Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чадраабалын Батчимэг |
Хэргийн индекс | 102/2021/02235/И |
Дугаар | 102/ШШ2021/02715 |
Огноо | 2021-10-25 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2021/02715
2021 оны 10 сарын 25 өдөр Дугаар 102/ШШ2021/02715 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...,
Хариуцагч: ... холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 16,100,036.64 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., хариуцагч ..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч ..., ... нар нь тус банктай 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр №...тоот Цалингийн зээлийн болон барьцааны гэрээ-г байгуулан 8,000.000.00 /найман сая/ төгрөгийг сарын 1,7 хувийн хүүтэйгээр 26 сарын хугацаатайгаар зээлж авсан. Гэвч зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зорчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зорчигдож байгааг зээлдэгчид мэдэгдсэн боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл сайн дураар биелүүлээгүй байна. Зээлдэгч нар нь 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: Үндсэн зээл: 6,397,473.17 төгрөг; зээлийн үндсэн хүү: 8.649.490.54 төгрөг; нэмэгдүүлсэн хүү: 1.053,072.93 төгрөг юм. Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасны дагуу зээлдэгч Улаанбаатар хотын банк ХХК 1нь үйл ажиллагаагаа зогсоож, ... ХХК-тай нэгдсэн бөгөөд аливаа эрх, үүргээ шилжүүлсэн. Улсын бүртгэлийн ерөнхий газар нь уг өөрчлөлтийг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр бүртгэж баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл ... ХХК нь тухайн үеийн Улаанбаатар хотын банк" ХХК-ийн зээлдэгч нараас гэрээний үүргийг шаардах эрхтэй тул энэхүү нэхэмжлэлийг гаргав. Талуудын хооронд байгуулагдсан №... тоот "Цалингийн зээлийн болон барьцааны гэрээ'-ний дагуу зээлдэгч ..., ... нараас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 16,100,036.64 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч ... нас барсан тул түүнд холбогдох шаардлагаасаа татгалзаж, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дах хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасан. Банк,, санхүүгийн нарийвчлан зохицуулсан хуульд гэрээнд заасан бол зээлийн хүүг төлөх хугацаа болон зээлдэгч, хамтран зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч, батлан даагчийн данс нь дах мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар төлүүлэхийн хувьд хамтран үүрэг гүйцэтгэгч нь үндсэн зээлийн төлбөрийг үндсэн зээлдэгчтэй адил хариуцна гэж заасан. Иймд ...гээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ... нь шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч ... би, ээж ...ийн тус банкнаас /Улаанбаатар хотын банк/ авсан цалингийн зээл авах тухайн үед миний бие их сургуульд суралцдаг оюутан байсан бөгөөд ямар нэгэн ажил хөдөлмөр эрхлээгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй байсан. Банкнаас зээл авах өдөр ээж ... дуудаад очиход банкны зээлийн мэргэжилтэн энэ гэрээнд гарын үсгээ зурчих гэсэн. Яг ямар үүрэг хариуцлагатай гэрээнд гарын үсэг зурж байгаагаа тухайн үед мэдэлгүй, ээж болон зээлийн мэргэжилтний үгээр гарын үсгээ шууд зурсан. Мөн банкны зээлийн мэргэжилтэн тухайн зээлийн гэрээтэй уншиж танилцах боломж олгоогүй ба ээж цалингийн зээлд 8 сая төгрөгийг банкнаас зээлж байна л ойлгож байсан. Мөн дээрх мөнгийг миний бие огт хэрэглээгүй ба ээж ... 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр өвчний учир нас барсан юм. Би зээл авч байхад оюутан байсан бөгөөд тэр үед энэ талаар мэдээгүй. заавал өөрийн талын хүн хамаарал бүхий байх ёстой гэж хэлсэн болохоор манай ээж надаар гарын үсэг зуруулсан. Тэр үед би тэр талаар ойлголт байгаагүй, дараа нь ээжийг нас барсны дараа л энэ тухай мэдсэн. Улаанбаатар банкнаас өдөр шөнөгүй утас руу залгаж, ажил болон гэрт ирж уулзаад дарамттай байсан болохоор хамтран хариуцагчаар гарын үсэг зурсан болохоор хэн хэндээ буруу өгөөд яах вэ гээд би зөвхөн үндсэн зээлийг нь төлж чадна гэж хэлсэн. Үндсэн зээлийг ч мөн төлөхөд хэцүү байна. Би өөрөө 600,000 төгрөгийн цалинтай бөгөөд бас цалингийн зээлтэй болохоор тал нь зээлд суутгагддаг гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч ..., ... нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 6,397,473.17 төгрөг, зээлийн хүү 8,649,490 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,053,072.93 төгрөг, нийт 16,100,036.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэг талаас Улаанбаатар хотын банк, нөгөө талаас ..., ... 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ... дугаартай Цалингийн зээлийн болон барьцааны гэрээ бичгээр байгуулж, Улаанбаатар хотын банк ХХК нь 8,000,000 төгрөгийг 26 сарын хугацаатай, жилийн 20,40 хувийн хүүтэй зээлдүүлэх, ..., ... нар нь зээлийн үндсэн төлбөр болон хүүг сар бүр зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ. /хэргийн 9-10 тал/
Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ-ний зохицуулалтад нийцсэн байна.
Улаанбаатар хотын банк ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх үүрэг хариуцлагыг ... ХХК-нд нэгтгэсэн болох нь нэхэмжлэгч ... ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 6/8053 дугаартай албан бичгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч ... ХХК нь маргаан бүхий зээлийн гэрээний үүргийг шаардах эрхийг шилжүүлэн авсан байна.
Гэрээний дагуу зээлдүүлэгч банкнаас зээлдэгч ...ийн Улаанбаатар хотын банк дахь 2611190438 дугаарын дансанд зээлийн гэрээний зүйл болох 8,000,000 төгрөгийг шилжүүлсэн, зээлдэгч ... нь 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүртэл үндсэн зээл 1,602,526 төгрөг, үндсэн хүү 903,705.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,977 төгрөг тус тус төлсөн байх ба зээлдэгч ... 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр нас барсан болох нь нас барсны гэрчилгээний хуулбар, зээл, зээлийн хүүгийн тооцоолол /хэргийн 13-18 тал/ баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад зээлдэгч ... нас барсан тул түүнд холбогдох шаардлагаасаа татгалзаж байна. Хариуцагч ... нь хамтран зээлдэгчийн хувьд зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь хариуцах үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.
Хариуцагч ...гээс шүүхэд хариу тайлбар гаргахдаа үндсэн зээлийн төлбөрийг хүлээн зөвшөөрсөн агуулгатай тайлбар гаргасан боловч шүүх хуралдаанд түүний татгалзлыг тодруулахад ... өөрийгөө зээл авч байхад оюутан байсан бөгөөд тэр үед энэ талаар мэдээгүй, заавал өөрийн хамаарал бүхий хүн гарын үсэг зурах ёстой гэж хэлсэн болохоор ээж нь гарын үсэг зуруулсан. Тэр үед энэ талаар ойлголт байгаагүй, ээжийгээ нас барсны дараа л зээлийн тухай мэдсэн. Улмаар банкнаас өдөр шөнөгүй утас руу залгаж, ажил болон гэрт ирж уулзаад дарамттай байсан, мөн хамтран хариуцагчаар гарын үсэг зурсан болохоор буруу өгөөд яах вэ гэж бодоод зөвхөн үндсэн зээлийг төлнө гэж хэлсэн. Гэвч үндсэн зээлийг ч мөн адил төлөхөд хэцүү байна гэж тайлбарлаж байна.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1.5-т зээлдэгч төлбөрийн картаар дамжуулан цалин, түүнтэй адилтгах орлогоо авах үед зээлдэгчийн авах цалингийн дүнгээс зээлдүүлэгч нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон бол нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг үл маргах журмаар суутган авна, 2.1-т зээл бүрэн төлөгдөж дуусах хүртэл зээлдэгчийн ажилладаг байгууллагаас түүнд олгодог цалин, нөхөн олговрыг зээлдүүлэгчид олгох талаар баталгаа гаргаж байна, 2.5-д зээлдэгч 667,154 төгрөгийн цалинтай бөгөөд цалин барьцаалан зээл авч байна гэж тус тус заажээ.
Зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгч ...ийн цалинг барьцаалсан байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар тухайн хүний хөдөлмөрлөж олж байгаа орлого нь зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой үүрэг гэж үзнэ.
Үүрэг гүйцэтгүүлэгч ... Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй боловч зээлдэгч ... нас барснаар Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нас барснаар үүрэг дуусгавар болохоор заасан байх тул Улаанбаатар хотын банк зээлдэгч ...тэй байгуулсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон байна.
Хариуцагч ... нь өөрийн эх ...ийн цалингийн зээлийн гэрээнд банкны шаардлагаар хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан явдал нь цалингийн зээлийн үүрэг гүйцэтгэгч гэж үзэх үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл, хариуцагч ...гийн ажил эрхэлж, цалин хөлс авдаг эсэх талаар баримт зээлийн хувийн хэрэгт авагдаагүй, тэрээр тухайн үед оюутан байсан гэж тайлбарласан ба зээлдэгч ...ийн хөдөлмөрийн хөлсөөр зээлийн төлбөрийг төлөхөөр банктай тохиролцсон зээлийн гэрээний үүргийг тухайн цалинг авдаггүй этгээдэд хамааруулах боломжгүй.
Иймд зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой цалингийн зээлийн үүрэг зээлдэгч нас барснаар дуусгавар болох тул хамтран зээлдэгч гэж гэрээнд заагдсан боловч хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх үндэслэлгүй хариуцагч ...д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16,100,036.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ... ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... хариуцагч ...ийг нас барсан үндэслэлээр түүнд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан агуулгатай хүсэлтийг гаргасан байх боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлээс татгалзах эрх олгогдоогүй байна. Харин маргаж байгаа шаардлага эрх залгамжлагчид шилжсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч ...т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлий 65.1.10, 117 дугаар зүйлийн 117.1-т заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасныг баримтлан хариуцагч ...гээс зээлийн гэрээний үүрэгт 16,100,036 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ... ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар ...т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16,100,036 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ