Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2021/02088

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2021/02088

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: * дүүрэг, * дүгээр хороо, * дугаар хороолол, * дугаар байр, * тоотод оршин суух Л.С /Пасспортын дугаар: */-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: * дүүрэг, * дүгээр хороо, * дугаар байр, * тоотод оршин суух Ц.Б /РД:*/-д холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: * ХХК

Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хэлцлээр шилжүүлсэн зүйлийг буцаах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.П, түүний өмгөөлөгч Д.Н, хариуцагчийн төлөөлөгч Г.И, өмгөөлөгч П.Н, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Б, Н.О, нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.

Нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авав.

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Л.С шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Израйл улсын иргэн Л.С нь * дүүргийн * дүгээр хороо, * дугаар хороолол, * гудамж, * дугаар байрны *тоот хаягт байрлах 107.72 м.кв талбайтай, 194 400 000 төгрөгийн үнэ бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-22040* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байсан. ******* ******* нь 2017 оны 12 дугаар сард Ц.Б хүү Ш.С уулзахад уул уурхайн бизнесс эрхэлж байгаа, маш их ашиг олох боломжтой талаар ярьж, улмаар түүний орон сууцыг худалдаж авах санал тавьсан. Л.С нь Ш.С байраа 194 400 000 төгрөгөөр зарах талаар хэлж, төлбөрийг хэзээ, яаж хийх талаар асуухад 1 жилийн дотор төлж дуусгах боломжтой, мөнгө орж ирэхээр хамгийн түрүүнд байрны чинь төлбөрт шилжүүлээд явна, сар бүр тэдийг төлнө гэхгүйгээр бөөнөөр орж ирсэн орлогоосоо хамаараад төлнө гэж хэлсэн. Ингээд Л.С нь *******т итгэж байраа 194 400 000 төгрөгөөр үнэлж түүнд худалдахаар болсон. Нотариатын газар очиход, Ш.С өөрийн ээж Ц.Б гэх хүнийг дагуулан ирж, ээжийнхээ нэр дээр гэрээ хийхээр болгосон. Миний хувьд Ш.С тохиролцсон ёсоор худалдах-худалдан авах гэрээ хийнэ гэсэн ойлголттой байсан. Гэвч Ш.С бэлэглэлийн гэрээгээр шилжүүлбэл ашигтай гэж хэлсэн тул түүний хэлснээр 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр, Ш.С ээж Ц.Б бэлэглэлийн гэрээ байгуулж, өмчлөх эрхээ шилжүүлж өгсөн. Энэхүү гэрээг байгуулсан өдөр Ц.Б нь гэрээнд заасан байрны үнийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд барагдуулаагүй тохиолдолд байрыг бүрэн бүтнээр нь Л.С буцаан өгнө гэсэн баталгааг гараараа бичиж нотариатаар батлуулсан. Гэтэл Ц.Б нь 2018 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар байрны үнэд нэг ч төгрөг төлөөгүй. Иймээс бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Л.С өөрийн нэр дээр буцаан шилжүүлж өгөхийг Ц.Б шаардсан боловч элдэв арга заль хэрэглэн хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн. Ер нь бодит байдал дээр талдуудын хооронд бэлэглэлийн гэрээгээр халхавчлагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарна. Иймд 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Л.С, Ц.Б нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу дээрх хэлцлээр Ц.Б нэр дээрх өмчлөх эрх нь шилжсэн, * дүүргийн * дүгээр хороо, * хороолол, * гудамж, * дугаар байрны *тоот хаягт байрлах 107.72 м.кв талбайтай, 194 400 000 төгрөгийн үнэ бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Л.С нэр дээр буцаан олгож, Ц.Б өмчлөх эрхийг хүчингүй болгож өгнө үү. Мөн Захиргааны байгууллагын маргаан гэсэн тайлбар нь ойлгомжгүй, үндэслэлгүй гэж үзэж байна. Энэхүү маргаан нь иргэний эрх зүйн харилцаанд оролцсон талуудын хооронд үүссэн гэрээтэй холбоотой маргаан учраас Иргэний хэргийн шүүх л шийднэ. Нэхэмжлэгч бүртгэлийг хууль бус гэсэн маргаан гаргаагүй. Захиргааны шүүх, захиргааны байгууллага бүртгэл үнэн зөв хийгдээгүй, буруу хийгдсэн талаар маргааныг шийдвэрлэдэг. Хариуцагч тал шүүхэд хариу тайлбараа бичгээр огт гаргаж өгөөгүй, амаараа л хамтран ажиллах гэрээ гэсэн тайлбар хэлээд байдаг. Үнэхээр тэр хамтран ажиллах гэрээнд нь Л.С, Ш.С нар холбоотой юм бол энийгээ нотлох хэрэгтэй, нэхэмжлэгч үүнийг нотлох үүрэггүй. Нэхэмжлэгч шаардлагын үндэлслэлээ Ц.Б бичсэн баталгаа гэсэн нотлох баримтыг үндэслэн тодорхойлж байгаа. Хамтран ажиллах гэрээний дагуу уг орон сууцыг хөрөнгө оруулалт болгож, тал талаасаа нийлүүлсэн гэж байгаа бол энэ үйл баримтаа нотлох үүрэг нь хариуцагч талд байгаа. Зөвхөн амаар ярьж байгаа зүйлүүдийг үнэн эсэхийг мэдэх боломжгүй гэв

Хариуцагч Ц.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Б зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч талаас 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хийгдсэн гэрээг худалдах худалдан авах гэрээ хийхэр тохиролцож хийсэн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байгаа. Гэвч Ц.Б хувьд нэхэмжлэгчтэй худалдах- худалдан авах гэрээ хийгдээгүй, харин түүний хүү болох Ш.С болон ******* ******* нарын хооронд хамтран ажиллах гэрээ хийгдсэн гэж маргаж байгаа. Тухайн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээний дагуу төлбөрийг Л.С компанид шилжүүлсэн баримт байдаг, мөн Ц.Б хүү ******* нь Адуляр болон * гэдэг компаниудын хооронд * аймгийн * суманд нөхөн сэргээлтийн ажил хийгдсэн, энэ ажилд ийм хэмжээний мөнгө зарцуулсан гэдэг талаар гэрч ******* мэдүүлэг өгсөн. Мөн гэрч Г.Баянмөнх хамтран ажиллах гэрээний талаар мэдүүлсэн байдаг. Хариуцагч Ц.Б хувьд тухайн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Бэлэглэлийн гэрээ нь худалдах-худалдах авах гэрээг халхавчлагдаж хийгдээгүй, хамтран ажиллах гэрээ эдгээр хүмүүсийн хооронд хийгдсэн гэдэг тайлбараа дэмжиж байна. Мөн уг байранд ******* нь амьдраагүй бөгөөд ******* амьдарч байгаа, энэ талаараа мэдүүлэг өгсөн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХХК-ийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх ******* нь ******* ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 90 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний барьцаанд маргаан бүхий орон сууцыг барьцаалсан. Тухайн үед зээлийн шаардлага хангасны үндсэн дээр хуулийн дагуу зээлийн болон ипотекийн гэрээ хийгдсэн. Ипотекийн гэрээ нь улсын бүртгэлд бүртгүүлсэн хүчин төгөлдөр гэрээ байгаа. Энэ бэлэглэлийн гэрээг банк тухайн үед мэдэх боломжгүй буюу мэдээгүй байсан. Ингээд зээлдэгч зээлээ төлөхгүй байсан тул манайхаас 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлийн гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргаж, шүүгчийн захирамжаар талуудын эвлэрлийг баталсан. Энэхүү захирамжтай холбоотойгоор одоо шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.               

            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* хариуцагч *******д холбогдуулан талуудын хооронд 2017 оны 12 сарын 02-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хэлцлээр шилжүүлсэн ******* дүүргийн 1-р хороо, 12-р хороолол, Токиогийн гудамж, 73-р байрны 47 тоот хаягт байрлах, 107.72 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхийг ******* *******г өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаарджээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Талуудын хооронд 2017 оны 12 сарын 02-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр бэлэглэгч ******* ******* нь ******* дүүргийн 1-р хороо, 12-р хороолол, Токиогийн гудамж, 73-р байрны 47 тоот хаягт байрлах, 107.72 м.кв, 194 400 000 төгрөгийн үнэ, 3 өрөө орон сууцыг бэлэг хүлээн авч *******ын нэр дээр шилжүүлэх, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосноор бэлэг хүлээн авагчийн өмчлөх эрх үүсэхээр тохиролцжээ. /хх-ийн 7/

Дээрх гэрээний дагуу 2017 оны 12 сарын 07-ны өдөр өмчлөх эрх *******ын өмчлөлд шилжин бүртгэгдсэн байна./хх-ийн 35/

Түүнчлэн хариуцагч ******* нь ******* *******д гэсэн Баталгаа гаргах нь гээд ******* дүүргийн 1-р хороо, 12-р хороолол, Токиогийн гудамж, 73-р байрны 47 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцны үнийг 2018 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл барагдуулаагүй тохиолдолд уг байрыг ******* *******д буцааж өгөх болно гэсэн бичгийг бичиж өгснийг 2017 оны 12 сарын 05-ны өдөр нотариатч гарын үнэн зөвийг гэрчилсэн байх ба уг баримт хавтаст хэргийн 9-р талд авагджээ.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Хариуцагч ******* худалдах, худалдан авах гэрээний дагуу мөнгөө жилийн дараа төлнө гэж өөрөө бэлэглэлийн гэрээг хийсэн өдрөө тэр нотариат дээрээ баталгаа гаргаж өгсөн байдаг. Хэрэв худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй, зөвхөн бэлэглэлээр орсон юм бол яагаад баталгаа бичиж өгсөн юм. Энэ баталгаа нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд худалдах, худалдах авах гэрээ хийгдсэн гэдгийг нотолж байгаа баримт юм. Хариуцагч тал анхнаасаа бэлэглэлийн гэрээ байгуулах хүсэл зорилго байгаагүй талуудын хооронд уг орон сууцыг бэлэглэх болон худалдах-худалдан авах зорилго ч байгаагүй. Харин ******* ******* болон хариуцагч *******ын хүү ******* нар нь хамтран ажиллахаар тохиролцож, эхний ээлжинд уг байрыг *******ын нэр дээр шилжүүлж, зээл авахаар тохиролцсон, уг зээлийн мөнгийг Ховд аймгийн нөхөн сэргээх ажилд зарцуулсан гэх тайлбарыг гаргаж, маргажээ.

Зохигчдын хооронд ямар нэг хэлцэл хийгдсэн, гэрээ байгуулагдсан эсэхийг тогтооход нэг талын хүсэл зоригийг нөгөө тал хүлээн авч тэдний хүсэл зориг харилцан нийцсэн эсэхийг тогтоох шаардлагатай болно.

Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч *******д ******* дүүргийн 1-р хороо, 12-р хороолол, Токиогийн гудамж, 73-р байрны 47 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг бэлэглэх зорилготой байсан уу, эсвэл уг байрыг 194 400 000 төгрөгөөр өөрийн өмчлөлийн орон сууцаа түүнд худалдах хүсэл зоригтой байсан уу гэдэг нь чухал юм.

Хүсэл зориг гэж тодорхой этгээдийн иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох буюу хэлцэл хийх эрмэлзлэлийг хэлэх бөгөөд уг эрмэлзлэлийн гадаад илрэлийг хүсэл зоригийн илэрхийлэл гэж ойлгодог. Нэг этгээдийн хүсэл зоригийн илэрхийллээр хийгдсэн хэлцэл зөвхөн хуульд зааснаар эсхүл харилцан тохиролцсоноор нөгөө этгээдэд эрх, үүрэг үүсгэдэг. Хэлцэл хийх хүсэлтэй этгээдийн уг эрмэлзлэлээ илэрхийлсэн байдлыг нөгөө тал ойлгож, утга санааг нь ухамсарласан тохиолдолд хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авсан гэж үздэг.

Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлгодог.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбараас дүгнэвэл ******* *******н орон сууцаа худалдах хүсэл зоригийг ******* хүлээн авч тэдний хүсэл зоригийн илэрхийлэл Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээгээр илэрхийлэгджээ.

Дээрх байдлаас үзэхэд орон сууцыг үнэ төлбөргүйгээр, бэлэглэлийн журмаар шилжүүлэхийг хүсээгүй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бодит байдал дээр хариу төлбөртэйгээр шилжүүлсэн, бэлэглэлийн гэрээ нь худалдах-худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор хийж буй дүр үзүүлсэн хэлцэл болох нь тогтоогдсон байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хүчин төгөлдөр бус хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн хариуцагч *******д үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх дээрх бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжсэн боловч талуудын хооронд орон сууцыг 194 400 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон болох нь 2017 оны 12 сарын 05-ны өдөр хариуцагч *******ын бичиж өгсөн баталгаа /хх-ийн 9/ зэргээр тогтоогдож байна.

Нөгөөтэйгүүр, талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 12 сарын 02-ны өдөр байгуулах болсон шалгаанаа хариуцагч тал худалдах-худалдан авах зорилгогүйгээр ...хамтран ажиллах тохиролцооны үндсэн дээр хийгдсэн гэж тайлбарлаж байх хэдий хариуцагч нь энэ талаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байна.

Хариуцагч ******* хэлцлийн үндсэн дээр ******* дүүргийн 1-р хороо, 12-р хороолол, Токиогийн гудамж, 73-р байрны 47 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцны өмчлөгч болсон боловч талуудын хоорондох бэлэглэлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдож байх тул орон сууцны өмчлөх эрхийг буцаах нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт нийцнэ.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа ...орон сууцны өмчлөгчөөр ******* *******г тогтоож, өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардсан агуулгаар нэхэмжлэлээ гаргасан байгааг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй гэсэнд нийцсэн байна гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан ******* *******, ******* нарын хооронд 2017 оны 12 сарын 02-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, ******* дүүргийн 1-р хороо, 12-р хороолол, Токиогийн гудамж, 73-р байрны 47 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204076979 дугаартай, 3 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ******* *******г тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагч *******д даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 129 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 129 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* *******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

                                         

ДАРГАЛАГЧ                                   Б.МӨНХЖАРГАЛ