Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/00057

 

 

 

 

 

 

 

 

 

Х- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2021/02473 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х- ХХК-ийн хариуцагч Ш.Г-, Г.Н- нарт холбогдуулан гаргасан орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Ш.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одбаатар, хариуцагч Ш.Г-, Г.Н-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2019/00952 дугаар захирамжаар С.Э-ээс 40 279 753 төгрөгийн төлбөрийг гаргуулж Х- ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч С.Э- нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 101/Ш32019/07814 дүгээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, 101/ГХ2019/00631 дугаартай гүйцэтгэх хуудасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж төлбөр төлөгч С.Э-ийн 40 279 753 төгрөгийг барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 хороолол, Барилгын 7-1 байрны 80 тоотод байрлах, 14 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцаар хангаж Х-ны өмчлөлд шилжүүлсэн. Шүүгчийн захирамж болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагааны дагуу орон сууцны өмчлөл Х- ХХК-д шилжсэн ч тус орон сууцанд амьдрагч иргэн Ш.Г-, Г.Н- нар нь орон сууцыг чөлөөлж өгөхгүй байгаа тул Х- ХХК-ийн өмчлөлийн хөрөнгийг чөлөөлөх, оршин суугчдыг албадан гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Ш.Г- нь Хасбанк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь худ ургийн хамаатан болох иргэн С.Э-д өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 хороолол, 7-1 байрны 80 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 2008 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр эд хөрөнгө бэлэглэх гэрээгээр бэлэглэсэн. /гэхдээ тэрээр энэхүү гэрээг байгуулах санаа агуулаагүй бөгөөд С.Э- нь хуурч мэхлэх аргаар түүнийг дээрх гэрээг байгуулуулсан/ Дээрх орон сууцанд өнөөдрийг хүртэл тэрээр амьдарч байгаа бөгөөд бэлэг хүлээн авагч С.Э- нь хөгшин настай түүнийг амьд ахуй цагт гудамжинд гаргах атгаг санаа агуулж үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 7 дугаар сард Х- ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн байрнаас минь хөөн гаргахаар улайрч байгаа нь намайг ноцтой гомдоож байх тул Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасны дагуу бэлэглэлийг хүчингүй болгуулах, мөн хуулийн 280 дугаар зүйлийн 280.2 дахь хэсэгт заасны дагуу Х- ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үл хөдлөх эд хөрөнгийг буцаан авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.

 

Хариуцагч Ш.Г-, Г.Н- нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Бид Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 хороолол, Барилгын 7-1 -р байрны 80 тоот орон сууцанд 1999 оноос хойш өнөөдрийг хүртэл оршин сууж амьдарч байна. Худ ургийн харилцаатай байсан С.Э-д хуурч мэхлэгдэн 2008 оны 3 дугаар сарын 31-нд бэлэглэлийн гэрээгээр орон сууцыг шилжүүлсэн бөгөөд С.Э- нь Х-" ХХК-д үүргийн гүйцэтгэлд барьцаалан зээл авсныг бид банкны ажилтан гэрт ирэхэд мэдсэн. С.Э-ээс өөрийн орон сууцыг буцаан авахаар шаардахад тэрээр би зээлийг төлж барагдуулж байгаа нэгэнт үүргийн гүйцэтгэлд барьцаалсан тул Х- ХХК барьцаанаас чөлөөлөхгүй би зээлийг бүрэн төлж дуусгаад орон сууцыг чинь буцааж өгнө гэж явсаар өнөөдрийн энэ байдалд хүрснийг бас л Х- ХХК-ийн ажилтнуудаас мэдсэн. Бидний зүгээс Х- ХХК-ийн холбогдох ажилтнууд гэрт ирэх болгонд С.Э-д хуурч мэхлэгдсэн гэдэг бодит байдлаа хэлж ярьсаар байхад шүүхийн шийдвэрийг бидэнд мэдэгдэлгүйгээр хоорондоо тохиролцсон буюу эвлэрлийн гэрээ байгуулж гаргуулан үл хөдлөх эд хөрөнгийг шууд Зээлийн гэрээний төлбөрт шилжүүлэн авсан нь дээрх 2 этгээд нь миний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн. Х- ХХК-ийн хувьд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь миний эд хөрөнгө, биднийг залилуулсан гэдгийг мэдсээр байж шилжүүлэн авсан тул хуулийн дагуу өмчлөх эрх үүссэн, өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 хороолол, Барилгын 7-1 байрны 80 тоот улсын бүртгэлийн Ү-2205008720 дугаарт бүртгэлтэй орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Х- ХХК болон эвлэрлийн гэрээ байгуулах үед маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байсан С.Э- нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсгийг үндэслэн эвлэрлийн гэрээ байгуулж уг эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байна гэж шүүхээс дүгнэж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2019/00952 дугаартай захирамжаар эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн бөгөөд С.Э- нь дээрх эвлэрлийн гэрээнд заасны дагуу төлбөрөө төлөөгүй тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 101/Ш32019/07814 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж болон 101/ГХ2019/00631 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу үүргийн гүйцэтгэлийг маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөөр хангуулж Х- ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн байх атал дээр дурдсан маргааны хэргийн оролцогч биш хэрнээ шүүхийн шийдвэрийг бидэнд мэдэгдэлгүйгээр хоорондоо тохиролцсон буюу эвлэрлийн гэрээ байгуулж гаргуулан үл хөдлөх эд хөрөнгийг шууд зээлийн гэрээний төлбөрт шилжүүлэн авч хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн гэх тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй. Дээр дурдсан хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж төлбөр төлөгч С.Э-ийн 40 279 753 төгрөгийн төлбөрийг барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 хороолол, Барилгын 7-1 байрны 80 тоотод байрлах Ү-2205008720 улсын бүртгэлийн дугаартай, 14 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцаар хангуулж Х- ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн. Х- ХХК нь С.Э-д зээл олгох, түүний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалах, цаашлаад тухайн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах үед бэлэглэгч нь хожим ноцтой гомдоосон гэх үндэслэлээр бэлэглэлийг хүчингүйд тооцуулахаар маргах эсэхийг урьдчилан тооцоолох боломжгүй байсан бөгөөд хуульд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн хөрөнгийг барьцаалахыг хориглосон зохицуулалт байхгүй болно. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205008720 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 7-1 байр, 80 тоот хаягт байршилтай, 14 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ш.Г-, Г.Н- нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Ш.Г-, Г.Н- нарын гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Х- ХХК-ийн төлсөн 70 200 төгрөг, хариуцагч Ш.Г-, Г.Н- нарын төлсөн 70 200 төгрөгийг Төрийн сангийн орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч Ш.Г-, Г.Н- нараас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х- ХХК-нд олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ш.Г- давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

а).Хариуцагч Ш.Г- миний хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон байсан бөгөөд тэрээр эрүүл мэндийн шалтгаанаар цаашид шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон. Шүүх хуралдаан товлогдох үед миний бие ковидын ойрын хавьтагч болсон байсан бөгөөд улмаар ковид туссан. Иймээс шүүх хуралдаанд оролцож чадаагүй.

б).Анх нэхэмжлэлийг гардаж авснаас өөрөөр хэргийн материалтай танилцаагүй байхад шүүх хуралдааныг миний эзгүйд хуралдсан нь шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож мэтгэлцэх боломжийг хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн үйл ажиллагаа болсон гэж үзэж байна. Мөн Х- ХК-ийн нэхэмжлэлтэй шүүх хуралдаанд мэргэжлийн өмгөөлөгчтэй оролцож асуудлаа шийдвэрлүүлэх, сөрөг нэхэмжлэлийн асуудлаа ч шүүхээр хянан хэлэлцүүлэх сонирхолтой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч Ш.Г-ын гаргасан гомдлын хүрээнд хянан хэлэлцэж, түүний гомдлыг хангахгүй орхин, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Х- ХХК нь хариуцагч Ш.Г-, Г.Н- нарт холбогдуулан Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 7-1 байр, 80 тоот орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгийн өмчлөгч буюу төлбөр төлөгч С.Э- нь хөрөнгийг төлбөрт тооцон өгөх хүсэлт гаргасны дагуу Х- ХХК нь 80 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн гэсэн бол хариуцагч нар эс зөвшөөрч С.Э- нь биднийг хуурч мэхлэн бэлэглэлийн гэрээ байгуулж, орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн, уг асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан гэж тайлбарласан байна.

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 7-1 дүгээр байр, 80 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205008720 дугаарт бүртгэлтэй, 14 м.кв талбай бүхий, нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр Ш.Г-, Г.Н-, Г.Наранцэцэг нар 2006 оны 10 дугаар сарын 03-ны өдөр бүртгэгдсэн байна. /хх-ийн 12-р тал/

 

Орон сууцны өмчлөгч Ш.Г- нь С.Э-тэй 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдөр орон сууцны бэлэглэлийн гэрээ байгуулж, 80 тоот орон сууцыг бэлэглэсэн байх бөгөөд тус гэрээнд хамтран өмчлөгч Г.Н-, Г.Наранцэцэг нар мөн гарын үсгээ зурсан байна. Улмаар С.Э- нь 2008 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр орон сууцны өмчлөгчөөр бүртгэгджээ. /хх-ийн 41, 117-р тал/

 

Дээрх байдлаар өмчлөгч болсон С.Э- нь 2008 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Х- ХХК-тай барьцаат зээлийн гэрээ байгуулж, 80 тоот орон сууцыг барьцаалан, 14 933 ам.долларын зээлийг, 180 сарын хугацаатай, жилийн 10.15 хувийн хүүтэй зээлсэн байх бөгөөд зээлдэгч С.Э- нь гэрээний үүргийг биелүүлээгүйтэй холбоотойгоор зээлдүүлэгч Х- ХХК нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. /хх-ийн 103-108-р тал/. Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 952 дугаар захирамжаар зээлдэгч С.Э- нь зээлийн төлбөрийг 2019 оны 9 дүгээр сарын 25-ны дотор Х- ХХК-д төлөх, төлөлт хийгдээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 80 тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 14-16-р тал/

 

Төлбөр төлөгч С.Э- нь шүүгчийн захирамжаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул төлбөр авагч Х- ХХК-ийн хүсэлтээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 631 дугаар гүйцэтгэх хуудас олгосон байна. /хх-ийн 19-р тал/

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч С.Э- нь барьцаа хөрөнгө болох 80 тоот орон сууцыг төлбөрт тооцон өгөх хүсэлт гаргасныг төлбөр авагч Х- ХХК хүлээн зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлбөр авагч, төлбөр төлөгч нарын хүсэлтийг үндэслэн гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгосноор 80 тоот орон сууцны өмчлөгчөөр Х- ХХК бүртгэгдсэн үйл баримтууд тогтоогдсон байна. /хх-ийн 123-125, 132-р тал/

 

Хариуцагч нар татгалзалдаа С.Э- нь биднийг хуурч мэхлэн орон сууцны бэлэглэлийн гэрээ байгуулсан гэж тайлбарласан бөгөөд хариуцагч Ш.Г- нь тус гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийг буцаан гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Тус шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 141 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-161-164-р тал/

 

Дээрх шийдвэрт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргаж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 623 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэсэн байх боловч Х- ХХК болон С.Э- нарын байгуулсан барьцааны гэрээ, түүний үр дагаварт нөлөөлөхгүй талаар магадлалд дүгнэжээ. /хх-ийн 165-168-р тал/

 

Хэдийгээр Ш.Г-, С.Э- нарын хооронд 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан орон сууцны бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх боловч нэхэмжлэгч Х- ХХК-ийн хувьд өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх үндэслэлтэй.

Учир нь Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно ... гэж заасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Х- ХХК нь 80 тоот орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авах үед С.Э-ийн өмчлөх эрх Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлээр баталгаажсан байсан бөгөөд С.Э- нь өмчлөх эрхийг хууль зөрчиж олж авсан гэдгийг Х- ХХК мэдэх боломжтой байсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х- ХХК нь орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Нэгэнт нэхэмжлэгч Х- ХХК нь орон сууцны өмчлөх эрхийг хуульд заасан журмын дагуу олж авсан байх тул өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч Ш.Г-, Г.Н- нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр мөн үндэслэлтэй.

 

Хариуцагч Ш.Г-, Г.Н- нар нь цаашид орон сууцны бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор буруутай этгээдэд холбогдуулан шаардлага гаргах эрхийг энэ шийдвэр хөндөөгүй болно.

 

Хариуцагч Ш.Г- нь давж заалдах гомдолдоо: Шүүх хуралдаан товлогдох үед миний бие коронавируст халдвар туссан байсан, хэргийн материалтай бүрэн танилцаагүй байхад шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхээр хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой гэжээ.

 

Анхан шатны шүүх Х- ХХК-ийн нэхэмжлэлд 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн хувийг хариуцагч Ш.Г-ад 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр, хариуцагч Г.Н-т 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тус тус гардуулсан байна. /хх-ийн 23, 26-р тал/. Улмаар зохигчийн эрх, үүрэг болон хэргийн материалыг танилцуулжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэргийг шийдвэрлэхээр зохицуулсан. Анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэснээс 1 жил 8 сарын дараа хэргийг шийдвэрлэсэн байгаагаас үзвэл зохигчдод шаардлага, татгалзлын үндэслэлээ нотлох, улмаар шүүх хуралдаанд оролцож мэтгэлцэх эрхийг хангалттай олгосон гэж үзэхээр байна.

 

Мөн анхан шатны шүүх хариуцагч Ш.Г-, Г.Н- болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр удаа дараа мэдэгдэх хуудас хүргүүлэх арга хэмжээ авсан, хариуцагч Г.Н- нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Би 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хөдөө байсан гэж, хариуцагч Ш.Г- нь тухайн үед коронавируст халдвар туссан байсан гэж тус тус тайлбарласан. Гэвч хариуцагч нар нь анхан шатны шүүх хуралдаан болох үед хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаарх хүсэлт, нотлох баримтыг ирүүлээгүй байх тул шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхээр хангаагүй гэх хариуцагч Ш.Г-ын давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Ш.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2021/02473 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ш.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Г.ДАВААДОРЖ