Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 2017/ДШм/57

 

 

 

Б.Г, П.Б нарт холбогдох

                                      эрүүгийн хэргийн тухай                                                                                               

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахим хэлбэрээр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

Прокурор: Э.Болор,  

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч П.Б, Б.Г нарт холбогдох, эрүүгийн 201710010015 дугаартай, 2 хавтас, 288 хуудас бүхий эрүүгийн хэргийг прокурор Э.Болорын эсэргүүцлийг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас;

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 12 дугаарр сарын 17-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо 9-18 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 384 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан, Луужин овогт П. Б /РД: ЧГ77121779/-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаарсарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, халх, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Баруун сайханы 12-31 тоотод оршин суух, Шанх транс ХХК-д жолоочоор ажиллаж байсан, урьд ял шийтгэлгүй, Хиат овогт Б.Г  /РД: ЧГ84070973/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2, 203 дугаар зүйлийн 203.2-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч П.Б, Б.Г нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын хил буюу Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хязгаарласан эд зүйл болох 33000000 төгрөгийн үнэтэй 5 тооны халиун бугын түүхий эд буюу чив 4 ширхэг, сүүл 5 ширхэгийг биедээ нууж хууль бусаар нэвтрүүлсэн,

Шүүгдэгч Б.Г нь 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах төв талбай дээрээс ховор амьтан болох 5 тооны халиун бугын түүхий эд болох чив 4 ширхэг, сүүл 5 ширхэгийг худалдан авч Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт заасныг зөрчиж экологи эдийн засгийн үнэлгээгээр 66000000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорноговь аймгийн замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолоор:

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч П.Б, Б.Г нарт зүйлчилж ирүүлсэн зүйл ангийг /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан, /2002 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3-ыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-г /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 болгож, шүүгдэгч Баасандоржийн Гд зүйлчилж ирүүлсэн /2002 оны / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.2-г, /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-г болгон, хөнгөрүүлэн зүйлчилж,

 

Шүүгдэгч Луужин овогт Пүрэв-Очирын Б, Хиат овогт Баасандоржийн Г нарыг бүлэглэн хуулиар хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, шүүгдэгч Хиат овогт Б.Г-г ховор амьтны түүхий эд зүйлийг худалдан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч П.Б, Б.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-д заасан, шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч П.Б, Б.Г нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй CD 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Г-гоос 66000000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож,

 

Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

Энэ шийтгэх тогтоолыг улсын яллагч, П.Б, Б.Г, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Прокурор Э.Болор давж заалдах шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан эсэргүүцэл, тайлбар, дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй гэж заасан байна. Гэтэл Ггийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь ... таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж байхад шүүх Эрүүгийн хуулийг буруу ойлгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн гэж хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна. Иймд Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Прокурорын бичсэн эсэргүүцлийн дагуу хэргийг бүхэлд нь хянан хэлэлцвэл шүүгдэгч П.Б, Б.Г нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж хязгаарлалт тогтоосон эд зүйл болох 5 тооны халиун бугын түүхий эд буюу 4 ширхэг чив, 5 сүүл зэрэг 33.000.000 төгрөгийн эд зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-т заасан,

Шүүгдэгч Б.Г нь дангаараа ховор амьтан болох 5 тооны халиун бугын түүхий эд болох 4 ширхэг чив, 5 ширхэг сүүл зэргийг бусдаас худалдан авч Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т заасныг зөрчиж экологи эдийн засгийн үнэлгээгээр улсад 66.000.000 төгрөгийн хохирол учруулсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлийн 203.1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдсоныг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна гэж үзлээ.

Учир нь анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох гэмт хэргийг 2017 оны 07 дугаар сарын 01-нээс хэрэгжиж байгаа 2015 оны Эрүүгийн хуультай нийцүүлэхдээ шүүгдэгч нарын бүлэглэж үйлдсэн улсын хилээр хязгаарлалт тогтоож, тусгай зөвшөөрлөөр гаргах ховор амьтан болох халиун бугын түүхий эдийн зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх 2002 оны Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.2-т заасан гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т заасантай, шүүгдэгч Б.Ггийн дангаар үйлдсэн ховор амьтны түүхий эдийг худалдаж авсан гэх 2002 оны Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлийн 203.2-т заасан гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай тус тус нийцүүлж Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн нь буруу биш боловч эдгээр гэмт хэргүүдийг мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна гэж тус тус үзэн мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1, 1.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг энэ 2 зүйлийн гэмт хэргүүдэд адилхан хэрэглэсэн нь буруу болсон.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн /2015 оны/ 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ан агнах” гэмт хэргийн хувьд нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар зааснаас үзэхэд уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1, 1.2 дахь хэсэгт  “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн” гэж зааснаар 5 жил байгааг анхан шатны шүүх анхаараагүй, хэргийг хэрэгсэхгүй болгож, хуулийг буруу хэрэглэсэн алдаа гаргасан байна.

2015 оны Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах гэмт хэрэг бүр мөн хуулийн 1.10 дугаар зүйлд зааснаар өөр өөр хөөн хэлэлцэх хугацаатай байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Анхан шатны шүүхийн энэ алдаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1, 1.3-т зааснаар  “Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн”  гэж үзэх үндэслэл болж байгаа ба энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлж байх тул Дорноговь аймгийн Замын-Үүд сум дах Сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд буцаах зүйтэй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулаагүй тул давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4 дэх хэсэгт  зааснаар “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг ... хүндрүүлж” өөрчлөх үндэслэлгүй юм.

Иймд эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэлтэй байна гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

                                               ШҮҮГЧИД                                  Г.ТЭГШСУУРЬ

                                                                                                 А.САЙНТӨГС