Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэннадмидын Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2019/0592/З |
Дугаар | 128/ШШ2019/0552 |
Огноо | 2019-09-09 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 128/ШШ2019/0552
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Гомдол гаргагч: Х дүүргийн 0 дугаар хороо, Ч ө ч 00/0 0 давхарт байрлах У ХК,
Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Н.Н
Гомдлын шаардлага: Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Н.Н-гийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 0129046 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, В.Х , хариуцагч Н.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, Ж.Ц, Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч У ХК-ийн гүйцэтгэх захирал С.С, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, В.Х нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан гомдлын үндэслэлдээ: У ХК-ийн үйл ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 117 дугаар тушаалаар баталсан удирдамжийн дагуу газар дээрх хяналт, шалгалт хийгдсэн. Уг шалгалтын хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Н.Н 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 0129046 дугаартай шийтгэлийн хуудсаар манай компанийг 20.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.
У ХК нь үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн үйл ажиллагааг эрхэлдэг буюу У ХК-ийн барилгыг түрээслүүлэх үндсэн үйл ажиллагаа эрхэлдэг, компанийн ажилчдын хувьд гүйцэтгэх захирал, ахлах нягтлан бодогч, тооцооны нягтлан бодогч гэсэн нийт 3 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулдаг. У ХК-ийн барилгыг бүхлээр нь Н ХХК-д түрээслүүлдэг учраас ажилчид нь 2014 оноос хойш 5 жил гаран Х дүүрэг, 0-р хороо, Ч ө ч 00/0 тоот хаягт байрлах Н цогцолборт оффисын талбайг тавилгын хамт Н ХХК-иас нэг сарын 437,760 төгрөгөөр түрээслэн үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байна.
Хувьцаат компани нь Компанийн тухай хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг жил бүрийн 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хийх үүрэгтэй бөгөөд 2015 оноос хойш хувьцаа эзэмшигчдийн хурал зарлах тухай Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолдоо хувьцаа эзэмшигчид хурлаар хэлэлцэх асуудалтай холбоотой бичиг баримттай танилцах, мэдээлэл авч болох газар, байршил нь сүүлийн 4 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулж байгаа газар буюу Н цогцолборын 5 давхар гэж тодорхой зааж өгдөг. Мөн тогтоолын дагуу жил бүрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зарыг өдөр тутмын 2 хэвлэл, 2 телевизээр 2 удаагийн давтамжтайгаар нийтэлж нэвтрүүлэхдээ 1 компанийн талаар мэдээлэл авч болох газар нь Н цогцолбор гэдгийг / 2015 оноос хойш жилд 8 удаа, нийт 32 удаа олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хувьцаа эзэмшигчдэд хүргэсэн байна. Тиймээс хувьцаа эзэмшигчид компанийн үйл ажиллагаа явагдаж байгаа газрыг мэдэх хангалттай хугацаа байсан гэж үзэж байна.
Мөн 2015 онд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлан хуралдуулсан. Уг хурлыг Н цогцолборын 4, 5 давхарт хуралдуулсан бөгөөд энэхүү хурлын зарыг мөн адил 4 удаа олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хувьцаа эзэмшигчдэд хүргэсэн. Хувьцаа эзэмшигчдэд энэ хурлаар хэлэлцэх асуудалтай холбоотой болон компанийн бусад холбогдох бичиг баримттай тус газарт танилцах боломжоор бүрэн ханган ажилласан.
Түүнчлэн хувьцаа эзэмшигчид нь компанийн бичиг баримт хадгалж байгаа тус газарт чөлөөтэй нэвтэрч бичиг баримттай танилцах эрх нь нээлттэй байдаг бөгөөд энэ үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооны шалгалтын явцад газар дээр нь үзүүлж тайлбарласан болно. Хувьцаа эзэмшигчид өөрийн хүссэн бичиг баримттайгаа танилцах боломжтой бөгөөд ийнхүү танилцах, үйл ажиллагаа явуулж байгаа газарт очиж, холбогдох ажилтантай уулзахад ямар нэгэн хориг саад учирсан талаар өмнө нь гомдол, санал гарч байгаагүй. Компанийн бичиг баримт нь олон жил хадгалагдах тул Архивын ерөнхий газрын даргын 2007 оны 59 дугаар тушаалаар баталсан Байгууллагын архивын үндсэн зааврын 1.2.3-т Архивын баримт бичгийг зориулалтын өрөө тасалгаа, тавиур, шүүгээнд горимын дагуу хадгална гэж заасан шаардлагыг ханган, зориулалтын газар хадгалах шаардлагатай байдаг. У барилгад архивын бичиг баримт хадгалах зориулалт бүхий, шаардлага хангасан газар байдаггүй тул компанийн ажилчид байрлан үйл ажиллагаагаа явуулж байгаа Н цогцолборт байрлах Н Х ХХК-ийн архивын зориулалт бүхий, стандартын шаардлага хангасан байранд хадгалж, шаардлагатай тохиолдолд өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Н.Н, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, Ж.Ц, Ц.Э нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсгийг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны 02 дугаар сарын 22-ны.өдрийн 117 дугаар тушаалаар баталсан удирдамжийн дагуу шалгалтын ажлын хэсэг У ХК-ийн санхүүгийн тайлан, мэдээ болон холбогдох бусад материалд тулгуурлан шалгалтыг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэхэд У ХК-ийн архивын баримт бичиг нь тус компанийн үйл ажиллагаа эрхлэн явуулах газар хадгалагдаагүй байсан нь холбогдох баримтаар нотлогдсон бөгөөд энэ нь Компанийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.6-д Компани нь энэ хуулийн 97.1-д заасан баримт бичгийг өөрийн үйл ажиллагаа эрхлэн явуулах газар буюу хувьцаа эзэмшигчдийн мэдэх, тэдний нэвтрэх боломж бүхий газар хадгална, мөн Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 2.19 дэх хэсэгт компани хуульд заасан хадгалбал зохих баримт бичгийг өөрийн үйл ажиллагаа эрхлэн явуулах газар эсхүл хувьцаа эзэмшигчдийн мэдэх, тэдний нэвтрэх боломж бүхий газарт хадгалах үүргээ биелүүлээгүй гэж заасан зөрчил байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.18 дахь хэсгийн заалтыг үндэслэн У ХК-ийг 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 0129046 дугаартай шийтгэлийн хуудсаар хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу хорин сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.
Компанийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д Компанийн хаягийн өөрчлөлтийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу бүртгэх байгууллагад бүртгүүлнэ гэж заасан бөгөөд У ХК-ийн 2117436 регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээнд тус компанийн үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлд хүнсний дэлгүүр, барааны дэлгүүр, ажлын байрны түрээсийн үйл ажиллагаа эрхлэхээр тусгагдсан бөгөөд У ХК-ийн албан ёсны хаяг нь Чингэлтэй, 3-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, өөрийн байранд гэж бүртгэгдсэн бөгөөд уг хаяг өөрчлөгдсөн талаарх бүртгэл У ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд хийгдээгүй байна.
Мөн У ХК-ийн дүрмийн 2.2-т Компанийн хаяг нь Монгол Улс, Улаанбаатар хот-210644, Э ө ч-00, У и д, Шуудангийн хайрцаг 000, Утас: 313232 гэж, дүрмийн 3.1-т Компани нь дор дурдсан үйл ажиллагааг эрхэлнэ гээд гадаад худалдаа, хүнсний бөөний болон жижиглэнгийн худалдаа, барааны бөөний болон жижиглэнгийн худалдаа, цайны газар, түргэн хоолны газар болон зоогийн газар, үл хөдлөх эд хөрөнгийн түрээс гэж тус тус заасан байна.
Дээрх У ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон компанийн дүрэмд нэхэмжлэлд дурдсан Х дүүрэг, 0-р хороо, Ч ө ч 00/0 тоот хаягт байрлах Н цогцолборын хаяг байхгүй, энэ хаяг дээр компанийн дүрэм болон улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан үйл ажиллагаа явуулаагүй байх тул У ХК-ийн гадаад худалдаа, хүнсний бөөний болон жижиглэнгийн худалдаа, барааны бөөний болон жижиглэнгийн худалдаа, цайны газар, түргэн хоолны газар болон зоогийн газар, үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа газар болох Улаанбаатар хот, Э ө ч, У -ийн байрыг У ХК-ийн үйл ажиллагаа эрхлэн явуулах газар гэж үзэж байгаа бөгөөд үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа газар буюу Улаанбаатар хот, Э ө ч, У-ийн байранд баримт бичгийг хадгалаагүй нь Компанийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 2.19 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна.
У ХК нь 45000 орчим жижиг хувьцаа эзэмшигчтэй бөгөөд тус компанийг ногдол ашиг тараахгүй байгаа талаар удаа дараа жижиг хувьцаа эзэмшигчдээс нь цуглаан, суултыг Улаанбаатар хот, Энхтайвны өргөн чөлөө, У-ийн байрны өмнө зохион байгуулж байсан бөгөөд үүнээс харахад Компанийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасан хувьцаа эзэмшигчдийн мэдэх газар нь нэхэмжлэлд дурдсан Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, 67/1 тоот хаягт байрлах Н цогцолбор биш Улаанбаатар хот, Энхтайвны өргөн чөлөө, У- ийн байр байна.
У ХК нь 2016 оноос 2019 онуудад хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулахдаа Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, 7-р хороолол, 100 айлын уулзварын баруун хойно, хэвлэлийн хүрээлэнгийн зүүн талд байрлах Барилгын дэвшилтэт технологийн төвийн 6 давхрын хурлын танхимд хуралдуулсан нь Н цогцолборыг хувьцаа эзэмшигчдийн мэдэх газар гэж үзэхгүй.
Санхүүгийн зохицуулах хороо нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэгтэй бөгөөд У ХК-ийн 45000 орчим жижиг хувьцаа хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахаар ажиллаж байгаа болно.
Иймд У ХК-ийн гаргасан Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Н.Н миний ногдуулсан 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 0129046 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ
Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах зөвлөх, улсын байцаагч Н.Н нь У ХК нь компанийн баримт бичгийг өөрийн компанийн байранд хадгалаагүй нь Компанийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж, 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 0129046 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 2.19 дэх заалтаар 20.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
У ХК нь дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар гомдлын шаардлага гаргасан байх бөгөөд түүний үндэслэлээ ... У ХК нь үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн үйл ажиллагааг эрхэлдэг буюу У-ийн барилгыг түрээслүүлэх үндсэн үйл ажиллагаа эрхэлдэг, ... манай компанийн үйл ажиллагаа явуулж байгаа газар нь Н цогцолбор юм. ... 2015 оноос хойш хувьцаа эзэмшигчдийн хурал зарлах тухай Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолдоо хувьцаа эзэмшигчид хурлаар хэлэлцэх асуудалтай холбоотой баримт бичигтэй танилцах, мэдээлэл авч болох газар, байршил нь сүүлийн 4 жилд үйл ажиллагаа явуулж байгаа газар буюу Н цогцолборын 5 давхар гэж тодорхой зааж өгсөн.
Компанийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-д Компанийн оршин суугаа газар, шуудангийн хаягийг түүний ерөнхий захиргаа байршин байгаа газраар тодорхойлно гэж заасан тул ерөнхий захиргаа буюу гүйцэтгэх захирал, ахлах нягтлан бодогч, тооцооны нягтлан бодогч гэсэн 3 ажилтан Н цогцолборт сууж байгаа учраас ерөнхий захиргааг тус газарт байрлаж байгаа гэж үзэх ёстой " гэж тодорхойлон маргажээ.
Шүүх зөрчилд холбогдогчийн болон эрх бүхий албан тушаалтны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт өгч, дараах үндэслэлээр гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 117 дугаар тушаалаар У ХК-ийн үйл ажиллагаанд 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрүүдэд явуулах газар дээрх хяналт шалгалтын удирдамжийг баталсан байх ба дээрх удирдамжийн дагуу хяналт шалгалтыг явуулах явцад У ХК-ийн архивын баримт материал нь Н ХХК-ийн 5 давхарт Н Х ХХК-ийн охин болон хараат компаниудын архивын материалтай хамт хадгалагдаж байгаа зөрчил илэрснийг үндэслэж, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч Н.Н нь дээрх зөрчилд шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, У ХК-ийг ... хадгалбал зохих баримт бичгийг өөрийн үйл ажиллагаа эрхлэн явуулах газар буюу өөрийн компани дээр хадгалаагүй нь Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 2.19-д компани хуульд заасан хадгалбал зохих баримт бичгийг өөрийн үйл ажиллагаа эрхлэн явуулах газар , эсхүл хувьцаа эзэмшигчдийн мэдэх, тэдний нэвтрэх боломж бүхий газарт хадгалах үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлтэй байна.
У ХК нь Х дүүргийн 0 дугаар хороо, Ч ө ч байрлах " Н" ХХК-ийн байранд байрлаж, тус компанийн байранд У ХК-ийн баримт бичгийг хадгалж байгаа болох нь хэргийн оролцогчдын тайлбар, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зураг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх ба хэргийн оролцогч нар энэ талаар маргаагүй байна.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай / 2003 оны / хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар хуулийн этгээдийн улсын бүртгэл гэж хуулийн этгээд байгуулсан,өөрчлөн байгуулсныг ... болон хуулийн этгээдийн талаарх мэдээллийг ... улсын бүртгэлийн жагсаалтад оруулах үйлдлийг хэлэх бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар хуулийн этгээдийн эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэх бөгөөд Компанийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-т зааснаар компанийн хаяг өөрчлөгдсөн тохиолдолд Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуульд заасны дагуу бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй байна.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд У ХК-ийг 2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 9010001067 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон байх ба дээрх гэрчилгээнд хуулийн этгээдийн оршин байгаа газрын албан ёсны хаягийг Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, өөрийн байранд гэж бичсэн, компанийн хаягийн өөрчлөлтийг улсын бүртгэлийн байгууллагад шинэчлэн бүртгүүлээгүй болох нь тогтоогдож байна.
Түүнчлэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай / 2003 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д зааснаар үүсгэн байгуулах баримт бичиг гэдэгт ... хуулийн этгээдийн дүрмийг хамааруулан ойлгох ба Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар компанийн дүрэм нь түүнийг үүсгэн байгуулах үндсэн баримт болох тул мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.9-т зааснаар хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг, тодруулбал компанийн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт нь улсын бүртгэлд бүртгэснээр хүчин төгөлдөр болох хуулийн зохицуулалттай байна.
Гэтэл У ХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ээлжит хурлын 02 дугаар тогтоолоор У ХК-ийн дүрэм-ийг баталсан байх бөгөөд дээрх дүрмийн 2.2-т компанийн хаягийг Монгол Улс, Улаанбаатар хот-210644, Э ө ч-00, У, Шуудангийн хайрцаг 000 гэж, 3.1-д Компани дор дурдсан үйл ажиллагааг явуулна, 3.1.1-д гадаад худалдаа, 3.1.2-т Хүнсний болон жижиглэнгийн худалдаа, 3.1.3-т барааны болон жижиглэнгийн худалдаа, 3.1.4-т Цайны газар, түргэн хоолны газар болон зоогийн газар, 3.1.5-т Үл хөдлөх хөрөнгийн түрээс гэж тодорхойлон заасан байх ба дүрэмд заасны дагуу У ХК нь үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг , хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг буюу компанийн дүрэмд компанийн хаягт өөрчлөлт оруулсныг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй үйл баримтууд тогтоогдож байх тул Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөөнд байрлах Н цогцолборыг У ХК-ийн өөрийн үйл ажиллагаа эрхлэн явуулах газар гэж үзэх үндэслэлгүй байна.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ... компанийн оршин байгаа газар, шуудангийн хаягийг түүний ерөнхий захиргаа байршин байгаа газраар тодорхойлно гэж маргаж байх боловч компанийн үүсгэн байгуулах баримт бичиг буюу дүрэмд компанийн оршин байгаа газрын хаягийг Монгол Улс, Улаанбаатар хот-210644, Э ө ч-00, У гэж тодорхойлон заасан, дүрэмд хаяг, байршлын талаар өөрчлөлт ороогүй байхын зэрэгцээ хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Н ХХК-ийн 5 давхарт У ХК үйл ажиллагаагаа явуулж байгааг мэдэх боломжгүй, тодруулбал уг цогцолборын 5 давхарт Номин холдинг, Номин даатгал, Номин фүүдс, Номин фейшн, Номин косметикс, Номин юнион, Номин электроникс, Номин хоумстайл, Номин реалтар зэрэг Номингийн охин компаниуд үйл ажиллагаа явуулж байх бөгөөд уг цогцолборын гадна талд буюу 5 давхарт У ХК-ийн хаягийг байршуулаагүй, уг газар нь У ХК-ийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа буюу хувьцаа эзэмшигчдийн мэдэх, тэдний нэвтрэх боломж бүхий газар болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул гомдол гаргагчийн дээрх тайлбар үндэслэлгүй гэж үзнэ.
Иймд Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч Н.Н нь дээрх зөрчлийн хэрэгт хуульд заасны дагуу шалгах ажиллагаа явуулж, зөрчил тогтоогдсон гэж үзэж, 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 0129046 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 2.19 дахь заалтад заасан компани хуульд заасан хадгалбал зохих баримт бичгийг өөрийн үйл ажиллагаа эрхлэн явуулах газар , эсхүл хувьцаа эзэмшигчдийн мэдэх, тэдний нэвтрэх боломж бүхий газарт хадгалах үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр 20.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрх үндэслэлүүдээр улсын байцаагчийн шийтгэлийн хуудас нь холбогдох хуулийг зөрчөөгүй, дээрх маргаан бүхий захиргааны актын улмаас гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 2.19, Компанийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч У ХК-ийн гаргасан Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Н.Н-гийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 0129046 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагч болон эрх бүхий албан тушаалтан, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН