Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 133/ШШ2021/00537

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н.А-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ГАА ДС ЭМТ холбогдох

Урьд эрхэлж байсан Жавхлант/3 дугаар/ багийн эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал болон 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай тодруулсан шаардлагатай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.А , хариуцагчийн төлөөлөгч Н.Ц, түүний өмгөөлөгч Ж.Д\м, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.А нь нэхэмжлэлдээ: Миний бие 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тус сумын Эрүүл мэндийн төвд ээлжийн сувилагчаар ажиллаж эхэлсэн. Н.Ц нь дарга болоод намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөөд шүүхийн шийдвэрээр эргэж ажилдаа ороход багийн эмчээр ажилд авсан юм. Намайг ажил хийх хугацаанд Н.Ц дарга үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөөд шүүхийн шийдвэрээр ажилдаа орсноос болж надаас өө хайж, ажлаас удаа дараалан чөлөөлөх болсон юм. Миний бие хамгийн сүүлд 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдөөд шүүхийн шийдвэрээр 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ажилдаа орж байсан. Ингээд 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр дахин үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн тул ГАА ДС ЭМТ-д багийн эмчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс шүүх хуралдаан болох өдөр хүртэл цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны бичилтийг нөхөн бичүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч  нь хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа ГАА ДС ЭМТ-н багийн эмчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс шүүх хуралдаан болох өдөр хүртэл цалин гаргуулах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичүүлэх тухай гэжээ. Нэхэмжлэлийн үндэслэлдээ тодорхой хугацаануудад ажлаас чөлөөлөгдөж, эгүүлэн ажилд тогтоолгож байсан тухайгаа бичжээ. Н.Ц дарга үндэслэлгүйгээр чөлөөлөөд шүүхийн шийдвэрээр ажилдаа орсноос болж, намайг өө хайж ажлаас удаа дараа чөлөөлөх болсон юм гэжээ. Аль ч байгууллага нь ажилтандаа сахилга хариуцлагын арга хэмжээг хуулийн дагуу гаргасан алдаа зөрчлийнх нь хэм хэмжээнд тохируулан дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу арга хэмжээг авч сахилга хариуцлагыг дээшлүүлэн ажлаа сайжруулж ажилладаг журамтай билээ. 2021 оны 06 сараас эхлэн ковид-19 халдварын тархалт тус суманд одоо хүртэл альфа болон делта мутаци хувилбараар тархаж, сумын эмнэлэг өндөр ачаалалтай ажиллаж байна. Нэхэмжлэгч Н.А хүндэтгэх шалтгаангүйгээр 2021 оны 07 сард 6 өдөр буюу 48 цаг, 2021 оны 08 сард 2 өдөр буюу 16 цаг ажил тасалсан. Энэ нь нотлогдож хурлаар авж хэлэлцэхэд хүндэтгэх шалтгаан гэж үзэхээргүй байсан. Түүгээр ч үл барам хурлыг хаян гарч одсон. Ковид-19 халдварын үед бүх ажилтан илүү цагаар ар гэрээ умартан нойр хоолгүй ажиллаж, ядарч зүдэрч байхад нэг ажилтан нь ажилдаа ирэхгүй ажил тасалж байгаа мөртлөө бусадтай адилхан цалин авч, ажил тасалсных нь төлөө байгуулсан гэрээ, байгууллагын дотоод журмын дагуу хариуцлага тооцож байхад хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Энэ хэцүү цаг үед эрүүл мэндийн салбар хамгийн хүнд нөхцөлд хамгийн их ачаалалтай ажиллаж байгаа гэдгийг хүн болгон ойлгож буй гэдэгт итгэж байна. Гэтэл нэг тангараг өргөсөн мэргэжилтэн нь ажилд тус нэмэр болохгүй дураараа авирлаж дуртай цагтаа ирж, дургүй үедээ явж байдаг нь харамсалтай. Энэ цаг үе бол эх орныхоо өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, үүрэг хүлээж хариуцлага үүрч ажиллах ёстой цаг үе билээ. Иймээс хөдөлмөрийн гэрээний 2.3.В, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10.8 дахь заалтад (ажлын цагийг хүндэтгэх шалтгаангүйгээр 16 цаг түүнээс дээш хугацаагаар байгууллагын удирдлагад мэдэгдэлгүй чөлөө зөвшөөрөлгүй тасалсан буюу 1 сарын ажил тасалсан нийлбэр дүн нь 16 цагаас дээш бол) заасны дагуу хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Удаа дараа халагдаж байгаа бол уг ажилтан өөрөө зөрчил үүсгэж байгааг илтгэж буй хэрэг юм гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.А  нь хариуцагч ГАА ДС ЭМТ-д холбогдуулан ажлаас буруу халсан үндэслэлээр Жавхлант/3 дугаар/ багийн эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл[1] гаргажээ. Энэхүү агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаанд тодруулсан болно.  

Хариуцагч ГАА ДС ЭМТ нь хариу тайлбартаа[2] “Ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн татгалзал, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хариуцагч ГАА ДС ЭМТ-н даргын 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар[3] нэхэмжлэгч Н.А ийг 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн Жавхлан/3 дугаар/ багийн эмчийн ажилд эгүүлэн томилжээ.  

Улмаар хариуцагч ГАА ДС ЭМТ нь 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгч Н.А тэй хөдөлмөрийн гэрээг[4] бичгээр байгуулжээ.

Уг хөдөлмөрийн гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан ажлын байр/албан тушаал/-ны нэрийг багийн эмч  гэж, гүйцэтгэх ажил, үүргийг бага ажлын байрны тодорхойлолтод заасан болон ажил олгогчоос тухайн үед оногдуулсан үүрэг гэж, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээг 709,000 төгрөг  гэж, хөдөлмөрийн нөхцөлийг хэвийн гэж тус тус тусган, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7 дахь хэсэгт заасны дагуу талууд гарын үсэг зурснаар уг хөдөлмөрийн гэрээ нь хүчин төгөлдөр болжээ.

Үүнээс үзэхэд зохигчийн хооронд хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байх бөгөөд уг үйл баримтын талаар хэргийн оролцогч нар маргаагүй болно.  

Хариуцагч ГАА ДС ЭМТ-н даргын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, “Хөдөлмөрийн гэрээ”-ний 2.3 дахь заалтын “В”, “Хөдөлмөрийн дотоод журам-ын 10.8 дахь заалтыг тус тус баримтлан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 7 дугаар сард 6 өдөр буюу 48 цаг, 8 дугаар сарын 2 өдөр буюу 16 цаг, нийт 64 цаг ажил тасалсан” хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр нэхэмжлэгч Н.А ийг багийн эмчийн ажлаас чөлөөлжээ.  

Уг тушаал нь ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон агуулгатай байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт “ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол”, 128.1.5 дахь хэсэгт “энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаар гарсан маргаан”-ыг шүүх хянан шийдвэрлэдэг. 

Иймд ажил олгогч ГАА ДС ЭМТ нь ажлаас буруу халсан, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай ажилтан Н.А ийн гомдол нь иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанд хамаарч байна.

Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заажээ.

Ажилтан Н.А  нь ажил олгогч ГАА ДС ЭМТ-н даргын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Б/15 дугаар тушаалыг эс зөвшөөрч 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр[5] шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуулийн дээрх заалтад нийцжээ.  

Иймд шүүхээс хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр нь хуульд нийцсэн эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийж, уг хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг агуулгаар нь хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Ажил олгогч  ГАА ДС ЭМТ нь ажилтан Н.А ийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээ “2021 оны 07 дугаар сарын 01,02,05,20,21,22 болон 2021 оны 08 дугаар сарын 20,23-ны өдрүүдэд ажил тасалсан” гэж тайлбарлажээ.

Ажилтан Н.А  нь сахилгын ноцтой зөрчил гаргаагүй учир нь “2021 оны 07 дугаар сарын 01,02,05-ны өдрүүдэд захиргааны чөлөөтэй байсан, коронавируст халдвар/КОВИД-19/-ын улмаас 2021 оны 07 дугаар сарын 20,21,22-ны өдрүүдэд гэрийн тусгаарлалтанд байсан, 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, жирэмсэн эх н.Лхагважавыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумруу хүргэж өгөөд Дарив сумруу зорчих гэсэн боловч унаа олдоогүй учраас 2021 оны 08 дугаар сарын 20,23-ны өдрүүдэд ажилдаа очоогүй” гэж маргажээ.

Хөдөлмөрийн ганцаарчилсан маргааны үйл баримтын талаар харилцан эсрэг агуулгыг илэрхийлж буй зохигчийн дээрх тайлбар нь нотлох баримт боловч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал няцаан үгүйсгэж буй тохиолдолд  нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Эсрэг талын тайлбарыг үгүйсгэж, өөрийн тайлбарыг нотлохоор зохигчийн цуглуулж, гарган өгсөн болон хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлж, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийлээ.

Нэхэмжлэгч Н.А ийг “2021 оны 07 дугаар сарын 01,02,05,20,21,22 болон 08 дугаар сарын 20,23-ны өдрүүдэд ажил тасалсан” гэж ГАА ДС ЭМТ-н 2021 оны цагийн бүртгэлд тэмдэглэжээ.

ГАА ДС ЭМТ-н нярав Б.Энх-Оюун гаргаж, нягтлан бодогч Б.Уранчимэг шалгасан ажлын цагийн тооцооноос үзэхэд багийн эмч Н.А  нь 2021 оны 07 дугаар сард 18 ажлын өдөр ажиллахаас ажлын 12 өдөр, 08 дугаар сард ажлын 22 өдөр ажиллахаас 17 өдөр тус тус ажиллажээ.

Дээрх цагийн бүртгэл, тооцооны дагуу ажилтан Н.А ийн 2021 оны 7 дугаар сарын цалин хөлснөөс 6 ажлын өдрийн, 8 дугаар сарын цалин хөлснөөс 2 өдрийн үндсэн цалинг тус тус хасч тооцсон нь гэрч Б.Уранчимэгийн “Цагийн бүртгэл, тооцоог үндэслэн багийн эмч Н.А ийн үндсэн цалингаас 07 дугаар сарын 06 өдрийн, 08 дугаар сард 2 өдрийн цалинг тус тус хасч тооцсон”[6] гэсэн агуулга бүхий мэдүүлгээр нотлогдож байх бөгөөд уг үйл баримтын талаар зохигч маргаагүй болно.

Ажил олгогч ГАА ДС ЭМТ-н дарга Ж.Баярмаа нь ажилтан Н.А ийн 7 хоногийн цалинтай чөлөө олгохыг хүссэн 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн огноотой өргөдөлд 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 7 хоногийн цалинтай чөлөө олгосон цохилт[7] хийжээ.

Үүнээс үзэхэд ажил олгогчоос ажилтанд захиргааны чөлөөг олгохдоо ажлын 7 өдрөөр бус хуанлийн 7 хоногоор олгожээ. Учир нь чөлөө эхлэх, дуусах огноог “2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл” гэж тоогоор илэрхийлсэн нь хоёрдмол утгагүй, эргэлзээгүй ойлгогдож байна.

Энэ тохиолдолд шүүхээс ажилтны дээрх өргөдөл болон уг өргөдлийг шийдвэрлэсэн ажил олгогчийн цохолтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

Уг бичмэл нотлох баримтаар “2021 оны 07 дугаар сарын 01,02,05-ны өдрүүдэд захиргааны чөлөөтэй байсан” гэх нэхэмжлэлийн үндэслэл няцаагдсан болно.

ГАА ДС ЭМТ-с  2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 13 цаг 50 минутанд нээсэн “Өвчний түүх”-ээс[8] үзэхэд нэхэмжлэгч Н.А  нь 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр түргэвчилсэн шинжилгээгээр коронавируст халдвар/КОВИД-19/-аар үүсгэгдсэн халдварт өвчин оношлогдож, тус эрүүл мэндийн төвд 7 хоног хэвтэн эмчилгээ, сувилгаа хийлгэн эдгэрсэн тул 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр эмнэлгээс гарч, гэрийн тусгаарлалтанд шилжижээ.

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8 дахь хэсэгт Улсын онцгой комисс нь “цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хариу арга хэмжээний талаар холбогдох тушаал гаргах, дүрэм, журам, заавар, удирдамж батлах”, 9 дүгээр зүйлийн 9.15 дахь хэсэгт “Коронавируст халдварыг оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх шинэ арга, аргачлалыг олон улсын, эсхүл үндэсний эмнэлзүйн туршилт, зөвлөмжид үндэслэн оношилгоо, эмчилгээнд хэрэглэх зааврыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтын дагуу Улсын онцгой комиссын даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 43 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар “Гэрийн ажиглалтын үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ыг Эрүүл мэндийн сайдын 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/318 дугаар тушаалаар “Шинэ коронавируст халдвар (КОВИД-19)-ын оношилгоо, эмчилгээний түр заавар”-ыг тус тус баталжээ.

“Гэрийн ажиглалтын үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ын 2.2.3 дахь хэсэгт “коронавируст халдварын улмаас улмаас эмчлэгдэж, эдгэрэн эмнэлгээс гарсан хүнийг гэрээр 7 хоног тусгаарлан ажиглана”[9],

“Шинэ коронавируст халдвар (КОВИД-19)-ын оношилгоо, эмчилгээний түр заавар”-ын шинэ коронавируст халдварын тохиолдлын хяналт, эмнэлгээс гаргах шалгуурт “Халдварын хөнгөн болон шинж тэмдэггүй хэлбэр батлагдсан тохиолдлын эрүүл мэндийг тусгаарлан хяналт тавих нийт хугацаа 14 хоног бөгөөд үүнд эмнэлэгт хэвтсэн хугацаа орно”[10] гэж тус тус заажээ.

Журам, зааврын дээрх заалтаас үзэхэд коронавируст халдварын улмаас 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн эмчлэгдэн эдгэрч, 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр ГАА ДС ЭМТ-с  гарсан нэхэмжлэгч Н.А ийн гэрийн тусгаарлалтанд  ажиглах хугацаа нь 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөр дуусгавар болжээ.

Үүгээр “коронавируст халдварын улмаас 2021 оны 07 дугаар сарын 20,21,22-ны өдрүүдэд гэрийн тусгаарлалтанд байсан учраас ажилдаа очоогүй” гэх ажилтны гомдлын үндэслэл няцаагдлаа.

Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гарган өгсөн бүдэг цэнхэр өнгийн хавтастай, хөтөлсөн этгээдийн гарын үсэггүй, эмчийн тэмдгээр албажаагүй, Жавхлан багийн “Эмчийн үзлэгийн бүртгэл” гэх нэртэй бичмэл нотлох баримтыг ажилтан Н.А  хөтөлсөн болохыг хариуцагчийн төлөөлөгч Н.Ц нь хүлээн зөвшөөрч, үгүйсгээгүй болно.

Энэхүү “Эмчийн үзлэгийн бүртгэл”-ийн 58 дугаарт “08 дугаар сарын 19-ний өдөр Шарга суманд оршин суух хаягтай, малчин, н.Лхагважав”-т, 59 дүгээрт “08 дугаар сарын 20-ны өдөр 3 дугаар багт оршин суух хаягтай, тэтгэвэрт гарсан, н.Тогтох”-т, 60 дугаарт “3 дугаар багт оршин суух хаягтай, тэтгэвэр гарсан н.Цогзолмаа”-д тус тус үзлэг хийсэн гэж тусгагджээ. Харин 2021 оны 08 дугаар сарын 23-ны ажлын өдөрт үзлэг хийсэн талаар тэмдэглээгүй байна.

Ажил олгогч ГАА ДС ЭМТ нь ажилтан Н.А ийг 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ажил тасалсан гэж үзээгүй бөгөөд тухайн өдөр ажилласнаар цагийн бүртгэлд тусгажээ.

Нэхэмжлэгч Н.А  нь 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд оршин сууж байсан төрсөн эх н.Тогтохт үзлэг хийж, 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ажилдаа очиж, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ажил тасалсан гэдгээ зөвшөөрсөн тайлбарыг[11] шүүх хуралдаанд гаргасан болно.

ГАА ДС ЭМТ-н Жавхлан багийн эмч Н.А  нь хариуцсан багийнхаа өрх, айлд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхийн оронд 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд зорчиж, ажил тасалсныг зөвтгөх үндэслэл хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

Тодруулбал ажилтан Н.А ийг 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд оршин сууж байсан төрсөн эх н.Тогтохт үзлэг хийснийг буруутгахгүй ч тухайн өдөр ажлаас чөлөөлсөн зөвшөөрлийг ажил олгогч ГАА ДС ЭМТ-с  олгоогүй байхад дур мэдэн, өөрийн санаачилгаар, ажлын байраа орхин, өөр газар зорчиж байгаа үйлдлийг шүүх зөвтгөх боломжгүй.  

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт “Ажил олгогч нь ажилтанд түүний хүсэлтээр чөлөө олгоно”, 80.2 дахь хэсэгт “Чөлөөтэй байгаа хугацаанд тэтгэмж олгох, эсэх асуудлыг хамтын ба хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд зааснаар зохицуулна” гэж тус тус заажээ.

Ажил олгогчоос ажилтанд чөлөө олгох нь тодорхой эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг. Тодруулбал чөлөөтэй байх хугацаанд түүний ажил, үүргийг өөр ажилтанд хариуцуулж, хөдөлмөрийн зохион байгуулалт хийх, хамтын ба хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан тохиолдолд ажилтанд цалин хөлс, тэтгэмж олгох гэх мэт.

Ийм учраас чөлөө авах шаардлага гарсан тохиолдолд ажилтан энэ талаарх хүсэлтээ ажил олгогчид гарган шийдвэрлүүлэх шаардлагыг хуульд заасан гэж үзэхээр байна.

Хэрэв ажилтан Н.А  нь 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумруу зорчих зайлшгүй шаардлагатай тохиолдолд энэ талаарх хүсэлтээ ажил олгогч ГАА ДС ЭМТ-д гаргаж, чөлөө авах шаардлагатай.

Нэхэмжлэгч Н.А  нь 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумруу зорчих талаар хариуцагч ГАА ДС ЭМТ-д мэдэгдээгүй, чөлөө хүсээгүй болохоо хүлээн зөвшөөрсөн.

Үүгээрээ ажилтан Н.А  нь нэг талаас ажил олгогч ГАА ДС ЭМТ-с  Жавхлан багийн оршин суугч нарт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүнд шуурхай хүргэх талаар хөдөлмөрийн зохион байгуулалт хийх боломжийг хязгаарлаж, нөгөө талаас өөрийн хариуцсан багт оршин суух, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах шаардлагатай хүний эрүүл мэндэд эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэжээ.

Энэ тохиолдолд ажил олгогч нь ажилтанг 2021 оны 08 дугаар сарын 20, 23-ны өдрүүдэд ажил тасалсан гэж цагийн бүртгэлд бүртгэж, мөн хугацааны үндсэн цалинг олгоогүйг буруутгах эрх зүйн үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Н.А  нь “2021 оны 08 дугаар сарын 19-ний шөнө Шарга суманд оршин суух хаягтай, жирэмсэн эх н.Лхагважав нь дутуу төрөх гэж өвдөөд хамт аймаг хүргээд өгөөч гэж гуйхаар нь хамт Есөнбулаг сумруу явсан” гэх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй, гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлт гаргаагүй болно.

Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2 дахь хэсэгт заасны дагуу эмнэлгийн мэргэжилтэн нь төрөх гэж байгаа эхэд энэ хуулийн 28.1.З-т зааснаас бусад тохиолдолд эмнэлгийн тусламжийг ямар ч нөхцөлд үзүүлэх үүрэгтэй.

“Эмчийн үзлэгийн дэвтэр”-т 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр үзлэг хийсэн гэх Шарга суманд оршин суух хаягтай, малчин, н.Лхагважавын оношийг “Z34” гэж тэмдэглэжээ.

Уг “Z34” гэх оношийг “жирэмсний хэвийн хяналт” буюу хуулийн дээрх заалтад дурьдсан төрөх гэж байгаа эхэд хамаарахгүй онош болохыг зохигч харилцан хүлээн зөвшөөрч, маргаагүй.

Хариуцагчийн төлөөлөгч Н.Ц нь жирэмсэн эх н.Лхагважавт хүндрэл/урвал үзүүлээгүй/ гараагүй учир дархлаажуулалтын вакцин/Pfizer vaccine/-ны 2 тунг бүрэн хийсэн гэж шүүх хуралдаанд тайлбарласан.

Жирэмсэн эх н.Лхагважав нь коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын вакцин/Pfizer vaccine/-ны 1 дүгээр тунг 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр, 2 дугаар тунг 2021 оны 08 дугаар 19-ний өдөр тус тус хийлгэсэн нь ковидын вакцин хийлгэсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтын 28 дугаарт[12] тусгагджээ.

Нэхэмжлэгч Н.А  нь “жирэмсэн эх н.Лхагважав нь 2021 оны 08 дугаар сарын 19,20-ны өдрүүдэд бус 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр амаржсан” гэж шүүх хуралдаанд тайлбарласан.

Үүнээс үзэхэд ГАА ДС ЭМТ-н хамт олны 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хуралдааны 07 дугаар тэмдэглэлд тусгагдсан ажилтан Н.А ийн “Аймагруу дутуу төрөх хүн аваад ирж, амжаагүй” гэх тайлбар нь бодит байдалд нийцсэнгүй.

Иймд “2021 оны 08 дугаар сарын 19-ний шөнө жирэмсэн эх н.Лхагважавыг дагаж, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумруу зорчсон” гэх нэхэмжлэгч Н.А ийн тайлбар нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр зөвтгөгдөх боломжгүй.

Учир нь 2021 оны 08 дугаар 19-ны өдөр үзлэг хийлгэсэн жирэмсэн эх н.Лхагважав нь тухайн үедээ төрөх гэж байсан гэх үйл баримт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтаар тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч Н.А  нь 2021 оны 07 дугаар сарын 01,02,05,20,21,22 болон 2021 оны 08 дугаар сарын 20,23-ны өдрүүдэд ажил тасалсан нь тогтоогдож байх бөгөөд энэхүү үйл баримтыг хөдөлмөрийн сахилгын зөрчил гэж үзэх эрх зүйн үндэслэлтэй.

Учир нь сахилгын зөрчил нь ажилтан хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, ёс зүйн алдаа гаргах зэргээр гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт “Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна”,

Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх, хуулиар тогтоосон нууцад хамаарах ажил, үүрэгтэй нь холбоотой нууцыг хадгалах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй” гэжээ.

“Хөдөлмөрийн гэрээ”-ний 2.3-ын “в” заалтад “Ажлын цагийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 16 цаг түүнээс дээш хугацаагаар байгууллагын удирдлагад мэдэгдэлгүй, чөлөө, зөвшөөрөлгүйгээр тасалсан буюу 1 сарын ажил тасалсан нийлбэр дүн нь 16 цагаас дээш бол” хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл[13] байхаар,

“Хөдөлмөрийн дотоод журам”-ын 10.8 дахь заалтад “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 16 цаг түүнээс дээш өдөр буюу сарын хугацаанд нийлбэр дүнгээр 16 цагаас түүнээс дээш өдрийн ажлын цагтай тэнцэх хугацаагаар ажил тасалсан, ажлаас хожимдсон, ажлын байрандаа байгаагүй” бол хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил/бүх ажилтанд хамаарах/ байхаар”[14] тус тус заажээ.

Энэхүү хөдөлмөрийн дотоод журмыг 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ГАА ДС ЭМТ-н нийт ажилтанд танилцуулсан бүртгэлийн 7 дахь хэсэгт ажилтан Н.А  гарын үсэг[15] зуржээ.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Н.А ийн 2021 оны 07 дугаар сарын 01,02,05,20,21,22 болон 2021 оны 08 дугаар сарын 20,23-ны өдрүүдэд ажил тасалсан зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил” байна.

Энэ тохиолдолд ажил олгогчоос ажилтны ажил тасалсан цагийг Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт “Ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 хүртэл цаг байна” гэж заасны дагуу тооцсон нь зөв байна.

Хөдөлмөрийн гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байх хуулийн шаардлага хангагджээ.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь хэсэгт улсын хэмжээнд, эсхүл нийслэл болон хэд хэдэн аймгийн нутаг дэвсгэрт өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг Улсын Онцгой комиссын даргын саналыг үндэслэн Засгийн газар гаргана гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 176 дугаар тогтоолоор[16] коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгажээ.

Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт “Сум, тосгоны эрүүл мэндийн төв нь харьяа нутаг дэвсгэрийн хүн амд өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх орон нутгийн өмчит хуулийн этгээд байна...” гэжээ.

Засаг захиргааны анхан шатны нэгжийн харьяалах нутаг дэвсгэрийн хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх чиг үүрэг бүхий ГАА ДС ЭМТ-н Жавхлант баг хариуцсан эмч Н.А  нь гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед ажил тасалсан сахилгын ноцтой зөрчилд нь ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн шийдвэр нь ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон гэж шүүх дүгнэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэжээ.

Сахилгын шийтгэлийн ногдуулахад хэрэглэгдэх хөөн хэлэлцэх хугацаа нь зөрчлийг гаргасан байх, уг зөрчлийг илрүүлсэн байх гэсэн хоёр хугацаанаас бүрдэх бөгөөд эдгээр хугацаа нь нэг зөрчил дээр хамт хэрэглэгдэнэ.

Аль нэг хугацаа нь хуулиар тогтоосон хязгаараас хэтэрсэн тохиолдолд ажилтны гаргасан зөрчил ноцтой байх хэдий ч сахилгын шийтгэл ногдуулах боломжгүй.

Ажил олгогч ГАА ДС ЭМТ-н даргын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар ажилтан Н.А ийн 2021 оны 07 дугаар сарын 01,02,05,20,21,22 болон болон 2021 оны 08 дугаар сарын 20,23-ны өдрүүдэд ажил тасалсан сахилгын зөрчилд нь гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрөөгүй байхад, 2021 оны 07 дугаар сарын 01,02,05,20,21,22-ны өдрүүдэд ажил тасалсан сахилгын зөрчилд нь илрүүлснээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн байхад, 2021 оны 08 дугаар сарын 20,23-ны өдрүүдэд ажил тасалсан сахилгын зөрчилд нь 1 сарын хугацаа өнгөрөөгүй байхад нь ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Ажилтан Н.А ийн 2021 оны 07 дугаар сард ажил тасалсан 6 өдрийн үндсэн цалинг олгоогүй, өдөр бүр ажилтны цагийг бүртгэсэн зэргээс үзэхэд 01,02,05,20,21,22-ны өдрүүдэд ажил тасалсан сахилгын зөрчлийг ажил олгогч ГАА ДС ЭМТ нь тухайн үедээ илрүүлэх бүрэн боломжтой байхад 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулжээ.

Харин ажилтан Н.А ийн 2021 оны 08 дугаар сарын 20,23-ны өдрүүдэд ажил тасалсан сахилгын зөрчилд нь 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Хэдийгээр ажилтны 2021 оны 07 дугаар сард 6 өдөр ажил тасалсан сахилгын зөрчилд нь ажил олгогчоос хуульд заасан хугацаа хэтрүүлэн сахилгын шийтгэл ногдуулсан буруу боловч 2021 оны 08 дугаар сард ажлын 2 өдөр ажил тасалсан нь дангаараа “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил мөн тул ажил олгогч санаачилж, ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг заасан урьдчилсан нөхцөл хангагдаж байна.

Хуулийн дээрх дээрх заалтын урьдчилсан нөхцөлийг хангаж буй сахилгын ноцтой зөрчилд нь хуульд заасан хугацаанд нь ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн шийдвэр нь эрх зүйн үндэслэлтэй тул ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох эрх зүйн үр дагаврыг үүсгэхгүй.  

Иймд нэхэмжлэгч Н.А ийн хариуцагч ГАА ДС ЭМТ-д холбогдох урьд эрхэлж байсан Жавхлант/3 дугаар/ багийн эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтанд ажлаас буруу халсны олговор олгох эрх зүйн үндэслэл нь ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон байх явдал юм.

Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон ажилтан олгогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговроос Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь заалтын дагуу мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх боломжтой.

Шүүхээс нэхэмжлэгч Н.А ийг хариуцагч ГАА ДС ЭМТ-н Жавхлант/3 дугаар/ багийн эмчийн ажилд эгүүлэн тогтоогоогүй тул 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт “гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл” улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заажээ.

Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч Н.А  нь хариуцагч ГАА ДС ЭМТ-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдав.

Говь-Алтай аймаг дахь сум дундын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 08 дугаар шийдвэрээр[17] нэхэмжлэгч Н.А ийг хариуцагч ГАА ДС ЭМТ-н сувилагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож,

Говь-Алтай аймаг дахь сум дундын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 133/ШШ2021/00035 дугаар шийдвэрээр[18] “нэхэмжлэгч Н.А ийг хариуцагч ГАА ДС ЭМТ-н багийн эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож”,

Говь-Алтай аймаг дахь сум дундын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 133/ШШ2021/00328 дугаар шийдвэрээр[19] “хариуцагч Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн төвөөс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,507,136 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.А т олгож” тус тус шийдвэрлэжээ.

Дээрх шүүхийн шийдвэрийг хариуцагчаас бүрэн биелүүлж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн болохыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрснийг тэмдэглэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.А-ийн хариуцагч ГАА ДС ЭМТ-д холбогдох урьд эрхэлж байсан Жавхлант/3 дугаар/ багийн эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.А  нь хариуцагч ГАА ДС ЭМТ-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.МӨНХБАТ

 

 

 

 

[1] 1-р хавтаст хэргийн 1-3 хуудас

[2] 1-р хавтас хэргийн 61-62 хуудас

[3] 1-р хавтаст хэргийн 44 хуудас

[4] 1-р хавтаст хэргийн 109-113 хуудас

[5] 1-р хавтаст хэргийн 3 хуудас

[6] 1-р хавтаст хэргийн 169-171 хуудас

[7] 1-р хавтаст хэргийн 97 хуудас

[8] 1-р хавтаст хэргийн 77-96 хуудас

[9] 1-р хавтаст хэргийн 202 хуудас

[10] 1-р хавтаст хэргийн 240 хуудас

[11] 2-р хавтаст хэргийн 23 хуудас

[12] Хавтаст хэргийн 140 хуудас

[13] 1-р хавтаст хэргийн 110 хуудас

[14] 1-р хавтаст хэргийн 121 хуудас

[15] 1-р хавтаст хэргийн 128 хуудас

[17] 1-р хавтаст хэргийн 5-11 хуудас

[18] 1-р хавтаст хэргийн 27-31 хуудас

[19] 1-р хавтаст хэргийн 39-43 хуудас