| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Эрдэнэтуяа |
| Хэргийн индекс | 128/2018/0450/З |
| Дугаар | 128/ШШ2019/0161 |
| Огноо | 2019-03-11 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2019/0161
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Эрдэнэтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц.Э
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газрын алба, Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтэс.
Гуравдагч этгээд: Д.Б, Д.Ч, Д.Э
Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн,,, дугаар хороо Жанжны... дугаар гудамжны .... тоотод байрлах 700 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн .... дугаар захирамжаар Д.Б-д өмчлүүлснийг хүчингүй болгуулах,
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаар захирамжаар Ц.Б-аас Д.Б-д шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах,
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 206 дугаар захирамжаар Д.Б-д эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах,
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 234 дугаар захирамжийн Д.Ч-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
18649309145872 нэгж талбарын дугаартай Д.Э-ын Баянзүрх дүүрэг, ---р хороо, Жанжны ----р гудамжны --- тоотын газрыг өмчилсөн хэсгийг хүчингүй болгуулах.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д-, түүний өмгөөлөгч Ч.М-, хариуцагч Баянзүрх дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У-, гуравдагч этгээд Д.Ч-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.А- нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 537 дугаар захирамжаар 700 м.кв газрыг Д.Д өмчилж аваад, 2006 оны 28 дугаар захирамжаар үлдсэн 452 м.кв газрыг өмчилсөн байдаг. Өмчилж авсан газраа Ц.Э-т зарсан. Ц.Э ийг газраа эзэмших гээд очиход Д.Ч-д Баянзүрх дүүргийн Засаг даргын 234 дугаар захирамжаар эзэмших гэрчилгээг давхардуулан олгосон байсан. Баянзүрх дүүргийн Засаг даргын 234 дугаар захирамжийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 345 дугаар захирамжаар тус газрыг Д.Ч д өмчлүүлсэн байсан. Ц.Э 2011 онд шүүхэд хандсан боловч Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулалгүй Нийслэлийн Засаг даргын 345 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны улмаас шүүхийн шийдвэр буруу гарч 300 м.кв газрыг Д.Ч д олгохоор шийдвэрлэсэн. Ийм учраас Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан.
Шүүхийн шийдвэр гарсны дараа 2005 онд хүчингүй болсон Ц.Б д холбогдох 298 дугаар захирамжийг үндэслээд 700 м.кв газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 206 дугаар захирамжаар Д.Бдахин газар олгож, 537 дугаар захирамжаар өмчлүүлэх гэрчилгээ олгосон байдаг. Миний эзэмшлийн 1152 м.кв газар Д.Ч , Д.Б нарын эзэмшилд шилжсэн. Өнөөдөр өөрийн эзэмшлийн газраа эзэмших, ашиглах эрхгүй болсон учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Уг газрыг Баянзүрх дүүргийн Газрын алба бусдад эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4 дэх заалт, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан байдаг. Маргаж байгаа газрыг Д.Д 2004 онд эзэмших эрхийн гэрчилгээгээ аваад, 2006 онд өмчлөх эрхийн гэрчилгээгээ авсан байдаг. Давхардуулж олгосон талаар шүүхэд хандаж, давхацсан захирамжийг хүчингүй болгуулсан боловч Баянзүрх дүүргийн Газрын албанаас хүчингүй болгосон захирамжийг үндэслэж тухайн газрыг дахин давхардуулж эзэмшүүлсэн байгаа.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүхээр шийдэгдэж байгаа тохиолдолд тухайн газрыг гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байх талаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан байдаг. 2003 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тухайн газартай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд буюу хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байхад гуравдагч этгээдэд газрыг шилжүүлсэн нь холбогдох хуулийн заалтыг зөрчиж байна. Газрын үзлэг болон баримт бичигт хийсэн үзлэгээр Д.Бтухайн газрыг шилжүүлэхдээ ямар нэгэн эрхийн гэрчилгээгүйгээр шилжүүлсэн болох нь тогтоогддог. Газар эзэмших эрхийн гэрчилгээ маш олон удаа шилжсэн байгаа. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч Ц.Э Улсын бүртгэлд 1152 м.кв газар өмчлөх эрхийн гэрчилгээтэй боловч бодит байдал дээр газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа. Иймээс нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэж хүсэж байна гэв.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн Д.Б нь 2011 оны 5 дугаар сард өөрсдийн өргөдөл дээрээ хорооны Засаг даргын тодорхойлолт хийлгэж эрх бүхий байгууллагаар кадастрын зураг хийлгүүлж хүсэлт гаргасны дагуу дүүргийн газар зохион байгуулагч судлан үзэж Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 206 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, Жанжны ...-... тоот хаягт амины хашааны зориулалтаар 700 м.кв талбай бүхий газрыг иргэн Д.Бэзэмшүүлж улмаар 2011 онд нийслэлийн Засаг даргын 537 дугаар захирамжаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1.3 дахь заалтын дагуу газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргасан байна. Дээрх маргаан бүхий эрхийн акт нь нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөөгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, Жанжны .. дугаар гудамжны ... тоот хаягт байрлах, 300 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын 2009 оны 345 дугаар захирамж, шийдвэр холбогдох баримт бичгийг үндэслэн 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Г-2204012... дугаарт бүртгэж, 000058... дугаартай гэрчилгээ олгосон байна. Дээрх шийдвэр нь газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4, 20 дугаар зүйл, 22 дугаар зүйлийн 22.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйл, 15 дугаар зүйлийн 15.2, 24 дүгээр зүйлийн 24.1 зүйлд заасныг тус тус үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн нь хуульд нийцэж байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 12 дугаар шийдвэрт: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.8 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгчийн Нийслэлийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 345 дугаар захирамжийн Баянзүрх дүүргийн Жанжны .. дугаар гудамжны .../А тоот хашааны 300 м.кв газрыг иргэн Д.Ч д өмчлүүлсэн хэсэг, иргэн Д.Ч газрын өмчлөгчөөр 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдөр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2204012... дугаарт бүртгэсэн бүртгэл, 000058... дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Д.Ч ын бие даасан шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 537 дугаар захирамжийн Д.Дд 700 м.кв газар өмчлүүлсэн, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн захирамжийн Д.Б т 452 м.кв газрыг эзэмшүүлсэн хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 28 дугаар захирамжийн Д.Б т 452 м.кв газар өмчлүүлсэн хэсгүүд болон Ц.Э-ийг Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, Жанжны .. дугаар гудамжны .../А тоот хашааны 700 м.кв газар, ...Б тоот хашааны 452 м.кв газрын өмчлөгчөөр бүртгэсэн газар өмчлөх эрхийн Г-2204003... дугаартай бүртгэл, 000067... дугаар өмчлөх эрхийн гэрчилгээ, Г-2204003... дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0000... өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосугай гэж дурджээ.
Мөн Тогтоох хэсгийн З-т нэхэмжлэгч Ц.Э-, Д.Ч- нарын өмчлөх газрын давхцалыг арилгах, хил зааг, орц, гарцыг тогтоож газар зохион байгуулалтыг хийж зөвтгөхийг Баянзүрх дүүргийн Газрын албанд даалгаж шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 99 дүгээр магадлалаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.
Хяналтын шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор хэргийг хяналтын журмаар хянан хэлэлцээд 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 125 дугаар тогтоолооор Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 12 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны 2011 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 99 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхижээ.
Иргэн Д.Д, Д.Бнар нь дээрх захиргааны хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлт гаргасныг Хяналтын шатны шүүхийн Захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 31 дугаартай тогтоолоор шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хангахаас татгалзсан байна. Иймд иргэн Д.Э-ийн гаргасан нэхэмжлэлийг хангахгүй орхиж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн --- дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн --- дугаар хороо, Жанжны --- тоот хаягт амины хашааны зориулалтаар 700 м.кв талбай бүхий газрыг иргэн Б-д эзэмшүүлж улмаар 2011 онд нийслэлийн Засаг даргын 537 дугаар захирамжаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1.3 дахь заалтын дагуу газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргасан байна. Дээрх маргаан бүхий эрхийн акт нь нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
Гуравдагч этгээд Д.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Баянзүрх дүүргийн ..-р хорооны иргэн Д- овогтой Б- би болон миний аав
А.Д-, ээж Ц.Б- нарт 1996 онд Монгол Улсьн засгийн газрын Ядуурлыг
бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүргийн ..-р хороонд ядуу болон өрх толгойлсон эмэгтэйчүүдийг оролцуулан анх Б-Э хоршоог үүсгэн байгуулж хүнсний ногоо тарьж ургуулан аж амьдралаа дээшлүүлэх зорилгоор 10 гаруй хүмүүсийг авч ажиллуулсан ба одоо маргалдаж буй газрыг тэр үеийн дүүргийн Засаг дарга н.Ц гуай олгож байсан юм. Ингээд ажиллаж байх хугацаанд нэхэмжлэгч Д.Дын ээж н.Д- нь өрх толгойлсон олон хүүхэдтэй учир хоршоондоо авч ажиллуулаач гэж миний аав А.Д-ай уулзаж тус хоршоонд ажиллажээ.
1999 оны намар ногоогоо хурааж авч дууссаны дараа энэ ногооны газар дээр чинь 1 жил гэр барьж өвөлжье гэхэд нь аав А.Д зөвшөөрч өвөлжүүлсэн юм. Гэтэл дараа хавар нь түүний хүү Д.Д нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2000 оны 02 сарын 24-ний өдрийн Б/27 дугаар захирамж гаргуулан авчээ. Энэ дугаар захирамжид Д овогтой Б миний бие тус тус хамрагдан орсон байдаг. Иргэн Д.Д нь хоршооны гишүүд ажилладаг байсан 1152м2 газрыг ээж н.Д дүү Д.Бнартайгаа хуйвалдан хуваан авах арга хэрэглэж байсныг мэдээд миний ээж Ц. Б-аав А.Д- нар ..-р хорооны Засаг дарга, Баянзүрх дүүргийн газрын албаар явж бидний газар мөн гэсэн үнэн зөв шийдвэрүүд гарч ээж Ц.Б гийн нэр дээр 2002 оны 8 дугаар сарын 22-нд Баянзүрх дүүргийн Засаг даргын 298 дугаар захирамжаар дээрх газар буюу хуучнаар Баянзүрх дүүргийн .. дугаар хороо Жанжны ..-... тоот 1152м2 газар хашааг хууль ёсоор өмчлөх эрх олгосон байдаг.
Тус газраа ээж Ц.Б гаас өөрийн нэр Д.Б шилжүүлэн авах хүсэлт гаргаж 2004 оны 03 дугаар сарын 03-ны өдөр газар эзэмших гэрчилгээ авч албан ёсны өмчлөгч болсон юм. 2009 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын 234 дүгээр захирамжаар 700м2 газраа өөрийн нэр дээр салган авч үлдсэн 452м2 газраа төрсөн ах Д.Ч-ад шилжүүлэн тус тусдаа газар өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээнүүд авсан. Гэтэл 1996 оноос бидэнд олгосон газрыг хууль бусаар залилан мэхэлж авахыг санаархсан Д.Д, Д.Б , Ц.Э нарын хууль бус үйлдлүүдийг Баянзүрх дүүргийн шүүх, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, мөн Хяналтын шатны шүүхийн шийдвэр, тогтоол, захирамжууд нь Д.Б Д.Чи- биднийг хууль ёсны газар өмчлөгч, эзэмшигч гэж үзэн зөвөөр шийдэж ирсэн нь дээрх нэхэмжлэгч нарын хүчингүй болгуулах хэсгүүдтэй бидний хууль ёсны эрх зөрчигдөнө гэж үзэж байна. Би өөрийн хууль ёсны өмчлөлийн 700м2 газраа 2011 онд Монгол улсын иргэн Д.Э-т шилжүүлэн өмчлүүлсэн ба уг газрын одоогийн өмчлөгч нь Д.Э- болсон тул надад одоогоор хамааралгүй болно... гэжээ.
Гуравдагч этгээд Д.Ч- шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Баянзүрх дүүргийн .. дугаар хороонд байрлах уг маргалдаж буй газарт иргэн н.Д- нэг жил өвөлжөөд хаяад явсан тул 2000 оны хавар тэр газар нүүн очиж өдий хүртэл амьдарч байна. Б-Э хоршоонд нэг жил ажилласан Д гэгч нь бидний нэр төрийг гутаан доромжилж миний аав А.Д-тай гэр бүл байсан, энэ газрыг өгсөн гэж гадуур ярьж явсан ба түүний хүү Д.Д тухайн газрыг өөрийн дүү Д.Бнартай хуйвалдан хууль бусаар авч захирамж гэрчилгээ авсан байдаг. Энэ бүх хууль бус хуурамч захирамж гэрчилгээнүүдийг нь Баянзүрх дүүргийн шүүх Газрын алба ..-р хорооны Засаг дарга нар нь бидний хууль ёсны газар гэж бүх шатны шүүхийн шийдвэрүүд гарч байсан нь үнэн юм.
Тус газрыг Ээж Ц.Б- 2002 оны 8-р сарын 22-нд Баянзүрх дүүргийн Засаг даргын 298-р дугаар захирамжаар өөрийн нэр дээр өмчилж авсны дараа хоршооны ахлагч дүү н.Б 2004 оны 03-р сарын 03-ны өдөр газар эзэмших гэрчилгээ шилжүүлэн авч албан ёсны өмчлөгч болсон. 2009 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын 234 дугаар захирамжаар дүү Д.Б нь тус газрын 452 метр газрыг надад салган шилжүүлэн өгч тус тусдаа газар эзэмших болсон...Иргэн Ц.Э нь 2006 онд Д.Д, Д.Б нараас Баянзүрх дүүргийн -р хороо Жанжны - А, - Б тоот 1152м2 газрыг худалдан авсан юм бол 2018 оны 02-р сарын 29 гэсэн нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ 12 жилийн хугацаанд Ц.Э, Д.Д нар Хяналтын шатны шүүхийн 31-р дүгээр тогтоолоор Ц.Э-ийн нэхэмжлэл, Иргэн Д.Д, Д.Б нарын хүсэлтийг хангахаас татгалзсан тогтоол гарсныг эдгээр хүмүүс мэдэж байгаа болов уу.
Иймд иргэн Д.Ч, иргэн дүү Д.Б бид нарын маргалдаж буй уг газрын албан ёсны өмчлөгч хууль ёсны эрх зөрчигдөх ёсгүй гэж үзэж байна гэв.
Гуравдагч этгээд Д.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие 2011 онд Д.Бгээс Баянзүрх дүүргийн ..-р хороо, зүүн Жанжин, .. гудамж, ... тоотод орших 700м2 газрыг худалдан авсан болно. Надад нэхэмжлэгч, хариуцагч нарын хоорондын маргааныг мэдэх зүйл байхгүй. Би албан ёсны бичиг баримттай газрыг худалдан авсан болно.
Авснаас хойш 400м2, 2 давхар байшин, мөн 150м2 граш, сууцны зориулалттай байшингууд барьсан. Мөн хашаандаа үйлдвэрлэл явуулдаг. Банкинд их хэмжээний барьцаанд тавьж хэрэглэж байгаа болно. Иймд олон хүний эрх, ашиг зөрчигдөж хохирох тул энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Э нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 537 дугаар Иргэдэд газар өмчлүүлэх тухай захирамжийн Д.Б холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 1-рт Б гаас Б д шилжүүлсэн Баянзүрх дүүргийн засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 02-ны 02 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2-рт Баянзүрх дүүргийн засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 09-ны 206 дугаар захирамжийн Д.Бгазар эзэмших эрх олгосон хэсгийг хүчингүй болгуулах, 3-рт Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 234 дугаар захирамжийн Д.Ч д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 4-рт Д.Э-ын өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, Жанжны --- дугаар гудамж,-- тоот хаягт байрлах газрыг өмчилсөн хэсгийг /бүртгэлийг/ хүчингүй болгуулах шаардлагуудыг тус тус нэмэгдүүлж гаргажээ.
Маргаан бүхий актууд нь Захиргааны Ерөнхий Хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан Захиргааны актын шинжийг агуулсан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагад хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж доорх үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн болно.
1. Нэхэмжлэгч Ц.Э нь Д.Д, Д.Б нараас өмчлөх эрх бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар худалдан авч өмчлөгчөөр бүртгүүлсэн байх ба Д.Дд Нийслэлийн засаг даргын 2005 оны 537 дугаар захирамжаар, Д.Б т 2006 оны 28 дугаар захирамжаар тус тус өмчлүүлэхээр шийдвэрлэж, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
Харин Д.Дд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2000 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/27 дугаартай захирамжаар /1хх 174-175/ Баянзүрх дүүргийн .. дугаар хороонд газар эзэмших эрх олгосон байх ба тус дүүргийн газрын алба захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, ..-... тоот хаягт байршуулан 300 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг 2000 оны 07 дугаар сарын 29-ний өдөр /2хх 129/ бичиж олгожээ.
Гуравдагч этгээд Д.Бмөн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2000 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/27 дугаартай захирамжаар Баянзүрх дүүргийн .. дугаар хороонд газар эзэмших эрх олгосон байх боловч газар эзэмших эрхээ эдлээгүй буюу эзэмших эрхийн гэрчилгээ аваагүй байсаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаар захирамжаар /1хх158-159/ өмнө нь олгосон газар эзэмших эрхийг баталгаажуулж, 1 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн 12-535 дугаартай гэрчилгээг 2004 оны 03 дугаар сарын 23-ны өдөр олгосон болох нь шүүхээс Баянзүрх дүүргийн Газрын алба дахь Д.Б гийн эзэмшил газрын хувийн хэргийн баримтад хийсэн үзлэгээр тогтоогдсон байна.
Үзлэгээр хувийн хэрэгт хадгалагдаж буй баримтуудыг гэрэл зургаар буулган авч тэмдэглэлд хавсарган баримтжуулсны дотор Д.Болгосон 1 жилийн хугацаатай Газар эзэмших эрхийг сунгасан баримт, газар эзэмшигчээс сунгуулахаар гаргасан хүсэлт байхгүй байхад Д.Б, Д.Ч нарын хооронд 2009 оны 05 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ-г үндэслэн газар эзэмших эрхийг Д.Ч д шилжүүлэн эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын даргын 2009 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 234 дугаар захирамж хууль бус байна. Учир нь Д.Б1 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын 02 дугаар захирамж 2004 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гарсан байх тул газар эзэмших эрх нь 2005 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалтад газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол газар эзэмших эрх дуусгавар болно гэж заасан байх тул Д.Бгээс Д.Ч д газар эзэмших эрхийг шилжүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Түүнчлэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар захирамжаар Д.Бгазар эзэмшүүлэх хууль зүйн боломжгүй гэж үзэхээр байна. Учир нь уг захирамжийн хавсралтаас үзвэл Д.Б нь Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, Жанжны ..-... тоот хаягт байрлах 700 м.кв газрын эзэмших эрхийг Ц.Б-ас шилжүүлсэн байх ба харин Ц.Б нь уг газрын эзэмших эрхийг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2002 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 298 дугаар захирамжаар олж авсан боловч Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 09 дүгээр шийдвэрээр /1хх 232-242/ хүчингүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 60 дугаар магадлал /1хх 243-245/ болон Хяналтын шатны шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолоор /1хх 246-248/ хүчин төгөлдөр болсон/ хэвээр үлдээсэн байна.
Иймд Ц.Б-ийн газар эзэмших эрх хүчингүй болсноор Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-т зааснаар газар эзэмших эрх нь дуусгавар болсон байсан тул Д.Бгазар эзэмших эрхээ шилжүүлсэн болон Д.Бгээс Д.Ч д газар эзэмших эрхээ шилжүүлсэн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаар захирамжийн Д.Бхолбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Засаг даргын даргын 2009 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 234 дугаар захирамжийн Д.Ч д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагуудыг тус тус хангаж шийдвэрлэлээ.
2. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 206 дугаартай Газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх тухай захирамжийн хавсралтаар /1хх 151-152/ Ц.Б гаас Д.Бгазар эзэмших эрхийг шилжүүлсэн байна. Гэтэл Ц.Б д олгосон газар эзэмших эрхийг шүүхээс хүчингүй болгосон байхад газар эзэмших эрхтэй мэтээр дахин Д.Бшилжүүлсэн нь хууль бус байна. Түүнчлэн Ц.Б д эзэмшүүлэхээр олгосон газрын хэмжээ 300 м.кв байхад эзэмших эрхийн нэрийг шилжүүлэхдээ хэмжээг нэмэгдүүлсэн нь хууль бус байгааг, Газар эзэмших эрх нь хүчингүй болсон байхад дахин дахин Ц.Б гаас Д.Бэрх шилжүүлэх хүсэлтийг хүлээн авч өргөдөл холбогдох баримтыг хянахгүйгээр захирамж гаргуулж байгаа Газрын албаны буруутай үйл ажиллагаа байгааг дурдах нь зүйтэй.
Д.Б нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2000 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/27 дугаартай захирамжаар олгосон Газар эзэмших эрхээ хэрэгжүүлээгүй, гэрчилгээ гаргуулж аваагүйгээс эзэмшил газраа тодорхойлуулж хүлээж аваагүй гэж үзэх ба харин 2011 онд Нийслэлийн Засаг даргаас Газар өмчлүүлэх шийдвэр гаргуулахдаа шүүхийн шийдвэрээр эзэмших эрх нь хүчингүй болсон Ц.Б гийн газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 206 дугаартай Газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх тухай захирамжийг үндэслэсэн байх тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 206 дугаартай захирамжийг болон энэхүү хууль бус захирамжийг үндэслэн гарсан Нийслэлийн Засаг даргын 2011 оны 537 дугаар захирамжийн Д.Бхолбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох үндэслэлтэй байна.
3. Д.Б Нийслэлийн Засаг даргын 2011 оны 537 дугаар захирамжаар өмчлөх эрхтэй болсон газраа бүртгүүлэхээр хүсэлт гаргасныг Улсын бүртгэлийн ерөнхий газар 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдөр улсын бүртгэлийн Г-2204015.... дугаарт бүртгэж 000081... дугаартай гэрчилгээ олгосон байна. Д.Б нь 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Д.Э тай Газар худалдах, худалдан авах гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлснийг Улсын бүртгэлийн алба дээрх бүртгэлийн дугаарт бүртгэн Д.Э т 000086... дугаартай бүртгэлийн гэрчилгээ олгосон байна.
Энэхүү бүртгэл нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 537 дугаар хууль бус захирамжийг үндэслэн нэгээс нөгөөд дамжин шилжүүлж бүртгэл хийлгэсэн байх тул хүчингүй болгох үндэслэлтэй байна.
4. Д.Ч нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 234 дугаар захирамжийг үндэслэн эзэмших эрх бүхий газраа Нийслэлийн засаг даргын 2009 оны 345 дугаар захирамжаар өмчлөн авсан, өмчлөн авсан газраа бүртгүүлэхээр хүсэлт, мэдүүлэг гаргаснаар Улсын бүртгэлийн ерөнхий газар Баянзүрх дүүргийн ..-р хороо Жанжны .. дугаар гудамж, ... тоот хаягт байршилтай 300 м.кв талбай бүхий газрыг улсын бүртгэлийн Г-2204012... дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон байна.
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 234 дугаар захирамжийн хавсралтад дурдсанаар газар эзэмших эрхийг Д.Бгээс, Д.Ч д шилжүүлэхдээ эзэмших эрхгүй хэрнээ Ц.Б-гаас Д.Бгазар эзэмших эрх шилжүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаар захирамжийг үндэслэсэн нь тодорхой байна.
Д.Бгээс Д.Ч-д шилжүүлсэн эзэмших эрх бүхий газар, Д.Бгээс Д.Э-т шилжүүлсэн өмчлөх эрх бүхий газрын байршил өөр өөр, кадастрын бүртгэл тус тусдаа хийгдэж өөр өөр нэгж талбарын дугаартай байх боловч Д.Бгийн газар эзэмших эрх нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон Ц.Б-йн газар эзэмших эрхээс залгамжлан авсан, Д.Б нь өөрт 2000 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/27 дугаартай захирамжаар олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүй, газрын гэрчилгээ гаргуулж, газраа хүлээн аваагүй байх тул Д.Э-, Д.Ч-нарын газар өмчлөх эрхийн улсын бүртгэл хууль бус захиргааны актыг үндэслэсэн гэж үзэж, хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Дээр дурдсан үндэслэлээр Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн анхдагч бүртгэлийг Д.Б, Д.Ч- нар хийлгэх эрх зүйн үндэслэлгүй байсан, газар өмчлөх эрхийг бүртгэж, бүртгэл нээх үндэслэлгүй байсан гэж үзэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн / 2003 он/ 23 дугаар зүйлийн 23.1.3-д зааснаар бүртгэлийг хаах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.4, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1.1, 5.1.1.2, 21 дүгээр зүйлийн 21.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн / 2003 оны / 5 дугаар зүйлийн 5.1.2, 23 дугаар зүйлийн 23.1.3 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Э-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Нийслэлийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 537 дугаар Иргэдэд газар өмчлүүлэх тухай захирамжийн Д.Б холбогдох хэсгийг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаар захирамжийн Д.Б холбогдох хэсгийг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 09-ны 206 дугаар захирамжийн Д.Б холбогдох хэсгийг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 234 дугаар захирамжийн Д.Ч д холбогдох хэсгийг, Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, Зүүн Жанжны -- дугаар гудамж-- тоот хаягт байршилтай Д.Э-ын өмчлөлд Г-2204015.... дугаарт бүртгэгдсэн газрын өмчлөх эрхийн бүртгэлийн 000086... тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭТУЯА