Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2021/02598

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2021/02598

Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч: Н Д ХХК"ийн  нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Н Д ХХК-д холбогдох,

 

гэрээний үүрэгт 3 900 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюун-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Б.******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийг төлөөлж С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ******* ******* ХХК ******* ******* ХХК-тай 2021 оны 05 сарын 19-ний өдөр 21/06 тоот УКС-22 хайгуулын өрөм түрээслэх гэрээ байгуулсан. Уг өрмийг дагалдах хэрэгслийн хамт 2021 оны 05 сарын 19-ний өдрөөс 2021 оны 06 сарын 19-ний өдөр хүртэл 30 хоногийн хугацаанд түрээслүүлэхээр тохиролцсон. Түрээслүүлэгч тал түрээслэгч талд 2021 оны 05 сарын 19-ний өрөм болон дагалдах хэрэгслийн хамт актаар хүлээлгэн өгсөн. Түрээсийн гэрээндээ өрмийн 1 хоногийн төлбөр 300,000 төгрөг байх ба 30 хоногийн 9,000,000 төгрөг байна гэж заасан. Түрээслэгч тал гэрээний хугацаа дууссанаас хойш өрөм болон дагалдах хэрэгслийн хамт хүлээлгэн өгөөгүй. Гэрээндээ хугацаа хэтэрсэн бол хоногт 300,000 төгрөг төлөхөөр тохиролцсон байгаа. Гэрээний дагуу түрээслэгч тал нь гэрээний зүйлийг 2021 оны 06 сарын 19-ний өдөр хүлээлгэн өгөхөөр байсан боловч 2021 оны 07 сарын 02-ны өдөр түрээслүүлэгч талын хашаанд хүргэж ирсэн гэж хашааны манаач нь ******* ******* ХХК-ийн захирал н.Төмөрбаатарт мэдэгдсэн байсан. Гэрээнд заасны дагуу гэрээний зүйлийг актаар хүлээн авсны дагуу актаар хүлээлгэн өгөх ёстой байсан. Энэ ажиллагаа хийгдээгүй. Иймээс өрөм болон дагалдах хэрэгслийг хашаанд авчирсан өдөр хүртэл тооцож, нийт 13 хоног хугацаа хэтэрсэн гэж үзэж байна. Гэрээний 2.1-т 1 хоногийн 300,000 төгрөг төлнө гэж заасны дагуу 13 хоногийн 3900 000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ мөнгийг хариуцагч ******* ******* ХХК-аас гаргуулж өгнө үү... гэв

 

Хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдэн төлөөлөгч Д.Оюун-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж, шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ... ******* ******* ХХК-ийн захирал н.Төмөрбаатартай 2021 оны 05 сарын 19-ний өдөр утсаар яриад өрмийн үзэх-ээр очсон. 2021 оны 05 сарын 19-ний өдөр түрээсийн гэрээгээ бэлдээд ирсэн байсан. Өрмийг үзэхэд ажиллуулахад бүрэн бус байна, 5 хоногийн засварын хугацаа хэрэгтэй байна. Гэрээгээ дараа нь хийе гэхэд гэрээгээ бэлдээд ирсэн учраас одоо гэрээгээ хийе, 5 хоногийн засвар үйлчилгээг хасаж болно гэж хэлсэн. Өрмөө ажиллуулж, шалгаж үзээгүй. 380 вольтын цахилгаанаар ажилладаг гэтэл 380 вольтын цахилгаан байгаагүй. Өрмийг авахдаа 2021 оны 05 сарын 22-ны өдөр авсан байгаа. 2021 оны 05 сарын 19-ний өдрөө үзэж хараад, 2021 оны 05 сарын 22-ны өдөр очиж авсан. 2021 оны 05 сарын 26-ны өдөр хүртэл засвар үйлчилгээ хийсэн. 2021 оны 05 сарын 22-ны өдөр Өрмийг ажиллуулж үзэхэд өрмийн ерөнхий гол нь хугарсан байсан. Энэ талаар утсаар хэлсэн. Утсаар хэлэхэд Зүгээр ээ ажиллуулж болно гэж хэлсэн. Ажиллуулж байтал 2021 оны 06 сарын 29-ний өдөр өрмийн муудсан зүйл нь эвдэрсэн учраас шинээр авч тавьсан. 1,573,000 төгрөгөөр сэлбэг авч тавьсан. 2021 оны 07 сарын 01-ний өдрийн шөнө манаачид нь хүлээлгэж өгсөн. Авч явахдаа манаачаас нь авч явсан. 2021 оны 06 сарын 29, 06 сарын 30-ны өдрүүдэд сул зогсолт хийсэн. Өөрсдийн ажилтнууд 1,573,000 төгрөгийг сэлбэгийг авч тавьсан. Засварын 5 хоногийн зардлаа хасаад, шинээр авч тавьсан сэлбэгийн үнэ 1,573,000 төгрөгийг суутгаад, тооцоог хаасан гэж үзэж байгаа. Утсаар яриад ингээд тооцоогоо хааж байна гэхэд уурлаад би танайхтай өөрөөр ярина гэж хэлээд утсаа тасалсан... гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн хэлэлцэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан нөхөн төлбөр 3 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

2021 оны 05 сарын 19-ны өдөр дугаар 21/06 тоот УКС-22 хайгуулын өрөм /цаашид хайгуулын өрөм гэх/ түрээслүүлэх гэрээг нэг талаас түрээслүүлэгч буюу нэхэмжлэгч ******* ******* ХХК, нөгөө талаас түрээслэгч буюу хариуцагч ******* ******* ХХК нар харилцан тохирч байгуулан, нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн хайгуулын өрмийг хариуцагчид Төв аймгийн Архуст сумын нутагт өрөмдлөгийн ажил гүйцэтгэхэд нь зориулж 2021 оны 05 сарын 19-ны өдрөөс 2021 оны 06 сарын 19-ны өдөр хүртэл 30 хоногийн хугацаатай түрээслэх, хариуцагч түрээсийн төлбөр 1 хоногийн 300 000 төгрөг, 30 хоногийн 9000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хэргийн 8-9 дүгээр тал/

Түрээсийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

Зохигчдын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байх тул гэрээнд заасан үүргээ зохигчдын хэн аль нь биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

2021 оны 05 сарын 19-ний өдөр нэхэмжлэгч хариуцагчид УКС-22 хайгуулын өрмийг дагалдах хэрэгслийн хамт хүлээлгэн өгч талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1, 3.1, 3.2-т заасан хайгуулын өрмийг хариуцагчид хүлээлгэн өгөх гэрээний үүргээ биелүүлж, энэ тухай баримт үйлдсэн байна. /хэргийн 9 дүгээр зүйл/

Нэхэмжлэгч гэрээнд заасан эд хөрөнгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн тул хариуцагчаас түрээсийн төлбөр шаардах эрхтэй байна.

2021 оны 05 сарын 20-ны өдөр хариуцагч 30 хоногийн түрээсийн төлбөр 9000 000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлж гэрээний 2.1, 2.2-т заасан түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлжээ. /хэргийн 24, 33 дугаар тал/

Эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

Нэхэмжлэгч ...түрээсийн гэрээг 30 хоногийн хугацаатай байгуулсан ба түрээслэгч хайгуулын өрмийг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 1 хоногийн 300 000 төгрөгийн нөхөн төлбөрийг түрээслүүлэгчид төлөхөөр тохиролцсон. Хариуцагч гэрээний хугацааг 13 хоног хэтрүүлсэн тул 3900 000 төгрөгийн нөхөн төлбөрийг талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1-т зааснаар нэхэмжилнэ... гэснийг,

хариуцагч эс зөвшөөрч ...гэрээний хугацааг 5 хоногоор хойшлуулахаар амаар тохиролцсон, гэрээний зүйл буюу хайгуулын өрөм гэмтэлтэй доголдолтой хөрөнгө байсныг нэхэмжлэгчид утсаар мэдэгдэж засаж сайжруулсан ба ажлын явцад бас эвдэрч гэмтснийг шинээр худалдан авч сольсон тул энэ зардалд тооцогдоно гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

Хариуцагч өөрийн тайлбар татгалзлаа нотлоогүй болно.

...хайгуулын өрөм эд хөрөнгийг 2021 оны 07 сарын 01-ний шөнө нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт хүргэн өгсөн талаар хариуцагч маргаагүй ба гэрээний хугацааг 5 хоногоор хойшлуулах талаар амаар тохиролцсон... гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч тал ...засвар хийхээр 5 хоног хасахаар тохиролцсон зүйл огт байхгүй... гэж,

...өрмийг ажиллуулж үзэхэд өрмийн ерөнхий гол хугарсан байсан утсаар хэлэхэд зүгээрээ ажиллуулж болно гэсэн... гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч ...өрмийн эд зүйл эвдэрсэн талаар гэрээний хугацаанд огт яриагүй... гэж тус тус үгүйсгэж байгаа ба хариуцагч өөрийн тайлбар татгалзлаа нотлох баримтаар нотлоогүй.

Мөн ...түрээсийн гэрээний зүйл эвдрэл гэмтэлтэй буюу ойр зуурын дамар хэрэгслүүд болон тросс, түлк зэрэг нь эвдрэлтэй гэмтэлтэй байсныг гагнуур хийж засаж сайжруулсан... талаар гэрч нар мэдүүлж байгаа боловч гэрч Н.*******, Б.******* нар нь хариуцагч ******* ******* ХХК-ийн захирал Ө.тай ах дүүсийн хүүхдүүд, үеэлүүд гэсэн садан төрлийн холбоотой, гэрч нарын мэдүүлэг өөр бусад нотлох баримтаар нотлогдоогүй, эргэлзээтэй байх бөгөөд хариуцагчийн энэхүү тайлбар татгалзал нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн 2021 оны 05 сарын 19-ны өдөр түрээсийн гэрээний зүйлийг бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн тухай бичгийн баримтаар үгүйсгэгдэж байна. /хэргийн 9 дүгээр тал/

Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 1.1, 3.4-т заасан гэрээний хугацааг хариуцагч хэтрүүлсэн буюу хайгуулын өрмийг 2021 оны 07 сарын 01-ний шөнө нэхэмжлэгч талд хүргэн өгсөн ба ингэхдээ гэрээний 3.4-т заасан ...өрмийг дагалдах хэрэгслийн хамт хүлээлгэн өгнө, хүлээлцэхэд 2 тал комисс томилон акт үйлдэж хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй нь талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна. /хэргийн 21-22 дугаар тал/

Түрээсийн гэрээний 2.1-т ...түрээслэгч гэрээний хугацаа дууссанаас хойш түрээслүүлэгч талд хайгуулын өрмийг хүлээлгэн өгөх хугацаагаа хэтрүүлсэн нөхцөлд 1 хоног тутамд түрээслүүлэгчид 300 000 төлнө... гэж тохирчээ.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 289 дүгээр 289.1.6-д заасан эд хөрөнгийн доголдлын талаар мэдэгдэх үүргээ хариуцагч биелүүлээгүй, гэрээний хугацаа хэтэрсэн нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн шаардах эрх талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 2.1,3.4, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1, 222.7, 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2-т заасан үндэслэлтэй тул хариуцагчаас гэрээний хугацаа хэтэрсэн нөхөн төлбөр нийт 3900 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

Хариуцагч 2021 оны 06 сарын 30-ны өдөр 1 573 000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг худалдан авч түрээсийн зүйлийн доголдлыг арилгасныг үгүйсгэхгүй ба нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хайгуулын өрөм хүлээлгэн өгсөн баримтаар доголдолгүй хөрөнгө хариуцагчид хүлээлгэн өгсөн тул хариуцагч эд хөрөнгийг буцаан шилжүүлэхдээ гэмтэлгүй доголдолгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ. /хэргийн 23, 25, 34 дүгээр тал/

Түрээсийн гэрээний зүйл нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа талаар нэхэмжлэгч маргаагүйг тайлбарлах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 77 350 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 77 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

2021 оны 9 сарын 02-ны өдөр нэхэмжлэгчээс С.*******д, 2021 оны 9 сарын 18-ны өдөр хариуцагчаас Д.Оюун-Эрдэнэд олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 7, 17-р тал/

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2-т заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-иас нөхөн төлбөр 3 900 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 77 350 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 77 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ