Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 62

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга         Т.Маралмаа

Улсын яллагч                                                      Б.Батбаяр

Хохирогч                                                              Ц.Мөнх-Алдар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Замын Үүд дэх сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн  Жамсранжав овогт Батдэлгэрийн Наранбаатарт холбогдох эрүүгийн 201710010037 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, Дээд боловсролтой, Цэргийн ар талын ажилтан мэргэжилтэй, Хилийн 0129 дүгээр ангийн албаны бэлэн байдал дүн шинжилгээний ахлах офицер ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар баг 24 айлын 1-2 тоотод оршин суух, гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Жамсранжав овогт Батдэлгэрийн Наранбаатар  /РД:ЕН88061610/

Яллагдагчаар татах тогтоолоор: шүүгдэгч Б.Наранбаатар нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны шөнө 23 цагийн орчимд  Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар баг Өлзийтийн 4-6 тоотын гадаа хохирогч Ц.Мөнх-Алдартай хувийн таарамжгүй  харилцааны улмаас маргалдан улмаар хохирогч Ц.Мөнх-Алдарын баруун далны хэсэгт хутгалж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Наранбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Дорноговь аймгийн Эрдэнэ суманд байрлах Хилийн 0129 ангид алба хаадаг, ахмад цолтой офицер хүн. 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн орой 11 цагийн үед ажлаа тараад хүүхдүүдээ цэцэрлэг сургуулиас нь аваад гэртээ очоод хоол ундаа хийгээд амарч байсан юм.  Ерөнхийдөө манай хүргэн, эхнэр 2-ын явдаг талаар гадарлаад л байсан. Тэгээд би эхнэрээсээ Ц.Мөнх-Алдар та хоёр эр эмийн харилцаатай юу гэхэд үгүй гэхээр нь би мэдэж байна, үнэнээ хэл гээд уурлаад гарах гэтэл эхнэр маань намайг хорьсон. Тэгээд эхнэр маань надаас салахгүй гэвэл үнэнээ хэлье гээд 2014 оны 07 дугаар сард намайг Ц.Мөнх-Алдар хүчиндсэн гэж хэлэхээр нь би эхнэрээсээ тэр явдлаас хойш та хоёр бэлгийн харьцаанд ордог байсан уу, чамайг дарамталдаг байсан уу гэж асуухад үгүй ээ гэсэн. Би ерөнхийдөө энэ 2-ыг хоорондоо харилцаатай байгааг мэдээд байсан. Тухайн үед 1 гэр бүлийн төрсөн эгч дүүсийн эхнэр, нөхөр байж хоорондоо тийм бэлгийн харилцаатай, мөн миний төрсөн эцгийн голомтыг сахиж байгаа хүн ийм ёс бус авир гаргасан учраас би маш их уурласан.  Тухайн үед би биеэ барьж чадахгүй хутга аваад гарсан болохоор очоод биеэ барьж чадаагүй. Би Ц.Мөнх-Алдарын гэрийнх нь гадаа очоод хаалгыг нь тогштол Ц.Мөнх-Алдар өөрөө хаалгаа нээхээр нь чи яагаад эхнэр хүчинддэг юм гээд зүүн мөрний хавьд нь цохиод хутгаараа далайтал Ц.Мөнх-Алдар миний өөдөөс давшаад ирэхээр нь баруун мөрийг нь давуулаад далны хойд хэсэгт нь хутгаараа хатгасан. Тэгээд бид хоорондоо зууралдаад Ц.Мөнх-Алдар миний хойд талд гарахараа нь мушгаад урдаа гаргасан. Тэгээд бид бид зууралдаад босч ирэхэд Ц.Мөнх-Алдар гартаа хутгатай болчихсон, газар цус болсон байсан. Энэ үед эгч Дэлгэрмаа, дараа нь том эгч маань гарч ирсэн. Тухайн үед эмнэлгийн түргэний дуудлагаар ирсэн эмч нар бүгд эмэгтэй хүмүүс байсан бөгөөд Ц.Мөнх-Алдарыг өргөж дийлэхгүй байхаар нь би өргөж гэрт оруулж өгсөн. Би Ц.Мөнх-Алдарын цээжин хэсэгт хутга орсоныг мэдээгүй, нуруунаас нь цус гараад байна гэж ойлгосон. Гэхдээ надтай зодолдоод байхаар нь гайгүй юм байх гэж бодсон. Сүүлд нь би Ц.Мөнх-Алдараас асуухад хутгаа надаас булааж авах гэж байхдаа өөрлүүгээ дүрсэн гэж байсан. Ерөнхийдөө маш ёс бус үйлдлийг сонсоод  би  цочирдсон.  Эрэгтэй хүн, айлын ганц хүү гэдэг утгаараа надад хүнд тусч болчимгүй үйлдэл хийж энэ хүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Үүндээ би  хариуцлагаа хүлээхэд бэлэн байгаа. Бид хоёрын хувьд хоорондоо ярилцаж тохиролцож сайн дураараа эвлэрсэн. Хохирогч Ц.Мөнх-Алдар надаас ямар нэгэн зүйл нэхэмжлээгүй бөгөөд санал гомдол байхгүй гэж хэлсэн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.  Тиймээс хэргийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсч байна гэв.

Хохирогч Ц.Мөнх-Алдар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн орой 11 цагт унтах гээд гэртээ хэвтэж байхад цонх тогшсон. Би өмдөө өмсөөд цээж нүцгэн хаалга нээгээд харахад Б.Наранбаатар зогсож байсан.  Яг хаалга нээх зуур миний баруун шанаа дээр гар ороод ирсэн. Би тонгойгоод Б.Наранбаатарын бэлхүүсээр нь тэврээд бид хоёр хаалгаар гарсан.  Б.Наранбаатарын баруун гарт нь  байсан хутга мөрөнд хүрээд далны хэсэгт хатгасан.  Бид хоёр дээр доороо ороод би Б.Наранбаатарын ард нь гараад араас нь тэвэрхэд Б.Наранбаатар намайг урдаа гаргасан.  Би зүүн гар дахь хутгийг нь  гараа ахиулж бариад хүчтэй татахад гараас нь мултраад миний цээжин тус газар орсон. Тэгээд л эхнэр гарч ирээд намайг түшээд авсан. Дараа нь Цэндмаа эгч гэрээс гарч ирсэн. Миний даланд Б.Наранбаатар гэмтэл учруулсан бөгөөд цээжинд учирсан гэмтлийг би өөрөө, өөртөө учруулсан. Одоо миний биеийн байдал зүгээр байгаа бөгөөд Б.Наранбаатартай сайн дураараа эвлэрч учир зүйгээ олсон. Одоо надад нэхэмжлэх зүйл санал гомдол байхгүй тул энэ хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Гэрч Б.Дэлгэрмаа хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: Би эхээсээ дөрвүүлээ Батдэлгэр овогтой Наранбаатар нь миний төрсөн хамгий бага байгаа юм. Харин Цэндсүрэнгийн Мөнх-Алдар нь миний нөхөр. Бид хоёр 2012 он гэр бүл болсон. Манайx 1 хүүхэдтэй. 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 23 цаг өнгөрөөгөөд нөхөр Мөнх-Алдар болон хүүгийн хамт унтах гээд гэртээ байж байтал манай байшингийн урд талын хүн цохихоор нь манай нөхөр Мөнх-Алдар нимгэн ноосон өмдтэй дэгүүрээ хувцасгүй нүцгэн босоод хаалга нээсэн. Миний хувьд тэр үед хэн хаалга цохисон болохыг мэдээгүй. Тэгээд байшингийн үүдэнд түчигнээд хүнтэй муудаад байгаа юм шиг сонсогдохоор нь гараад хартал манай нөхөр Мөнх-Алдар байшингийн урд байсан бүтээлэгтэй машиныг налаад газар унаж байсан. Би айгаад хашиграад түүний түшээд автал манай дүү Наранбаатар араас нь гараад ирсэн гадаа харанхуй байсан болохоор хаана байсныг нь мэдэхгүй гэнэт гараад ирсэн. Тэгтэл ч зүүн талын гэрээс манай том эгч Цэндмаа эгч гарч ирээд манай дүү Наранбатарыг авч яваад эмнэлэг дуудсан. Би нөхрөө түшээд эмнэлэг иртэл гадаа байшингийн үүдэнд сууж байсан. Эмнэлэг ирээд гэр рүү оруулж тариа хийгээд анхны тусламж үзүүлээд эмнэлэг рүү аваад явсан. Эмнэлэг дээр манай нөхөр очоод яаралтай мэс засалд орох болж аймгийн төвөөс эмч нар ирж мэс засал хийсэн. Одоо сумын эмнэлэгт хэвтээмчлүүлж байна. Би тухайн үед юу ч мэдээгүй. Ц.Мөнх-Алдар, Б.Наранбаатар хоёр юунаас болж хоорондоо муудах болсныг ойлгоогүй. 2017 оны 02 дугаар сарын 4-ний өглөө манай эгч Цэндмаа надад хэлэхдээ манай дүү Наранбаатарын эхнэр Баярмаа манай нөхөр Мөнх-Алдар хоёр эр эмийн харьцаатай байсан гэдгийг хэлсэн. Миний хувьд энэ талаар огт мэдэхгүй. Би нөхрөөсөө асууж амжаагүй. Одоо биеийн байдал нь муу байгаа  учраас би тийм зүйл яриагүй байна. Би яаж цохилцсон болохыг хараагүй. Би тэр орой нөхрөө машин налаад унах үед нь хажуунаас нь түшиж аваад дээш нь болгох гэсэн боловч дийлдэхгүй байсан. Тэгээд дахин дахин дээш өргөх гээд оролцож байтал гарт нойтон оргиод явчихаар нь хартал баруун талын мөрний урд эгэмний доор баруун талын далны ар талд хатгуулсан түүнээс нь цус гараад тогтохгүй байсан гэжээ. /хх-ийн 31 тал/

 Гэрч Г.Баярмаа хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: Ц.Мөнх-Алдар нь миний нөхөр Б.Наранбаатарын төрсөн эгч Б.Дэлгэрмаагийн  нөхөр нь байгаа юм. 2017 оны 02 дугаар сарын 03-ны орой намайг ажил тараад даргын өрөөг цэвэрлээд байж байтал 19 цагийн үед Мөнх-Алдар над руу утсаар залгаад гараад ир би ажлын чинь гадаа байна санаад байна гэж хэлэхээр нь чи юу яриад байгаа юм бэ? Наранбаатар одоо ирж байгаа гэж хэлээд утсаа салгасан. Би ажлаас гараад штаб явсан. Намайг явж байхад Мөнх-Алдар дахин залгаад би хөдөө явна. Би явахаас өмнө уулзмаар байна чи гялс гараад ирээч гээд байсан. Тэгээд цаг уурын талаас манай нөхөр Наранбаатар ирж авсан. Наранбаатар бид хоёр 19 цаг 00 минутын үед гэртээ ирсэн. Гэртээ ирээд ямар нэг хэрүүл маргаан болоогүй. Hөр бид хоёр тэврэлдээд орондоо ороод унтах гэж байтал манай нөхөр намайг сүүлийн  үед их сонин болоод байна. Би чамайг гадарлаад байгаа . Мөнх-Алдар та хоёр яасан юм  бэ гэж асуухаар нь дуугараагүй. Тэгтэл манай нөхөр Наранбаатар гэнэт уурлаад яасан юм бэ чи үнэнээ хэлээч гэж орилохоор нь айгаад урьд болсон асуудлыг ярьсан. Энэ ямар асуудал болсон гэхээр 2014 оны 07 дугаар сард нөхөр Наранбаатар  хилийн заставт ажил хүлээлцэх гээд застав дээр байсан би хүүхдээ дагуулаад Мөнх-Алдарын гэрт ирчихсэн байсан. Тэгтэл тэр өдөр Дэлгэрмаа эгч суудлаар Замын-Үүд явах болоод Мөнх-Алдар Дэлгэрмаа эгчийг суудалд суулгаж өгөөд буцаж гэрт ирээд намайг унтаж байтал миний хоёр гарыг дээш нь барьж байгаад би тэр үед орилох гэсэн боловч айгаад орилж чадаагүй. Тэгээд 2017 оны 02 дугаар сарын 03-ны орой энэ болсон асуудлын талаар Наранбаатарт хэлтэл гэрээс хутга аваад гараад явсан. Би Наранбаатарыг гараад явсны дараа утсаар Дэлгэрмаад гэтэл Наранбаатар буцаж орж ирээд утас аваад гарсан. Би араас нь гүйгээд очих явж байтал Наранбаатар том эгч Цэндмаатай хамт ирээд намайг авсан. Тэр  үед манай нөхөр Наранбаатар, Цэндмаа эгч бид гурав манай гэрт ирсэн. Тэр үед хэрэг болсон гэдгийг мэдсэн. Наранбаатар гэртээ ирээд уйлаад байсан.Би Мөнх-Алдартай өөрийн сайн дураар бэлгийн харьцаанд ордог байсан. Тухайн үед Мөнх-Алдар намайг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд ороогүй. Би анх мэдүүлэг өгөхдөө юу гэж ярихаа мэдэхгүй Мөнх-Алдар намайг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон гэж ярьсан юм. Ер нь санаа зовоод хэлж ярих үгээ мэдэхгүй байсан учраас тэгж ярьсан Түүнээс хүнийг гүтгэж янз бүрийн юм яриагүй. Миний хувьд ер нь энэ талаар дахин дахин ярих нь сэтгэл санааны хувьд маш хэцүү хүнд байна. Мөнх-Алдар намайг хүчиндээгүй би өөрөө утсаар яриад Мөнх-Алдартай уулздаг. Мөнх-Алдар ч  ч надтай утсаар ярьж уулздаг байсан. Надад ямар нэг гомдол санал хүсэлт байхгүй гэжээ. /хх-ийн 34-36 тал/

Гэрч Б.Цэндмаагийн мэдүүлэг /хх-ийн 38 тал/

2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 71 тоот дүгнэлтэнд:

1. Ц.Мөнх-Алдарын биед цээжний баруун ур талын 2,3-р хавирганы түвшин дэх цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, уушгины шарх, дотуур цус алдалт, арьсан дорх хий хуралт, баруун далны гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

3.Ц.Мөнх-Алдарын биед учирсан цээжний баруун урд тал 2,3-р хавирганы түвшин дэх цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, уушгины шарх, дотуур цус алдалт, арьсан дорх хий хуралт гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт баруун далны дээрх шарх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаг хугацааны хувьд тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүсэн байх боломжтой гэжээ. /хх-ийн 40 тал/

- 2017 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн С.Цэцэгсүрэнгийн тодорхойлолт /хх-ийн 85 тал/

- Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 100 тал/

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 101 тал/

- 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1959 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 104 тал/ зэрэг болно.

Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Наранбаатар нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны шөнө 23 цагийн орчимд  Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар баг Өлзийтийн 4-6 тоотын гадаа хохирогч Ц.Мөнх-Алдартай хувийн таарамжгүй  харилцааны улмаас маргалдан улмаар хохирогч Ц.Мөнх-Алдарын баруун далны хэсэгт хутгалж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байна. 

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Наранбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага ногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Наранбаатар, хохирогч Ц.Мөнх-Алдар нар нь шүүхийн хэлэлцүүлэгт сайн дураараа эвлэрсэн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж  мэдүүлдэг ба мөн шүүгдэгч, хохирогч нар нь сайн дураараа эвлэрсэн талаарх хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн болно.

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-д “энэ хуулийн 25.1-д заасан гэмт хэргийн хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн бол”, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт  “шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.Наранбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Наранбаатар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-д  зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч Б.Наранбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд бусдад төлөх төлбөргүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэргийн хангалтын хүрэм, саарал өнгийн бэлтгэлийн өмд, хар богино түрийтэй гутал, хутга зэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жамсранжав овогт Батдэлгэрийн Наранбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас шүүгдэгч Батдэлгэрийн Наранбаатарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Б.Наранбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй бөгөөд энэ хэрэгт цэргийн хангалтын хүрэм, саарал өнгийн бэлтгэлийн өмд, хар богино түрийтэй гутал, хутга зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Наранбаатарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар Б.Наранбаатар, хохирогч Ц.Мөнх-Алдар нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ