсан. 2018 онд мөн ялгаагүй нүүрс бүрэн илрүүлж, нөөцийг бүрэн тогтоогоод ирэхэд хайгуулын ажлын төлөвлөгөө болон тайлан хоёуланг нь хүлээж авсан. Тэгээд 2018 онд нэхэмжлэгч захиргааны хүлээлт гэдэг ойлголтоороо хүлээж байсан. Учир нь нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон, хайгуулын ажлын төлөвлөгөөгөө батлуулсан, ашигт малтмалаа илрүүлж нөөцийг бүрэн тогтоож, тайланг хүргүүлсэн бөгөөд тайланг Ашигт малтмал, газрын тосны газар хүлээж аваад баталгаажуулсан. Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар орж нөөцийг бүрэн тогтоож улсын санд бүртгэж авсан. Ингээд хамгийн сүүлийн ажил буюу Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэрээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах байсан. Энэ шийдвэрийг биелүүлэх болоход нэхэмжлэгчийг анх тусгай зөвшөөрөл авахдаа цөмийн энергийн тусгай зөвшөөрөлтэй байсан гэсэн үндэслэлээр өнөөдрийг хүртэл Ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгоогүй байна.
Цөмийн энергийн газар татан буугдсан тул бид Ашигт малтмал, газрын тосны газартай харьцаж байсан. Бидний олон тэрбум төгрөгийн хайгуулын ажлын зардал, улсын төсөвт төлсөн татвар хураамж, байгууллагын ажилчдын хөдөлмөр зэрэг бүгдийг үгүйсгэсэн. Үгүйсгэхдээ хуулийг зохицуулалт байхгүй гэдэг үндэслэлийг хэлдэг. Хуульч бидний хувьд хуулийн зохицуулалт хангалттай гэж үзэж байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа Ашигт малтмал, газрын тосны газарт танайх тусгай зөвшөөрлөө цацраг идэвхт болон бусад гэж ангилж байгаа юм уу гэсэн утгатай албан тоот явуулахад Ашигт малтмал, газрын тосны газарт хариу албан тоотоор үгүй бид ангилдаггүй гэж ирүүлсэн. Энэ баримт 3 дугаар хавтаст хэрэгт авагдсан байгаа. Гэтэл ийм хариу өгчихөөд одоо үндэслэлгүйгээр Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байгааг бид хүнд суртал гэж үзэж байна. Хүнд суртал бол цаашлаад том үр дагаврыг үүсгэдэг. Өнөөдрийг хүртэл Ашигт малтмал, газрын тосны газраас Ашиглалтын тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгчид олгохгүй байгаа бөгөөд үүнээс болж маш их хэмжээний хохирол хүлээсэн. Төрийн захиргааны байгууллага хууль бусаар нэхэмжлэгчийг хохироосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...М ХХК-д Цөмийн энергийн газрын 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших Хэрэмийн цагаан өндөр нэртэй газарт 74,427.98 гектор талбай бүхий цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон.
Цөмийн энергийн газрын Цацраг идэвхт ашигт малтмалын хэлтсийн даргын 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр М ХХК-ийн тусгай зөвшөөрөл сунгагдаад явж байсан. Мөн Цөмийн энергийн газрын чиг үүрэг Ашигт малтмал, газрын тосны газарт шилжин ирснээр М ХХК-ийн Ц-0033 дугаар тусгай зөвшөөрөл нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын бүртгэлийн системд ХV-018... дугаараар бүртгэгдсэн. Тусгай зөвшөөрлүүдийн бүртгэл бүгд XV- гэж явж байгаа боловч дотроо цацраг идэвхт ашигт малтмал, ердийн ашигт малтмал гэсэн 2 янз байгаа.
Цөмийн энергийн тухайн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт ...Дараах үйл ажиллагааг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлнэ: гээд, 15.2.1 дэх хэсэгт ...цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, 15.2.2 дахь хэсэгт ...цацраг идэвхт ашигт малтмал ашиглах, цацраг идэвхт ашигт малтмал импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах болон цацраг идэвхт ашигт малтмал ашигласны дараа газар нөхөн сэргээх гэж тус тус заасан байдаг. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт ...Энэ хуулиар ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна гэж заасан байдаг.
Тус зүйл заалтаар цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахаар зааж өгсөн учир Цөмийн энергийн хуулийн дагуу олгогдсон цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай дээр Ашигт малтмалын тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу ердийн ашигт малтмал олборлох хууль зүйн үндэслэлгүй байна.
Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт ...Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй гэж заасан учир М ХХК-ийн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай дээр л цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах ёстой. Ердийн журмаар өргөдөл гаргах ёсгүй. Шууд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох зохицуулалт байхгүй байсан учир манай байгууллагын зүгээс М ХХК-иас ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж гаргасан 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн өргөдлийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч М ХХК / / нь хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан М ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-018... тоот тусгай зөвшөөрлийн талбайд гаргасан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын ашиглалтын өргөдлийг шийдвэрлэж, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсныг шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, нэхэмжлэгч болон хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар, шүүх хурал дээр гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шинжлэн судалж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. М ХХК нь Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын Ц-003Х дугаартай тусгай зөвшөөрлийг 2010 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Цөмийн энергийн газраас авчээ.
3. Монгол улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 387 дугаартай Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол-оор Цөмийн энергийн газрыг татан буулгасан, Монгол Улсын Их хурлын 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар Цөмийн энергийн тухай хуульд 112 гэсэн зүйл нэмж, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох эрхийг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад эдлүүлэхээр хуульчилснаар Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэс Ц-003Х дугаартай тусгай зөвшөөрлийг бүртгэн авч, дугаарыг XV-018... болгон өөрчилсөн байна.
4. Нэхэмжлэгч М ХХК нь XV-018... дугаар бүхий цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хайгуул хийсэн боловч тухайн талбайгаас цацраг идэвхт ашигт малтмал илрээгүй, харин хүрэн нүүрс илэрсэн болох нь Ордын нөөцийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар тогтоосон Эрээн толгойн нүүрсний орд-д 2011-2017 онуудад хийсэн эрэл хайгуулын ажлын үр дүнгийн тайлан /1хх 14-19/, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Хүрэн нүүрсний ордыг нөөцөд хүлээн авах тухай ХХ-05-17 дугаартай дүгнэлт, Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Н/58 дугаартай Нөөцийг хүлээн авч, бүртгэх тухай тушаал /1хх 32/ зэргээр тогтоогдож байна.
5. Түүнчлэн нэхэмжлэгч нь цацраг идэвхт бодисын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хүрэн нүүрсний хайгуул хийж, ашигт малтмалын нөөцийн судалгааг 2011, 2012, 2013 онуудад болон 2017 оны хайгуулын ажлын талаарх тайланг Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2 дахь заалтад зааснаар холбогдох төрийн захиргааны байгууллагад ирүүлж байсан, хүрэн нүүрсний нөөцийн хэмжээг тогтоох хайгуулын ажиллагааг явуулж, ирүүлсэн тайланг холбогдох эрх бүхий байгууллага 2018 онд хүлээн авсан, улмаар нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хүлээн авч бүртгэсэн үйл баримт нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож, хариуцагч үүнтэй маргаагүй.
6. Нэхэмжлэгч нь XV-018... тоот тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст 2017 оны 11 дүгээр сарын 28, 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр тус тус гаргасан болох нь эрх бүхий байгууллагад явуулсан М ХХК-ийн 17/29 дугаартай албан бичиг /1хх 20/, Ашигт малтмал газрын тосны газрын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 7/1241 дугаартай шүүхэд ирүүлсэн албан бичгээр тогтоогдож байх ба уг албан бичгийн хариуг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ... судалж, байгаа талаар амаар өгсөн гэх боловч хавсралтаар ирүүлсэн Ирсэн бичиг хэвлэх хуудас баримтын эхний хүснэгтэд Хариу өгөх хугацаа гэсний доор Хариугүй гэснээс үзвэл нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтэд хариу өгөөгүй буюу шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй гаргажээ.
7. Хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь ийнхүү М ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй /ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй татгалзсан/ байгаа үндэслэлээ тус компани анхнаасаа цацраг идэвхт бодисын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байсан тул хүрэн нүүрсний тусгай зөвшөөрөл олгох боломжгүй, цацраг идэвхт ашигт малтмал болон ердийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн зохицуулалт нь тусгайлан зохицуулсан хуулиудад тусдаа байх тул цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд ердийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл шууд олгох зохицуулалт үгүй байна гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
8. Учир нь 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсон Цөмийн энергийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.1 дэх заалтаар цацраг идэвхт бодисын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид хайгуулын талбайн хилийн дотор цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрэх, хайхыг үүрэг болгожээ.
9. Түүнчлэн Цөмийн энергийн газар татан буугдсанаас хойш уг захиргааны байгууллагын эрх, үүргийг залгамжлан авсан Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэс нэхэмжлэгчийн 2017 оны хайгуулын ажлын тайланг 2018 онд хүлээн авч, ЭБМЗ хүрэн нүүрсний ордыг нөөцөд хүлээн авсан зэрэг үйл баримтаас үзвэл XV-018... дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд ердийн ашигт малтмал-ын буюу хүрэн нүүрс-ний хайгуул хийхийг зөвшөөрсөн байх бөгөөд Ашигт малтмалын тухай хуулиар хязгаарласан зохицуулалт байхгүй байна.
10. Нэхэмжлэгч нь Цацраг идэвхт бодисын хайгуулын XV-018... тоот тусгай зөвшөөрлийн талбайд ердийн ашигт малтмал-ын буюу хүрэн нүүрс-ний хайгуулын ажил явуулж, журмын дагуу хайгуулын тайлан гарган өгч байсан, нөөцийг судлан тогтоосны үндсэн дээр ашигт малтмалын нөөцийг хүлээлгэн өгч бүртгүүлсэн, ашигт малтмалын хайгуулын ажилд хөрөнгө зарцуулсан байх бөгөөд өөрийн үйл ажиллагаанаас бий болсон үр шимийг нэн түрүүнд хүртэхээр дараагийн үйл ажиллагаа явуулах эрхийг авах эрхтэй байна.
11. Тодруулбал, цацраг идэвхт тусгай зөвшөөрлийг хайх талбайд ердийн ашигт малтмал-ын буюу хүрэн нүүрс-ний хайгуулын ажил явуулахыг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Цөмийн энергийн тухай хуулиар үүрэг болгосон, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтаар хайгуулын талбайн хилийн дотор энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх; эрхтэй болохыг зааж өгсөн, /ашигт малтмал гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг хэлэх бөгөөд дээрх заалтад ямар ч төрлийн ашигт малтмалыг хайж болохоор ерөнхий байдлаар хуульд тусгажээ/ захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл эзэмшигч тус хуульд заасан нөхцөл, шаардлагыг зөрчсөн гэж үзээгүйн дээр нөөцийг бүртгэж хүлээн авсан зэрэг үйл баримтуудаас үзвэл Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь эрх эдэлнэ:, 21.1.3 энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах гэсэн заалт нэхэмжлэгч хуулийн этгээдэд шууд хамааралтай байна.
12. Түүнчлэн Цөмийн энергийн тухай хуулийн 17 дугаар зүйлд зөвхөн цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн этгээдэд тавигдах шаардлага байх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд дээрх төрлөөс өөр, энэ тохиолдолд хүрэн нүүрсний ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч байгаа тул Ашигт малтмалын тухай хуульд заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлага буюу мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1. Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй. гэсэн заалт нэхэмжлэгчид нэгэн адил үйлчлэх юм. Өөрөөр хэлбэл энгийн ашигт малтмал хайх явцад цацраг идэвхт бодис илрүүлж, түүнийг ашиглахаар бол хуулиар тусгай шаардлага тавигдах болохоос биш, цацраг идэвхт бодис хайх явцад энгийн ашигт малтмал илрүүлбэл тусгай зөвшөөрөл олгох эрхтэй захиргааны байгууллага хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж л байвал олгох үүрэгтэй.
13. Ашигт малтмалын тухай хуулийн 24.3. Энэ хуулийн 24.1-т заасан өргөдөлд уурхайн талбайн булангийн цэгийг төрийн захиргааны байгууллагаас баталсан нэг загварын газрын зураг дээр тэмдэглэж, солбицлуудыг градус, минут, секундээр тодорхойлж хавсаргана, 24.4. Уурхайн талбай нь дараахь шаардлагыг хангасан байна:, 24.4.1.тал бүр тийш 500 метрээс багагүй урттай, уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн тэгш олон өнцөгт хэлбэртэй; 24.4.2. тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай давхцаагүй; 24.5. Энэ хуулийн 24.4.2-т заасан давхцал гаргахгүйн тулд уурхайн талбайн дараахь газар нутаг, талбайтай хиллэж байгаа хэсэг нь шулуун шугам биш байж болно: гэсэн шаардлага болон мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
14. Түүнчлэн хариуцагчаас эдгээр баримтуудад Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэгт заасан шүүлтийг хийсэн гэх бөгөөд энэ хуулийн 24.3, 24.4, 25.1-д заасан шаардлагыг М ХХК нь бүрэн хангасан байсан гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд өгч байна.
15. Иймд хүчин төгөлдөр үйлчилж байсан Цөмийн энергийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.1 дэх заалтад заасан үүргээ биелүүлж, өөрийн зардлаар нөөцийг тогтоосон ордын ашигт малтмалыг ашиглахаар Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан өргөдлийг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргасныг Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.1, 26.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ:, 26.3.2. хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан бол онцгой эрхийнх нь дагуу уурхайн талбай олгож, ашиглалтын тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлүүлэх; гэсэн хуулийн дагуу шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчид Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3 дахь заалтад заасан давуу эрхийг эдлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байх тул М ХХК-ийн XV-018... дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.1.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3, 24.4, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.3, 26.3.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн М ХХК-иас гаргасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, М ХХК-ийн XV-018... дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулж, М ХХК-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭТУЯА
ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ