Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хаянхярваагийн Эрдэнэтуяа |
Хэргийн индекс | 128/2018/0433/З |
Дугаар | 128/ШШ2019/0135 |
Огноо | 2019-02-28 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 128/ШШ2019/0135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Эрдэнэтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Э.П
Хариуцагч: Монгол Улсын Ерөнхий Сайд
Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 85 дугаар Ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Монгол Улсын Ерөнхий сайд 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 85 дугаар Ажлаас чөлөөлөх тухай захирамжийг гаргасан. Уг захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Э.П нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд заасан эрх үүргийг хэрэгжүүлэн тухайн байгууллагад Зөвлөлийн даргаар ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, байгууллагын дотоод дүрэм, журмыг зөрчиж байгаагүй бөгөөд ёс зүйн болон сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Зөвлөлийн даргаар ажиллаж дуусах хуулийн хугацаа дуусаагүй байхад Монгол Улсын Ерөнхий сайд 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 85 дугаар захирамжийг гаргасан бөгөөд уг захирамжийн нэг дэх заалтдаа 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон ажлаас халсугай гэжээ. Энэ нь эрх зүйн байдлыг дордуулсан. Ажлаас чөлөөлөх, халах гэсэн 2 ойлголт нь эрх зүйн үр дагаврын хувьд ялгаатай. Маргаан бүхий захирамж нь сахилгын шийтгэлийн шинжтэй болсон. Э.П ажлаас чөлөөлсөн тохиолдолд Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.12 дахь хэсгүүдэд заасан хугацааны асуудал хөндөгдөнө. Ажлаас хална гэдэг нь сахилгын шийтгэлийн хамгийн хүнд хэлбэр. Хэзээ ямар зөрчил гаргасан учраас ажлаас халагдсан гэдгийг тогтоох шаардлагатай. Энэ талаар үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Монгол Улсын Ерөнхий сайд маргаан бүхий захирамждаа Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.12.7, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх хэсэгт заасныг үндэслэл болгосон. албан үүргээ биелүүлэхдээ өөрийн хамаарал бүхий этгээдтэй гэрээ байгуулан улсад үлэмж хэмжээний хохирол учруулаагүй.
Прокуророос гаргасан 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 8 дугаартай тогтоолоор тогтоогдсон гэж бичсэн байна. Прокурорын байгууллага хэрэг зөрчлийг шалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьдаг. Прокурор Э.П шалгаад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж дүгнэн тогтоол гаргасан. Тиймээс Прокурорын тогтоолыг үндэслэн Э.П, албан тушаалаас нь халах үндэслэлгүй гэж үзэж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно гэж заасан. Тухайн захирамжийг гаргахдаа Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.12.7, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх хэсэгт заасныг үндэслэл болгосон боловч Прокурорын тогтоолыг үндэслэж захирамж гаргасан. Өөрөөр хэлбэл хуулийг хэрэглэхдээ үндэслэл болгосон хууль, бодит нөхцөл байдал 2 нь хоорондоо зөрүүтэй байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 85 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт .Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана гэж заасан тул Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд шууд нэхэмжлэл гаргасан... гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Маргаан бүхий захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий захирамж биш юм. Бид 1 дүгээрт прокурорын тогтоолоор тогтоогдсон тул гэх гэм буруутай холбоотой асуудал, 2 дугаарт Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийн үндэслэлтэй маргаж байгаа.
Улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан нь Прокурорын тогтоолоор тогтоогдсон гэж захирамж гарч байгаа нь үндэслэлгүй. Аливаа этгээдийн гэм буруугийн асуудлыг Прокурорын тогтоолоор тогтоохгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно; Мөн Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Э.П шалгаад гэмт хэрэг биш гэсэн Прокурорын тогтоолыг баримталж Монгол Улсын Ерөнхий сайд захирамж гаргасан нь хуульд нийцэхгүй байна. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэлтийн ажиллагаа нээгдсэн нь Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж гарсны дараах үйл явдал юм.
Монгол Улсын Ерөнхий сайд захирамж гаргахдаа хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн. Захирамжийн үндэслэл болсон Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.12 дахь хэсэгт Дор дурдсан тохиолдолд Зохицуулах зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрх энэ хуулийн 9.4-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болно гэж заагаад нас барсан, өөрийн хүсэлтээр гэх мэт 7 тохиолдлуудыг заагаад тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.12.7 дахь хэсэгт .хуульд заасан бусад үндэслэлээр гэж заасан. Энэ заалтыг Монгол Улсын Ерөнхий сайд 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 85 дугаартай захирамждаа баримталсан. Мөн 9 дүгээр зүйлийн 9.12.5 дахь хэсэгт .гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж заасан. Энэ заалтыг захирамждаа баримтлаагүй. Тиймээс Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.12.7 дахь хэсэгт заасан хуульд заасан бусад үндэслэл гэдэгт ямар үндэслэл хамаарахыг судалж үзэх шаардлага гарч байна. Өөр хуульд ийм зохицуулалт байхгүй. Монгол Улсын Ерөнхий сайд маргаан бүхий захирамждаа Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.12.7 дахь хэсэгт заасныг баримтлахдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт заасан заалт хамаарна гэж үзсэн байх гэж ойлгож байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх хэсэгт энэ хуулийн 101.1, 101.2, 101.4, 101.5 дахь хэсэг, 11, 12, 15, 16 дугаар зүйлд заасныг зөрчсөн, энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, энэ хуулийн 29.2.3-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол нийтийн албанаас халах гэж заасан. Энэ хуулийн үйлчлэлд Э.П хамаарахгүй. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.12.7 дахь хэсэгт заасан хуульд заасан бусад үндэслэлд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалт хамаарна гэж үзэж байгаа тохиолдолд Зохицуулах зөвлөлийн дарга нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байх ёстой. Уг хуулийн үйлчлэлд хамаарахгүй байхад дээрх заалтыг баримтлан ажлаас халсан нь буруу юм. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд уг хуулийн үйлчлэх хүрээг заасан бөгөөд 5.1 дэх хэсэгт Нийтийн албан тушаалтан /цаашид "албан тушаалтан" гэх/-д тавигдах хориглолт, хязгаарлалт, ёс зүйн шаардлагын үндэслэл, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, албан тушаалтан хувийн ашиг сонирхлын байдлаа мэдүүлэх болон түүнийг шалгах ажиллагаа, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар зохицуулна гэж заасан.
Зөвлөлийн дарга Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт .нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг хэлнэ гэж заасан бөгөөд тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна гэж заасан. Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна гээд 9 албан тушаалтнуудыг хамаарахаар зохицуулсан. Прокуророос Зөвлөлийн дарга нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан 9 албан тушаалтанд хамаарахгүй, гэмт хэргийн шинжгүй нөхцөл байдал тогтоогдсон гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол гаргасан байхад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалтуудыг баримталж захирамж гаргасан нь хууль бус юм.
Э.П Төрийн албаны зөвлөлд удаа дараа хандсан. Төрийн албаны зөвлөлөөс Э.П Та төрийн албан хаагч биш гэсэн хариуг удаа дараа өгсөн. Монгол Улсад Төрийн албаны тухай хуульд хамаарахгүй 3 зөвлөл үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр зөвлөлүүдийн эрх зүйн байдлыг тодорхой болгох асуудал яригдаж байгаа. Нэхэмжлэгч улсад хохирол учруулсан нь Эрүүгийн хэргийн болон Иргэний хэргийн шүүхээр тогтоогдоогүй. Тиймээс Э.ППрокурорын тогтоолыг үндэслэж захирамж гаргаж ажлаас халсан хууль бус байна. Мөн маргаан бүхий захирамжийг гаргахдаа сонсох ажиллагааг хийгээгүй, захиргааны акт хууль ёсны болон үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү... гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Барилга хот байгуулалтын сайдын Дотоод аудитын 2017 оны төлөвлөгөөний дагуу 2017 оны 77 дугаар тушаалаар баталсан удирдамж гарсан. Үүний дагуу Зохицуулах зөвлөлийн 2017 оны үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, дотоод аудит хийсэн. Э.П нь Зөвлөлийн үйл ажиллагаа явуулж байсан түрээсийн байрыг өөрчилж Э ХХК-ийн барилгад 300 метр квадрат байрыг 1 сарын 7.500.000 төгрөгөөр түрээслэхээр үндсэн компанитай биш түрээслэгч Т н х ХХК-тай гэрээ байгуулсан байсан. Уг гэрээ нь ашиг сонирхлын зөрчилтэй болох нь тогтоогдсон.
Мөн Үндэсний Аудитын газраас 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Барилга хот байгуулалтын яамны нийт байгууллагуудын багцын 2017 оны санхүүгийн нэгдсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудитын шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах тухай албан шаардлагыг ирүүлсэн. Энэ шаардлагад Т н х ХХК-тай 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан байсан гэж дурдагдсан. Тухайн үед Э.П уг байгууллагын төсвийн шууд захирагч байсан. Энэ асуудалд Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр Прокурорын байгууллагад шилжүүлсэн. Прокурорын дүгнэлтэд Э ийн П нь бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн төрсөн эгч Э.З гийн гүйцэтгэх захирлаар нь ажилладаг Т н х ХХК-иас 4.000.000 төгрөгийн түрээслэх гэрээ байгуулж 279 метр квадрат талбайг сарын 7.500.000 төгрөгөөр түрээслэх давхар гэрээг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл байгуулж улсад 42.000.000 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон. Үүнтэй холбогдуулан энэ үйлдлийг нь шалгуулахаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст хандсан, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байгаа. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. Прокурорын тогтоолыг бид нотлох баримтын түвшинд ашигласан. Дотоод аудит, Үндэсний аудитын шалгалтаар зөрчлийг шалгаж тогтоосон. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.12.5 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж заасан. Монгол Улсын Ерөнхий сайд захирамжаа гаргахдаа хуулийн дээрх заалтыг баримтлаагүй. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.12.7 дахь хэсэгт заасан хуульд заасан бусад үндэслэлийг баримталсан.
Шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийж, нэхэмжлэгчид сонгох боломжийг олгосон. Э.П-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тул Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хариуцлага тооцох боломжгүй. Төсвийн тухай хуулийг зөрчсөн гээд Төрийн албаны тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэе гэхээр Э.П төрийн албаны тангараг өргөөгүй. Төсвийн тухай хуульд төсвийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлагыг хүлээлгэнэ гэж заасан. Нийтийн албан хаагч гэх ойлголт нь төрийн албан хаагчаас илүү өргөн хүрээтэй ойлголт.
Нийтийн албан хаагч гэдэгт төрийн чиг үүргийг гэрээгээр хэрэгжүүлж байгаа олон нийтийн байгууллагын албан тушаалтан, төрийн өмчит компанийн албан тушаалтан хамаарна. Заавал төрийн захиргааны албан хаагч байх шаардлагагүй. Шийдвэр гаргахдаа Хөдөлмөрийн тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн алийг нь хэрэглэхийг авч үзээд Э.П нийтийн албан хаагч гэж үзэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баримтлах нь зүйтэй гэж захиргаа үзсэн.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 5 дугаар тогтоолоор Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг үндэслэж гарсан хөрөнгө орлогын мэдүүлгийн загвар маягт, гаргах журмын 5 дугаар хавсралтаар баталсан Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтны жагсаалтыг баталсан. Энэ жагсаалтаар Э.П нийтийн албан тушаалтан гэж үзвэл Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Авлигын эсрэг хуульд заасан албан тушаалтанд шууд хамаарна. Дээрх журмын 7 дахь хэсэгт улсын төсвөөс санхүүжилт авдаг болон аж ахуйн тооцоон дээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хороо, төвийн удирдах албан тушаалтан гэж тодорхой заасан. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигатай тэмцэх хуульд Авлигатай тэмцэх газар хяналт тавина. Э.П нийтийн албан тушаалтан гэдэг нь нотлох баримтууд болон хууль тогтоомжоор тогтоогдож байгаа. Гэм буруугүй гэдгийг прокурорын тогтоолоор тогтоодоггүй. Прокурорын тогтоол нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлсэн тогтоол биш бөгөөд Э.Пнийтийн албан тушаалд хамаарахгүй байна гэж прокурор өөрөө үзэж гаргасан тогтоол. Э.П нь нийтийн албан тушаалтанд хамаарах нь ямар ч маргаангүй. Монгол Улсын Ерөнхий сайд шийдвэр гаргахад би байлцсан. Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгээгүйгээс шийдвэр хүчингүй болдог тул бид Э.Пдуудаж уулзсан. Э.Пдуудаад Та өргөдлөө өгөхгүй бол арга хэмжээ авна. Та өргөдлөө өгөх үү гэж асуухад Э.П Шүүхэд хандана гэсэн. Би Шүүхэд хандах юм бол эрүүгийн хэрэг чинь сэргэх нь байна шүү гэж хэлсэн. н.О даргын өрөөнд уулзалт болсон. Шаардлагатай гэж үзвэл н.О гэрчээр асуух боломжтой. Хэрэв Э.П өөрөө шүүх хуралдаанд оролцсон бол энэ талаар хэлэх байсан байх. Сонсох ажиллагаа хийгдсэн... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.П нь шүүхэд хандан Монгол Улсын Ерөнхий Сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 85 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай Захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгохыг хариуцагчид даалгах үндсэн шаардлагатай, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх нэмэгдүүлсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах байдлаар хууль тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Зохицуулах зөвлөлийн дарга нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулийн зохицуулалтад хамаарах этгээд биш, өөрөөр хэлбэл төрийн албан хаагч биш, төрийн албаны сонгон шалгаруулалтын дүнгээр томилогдоогүй тул төрийн албан хаагч гэж үзэх боломжгүй гэж тодорхойлсон, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ба Зохицуулах зөвлөлийн дарга нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулийн зохицуулалтад хамаарах этгээд, Монгол улсын Ерөнхий Сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 85 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай захирамж нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн гэж маргаж, нэхэмжлэгч болон хариуцагч эвлэрэн хэлэлцэх талаар хэн аль нь санал гаргаагүй тул шүүх хэргийг хэлэлцэж шийдвэрлэв.
1. Зохицуулах зөвлөлийн дарга нь Нийтийн албанд нийтийн болон хувийн
ашиг сонирхлыг зохицуулах, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хууль-ийн зохицуулалтад хамаарах этгээд байна гэж дараахь үндэслэлээр тодорхойлж байна.
Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолоор батлагдсан Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах журам-ын 2 дугаар зүйлийн 2.1.12-д Засгийн газар, Ерөнхий сайдаас томилогддог бусад албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар бүртгэж, хүлээн авахаар зохицуулсны дагуу Э.П нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргаар томилогдохдоо Авлигатай тэмцэх газарт хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаж бүртгүүлсэн болох нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2016 оны 03 сарын 07-ны ХЭГ/421 дугаар албан бичиг /хх-209 тал/, Авлигатай тэмцэх газрын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 05/1760 дугаар албан бичиг, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг /хх214-217 тал/ зэрэг баримтаар нотлогдож байна.
2. Монгол Улсын Ерөнхий Сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 85 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай захирамжийг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ, 4.2 дахь хэсэгт заасан Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална гээд 4.2.1 дэх хэсэгт заасан хуульд үндэслэх зарчмыг хангаагүй байх тул хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх зарчим нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт Төр, түүний үйл ажиллагааны зохион байгуулалтын хэлбэр болох Төрийн байгууллага үйл ажиллагаандаа төрөөс тогтоосон хуулийг хэлбэрэлтгүй, нэг мөр, ойлгомжтой хэрэглэх, дагаж мөрдөх гэсэн агуулгыг илэрхийлж байдаг бол Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасан хуульд үндэслэх зарчим нь хуулийг гагцхүү хуульд заасан агуулгаар нь хэрэглэх, хуулийн утга санаанаас өөрөөр буюу гуйвуулан хэрэглэж болохгүй гэсэн утга санааг илэрхийлж байдаг.
Монгол Улсын Ерөнхий Сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 85 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай захирамж Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.12.7 дахь заалт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалтыг үндэслэсэн байх боловч шийдвэр гаргахад баримталбал зохих хуулийг тодорхойлоогүй, захирамж гаргах үндэслэл болсон шалтгааныг дурдаагүй, захиргааны акт гаргасан этгээдийн гарын үсэг зурагдаагүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-д заасан албан тушаалтны гарын үсэг зурсан байх, 40.2.3-т заасан захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал-ыг заах, 40.2.4 захиргааны шийдвэр гаргах ажиллагааг өргөдөл, гомдлын үндсэн дээр үүсгэсэн бол түүнийг тусгах болон 40.2.5-т заасан захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах шаардлагыг хангаагүй буюу захиргааны актыг бичгээр гаргахад тавигдах нөхцөлүүдийг хангаагүй нь маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болно.
2. Монгол Улсын Ерөнхий Сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 85 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай захирамж нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль-ийн 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалтыг үндэслэсэн байна. Хуулийн энэхүү заалт нь нийтийн албан тушаалтныг нийтийн албан тушаалаас чөлөөлөх сахилгын шийтгэл оногдуулахад баримтлах заалт байх боловч уг хуулийнхаа 101.1, 101.2, 101.4, 101.5 дахь хэсэг, 11, 12, 15, 16 дугаар зүйлд заасныг зөрчсөн, энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, энэ хуулийн 29.2.3-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан тохиолдолд хэрэглэх зохицуулалттай байна.
Гэтэл нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тухай захиргааны шийдвэрт дээрх тохиолдлуудын алийг хэрэглэсэн нь буюу ямар зөрчил гаргасан болохыг тодорхойлоогүй нь хуулийг зохих ёсоор хэрэглээгүй, захиргааны байгууллагын үйл ажиллагаа хуульд үндэслэх зарчмыг хангаагүй гэж үзэх үндэслэл болно.
3. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд захиргааны актаар эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдэд сонсох ажиллагаа хийж шийдвэр гаргахаас өмнө эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдэх, шийдвэр гаргах болсон нөхцөл, үндэслэлийн талаар танилцуулах, саналыг авах, уг захиргааны акт гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг заавал олгохоор заасан байна.
Гэтэл хэрэгт маргаан бүхий актыг гаргахтай холбоотойгоор нэхэмжлэгч Э.Псонсох ажиллагаанд оролцуулахаар мэдэгдсэн, санал, тайлбарыг авсан талаарх баримт байхгүй байгаа тул Захиргааны шийдвэр гаргахад сонсох ажиллагаа хийсэн байх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн актыг хүчингүй болгох үндэслэлтэй байх тул захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэн ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх шаардлагыг хангах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.7, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хууль-ийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэг, 26, 27 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийн 40.2.1, 40.2.3, 40.2.4, 40.2.5 дахь заалт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалт, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль-ийн 9 дүгээр зүйлийн 9.12.7 дахь хэсгийг баримтлан Монгол Улсын Ерөнхий Сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 85 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож, Э-ын П-ыг урьд эрхэлж байсан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгасугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш шийдвэр гарах 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх 108 хоног ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх 17137952 / арван долоон сая нэг зуун гучин долоон мянга есөн зуун тавин хоёр / төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Э.П олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭТУЯА