Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 215/МА2022/00001

 

 

Н.А-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Э даргалж, шүүгч Т.Ж, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 133/ШШ2021/00537 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Дарив сумын Жавхлант багт оршин суух, ДИ............ регистрийн дугаартай, Х овгийн Н. А-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Дарив сумын ЭМТ-д холбогдох

 

Жавхлант багийн эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал болон 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.А, түүний өмгөөлөгч М.Э, хариуцагчийн төлөөлөгч Н.Ц, түүний өмгөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Х нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.А нь нэхэмжлэлдээ: Миний бие 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тус сумын Эрүүл мэндийн төвд ээлжийн сувилагчаар ажиллаж эхэлсэн. Н.Ц нь дарга болоод намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөөд шүүхийн шийдвэрээр эргэж ажилдаа ороход багийн эмчээр ажилд авсан юм. Намайг ажил хийх хугацаанд Н.Ц дарга үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөөд шүүхийн шийдвэрээр ажилдаа орсноос болж надаас өө хайж, ажлаас удаа дараалан чөлөөлөх болсон юм. Миний бие хамгийн сүүлд 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдөөд шүүхийн шийдвэрээр 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ажилдаа орж байсан. Ингээд 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр дахин үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн тул Говь-Алтай аймгийн Дарив сумын Эрүүл мэндийн төвд багийн эмчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс шүүх хуралдаан болох өдөр хүртэл цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны бичилтийг нөхөн бичүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Говь-Алтай аймгийн Дарив сумын Эрүүл мэндийн төвийг төлөөлж Н.Ц: 2021 оны 06 сараас эхлэн ковид-19 халдварын тархалт тус суманд одоо хүртэл альфа болон делта мутаци хувилбараар тархаж, сумын эмнэлэг өндөр ачаалалтай ажиллаж байна. Нэхэмжлэгч Н.А хүндэтгэх шалтгаангүйгээр 2021 оны 07 сард 6 өдөр буюу 48 цаг, 2021 оны 08 сард 2 өдөр буюу 16 цаг ажил тасалсан. Энэ нь нотлогдож хурлаар авч хэлэлцэхэд хүндэтгэх шалтгаан гэж үзэхээргүй байсан. Түүгээр ч үл барам хурлыг хаян гарч одсон. Ковид-19 халдварын үед бүх ажилтан илүү цагаар ар гэрээ умартан нойр хоолгүй ажиллаж, ядарч зүдэрч байхад нэг ажилтан нь ажилдаа ирэхгүй ажил тасалж байгаа мөртлөө бусадтай адилхан цалин авч, ажил тасалсных нь төлөө байгуулсан гэрээ, байгууллагын дотоод журмын дагуу хариуцлага тооцож байхад хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Энэ хэцүү цаг үед эрүүл мэндийн салбар хамгийн хүнд нөхцөлд хамгийн их ачаалалтай ажиллаж байгаа гэдгийг хүн болгон ойлгож буй гэдэгт итгэж байна. Гэтэл нэг тангараг өргөсөн мэргэжилтэн нь ажилд тус нэмэр болохгүй дураараа авирлаж дуртай цагтаа ирж, дургүй үедээ явж байдаг нь харамсалтай. Хөдөлмөрийн гэрээний 2.3.В, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10.8 дахь заалтад (ажлын цагийг хүндэтгэх шалтгаангүйгээр 16 цаг түүнээс дээш хугацаагаар байгууллагын удирдлагад мэдэгдэлгүй чөлөө зөвшөөрөлгүй тасалсан буюу 1 сарын ажил тасалсан нийлбэр дүн нь 16 цагаас дээш бол) заасны дагуу хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан  гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х овгийн Н. А-ийн хариуцагч Говь-Алтай аймгийн Дарив сумын Эрүүл мэндийн төвд холбогдох урьд эрхэлж байсан Жавхлант /3 дугаар/ багийн эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.А нь хариуцагч Говь-Алтай аймгийн Дарив сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Н.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймгийн Дарив сумын Эрүүл мэндийн төвд багийн эмчийн ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Н.А миний бие 2013 оны 10 дугаар сарын 16-нд Дарив сумын Эрүүл мэндийн төвд ээлжийн сувилагчаар ажилд орсон энэ үед эрхлэгч эмч Ц.А байсан. Хариуцагч Н.Ц дур мэдэн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Жавхлант багийн бага эмчээр томилсон атлаа эрхлэгч эмч болсон цагаасаа хойш ажлын байрны сэтгэл зүйн дарамтанд байлгаж удаа дараа ажлаас үл ялих зүйлээр шалтаглаж чөлөөлдөг байсан. Би ажиллаж буй 9 жилийн хугацаанд мэргэжлийн алдаа дутагдал зөрчил гаргаж байгаагүй. Ард иргэдээс гомдол санал ирж байгаагүй. Эмнэлгийн тусламж үйлчилгээг стандартын дагуу өөрийн чин сэтгэлээсээ гүйцэтгэж байсан. Гэтэл хариуцагч Н.Ц нь намайг ажил тасалсан гэх амиа аргацаасан үндэслэлгүй шалтгаанаар ажлаас удаа дараа чөлөөлдөг байсан. Өөрийнхөө эрхийг хамгаалуулахаар шүүхэд удаа дараа хандаж ажилдаа эгүүлэн тогтоолгож байсан. Намайг ажлаас чөлөөлөхдөө 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Б/15 дугаартай Дарив сумын Эрүүл мэндийн төвийн даргын тушаалаар хууль зүйн үндэслэлгүй чөлөөлсөнд гомдолтой байна.

 

Намайг 2021 оны 07 дугаар сард 6 хоног, 8 дугаар сард 2 хоног ажил тасалсан гэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Ж.Б эмчээс улаан бүсэд байхад нь ар гэрийн хүндэтгэн үзэх шалтгаанаар 7 хоногийн цалинтай чөлөө утсаар авч дүн бүртгэгч Б.Д-т өргөдлөө бичиж өгөөд яваарай гэсний дагуу өргөдлөө лаборант Я.Д-д 8 дугаар сарын 24-ний өглөө 08 цагт өгсөн Ж.Б эмч надтай 2021 оны 7 дугаар сарын 05-ны өглөө 09 цагт хүүхэд нь сайн уу? та хэзээ ирэх гэж байна гэхэд нь одоо хүүхдээ ЭХО-д харуулаад гарлаа гээд тэгээд гарсан. Би ажил үүргээ гүйцэтгэж байхдаа Б.С-ийн ойрын хавьтагч байгаад 13 дахь хоног дээрээ буюу 2021 оны 07 дугаар сарын 06-нд Ковид туссан хүндэтгэх шалтгаан байсан. Мөн 2021 оны 8 дугаар сарын 19-ний орой ажил тарсаны дараа Жавхлант багийн харьяат Б гэгч эмэгтэй хордлогонд орж дуудлага өгч улмаар Р гэгч жолоочид дайгдаж дуудлагаар очиж эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн. 8 дугаар сарын 19-ний шөнө саахалт айлын 36 недельтэй жирэмсэн эх Л дуудлага өгч улмаар аймгийн төв рүү түүний машинтай явж нэгдсэн эмнэлэгт хүргэж өгч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, 8 дугаар сарын 20-ны өглөө 9 цаг өнгөрч байсан ингээд 8 дугаар сарын 21, 22-нд аадар бороотой унаа олдохгүй аргагүйн эрхэнд 23-ны өдөр Тонхил сумын унаанд сууж сум орсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгаан байхад анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хэт нэг талыг барьж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

 

Анхан шатны шүүх хуулиар олгогдсон эрхийг минь хэрэгжүүлээгүй өмгөөлөгч Ж.М-г албан ёсоор авсан байхад оролцуулахгүйгээр шийдвэрлэж миний эрх ашгийг зөрчсөн. Мөн шүүх хуралдаанд шаардлагатай нотлох баримтыг цуглуулах бэхжүүлэх бүрдүүлэх боломжийг олгоогүй, гэрчүүд оролцуулах эрхээр хангаагүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаар хэргийн үйл явдал тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх хариуцагч Н.Ц-ийн үгээр нотлох баримт болгож шийдвэрлэснийг ойлгохгүй байна, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч Говь-Алтай аймгийн Дарив сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан Жавхлант /3 дугаар/ багийн эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

 Хариуцагч байгууллагаас багийн эмч Н.А нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил буюу 2021 оны 07 дугаар сарын 01,02,05,20,21,22 болон 2021 оны 08 дугаар сарын 20,23-ны өдрүүдэд ажил тасалсан тул ажлаас чөлөөлсөн гэж маргажээ.

 

Ажилтан Н.А нь сахилгын ноцтой зөрчил гаргаагүй учир нь 2021 оны 07 дугаар сарын 01, 02, 05-ны өдрүүдэд захиргааны чөлөөтэй байсан, коронавируст халдвар /КОВИД-19/-ын улмаас 2021 оны 07 дугаар сарын 20, 21, 22-ны өдрүүдэд гэрийн тусгаарлалтанд байсан, 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, жирэмсэн эх н.Л-ыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум руу хүргэж өгөөд Дарив сум руу зорчих гэсэн боловч унаа олдоогүй учраас 2021 оны 08 дугаар сарын 20, 23-ны өдрүүдэд ажилдаа очоогүй гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.Ц нь жирэмсэн эх н.Л нь коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын вакцин /Pfizer vaccine/-ны 2 дугаар тунг 2021 оны 08 дугаар 19-ний өдөр хийлгэсэн нь ковидын вакцин хийлгэсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтын 28 дугаарт бүртгэгдсэн.

 

“Эмчийн үзлэгийн дэвтэр”-т бичигдсэнээр 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр үзлэг хийхэд Шарга суманд оршин суух хаягтай, малчин, н.Л нь “Z34” жирэмсний хэвийн хяналт оноштой биеийн эрүүл мэнд хэвийн байсан. Жирэмсэн эхийн биеийн байдал хэвийн учир коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын вакцин /Pfizer vaccine/-ны 2 дугаар тунг хийсэн. Аймгийн нэгдсэн эмнэлэгт өвчтөн хүргэх асуудлыг сумын их эмч шийдвэрлэж, хүргэх ёстой болохоос нэхэмжлэгч Н.А /багийн бага эмч/ шийдвэрлэх ёсгүй гэж хариуцагч тайлбарлажээ. Яаралтай байдлаар өвчтөнг аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Багийн бага эмч нь аймгийн нэгдсэн эмнэлэгт өвчтөн хүргэх асуудлыг шийдвэрлэх эрх, үүрэггүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна. 

 

Жирэмсэн эх н.Л нь 2021 оны 08 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд бус 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр амаржсан байна. Говь-Алтай аймгийн Дарив сумын Эрүүл мэндийн төвийн хамт олны 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаан дээр нэхэмжлэгч Н.А тайлбарласан аймаг руу дутуу төрөх магадлалтай хүн болох н.Л-ыг авч явсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэжээ.

 

Нэхэмжлэгч Н.А-ийг 2021 оны 07 дугаар сарын 01, 02, 05, 20, 21, 22 болон 08 дугаар сарын 20, 23-ны өдрүүдэд ажил тасалсан гэж Говь-Алтай аймгийн Дарив сумын Эрүүл мэндийн төвийн 2021 оны цагийн бүртгэлд тэмдэглэжээ. 

 

Говь-Алтай аймгийн Дарив сумын Эрүүл мэндийн төвийн нярав Б.Э гаргаж, нягтлан бодогч Б.У шалгасан ажлын цагийн тооцооноос үзэхэд багийн эмч Н.А нь 2021 оны 07 дугаар сард 18 ажлын өдөр ажиллахаас ажлын 12 өдөр, 08 дугаар сард ажлын 22 өдөр ажиллахаас 17 өдөр тус тус ажиллажээ.

 

Дээрх цагийн бүртгэл, тооцооны дагуу ажилтан Н.А 2021 оны 7 дугаар сарын цалин хөлснөөс 6 ажлын өдрийн, 8 дугаар сарын цалин хөлснөөс 2 өдрийн үндсэн цалинг тус тус хасч тооцсон нь гэрч Б.У-ийн Цагийн бүртгэл, тооцоог үндэслэн багийн эмч Н.А үндсэн цалингаас 07 дугаар сарын 06 өдрийн, 08 дугаар сард 2 өдрийн цалинг тус тус хасч тооцсон гэсэн агуулга бүхий мэдүүлгээр нотлогдож байх бөгөөд уг үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.

 

Ажил олгогч Говь-Алтай аймгийн Дарив сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Б нь ажилтан Н.А 7 хоногийн цалинтай чөлөө олгохыг хүссэн 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн огноотой өргөдөлд 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 7 хоногийн цалинтай чөлөө олгосон цохолт хийжээ.

 

Үүнээс үзэхэд ажил олгогчоос ажилтанд захиргааны чөлөөг олгохдоо ажлын 7 өдрөөр бус хуанлийн 7 хоногоор олгожээ. Чөлөө эхлэх, дуусах огноог 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл гэж тоогоор илэрхийлсэн нь хоёрдмол утгагүй, эргэлзээгүй ойлгогдож байна.

 

Уг баримтаар 2021 оны 07 дугаар сарын 01, 02, 05-ны өдрүүдэд захиргааны чөлөөтэй байсан гэх нэхэмжлэлийн үндэслэл няцаагдсан байна.

 

Говь-Алтай аймгийн Дарив сумын Эрүүл мэндийн төвөөс 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 13 цаг 50 минутанд нээсэн Өвчний түүх-ээс үзэхэд нэхэмжлэгч Н.А нь 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр түргэвчилсэн шинжилгээгээр коронавируст халдвар /КОВИД-19/-аар үүсгэгдсэн халдварт өвчин оношлогдож, тус эрүүл мэндийн төвд 7 хоног хэвтэн эмчилгээ, сувилгаа хийлгэн эдгэрсэн тул 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр эмнэлгээс гарч, гэрийн тусгаарлалтанд шилжжээ.

 

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8 дахь хэсэгт Улсын онцгой комисс нь цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хариу арга хэмжээний талаар холбогдох тушаал гаргах, дүрэм, журам, заавар, удирдамж батлах, 9 дүгээр зүйлийн 9.15 дахь хэсэгт Коронавируст халдварыг оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх шинэ арга, аргачлалыг олон улсын, эсхүл үндэсний эмнэлзүйн туршилт, зөвлөмжид үндэслэн оношилгоо, эмчилгээнд хэрэглэх зааврыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж тус тус заажээ.

 

Хуулийн дээрх заалтын дагуу Улсын онцгой комиссын даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 43 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар Гэрийн ажиглалтын үйл ажиллагааг зохицуулах түр журам-ыг Эрүүл мэндийн сайдын 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/318 дугаар тушаалаар Шинэ коронавируст халдвар (КОВИД-19)-ын оношилгоо, эмчилгээний түр зааврыг тус тус баталжээ.

 

Гэрийн ажиглалтын үйл ажиллагааг зохицуулах түр журам-ын 2.2.3 дахь хэсэгт коронавируст халдварын улмаас эмчлэгдэж, эдгэрэн эмнэлгээс гарсан хүнийг гэрээр 7 хоног тусгаарлан ажиглана.

 

Шинэ коронавируст халдвар (КОВИД-19)-ын оношилгоо, эмчилгээний түр заавар-ын шинэ коронавируст халдварын тохиолдлын хяналт, эмнэлгээс гаргах шалгуурт Халдварын хөнгөн болон шинж тэмдэггүй хэлбэр батлагдсан тохиолдлын эрүүл мэндийг тусгаарлан хяналт тавих нийт хугацаа 14 хоног бөгөөд үүнд эмнэлэгт хэвтсэн хугацаа орно гэж тус тус заажээ.

Дээрх заалтаас үзэхэд коронавируст халдварын улмаас 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн эмчлэгдэн эдгэрч, 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Говь-Алтай аймгийн Дарив сумын Эрүүл мэндийн төвөөс гарсан нэхэмжлэгч Н.А гэрийн тусгаарлалтанд ажиглах хугацаа нь 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөр дуусгавар болжээ.

Тиймээс коронавируст халдварын улмаас 2021 оны 07 дугаар сарын 20, 21, 22-ны өдрүүдэд гэрийн тусгаарлалтанд байсан учраас ажилдаа очоогүй гэх ажилтны тайлбар нь түүний нэхэмжлэлийн үндэслэлийг нотлохгүй байна.

 

Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гарган өгсөн бүдэг цэнхэр өнгийн хавтастай, тэмдэглэл хөтөлсөн этгээдийн гарын үсэггүй, эмчийн тэмдгээр албажаагүй, Жавхлан багийн Эмчийн үзлэгийн бүртгэл гэх нэртэй бичмэл нотлох баримтыг ажилтан Н.А хөтөлсөн болохыг хариуцагчийн төлөөлөгч Н.Ц нь хүлээн зөвшөөрч, үгүйсгээгүй байна.

 

 Эмчийн үзлэгийн бүртгэлийн 58 дугаарт 08 дугаар сарын 19-ний өдөр Шарга суманд оршин суух хаягтай, малчин, н.Л-т, 59 дүгээрт 08 дугаар сарын 20-ны өдөр 3 дугаар багт оршин суух хаягтай, тэтгэвэрт гарсан, н.Т-т, 60 дугаарт 3 дугаар багт оршин суух хаягтай, тэтгэвэр гарсан н.Ц-д тус тус үзлэг хийсэн гэж тусгагджээ. Харин 2021 оны 08 дугаар сарын 23-ны ажлын өдөрт үзлэг хийсэн талаар тэмдэглээгүй байна.

 

Ажил олгогч Говь-Алтай аймгийн Дарив сумын Эрүүл мэндийн төв нь ажилтан Н.А-ийг 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ажил тасалсан гэж үзээгүй бөгөөд тухайн өдөр ажилласнаар цагийн бүртгэлд тусгажээ.

 

Нэхэмжлэгч Н.А нь 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд оршин сууж байсан төрсөн эх н.Т-т үзлэг хийж, 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ажилдаа очиж, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ажилдаа очоогүй гэдгээ зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан болно.

 

Говь-Алтай аймгийн Дарив сумын Эрүүл мэндийн төвийн Жавхлан багийн эмч Н.А нь 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ажлын байранд бус, хариуцсан багийнхаа өрх, айлд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхийн оронд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд зорчиж, ажил тасалсныг зөвтгөх үндэслэл хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

 

Тодруулбал ажилтан Н.А-ийг 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд оршин сууж байсан төрсөн эх н.Т-т үзлэг хийснийг буруутгахгүй ч тухайн өдөр ажлаас чөлөөлсөн зөвшөөрлийг ажил олгогч Говь-Алтай аймгийн Дарив сумын Эрүүл мэндийн төвөөс олгоогүй байхад дур мэдэн, өөрийн санаачилгаар, ажлын байраа орхин, өөр газар зорчиж байгаа үйлдлийг шүүх зөвтгөх боломжгүй.

 

 Н.А нь 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум руу зорчих зайлшгүй шаардлагатай тохиолдолд энэ талаарх хүсэлтээ ажил олгогч Говь-Алтай аймгийн Дарив сумын Эрүүл мэндийн төвд гаргаж, чөлөө авах байжээ.

 

Нэхэмжлэгч Н.А нь 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум руу зорчих талаар хариуцагч Говь-Алтай аймгийн Дарив сумын Эрүүл мэндийн төвд мэдэгдээгүй, чөлөө хүсээгүй болохоо хүлээн зөвшөөрсөн байна.

 

Энэ тохиолдолд ажил олгогч нь ажилтанг 2021 оны 08 дугаар сарын 20, 23-ны өдрүүдэд ажил тасалсан гэж цагийн бүртгэлд бүртгэж, мөн хугацааны үндсэн цалинг олгоогүйг буруутгах эрх зүйн үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч Н.А нь 2021 оны 08 дугаар сарын 19-ний шөнө Шарга суманд оршин суух хаягтай, жирэмсэн эх н.Л нь дутуу төрөх гэж өвдөөд хамт аймаг хүргээд өгөөч гэж гуйхаар нь хамт Есөнбулаг сум руу явсан гэх боловч хариуцагч энэ үйлдэл нь Н.А ажил үүргийн хуваарьт тусгагдсан ажил нь биш, түүний үүрэгт ажилд хамааралгүй гэж маргаж байгааг нэхэмжлэгч баримтаар няцаагаагүй, нэхэмжлэгч энэ талаарх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй.

 

 Мөн өмгөөлөгч оролцуулаагүй гэх гомдлын тухайд анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар нэхэмжлэгч өмгөөлөгчгүйгээр хуралдааныг үргэлжлүүлэх  хүсэлтийг гаргасан нь тэмдэглэлд тусгагдсан байна.

 

Н.А нь 2021 оны 07 дугаар сарын 01, 02, 05, 20, 21, 22 болон 2021 оны 08 дугаар сарын 20, 23-ны өдрүүдэд ажил тасалсан нь тогтоогдож байх бөгөөд энэхүү үйл баримтыг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гэж үзэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 133/ШШ2021/00537 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар Н.А нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ч.Э

                     ШҮҮГЧИД                       Т.Ж

                                                             Ш.Б