Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2021/02473

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 04 өдөр Дугаар 102/ШШ2021/02473 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ...-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...,

Хариуцагч: ...нарт холбогдох

 

Орон сууц чөлөөлүүлэх тухай үндсэн, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ... ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ... дугаар захирамжаар хариуцагч ...ээс 40,279,753 төгрөгийн төлбөрийг гаргуулж ...анд олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагч ... нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ... дүгээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, ... дугаартай гүйцэтгэх хуудасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж төлбөр төлөгч ...ийн 40,279,753 төгрөгийг барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хот, ... тоотод байрлах ... улсын бүртгэлийн дугаартай, 14м2 талбай бүхий 1 өрөө орон сууцаар хангаж ...ны өмчлөлд шилжүүлсэн. Шүүгчийн захирамж болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагааны дагуу орон сууцны өмчлөл ...анд шилжсэн ч тус орон сууцанд амьдрагч иргэн ..., ... нар нь орон сууцыг чөлөөлж өгөхгүй байгаа тул ...ны өмчлөлийн хөрөнгийг чөлөөлөх, оршин суугчдыг албадан гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч ...ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн ... нь "...-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Учир нь тэрээр худ ургийн хамаатан болох иргэн ...д өөрийн өмчлөлийн ... тоотод байрлах улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 2008 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр эд хөрөнгө бэлэглэх гэрээгээр бэлэглэсэн байдаг. /гэхдээ тэрээр энэхүү гэрээг байгуулах санаа агуулаагүй бөгөөд ... нь хуурч мэхлэх аргаар түүнийг дээрх гэрээг байгуулуулсан байдаг/ Дээрх орон сууцанд өнөөдрийг хүртэл тэрээр амьдарч байгаа бөгөөд бэлэг хүлээн авагч ... нь хөгшин настай түүнийг амьд ахуй цагт гудамжинд гаргах атгаг санаа агуулж үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 07 дугаар сард ...-ны өмчлөлд шилжүүлэн байрнаас минь хөөн гаргахаар улайрч байгаа нь намайг ноцтой гомдоож байх тул Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасны дагуу бэлэглэлийг хүчингүй болгуулах, мөн хуулийн 280 дугаар зүйлийн 280.2-т заасны дагуу ...-ны нэхэмжлэлийн шаардлага болох үл хөдлөх эд хөрөнгийг буцаан авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.

 

Хариуцагч ..., ... нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч бид Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 хороолол, Барилгын 7-1 -р байрны 80 тоот улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй орон сууцанд 1999 оноос хойш өнөөдрийг хүртэл оршин сууж амьдарч байна. Худ ургийн харилцаатай байсан ...д хуурч мэхлэгдэн 2008 оны 03 дугаар сарын 31-нд Бэлэглэлийн гэрээгээр орон сууцыг шилжүүлсэн бөгөөд ... нь ..."-нд үүргийн гүйцэтгэлд барьцаалан зээл авсан байсныг бид банкны ажилтан гэрт ирэхэд мэдсэн. ...ээс өөрийн орон сууцыг буцаан авахаар шаардахад тэрээр би зээлийг төлж барагдуулж байгаа нэгэнт үүргийн гүйцэтгэлд барьцаалсан тул "..." барьцаанаас чөлөөлөхгүй би зээлийг бүрэн төлж дуусгаад орон сууцыг чинь буцааж өгнө гэж явсаар өнөөдрийн энэ байдалд хүрснийг бас л ...-ны ажилтнуудаас мэдсэн. Бидний зүгээс ...ны холбогдох ажилтнууд гэрт ирэх болгонд ...д хуурч мэхлэгдсэн гэдэг бодит байдлаа хэлж ярьсаар байхад шүүхийн шийдвэрийг бидэнд мэдэгдэлгүйгээр хоорондоо тохиролцсон буюу Эвлэрлийн гэрээ байгуулж гаргуулан үл хөдлөх эд хөрөнгийг шууд Зээлийн гэрээний төлбөрт шилжүүлэн авсан нь дээрх 2 этгээд нь миний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн. "..."-ны хувьд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3, 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь миний эд хөрөнгө, биднийг залилуулсан гэдгийг мэдсээр байж шилжүүлэн авсан тул хуулийн дагуу өмчлөх эрх үүссэн, өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 хороолол, Барилгын 7-1 байрны 80 тоот улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: ... ХХК болон эвлэрлийн гэрээ байгуулах үед маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байсан ... нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсгийг үндэслэн эвлэрлийн гэрээ байгуулж уг эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байна гэж шүүхээс дүгнэж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ... дугаартай захирамжаар эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн бөгөөд ... нь дээрх эвлэрлийн гэрээнд заасны дагуу төлбөрөө төлөөгүй тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж болон ... дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу үүргийн гүйцэтгэлийг маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөөр хангуулж ...ны өмчлөлд шилжүүлсэн байх атал дээр дурдсан маргааны хэргийн оролцогч биш хэрнээ шүүхийн шийдвэрийг бидэнд мэдэгдэлгүйгээр хоорондоо тохиролцсон буюу Эвлэрлийн гэрээ байгуулж гаргуулан зл хөдлөх эд хөрөнгийг шууд Зээлийн гэрээний төлбөрт шилжүүлэн авч хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн гэх тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Дээр дурдсан хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж төлбөр төлөгч ...ийн 40,279,753 төгрөгийн төлбөрийг барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хот, ... тоотод байрлах ... улсын бүртгэлийн дугаартай, 14м2 талбай бүхий 1 өрөө орон сууцаар хангуулж ...ны өмчлөлд шилжүүлсэн.

Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д "Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно гэж, 109.3-т Эрх шилжүүлэгч нь өмчлөгч бус этгээд байсан ч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд уг эрхийг шилжүүлж байгаа этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байна гэж заасан нь өмчлөх эрх шилжүүлэх үед мэдээгүй, мэдэх боломжгүй байсан боловч хожим эрх шилжүүлэгч нь өмчлөгч биш болох нь нотлогдсон, тогтоогдсон тохиолдолд тухайн өмчлөх эрхийг шилжүүлж авсан этгээдийг шударга өмчлөгч мөн эсэхийг тогтоох агуулга бүхий заалт болно.

Харин ... болон ... нарын хооронд Эвлэрлийн гэрээ байгуулагдах үед ... нь тухайн үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь байсан бөгөөд өмчлөгч нь биш байсан, хөрөнгийг бусдад шилжүүлэх захиран зарцуулах эрхгүй этгээд байсан гэх ямар ч нотлох баримт байхгүй, ийм нөхцөл байдал тогтоогдоогүй, ..., ... нарын хооронд 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан Бэлэглэлийн гэрээний үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх ...д шилжсэн, ...ээс ... хуульд заасан үндэслэлээр шилжүүлэн авсан байхад Иргэний хуулийн 114, 109 дүгээр зүйлийг баримтлах хууль зүйн үндэслэлгүй байна. Хариуцагч нараас ...тэй Бэлэглэлийн гэрээ байгуулсан байсан гэж маргаж байгаа боловч ... нь ...д зээл олгох, түүний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалах, цаашлаад тухайн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах үед бэлэглэгч нь хожим ноцтой гомдоосон гэх үндэслэлээр бэлэглэлийг хүчингүйд тооцуулахаар маргах эсэхийг урьдчилан тооцоолох боломжгүй байсан бөгөөд хуульд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн хөрөнгийг барьцаалахыг хориглосон зохицуулалт байхгүй болно.

Харин хариуцагч нараас ...тэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, цаашлаад бэлэглэлийн гэрээ нь хууран мэхэлж хийсэн хэлцэл, эсхүл бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэх үндэслэл тогтоогдож, бэлэглэлийн гэрээ хүчингүйд тооцогдсон тохиолдолд хариуцагч нар нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт "хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг нь төлнө гэж заасны дагуу аль хэдийн ...ны өмчлөлд шилжсэн үл хөдлөх хөрөнгийг буцаах боломжгүй тул ...ээс орон сууцны үнийг шаардан төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасны дагуу сөрөг нэхэмжлэл нь уг хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байх ёстой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.6 дахь хэсэгт нэхэмжлэлд хавсаргасан баримт бичгийн жагсаалтыг дурдсан байх шаардлагатай. Сөрөг нэхэмжлэлд хавсаргасан баримт бичгийн жагсаалтыг дурдаагүй байх тул нэхэмжлэлийг нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангахгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч ..., ... нарт холбогдуулан орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

... ХХК-аас орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн этгээд ...тэй байгуулсан барьцааны гэрээний үндсэн дээр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 7/1 дүгээр байрны 80 тоот 14 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг олж авсан бөгөөд хариуцагч ..., ... нарын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч ... ХХК нь ...тэй 2008 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, ...д 14,933 ам.долларыг жилийн 10,15 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатайгаар орон сууц худалдан авах зориулалтаар зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар ... тоот орон сууцыг барьцаалсан байна.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай захирамжаар ... ХХК-ийн нэхэмжлэлтэй ...д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 40,279,753 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нь 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, мөн оны 6, 7, 8 дугаар саруудын 25-ны өдөр сар бүр 9,300,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 9,379,753 төгрөгийг тус тус төлөх, төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг ... улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 7-1 байр 80 тоотод байрлах 14 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцаар хангуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. Уг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, маргаан бүхий орон сууцыг төлбөр авагч ... ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000746321 дугаартай гэрчилгээ олгогджээ.

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж зааснаар өмнөх өмчлөгч ...ийн өмчлөх эрх дуусгавар болж, өмчлөх эрх шинэ өмчлөгч ... ХХК-нд үүсчээ.

 

Хариуцагч ..., ... нар нь хамтран өмчлөгч ...ийн хамт 2006 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс тус орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдэж, 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ...д бэлэглэлийн гэрээг үндэслэн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн байх ба Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ... дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 00623 дугаартай магадлалаар ..., ..., ... болон ... нарын хооронд байгуулсан орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэсэн байна.

 

... ХХК нь маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авах үед тухайн орон сууц ...ийн өмчлөлд бүртгэлтэй байсан болох нь хэрэгт авагдсан 2008 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3.-т зааснаар өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн, уг эрхийг шилжүүлж байгаа этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх талаар заасан. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авч буй этгээд улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээдийг л өмчлөгч гэж үзнэ.

... ХХК-ийн зүгээс нь өмчлөх эрхээ шилжүүлж байгаа этгээд ...ийг өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан, мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан нь тогтоогдоогүй. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т заасан улсын бүртгэл үнэн зөв байх шаардлагад нийцсэн байх тул ... ХХК нь маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгэлтэй байсан ... болон ..., ... нарын хооронд байгуулагдсан орон сууц бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус болох нь өмчлөх эрхийг шударгаар олж авсан ... ХХК-ийн өмчлөх эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаар ... тоотод байрлах 14 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч ..., ... нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай ..., ... нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн ... тоот хаягт байршилтай, 14 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч ..., ... нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, ..., ... нарын гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ... ХХК-ийн төлсөн 70,200 төгрөг, хариуцагч ..., ... нарын төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч ..., ... нараас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ... ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ