Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2021/01984

 

 

 

 

 

 

 

 

 

   2021 оны 09 сарын 15 өдөр

         Дугаар 183/ШШ2021/01984

        Улаанбаатар хот

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: Б овогтой, Пын Өын нэхэмжлэлтэй,

/............. тоотод оршин суух, регистрийн дугаар ................./

 

            Хариуцагч: Ө овогтой, Бийн Өд холбогдох,

/............тоотод оршин суух, регистрийн дугаар ............/

 

            Гэрээний үүргийн гүйцэтгэлд 33.238.070 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А, нарийн бичгийн дарга Д.Содбилгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн П.Ө миний бие Б.Өд 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 4.000.000 төгрөгийг, 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 15.840.000 төгрөгийг, 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 20.000.000 төгрөгийг, нийт 39.840.000 төгрөгийг нэг сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Үүнээс хариуцагч Б.Ө нь 14.840.000 төгрөгийг төлсөн байгаа. Иймд зээлийн үлдэгдэл 25.000.000 төгрөг, зээлийн хүү 5.000.000 төгрөг, учирсан хохиролд 3.238.070 төгрөг, нийт 33.238.070 төгрөгийг гаргуулж өгнө үү. Б.Өын хариу тайлбарт “...2018  оны 10 дугаар сарын 12-ны өдөр П.Өын нөхөр н.Аийн найз н.Тын дансанд П.Өыг шилжүүл гэсний дагуу 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн гэсэн нь... П.Өын 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр миний дансанд шилжүүлсэн 20.000.000 төгрөг бол надад огт хамааралгүй мөнгө бөгөөд П.Ө нь Т.Б, Д.Ц нарт зээлүүлсэн мөнгө” гэсэн тайлбар нь үндэслэлгүй худал зүйл гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 157.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, бусад мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би П.Өоос 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 4.000.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 15.840.000 төгрөг, нийт 19.840.000 төгрөгийг зээлж авсан. Мөнгө зээлж авахдаа зээлийн гэрээг бичгээр хийгээгүй бөгөөд ямар нэгэн хүү, алданги, торгуулийн талаар тохиролцоогүй болно. Ингээд би П.Өын Хаан банкны ........................тоот дансанд 2018  оны 7 дугаар сарын 01-нд 1.000.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 1.000.000 төгрөг,  2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 1.000.000 төгрөг,  2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1.000.000 төгрөгийг,  2018  оны 10 дугаар сарын 12-ны өдөр П.Өын нөхөр н.Аийн найз н.Тын дансанд  П.Өыг шилжүүл гэсний дагуу 10.000.000 төгрөг, П.Өын Хаан банкны ........................тоот дансанд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 83.000 төгрөг, 100.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 5.000.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 500.000 төгрөгийг нийт 19.683.000 төгрөгийг төлж барагдуулсан. Иймээс түүнээс зээлсэн 19.840.000 төгрөгөөс буцаан төлсөн 19.683.000 төгрөгийг хасаж тооцоод үлдэх 157.000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй байна. Харин П.Өын 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр миний дансанд шилжүүлсэн 20.000.000 төгрөг бол надад огт хамааралгүй мөнгө бөгөөд П.Ө нь Т.Б, Д.Ц нарт зээлүүлсэн мөнгө юм. Т.Б, Д.Ц нар нь миний дансаар дамжуулан П.Өоос шилжүүлж авсан. Мөн Т.Б, Д.Ц нар өөрсийнх нь банкны данс хаагдсан гэж хэлээд надаар дамжуулж П.Өын Хаан банкны дансанд 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 1.000.000 төгрөг,  2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 1.000.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 250.000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 200.000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 140.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 500.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 500.000 төгрөг, 2019 оны  3 дугаар сарын 07-ны өдөр 615.000 төгрөг, нийт 5.205.000 төгрөг төлсөн байдаг гэжээ.

 

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            П.Өын нэхэмжлэлтэй, Б.Өд холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 33.238.070 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар П.Ө, Б.Ө нар харилцан тохиролцож, зээлийн гэрээг аман хэлбэрээр байгуулан, зээлдүүлэгч П.Ө нь 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 4.000.000 төгрөгийг, 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 15.840.000 төгрөгийг, 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 20.000.000 төгрөгийг, нийт 39.840.000 төгрөгийг зээлдэгч Б.Өд шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн “...39.840.000 төгрөгийг зээлдүүлэхээр түүний дансанд шилжүүлсэн” гэсэн тайлбар, хариуцагчийн “...19.840.000 төгрөгийн зээлийг шилжүүлж авсан нь үнэн, 20.000.000 төгрөг миний дансанд шилжиж ирснийг Т.Б, Д.Ц нар зээлсэн” гэсэн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга гэсэн баримтаар нотлогджээ.

 

Хариуцагч тал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ”...П.Өоос шилжэн ирсэн 20.000.000 төгрөгийг Т.Б, Д.Ц нар зээлж авсан мөн 2018  оны 10 дугаар сарын 12-ны өдөр П.Өын нөхөр н.Аийн найз н.Тын дансанд зээлийн төлбөрт 10.000.000 төгрөг буцаан шилжүүл гэсний дагуу 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн” гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар зээлдэгч Б.Ө нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд “2018  оны 7 дугаар сарын 01-нд 1.000.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 1.000.000 төгрөг,  2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 83.000 төгрөг, 100.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 5.000.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 500.000 төгрөг, мөн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 1.000.000 төгрөг,  2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 1.000.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 250.000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 200.000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 140.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 500.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 500.000 төгрөг, 2019 оны  3 дугаар сарын 07-ны өдөр 615.000 төгрөг, нийт 14.840.000 төгрөг”-ийг зээлдүүлэгч П.Өод буцаан шилжүүлсэн талаар нэхэмжлэгч маргаагүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан банкны дансны хуулгаар нотлогджээ.

 

Иймд зээлдүүлэгч П.Өын зээлд шилжүүлсэн 39.840.000 төгрөгөөс зээлдэгч Б.Өын буцаан өгсөн 14.840.000 төгрөгийг хасаж тооцон, үлдэх 25.000.000 төгрөгийг хариуцагч Б.Өаас гаргуулан нэхэмжлэгч П.Өод олгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасантай нийцэж байна.

 

Харин нэхэмжлэгчийн “...зээлийн хүү 5.000.000 төгрөг, учирсан хохиролд 3.238.070 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Учир нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т “хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр байгуулна. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй тул нэхэмжлэгч зээлийн хүү шаардах эрхгүй юм.

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар гэрээнээс учирсан хохирол 3.238.070 төгрөг  гаргуулах талаарх нэхэмжлэлийн шаардлагад холбогдох нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Б.Өаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 25.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Өод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8.238.070 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасантай нийцэж байна.

 

Шүүхээс хариуцагчийн мэдэгдсэн “.......................................тоот” гэсэн хаягаар шүүх хуралдааны товыг хүргүүлсэн боловч уг хаягандаа оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.8-д зааснаар шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн гэж үзэж, түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг баримтлан хариуцагч Б.Өаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 25.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Өод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8.238.070 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Өоос улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 324.140 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Өаас улсын тэмдэгтийн хураамжид 282.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах  шатны шүүхэд  гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ж.СЭМЖИД