Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/00416

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/00416

 

 

 

 

ЛС-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2021/02088 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ЛС-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.Б-д холбогдох,

Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хэлцлээр шилжүүлсэн зүйлийг буцаах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И, хариуцагчийн өмгөөлөгч Л.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1.Нэхэмжлэлийн шаардлага:

ЛС-, Ц.Б- нарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, дээрх хэлцлээр Ц.Б-ын нэр дээрх өмчлөх эрх нь шилжигдсэн, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 хороолол, Токиогийн гудамж, 73 дугаар байрны 00 тоот хаягт байрлах 107,72 м.кв талбайтай, 194,400 000 төгрөгийн үнэ бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг ЛС-гийн нэр дээр буцаан олгож, Ц.Б-ын өмчлөх эрхийг хүчингүй болгож өгнө үү.

1.2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

Израйл Улсын иргэн ЛС- нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж, 73 дугаар байрны 00 тоот хаягт байрлах 107,72 м.кв талбайтай, 194,400,000 төгрөгийн үнэ бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2204076979 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байсан. ЛС- нь 2017 оны 12 дугаар сард Ц.Б-ын хүү Ш.С-тай уулзахад уул уурхайн бизнес эрхэлж байгаа, маш их ашиг олох боломжтой талаар ярьж, улмаар түүний орон сууцыг худалдаж авах санал тавьсан. ЛС- нь Ш.С-т байраа 194,400,000 төгрөгөөр зарах талаар хэлж, төлбөрийг хэзээ, яаж хийх талаар асуухад 1 жилийн дотор төлж дуусгах боломжтой, мөнгө орж ирэхээр хамгийн түрүүнд байрны чинь төлбөрт шилжүүлээд явна, сар бүр хэдийг төлнө гэхгүйгээр бөөнөөр орж ирсэн орлогоосоо хамаараад төлнө гэж хэлсэн. Ингээд ЛС- нь Ш.С-т итгэж байраа 194,400,000 төгрөгөөр үнэлж түүнд худалдахаар болсон. Нотариатын газар очиход, Ш.С- өөрийн ээж Ц.Б- гэх хүнийг дагуулан ирж, ээжийнхээ нэр дээр гэрээ хийхээр болгосон. Миний хувьд Ш.С-тай тохиролцсон ёсоор худалдах-худалдан авах гэрээ хийнэ гэсэн ойлголттой байсан. Гэвч Ш.С- бэлэглэлийн гэрээгээр шилжүүлбэл ашигтай гэж хэлсэн тул түүний хэлснээр 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр, Ш.С-ын ээж Ц.Б-тай бэлэглэлийн гэрээ байгуулж, өмчлөх эрхээ шилжүүлж өгсөн. Энэхүү гэрээг байгуулсан өдөр Ц.Б- нь гэрээнд заасан байрны үнийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд барагдуулаагүй тохиолдолд байрыг бүрэн бүтнээр нь ЛС-д буцаан өгнө гэсэн баталгааг гараараа бичиж нотариатаар батлуулсан. Гэтэл Ц.Б- нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар байрны үнэд нэг ч төгрөг төлөөгүй. Иймээс бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг ЛС- өөрийн нэр дээр буцаан шилжүүлж өгөхийг Ц.Б-аас шаардсан боловч хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн. Ер нь бодит байдал дээр талуудын хооронд бэлэглэлийн гэрээгээр халхавчлагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн.

 

2.Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Ц.Б-ын хувьд нэхэмжлэгчтэй худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй, харин түүний хүү болох Ш.С- болон ЛС- нарын хооронд хамтран ажиллах гэрээ хийгдсэн. Тухайн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээний дагуу төлбөрийг ЛС-гийн компанид шилжүүлсэн баримт байдаг, мөн Ц.Б-ын хүү Ш.С- нь Адуляр болон Приваль гэдэг компаниудын хооронд Ховд аймгийн Цэцэг суманд нөхөн сэргээлтийн ажил хийгдсэн, энэ ажилд ийм хэмжээний мөнгө зарцуулсан гэдэг талаар мэдүүлэг өгсөн. Мөн гэрч Г.Баянмөнх хамтран ажиллах гэрээний талаар мэдүүлсэн байдаг. Бэлэглэлийн гэрээ нь худалдах-худалдах авах гэрээг халхавчлагдаж хийгдээгүй, хамтран ажиллах гэрээ эдгээр хүмүүсийн хооронд хийгдсэн гэдэг тайлбараа дэмжиж байна. Мөн уг байранд Ц.Б- нь амьдраагүй бөгөөд Марк Кожинов амьдарч байгаа, энэ талаараа мэдүүлэг өгсөн байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ГБ ХХК-ийн тайлбарын агуулга: Анх Ш.С- нь ГБ ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 90,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний барьцаанд маргаан бүхий орон сууцыг барьцаалсан. Тухайн үед зээлийн шаардлага хангасны үндсэн дээр зээлийн болон ипотекийн гэрээ хийгдсэн. Ипотекийн гэрээ нь улсын бүртгэлд бүртгүүлсэн хүчин төгөлдөр. Энэ бэлэглэлийн гэрээг банк тухайн үед мэдэх боломжгүй буюу мэдээгүй байсан. Ингээд зээлдэгч зээлээ төлөхгүй байсан тул манайхаас 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлийн гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргаж, шүүгчийн захирамжаар талуудын эвлэрлийг баталсан. Энэхүү захирамжтай холбоотойгоор одоо шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа.

 

4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан ЛС-, Ц.Б- нарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж, 73 дугаар байрны 00 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204076979 дугаартай, 3 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ЛС-г тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагч Ц.Б-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1,129,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1,129,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЛС-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын талаар шүүх буруу дүгнэсэн.

Ш.С- нь тухайн үед Ц.Б-ыг гуйж өөрийнхөө өмнөөс ЛС-тэй Ц.Б-ын хүсээгүй хэлбэрийн төдий Бэлэглэл-ийн гэх гэрээнд гарын үсэг зуруулсан, харин ЛС- нь болохоор нотариат дээр төлбөрийг төлөөгүй тохиолдолд байрыг буцаан өгнө гэх утгатай Ц.Б-ын хүсээгүй зүйл дээр гарын үсэг зуруулсан. Ц.Б- нь тэр хоёрын хооронд ямар иргэний эрх зүйн харилцаа явагдаж байгааг ч тухайн үед огт ойлгоогүй байдаг.

5.2. Анхан шатны шүүх хариуцагч татгалзлаа нотолж чадаагүй гэж буруу дүгнэсэн. Ш.С- нь өөрөө шүүхэд гэрчээр оролцож маш тодорхой гэрчийн мэдүүлэг өгсөн байхад шүүх нотлох баримтаар огт үнэлээгүй.

5.3. Нэхэмжлэлийн шаардлагыг шүүх буруу тайлбарлан шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч шаардлагаа ... орон сууцны өмчлөгчөөр ЛС-г тогтоож, өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардсан агуулгаар нэхэмжлэлээ гаргасан гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх өөрөө тайлбарлан үүндээ дүйцүүлсэн байдлаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

 

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа нотлох баримтын хүрээнд асуудлыг хууль зүйн үндэслэлтэй, зөв шийдвэрлэсэн.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Нэхэмжлэгч ЛС- нь хариуцагч Ц.Б-д холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 хороолол, Токиогийн гудамж, 73 дугаар байрны 00 тоот хаягт байрлах 107.72 м.кв талбайтай, 194,400,000 төгрөгийн үнэ бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг ЛС-д буцаан шилжүүлэхийг даалгах агуулгатай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн баримтаас ЛС- нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол /13380/, Токиогийн гудамж, 73 дугаар байрны 00 тоот хаягт байрлах 107.72 м.кв талбайтай, 194,400,000 төгрөгийн үнэ бүхий 3 өрөө сууцны өмчлөгч байсанд талууд маргаангүй. /хх191-196/

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэн Ш.С-ын ээж Ц.Б-тай бэлэглэлийн гэрээ байгуулж, дээрх сууцны өмчлөх эрх 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Ц.Б-ын нэр дээр шилжин бүртгэгдсэн нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа болон гэрчилгээгээр нотлогджээ./хх 35-36/

 

Мөн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч Ц.Б- нь гэрээнд заасан сууцны үнийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд барагдуулаагүй тохиолдолд уг сууцыг ЛС-д буцаан өгнө гэсэн баталгааг бичгээр үйлдэж, нотариатаар гэрчлүүлсэн баримт хэрэгт авагдсан. Дээрх бичгийн баримтыг үйлдсэнд талууд маргаангүй. /хх9/

 

Хариуцагч Ц.Б- нь маргааны зүйл болох сууцны үнийг төлөөгүй үйл баримт талуудын тайлбараар тогтоогдсон.

 

Мөн талуудын хооронд бэлэглэлийн гэрээний харилцаа үүсээгүй гэдэгт зохигчийн хэн аль нь маргахгүй байна.

 

Харин зохигчид Ц.Б- нь Ш.С-ын өмнөөс ЛС-тэй иргэний эрх зүйн харилцаанд оролцсон эсэх, ЛС-, Ш.С- нарын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа байсан эсэх, уг хамтран ажиллах гэрээний үүрэгт дээрх 73 дугаар байрны 00 тоот, 107.72 м.кв талбайтай, 194,400,000 төгрөгийн үнэ бүхий 3 өрөө сууцыг тооцох эсэх асуудлаар маргаж байна.

 

ЛС-, Ц.Б- нарын хооронд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан худалдах, худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор хүчин төгөлдөр бус бэлэглэлийн гэрээ байгуулагдсан талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэжээ.

 

Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хэлцэл хийгдсэн бол энэ хэлцлээр хэлцэл хийгч тал түүнийг хэрэгжүүлэх, ямарваа эрх, үүрэг хүлээх хүсэл зориггүй байдаг. Өөрөөр хэлбэл, 00 тоот 107.72 м.кв талбайтай, 194,400,000 төгрөгийн үнэ бүхий 3 өрөө сууцыг Ц.Б-д бэлэглэх хүсэл зориг ЛС-д байгаагүй болох нь Ц.Б-ын гэрээнд заасан сууцны үнийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд барагдуулаагүй тохиолдолд уг сууцыг ЛС-д буцаан өгөх баталгаа бичиг, талуудын тайлбараар тогтоогдсон.

 

Халхавчлагдсан худалдах, худалдан авах хэлцлийн хувьд ч Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргах заалтыг зөрчсөнөөс гадна Ц.Б- нь 194,400,000 төгрөгийг төлөх үүрэггүй, ЛС-, Ш.С- нарын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа байсан талаар маргаж байна. Халхавчлагдсан хэлцлийн тухайд ч талууд уг хэлцлээр эрх, үүрэг хүлээж, хэрэгжүүлэх хүсэл зориг бодитой байхгүй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

 

5.1. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдыг шүүх буруу дүгнэсэн гэх гомдлын талаар:

Иргэний хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна. Зохигчийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хэлцэл нь үгийн шууд утгаараа ЛС-, Ц.Б- нарын хооронд байгуулагдсан, талууд гэрээндээ Ш.С-ыг төлөөлж гэрээний харилцаанд Ц.Б- оролцож байгаа талаар заагаагүй.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд Ш.С- нь тухайн үед Ц.Б-ыг гуйж өөрийнхөө өмнөөс ЛС-тэй бэлэглэлийн гэх гэрээнд гарын үсэг зуруулсан талаар дурдсан.

 

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт зааснаар төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ. Хэрэгт Ш.С-аас Ц.Б-д олгосон итгэмжлэл авагдаагүй.

 

5.2. Анхан шатны шүүх Ш.С-ын гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй атлаа хариуцагч татгалзлаа нотолж чадаагүй гэж буруу дүгнэсэн гэх гомдлын тухайд:

Хэргийн баримтаас үзэхэд Ш.С- нь тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч биш бөгөөд бие даасан шаардлага гаргаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. Ш.С-, ЛС- нарын хамтран ажилласан гэх маргаан нь тусдаа маргаан бөгөөд Ц.Б-, ЛС- нарын хүчин төгөлдөр бус бэлэглэлийн гэрээг зөвтгөх үндэслэл болохгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамааралгүй юм.

 

5.3. Нэхэмжлэлийн шаардлагыг шүүх буруу тайлбарлан шийдвэрлэсэн гэх гомдлын тухайд:

Нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах, 00 тоот сууцыг өмчлөлдөө буцаан шилжүүлэхийг шаардсан агуулгатай шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах, зүйлчлэн шийдвэрлэх нь шүүхийн эрх хэмжээ юм.

 

Анхан шатны шүүх хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгахдаа Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлаагүй байгааг зөвтгөх, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэхийг бүртгэлийн байгууллагад даалгасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, шийдвэрийн бусад агуулгыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2021/02088 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус баримтлан ЛС-, Ц.Б- нарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж, 73 дугаар байрны 00 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204076979 дугаартай, 3 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч ЛС-гийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагч Ц.Б-д, холбогдох бүртгэлийг хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус даалгасугай. гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,129,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ш.ОЮУНХАНД