Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01817

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01817

 

 

 

НДХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2021/02598 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч НДХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч НДПХХК-д холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт 3 900 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч НДХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: НДХХК нь НДПХХК-тай 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 21/06 тоот УКС-22 хайгуулын өрөм түрээслэх гэрээ байгуулж, дагалдах хэрэгслийн хамт актаар хүлээлгэн өгч, түрээсийн төлбөр 1 хоногийн 300 000 төгрөг ба хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 300 000 төгрөгөөр тооцож төлөхөөр харилцан тохиролцсон.

Хариуцагч нь түрээсийн гэрээний хугацааг хэтрүүлж, өрмийг мөн оны 7 дугаар сарын 02-ны өдөр манай байгууллагын хашаанд хүргэж ирсэн. Гэрээнд заасны дагуу гэрээний зүйлийг актаар хүлээлгэн өгөх ёстой боловч энэ ажиллагаа хийгдээгүй. Иймд гэрээний 2.1-т заасныг үндэслэн хугацаа хэтэрсэн 13 хоногийн түрээсийн төлбөрт 3 900 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч НДПХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: НДХХК-ийн захирал П.Т-й 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр утсаар яриад өрмийн үзэхээр очихдоо түрээсийн гэрээг мөн өдрөөр бэлдэж ирсэн. Өрмийг үзээд ажиллуулахад бүрэн бус, засварын хугацаа хэрэгтэй байна, гэрээгээ дараа нь хийе гэхэд нэхэмжлэгч талаас 5 хоногийн засвар үйлчилгээг хасаж болно гэж хэлсэн. Тухайн үед цахилгаан байгаагүй тул бид өрмийг ажиллуулж, шалгаж үзээгүй. Мөн нэхэмжлэгчээс өрмийг авахад ерөнхий гол нь хугарсан байсан ба энэ талаар мэдэгдэхэд зүгээр ажиллуулж болно гэж хэлсэн. Ингээд өрмийг ажиллуулж байхдаа 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 1 573 000 төгрөгийн сэлбэг авч тавьсан.

Бид өрмийг авахдаа НДХХК-ийн манаачаас авсан учир мөн оны 7 дугаар сарын 01-ний өдрийн шөнө манаачид хүлээлгэж өгсөн. Манай компани мөн оны 6 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд сул зогсолт хийсэн. Иймээс нэхэмжлэлийн шаардлага 3 900 000 төгрөгөөс засварын 5 хоногийн төлбөрийг хасч, шинээр авч тавьсан сэлбэгийн үнэ 1 573 000 төгрөгийг суутгаад, тооцоог хаасан гэдгээ нэхэмжлэгчид утсаар мэдэгдсэн. Иймд нэхэмжлэлийг шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч НДПХХК-аас нөхөн төлбөр 3 900 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч НДХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 77 350 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 77 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюун-Эрдэнэ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бүх нотлох баримтыг харьцуулж үнэлээгүй, нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Тухайн үед манай компанид ажиллаж байсан Т.Э, С.Аг, Н.Т нар гэрчийн мэдүүлэг өгч НДХХК анхнаасаа биет байдлын доголдолтой хайгуулын өрөм түрээслүүснээс болж бид засвар үйлчилгээнд 5 хоног зарцуулснаас хүгацаа хэтрүүлж хайгуулын өрмийг хүлээлгэн өгсөн. Энэ талаар түрээслүүлэгчид утсаар мэдэгдсэн. Манай компани өөрийн зардлаар өрмийн ерөнхий голыг сольж ажиллуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч НДХХК нь хариуцагч НДПХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 3 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Талуудын 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан гэрээгээр түрээслүүлэгч НДХХК нь УКС-22 маркийн хайгуулын өрмийг 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс мөн оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд 1 хоногийн 300 000 төгрөг, 30 хоногийн 9 000 000 төгрөгөөр түрээслүүлэх, түрээслэгч НДПХХК нь хугацаа хэтрүүлсэн нөхцөлд 1 хоног тутамд 300 000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-8-9/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

Гэрээний дагуу түрээслүүлэгч нь түрээслэгчид өрмийг шилжүүлэн өгсөн, түрээслэгч нь 30 хоногийн түрээсийн төлбөрт 9 000 000 төгрөг төлсөн үйл баримт зохигчдын тайлбар, мөнгөн шилжүүлгийн баримт, депозит дансны хуулга зэрэг баримтуудаар нотлогдсон, энэ талаар талууд маргаангүй. /хх-1-2, 21-22, 24, 33/

Хариуцагчаас түрээсийн зүйлийг буцаан хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлэхэд нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан эсэх нь маргааны зүйл болжээ.

Зохигч компаниудын аль аль нь өрөмдлөг хийх, гүний худгийн болон хайгуулын өрмийн тоног төхөөрөмж, сэлбэгийн худалдаа эрхлэх үйл ажиллагаа явуулдаг болох нь хэргийн 4, 11 дэх талд авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна. Мөн гэрээний 3.2-т зааснаар талууд УКС-22 маркийн хайгуулын өрмийг дагалдах хэрэгслийн хамт хүлээлгэн өгч, хүлээн авсан акт үйлдсэн байна. /хх-9/

Хариуцагч компани өрөмдлөг хийх явцад гарсан техникийн эвдрэл, доголдол, гэмтлийг тухай бүрт нь өөрийн хөрөнгөөр засах үүргийг гэрээний 3.3 дах хэсэгт заажээ. /хх-8 ар тал/

Хэрэгт хайгуулын өрмийн голыг сольсон, 1 573 000 төгрөгийн сэлбэг авсан гэх хариуцагчийн тайлбарыг нотолсон зарлагын баримт, мөн гэр Н.Т сүүлд шинээр ерөнхий гоол, тонус авсан юм уу гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн асуултад ...тийм, би өөрөө захаас ирж авсан... гэх, гэрч Т.Энхтөгсийн ... 2021 оны 5 дугаар сарын 22-нд ... төгсөө орж авсан, маргааш нь очоод асаахад хамгийн том дамар нь эргэхээр савлаад байсан, түгжээ нь эвдэрсэн, тэрэнд гагнуур хийгээд, жижиг сажиг засвар хийсэн, ... тал өдөр болсон, дунд нь ажиллаж байхад дахиад янзалсан, ... би гагнуур л хийсэн, .. өрөм зогссон байхад очихгүй, надад хамаагүй, би тэр асуудлыг мэдэхгүй, ... угсарч байхыг хараагүй, гэсэн мэдүүлэг зэрэг баримтууд авагдсан байна.

Өрмийг хариуцагч зассан нь нотлогдсон байх боловч уг зардлаа нэхэмжлэгчээс шаардах эрхгүй байна. Учир нь эдгээр зардал нь талуудын гэрээний 3.3-т заасан хариуцагчийн үүрэгт хамааралтай байна. /хх-23/

Хариуцагч компани нь хайгуулын өрмийг гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээлгэн өгсөн болох нь тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О ... өрмийг 2021 оны 7 дугаар сарын 01-ний шөнө манаачид хүлээлгэн өгсөн ... гэх тайлбараар тогтоогджээ. Гэрээгээр тогтоосон хугацаанд эд зүйлийг хүлээлгэн өгөөгүй тохиолдолд түрээслэгчийн түрээсийн төлбөр төлөх үүргийг талууд гэрээний 2.1 дэх хэсэгт зааснаар мөн баталгаажуулсан. Иймээс нэхэмжлэгч нь хугацаа хэтэрсэн 13 хоногийн түрээсийн төлбөрийг хариуцагчаас шаардаж буй нь Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дах хэсэгт заасанд нийцжээ.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээд тухайн хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журамд нийцжээ.

Иймд хэрэгт авагдсан бүх нотлох баримтуудыг харьцуулж үнэлээгүй, нэг талыг барьсан шийдвэр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2021/02598 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД