Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/01763

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/01763

 

 

П.Ө-ннэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2021/01984 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П.Ө-н хариуцагч Б.Ө-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 30 000 000 төгрөг, үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 3 238 070 төгрөг, нийт 33 238 070 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчөөс давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Ө, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Э.Нэмэхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч П.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Б.Ө-д 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 4 000 000 төгрөг, мөн сарын 31-ний өдөр 15 840 000 төгрөг, мөн оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 20 000 000 төгрөг, нийт 39 840 000 төгрөгийг нэг сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Зээлийн төлбөрөөс хариуцагч нь 14 840 000 төгрөгийг төлсөн. Иймд зээлийн үлдэгдэл 25 000 000 төгрөг, хүү 5 000 000 төгрөг, үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 3 238 070 төгрөг, нийт 33 238 070 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Ө шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн байна. Учир нь нэхэмжлэгчээс 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 4 000 000 төгрөг, мөн сарын 31-ний өдөр 15 840 000 төгрөг, нийт 19 840 000 төгрөгийг зээлж авсан. Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бөгөөд бид хүү, алданги, торгуулийн талаар тохиролцоогүй.

Зээлийн төлбөрийг П.Ө-н ХААН банк ХХК-ийн *******дугаар дансанд 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл нийт 19 683 000 төгрөгийг төлсөн. Иймээс нэхэмжлэгчээс зээлсэн 19 840 000 төгрөгөөс буцаан төлсөн 19 683 000 төгрөгийг хасаж тооцоод үлдэх 157 000 төгрөг төлнө.

Харин 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгчээс миний ХААН банк ХХК дах ******* тоот дансанд шилжүүлсэн 20 000 000 төгрөгийг П.Ө нь Т.Б Д.Ц нарт зээлүүлсэн мөнгө бөгөөд надад хамааралгүй юм. Тэд миний дансаар дамжуулан П.Өоос зээл авсан. Мөн Т.Б Д.Ц нар надаар дамжуулж П.Ө-н дансанд 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт 5 205 000 төгрөг зээлээс буцаан төлсөн гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Ө-с зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 25 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Ө-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 238 070 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Ө-оос улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 324 140 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Ө-с улсын тэмдэгтийн хураамжид 282 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Нэмэхбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Учир нь хэрэг хянан шийдвэрлэгдэх хугацаанд хариуцагч Б.Ө Бүгд Найрамдах Турк улс руу өөрийн дэлгүүртээ бараа татах зорилгоор 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын хилээр гарсан. Хариуцагчийн хилээр гарснаас хойш дэлхий нийтийг хамарсан Ковид 19 цар тахал манай улсад бүртгэгдэж, улс орон даяар хөл хорио тогтоож гадаадаас ирэх нислэгийг зогсоосны улмаас хариуцагч Монгол Улсын хилээр нэвтэрч чадахгүй нөхцөл байдал бий болсон.

Тус иргэний хэрэг нь хариуцагч талаас 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн шүүхэд гаргасан байсан хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзсэн бөгөөд 2021 оны 3 дугаар сарын сүүлээр тус шүүхээс тус иргэний хэрэг сэргэсэн талаар надад мэдэгдсэн. Миний Б.Ө-тай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хугацаа 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр дуусах тул гэрээний хугацааг сунгах талаар өөрийн үйлчлүүлэгчдээ мэдэгдэх гэсэн боловч холбоо барьж чадаагүй. Мөн шүүхийн журмаар хил хамгаалах газраас Б.Ө Монгол Улсад ирсэн талаар лавлагаа гаргуулах хүсэлт гаргасныг хангаж, тус газраас тодорхойлолт ирүүлсэн байдаг.

Гэтэл хэргийг шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2021/01984 дугаар захирамжаар шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүх нь шүүх хурлын товыг Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо,  тоотод илгээсэн боловч хурлын тов мэдэгдсэн шуудан очиход хүн байдаггүй гэсэн шалтгаанаар буцаагдсан баримт хэрэгт байна. Шүүгчийн туслахаас хурлыг товыг мэдэгдээгүй байхад яагаад шүүх хуралдаан болсон талаар тодруулахад хариуцагчийн иргэний үнэмлэхийн хаяг болох Баянгол дүүргийн хаягаар мэдэгдсэн гэх тайлбарыг өгсөн. Мөн Хил хамгаалах газраас ирүүлсэн Б.Ө нь Монгол Улсын хилээр орж ирээгүй болох нь тогтоогдсон албан бичиг байсаар байхад шүүх хурлыг явуулж хэргийн оролцогчийг мэтгэлцэх боломжоор хангалгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

Нэхэмжлэгч П.Ө нь хариуцагч Б.Ө-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 30 000 000 төгрөг, үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 3 238 070 төгрөг, нийт 33 238 070 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Анхан шатны шүүх хариуцагч талыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэж дүгнэн, нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн байна. /хх-117-118/ Энэ шийдвэрийг хариуцагч Б.Ө Ковид-19 цар тахлын улмаас гадаад улсад хөл хорионд орж Монгол Улсын хилээр орж ирээгүй болох нь тогтоогдсон албан бичиг байхад шүүх хурлыг явуулж, хэргийн оролцогчийг мэтгэлцэх боломжоор хангалгүй, хохиролтой шийдвэрлэсэн, шүүх хуралдааны тов мэдэгдээгүй гэх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгч эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2 дах хэсэгт заасан үүргийн хүрээнд нэхэмжлэгч болон хариуцагчийн тодорхойлсон оршин суух газрын хаягаар хариуцагч Б.Ө-д шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг шүүхээс хүргүүлэхэд тус газартаа байхгүй байсан талаар тэмдэглэл үйлдсэн байна. /хх-108-112/

Энэ тохиолдолд дээрх хуулийн 77 дугаар зүйлийн 77.6 дах хэсэгт заасны дагуу хорооны Засаг дарга, түүний ажлын албанд хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулсанаар хэргийн оролцогчид шүүх товыг мэдэгдсэнд тооцно. Анхан шатны шүүх уг ажиллагааг явуулсан гэдгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох хуулиар олгосон эрхийг зөрчсөн гэж үзнэ.

Хариуцагч Б.Ө нь нэхэмжлэлийн шаардлагаас 20 000 000 төгрөгт холбогдох хэсгийг иргэн Д.Ц авсан гэж марган, зээлдүүлэгч П.Ө, зээлдэгч О.Ц нар зээл авсан, зээлээ хэрхэн төлөх талаарх бичлэгийг СД-д бичүүлж нотлох баримтаар шүүхэд өгсөн гэх хариу тайлбарын хамт СД /CD/-г нотлох баримтаар шүүхэд гарган өгчээ.

Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх дээрх СД /CD/-д үзлэг хийж бэхжүүлэх, эсвэл хэргийн нотлох баримтаас хасах зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан ажиллагааг явуулаагүй, нотлох баримтыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байна.

Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн явуулах үүргийг хуулиар олгоогүй учир хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын энэ хэсгийг хангах үндэслэлтэй.

Харин ...Ковид-19 цар тахлын улмаас хариуцагч гадаад улсад хөл хоригдсон, Монгол Улсад орж ирээгүй байгаа, ... шүүгчийн туслах ... иргэний үнэмлэхний хаяг болох Баянгол дүүргийн хаягаар тов мэдэгдсэн, ... хэрэгт авагдаагүй баримтыг үндэслэж хууль зөрчсөн шийдвэр гаргасан... гэх давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь хариуцагч Б.Ө нь өөрийн оршин суугаа газрын хаягийг Баянгол дүүргийн 6 дугаар хороо, тоот гэж тодорхойлсон, мөн түүний иргэний үнэмлэхэд мөн хаяг бичигдсэн болох нь хэргийн 16-17 дах талд авагдсан баримтуудаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч П.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Б.Ө оршин суух хаягийг Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Алтаргана хотхоны 43б байрны 404 тоот гэж тодорхойлжээ. Шүүх дээрх 2 хаягаар шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас явуулсан байдаг.

Хэргийн баримтаар хариуцагч нь Монгол Улсын хилээр 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр гарснаас хойш орж ирээгүй байгаа үйл баримт тогтоогджээ. Гэхдээ хэргийг хянан шийдвэрлэхээр товлон зарласан цаг хугацаанд буюу 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар Ковид-19 цар тахлын улмаас хилийн хорио тогтоосон нөхцөл арилсан байна. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөрөө дамжуулан оролцох боломжтой байсан, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8 дах хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь эрх тэгш байх зарчимд үндэслэн явагддаг учир нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг үндэслэлгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх шийдвэрээ шүүгчийн захирамж гэх хэвлэмэл хуудсан дээр гаргасан нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2021/01984 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ч.ЦЭНД