Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2021/03843

 

 

 

 

 

 

 

2021

11 24 101/ШШ2021/03843

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 13-р хороолол, Шанел төв, 303 тоот, Ү.И ББСБ ХХК-ийн /РД: ххххххххх/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 13-р хороолол, 70-р байр, 4 тоотод оршин суух, Юийн Оад /РД: НБХХХХХХХХХ/ холбогдох

74.939.063 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Б, Б.Ж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ү.И ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, К.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ү.И банк ББСБ ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийг үндэслэн 2007 оноос банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулж байна.

Ю.О 2019 оны 08 сарын 29-ний өдөр хөөсөнцрийн үйлдвэрт түүхий эд авах зорилгоор 60.000.000 төгрөгийн зээл авах хүсэлтийг манай байгууллагад гаргасан. Түүний хүсэлтийн дагуу Ю.Отай 2019 оны 8 сарын 29-ний өдөр ЗГхххххххххххххххххххххххх тоот зээлийн гэрээ байгуулан 60,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай бизнесийн зээл зориулалтаар олгосон ба гэрээнд гарын үсэг зурж, тамга дарж, нотариатаар баталгаажуулан Ю.О зээлийн шимтгэлд 300.000 төгрөг төлсөн.

Түүнчлэн тухайн өдрөө БГхххххххххххххххххххххххх дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан Ю.Оын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 16-р хороолол, Да хүрээ гудамж, 19-р байр, 66 тоотын 55.56 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалан гэрээг нотариатчаар гэрчлүүлэн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн.

Мөн түүнтэй 2019 оны 8 сарын 29-ний өдөр хххххххххххххххххххххххх дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулан тоёота тундра маркийн 0000000 улсын дугаартай, ачааны зориулалттай автомашиныг барьцаалан авто машиныг манай өмчлөлд шилжүүлсэн.

Ю.О нь 2019 оны 8 сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт нийт 2 удаа эргэн төлөлт хийсэн ба 2019 оны 9 сарын 17-ны өдөр зээлийн хүүд 1.140.000 төгрөг бэлнээр, 2019 оны 10 сарын 10-ны өдөр зээлийн хүүд 1.380.000 төгрөг бэлнээр тус тус төлсөн.

2019 оны 8 сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний хугацаа 2019 оны 10 сарын сарын 10-ны өдөр дуусгавар болсон.

Хариуцагч Ю.Оад зээлийн гэрээнд заасны дагуу эргэн төлөлтөө хийхийг шаардахад тэрээр гэрээг сунгах, барьцаа хөрөнгө 66 тоот орон сууцыг суллаж авах хүсэлтийг гаргасан.

Манай байгууллагын зүгээс зээлдэгч Ю.Оын зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон учраас зээлийн гэрээний хугацааг сунгахгүй, барьцаа хөрөнгийг солих боломжгүй, шинээр зээлийн гэрээ байгуулж, барьцаа хөрөнгийг өөрчлөх саналыг гаргасан ба үүнийг Ю.О зөвшөөрсөн.

Талууд уг саналын дагуу шинээр зээлийн гэрээ байгуулахаар тохирч 2019 оны 8 сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний нөхцөлтэй ижил нөхцлөөр 2019 оны 10 сарын 30-ны өдөр ЗГ0190016 тоот 60.000.000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан.

Уг 2019 оны 10 сарын 30-ны өдрийн гэрээгээр 60.000.000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлүүлж мөн өдөр нь 00000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан В.Оын өмчлөлийн .................................................................................... талбайтай, 2 өрөө орон сууцыг нь барьцаалан барьцааны гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн.

2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш Ю.О авто машинаа суллаж авья гээд 2019 оны 11 сарын 5-ны өдрийг хүртэлх зээлийн хүүнд 1.560.000 төгрөг, мөн авто машинд ногдох зээлийн дүн 10.000.000 төгрөгийг тус тус 2019 оны 11 сарын 5-ны өдөр төлсөн.

Ингээд 50.000.000 төгрөгийг талуудын хооронд өмнө байгуулсан ЗГхххххххххххххххххххххххх дугаартай зээлийн гэрээний үлдэгдэлд тооцож, шинээр 50.000.000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гаргасан бөгөөд 50,000,000 төгрөгийг олгосон гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрч тухайн өдрийн зарлагын мэдүүлэгт гарын үсэг зурсан.

Ю.О 50.000.000 төгрөгийн зээлийг авснаас хойш манай банк бус санхүүгийн байгууллагын хөрөнгө оруулагч С.С Голомт банк дахь дансанд 2019 оны 12 сарын 10-ны өдөр 2.000.000 төгрөг, 2020 оны 1 сарын 23-ны өдөр 2.650.000 төгрөг, 2020 оны 4 сарын 09-ний өдөр 500,000 төгрөг, 2020 оны 4 сарын 10-ны өдөр 500.000 төгрөг, 2020 оны 5 сарын 19-ний өдөр 1.000.000 төгрөгийг тус тус төлсөн.

В.О үүнээс өөрөөр зээлийн эргэн төлөлт хийгээгүй ба тухайн хугацаанаас хойш зээлийн гэрээний үүргийг зөрчсөн. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаас зээлийн гэрээний төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж, мэдэгдэж байсан боловч зээлийн эргэн төлөлт хийхгүй байсан тул өнөөдрийн нөхцөл байдал үүссэн.

Иймд хариуцагч Ю.Оаас 2019 оны 10 сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөрт 49,290,174 төгрөг, зээлийн хүүнд 22,497,214 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,151,675 төгрөг, нийт 74,939,063 төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ю.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ү.И ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээний үүргийг биелүүлэхийг шаардаж байгаа тохиолдолд талуудын хооронд эрх зүйн харилцаа үүссэн байх ёстой.

Талуудын хооронд 2019 оны 8 сарын 29, 2019 оны 10 сарын 30-ны өдөр, 2 удаа зээлийн гэрээ байгуулсан байх боловч тухайн 2019 оны 10 сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагчид мөнгө олгогдоогүй болох нь тогтоогдлоо. Зээл олгоогүй байж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардах болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргах боломжгүй.

Ю.Оын авсан гэх зээлийг хэн олгож, хэн төлсөн талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хангалттай нотолсон. Өөрөөр хэлбэл хэрэгжээгүй гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх байхгүй.

Банк эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн харилцаа нь нарийн харилцаа байдаг ба тиймээс хууль тогтоогч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу зээл олгоно гэж хуульчилсан.

Зээлдэгчид асар их эрсдэл үүсгэж, зээл олгож байгаа этгээдэд ашиг шаардах эрх олгодог харилцаа. Тиймээс банк эрх бүхий хуулийн этгээд зээл олгохдоо заавал хуульд заасан үндэслэл, журмыг баримтлан зээл олгох ёстой. Хуульд заасан үндэслэл журамд заасны дагуу зээл олгосноор зохих журмын дагуу дээр дурдсан шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжтой.

Үзлэг хийсэн гар утасны мессежийг харвал өглөө бүр зээлээ төлөхийг шаардах байдлаар мессеж бичсэн байдаг. Хариуцагч Ю.Оын мөнгө төлсөн гүйлгээг харвал банк бус санхүүгийн бус хувь хүний данс руу мөнгөө шилжүүлж байсан.

Банк бус санхүүгийн байгууллагын хувьд зээлийн үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд их хэмжээний орлого олж, тухайн орлогынхоо талаар санхүүгийн зохицуулах хороонд тайлан гаргаж, татвар төлж, хуульд заасны дагуу эрх зүйн харилцаа үүсэх ёстой. Гэтэл нэхэмжлэгч компани өөрт олгогдсон тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулаагүй.

Талуудын хооронд үүссэн харилцаа Ү.И ББСБ ХХК-иас Ю.Оын зээл авсан талаар үүссэн асуудал биш, түүний банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах хүсэл зоригыг ашиглаж тусгай зөвшөөрлийн хүрээнээс хэтэрсэн үйл ажиллагааг нэхэмжлэгч явуулсан.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал олон төрлийн баримт үйлдэж нотлох баримтаар шүүхэд өгсөн. Өнөөдрийн шүүх хуралдаанаар уг асуудлыг тодруулаагүй байсан бол талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа хуульд заасны дагуу явагдсан мэтээр ойлгогдох байсан.

Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 1995 оны 10 сарын 31-ний өдөр батлагдсан Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцооны түүний зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зээлдүүлэгч зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр зээлийн данс нээж зээл олгоно гэж заасан.

Энэ нь тухайн данснаас зээл олгож, зээлдэгч тухайн дансанд зээлийн төлбөрөө төлөх ёстой бөгөөд иргэн К.Б, Ч.Содончимэг нар хүнд мөнгө зээлэн зээлээ нэхэмжилж байгаа гэсэн ойлголт биш.

Нэхэмжлэгчийн шилжүүлсэн гэх мөнгийг Ү.И ББСБ ХХК-иас бус иргэн К.Б, Ю.Оад олгосон зээл байдаг.

Ү.И ББСБ ХХК цаашдаа зээлийн үйл ажиллагаа явуулах байх, зээлийн үйл ажиллагаандаа анхаарал хандуулах ёстой. Тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа тохиолдолд тусгай зөвшөөрлийн хүрээнд банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр бүртгэлтэй данснаас зээл олгож, тухайн дансанд зээлийн эргэн төлөлтийг хийх ёстой.

Шүүх Ү.И ББСБ ХХК-иас Ю.Оад зээл олгосон гэж дүгнэсэн тохиолдолд К.Байгалиас Ю.Оад олгосон зээлийн асуудлыг яаж шийдэх, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ болон түүнтэй холбоотой бэлэн мөнгө олгосон гэж хуурамчаар үйлдсэн баримтыг хэрхэн дүгнэх вэ. Тиймээс Ү.И ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ү.И ББСБ ХХК нь хариуцагч В.Оад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 74.939.063 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

/2021 оны 8 сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээл 49.290.174 төгрөг, зээлийн хүү 22.497.214 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.151.675 төгрөг, нийт 79.939.063 төгрөг/

 

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан хэмээн Санхүүгийн зохицуулах хорооны 2007 оны 9 сарын 28-ны өдрийн 130 дугаар тогтоолоор Ү.И ББСБ ХХК-д банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг олгожээ.

Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 12 сарын 18-ны өдрийн 533 дугаартай Банк бус санхүүгийн байгууллагуудын тусгай зөвшөөрлийг хугацаагүй болгох тухай тогтоолоор хавсралтад дурдсан нэр бүхий 258 банк бус санхүүгийн байгууллагын банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хугацаагүй болгосон ба уг хавсралтын 89-д Ү.И ББСБ гэж тусгасан байна.

Дээр дурдсан үйл баримт тус байгууллагын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Санхүүгийн зохицуулах хорооноос 2007 оны 9 сарын 28-ны өдөр олгосон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ болон хавсралт, мөн хорооны www.frc.mn сайтад байршуулсан банк бус санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой мөн хорооны тогтоолуудад тусгагдсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нийтэд илэрхий баримт тул дахин нотлох шаардлагагүй.

/ХХ-ийн 6-11 дүгээр тал/

 

Зээлдэгч Ю.О нь Ү.И ББСБ ХХК-тай 2019 оны 8 сарын 29-ний өдөр ЗГхххххххххххххххххххххххх тоот зээлийн гэрээ байгуулан бизнесийн зээл-түүхий эд авах зориулалтаар 60.000.000 төгрөгийг, үндсэн хүү 30 хоногийн 4 хувь, хөнгөлөлттэй зээлийн хүү 3 хувийн хүүтэй, 2019 оны 10 сарын 10-ны өдрийг хүртэл хугацаатай зээлэн,

Дээрхи зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдөр нь БГхххххххххххххххххххххххх дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан Ю.О нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 16-р хороолол, /13321/, Да Хүрээ гудамж, 66 тоотын эрхийн улсын бүртгэлийн Y-2204103235 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг барьцаалан барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, барьцааны гэрээг байгуулсан өдрөө буюу 2019 оны 8 сарын 29-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Мөн дээр гэрээний талууд уг өдрөө үүргийн гүйцэтгэл хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээ байгуулан Ю.О нь ЗГхххххххххххххххххххххххх тоот гэрээний үүрэгт тоёота тундра маркийн 79-19 УНП улсын дугаартай ачааны авто машиныг барьцаалан, өмчлөх эрхийг нь зээлдүүлэгч Ү.И ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн гэжээ.

ХХ-ийн 85-89 дүгээр тал/

 

Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 16-р хороолол, /13321/, Да Хүрээ гудамж, 66 тоотын эрхийн улсын бүртгэлийн Y-2204103235 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууц хариуцагч Юийн Оын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 19 дүгээр тал/

 

2019 оны 8 сарын 29-ний өдрийн зээлийн гэрээг байгуулах үед тус банк бус санхүүгийн байгууллагын захирал Ж.Айман Монгол улсад байхгүй байсан ба уг зээлийн гэрээнд түүний гарын үсгийн дардсыг дарсан, захирал байх үед байгууллагын данснаас гүйлгээ хийдэг, зарим тохиолдолд нягтлан бодогч К.Байгалын данс руу мөнгийг шилжүүлж нягтлан бодогч гүйлгээг хийдэг байсан гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч К.Б шүүх хуралдаанд тайлбарлалаа.

Дээр дурдсанаар К.Байгалын Голомт банк дахь төгрөгийн 2405008442 тоот данснаас 2019 оны 8 сарын 29-ний өдөр 66.000.000 төгрөгийн зарлага гарсны 60.000.000 төгрөгийг нь Ю.Оад зээлдүүлсэн гэсэн бөгөөд уг өдрөө 60.000.000 төгрөгийг түүнд хүлээлгэн өгсөн нь тус байгууллагын бэлэн мөнгөний дансны хуулга, мөнгө хүлээлгэн өгсөн баримтаар нотлогдоно хэмээн нэхэмжлэгчийн төлөөлөгч К.Б мөн тайлбарлаж байна.

Уг бэлэн мөнгөний дансны хуулга гэх баримт тус байгууллагын программаас тооцож гаргасан хуулга хэмээн нэхэмжлэгчийн төлөөлөгч К.Б тайлбарласан болно.

/ХХ-ийн 90, 98, 135 дугаар тал/

 

Хариуцагч Ю.О 2019 оны 8 сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт нийт 2 удаа төлөлт хийсэн ба 2019 оны 9 сарын 17-ны өдөр зээлийн хүүд 1.140.000 төгрөг бэлнээр, 2019 оны 10 сарын 10-ны өдөр мөн зээлийн хүүнд 1.380.000 төгрөг тус тус төлсөн талаар нэхэмжлэгч тал тайлбарласан ба үүнтэй холбоотой орлогын мэдүүлэгүүдийг баримтаар ирүүлжээ.

/ХХ-ийн 90-93 дугаар тал/

 

Хариуцагч Ю.О зээл авсан, хэдэн төгрөг зээлсэн нь гэрээн дээр тусгагдсан, мөн Ү.И ББСБ ХХК-иас зээлийн эргэн төлөлт шаардах үед нь зээлээ төл гэсэн дансанд мөнгийг хийдэг байсан, өөр өөр дансанд зээлийн төлбөр хийж байсан талаараа надад уламжилсан хэмээн хариуцагчийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлалаа.

 

Ү.И ББСБ ХХК болон Ю.О нарын хооронд байгуулсан 2019 оны 8 сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний хугацаа 2019 оны 10 сарын 10-ны өдөр дуусгавар болж Ю.Оад зээлээ төлөх шаардлага тавихад тэрээр гэрээний хугацааг сунгах, барьцаа хөрөнгө болох орон сууцыг өөрчлөх хүсэлтийг гаргасан гэх ба нэхэмжлэгч тал гэрээний хугацаа дуусгавар болсон тул барьцаа хөрөнгийг солих боломжгүй, зээлийн үлдэгдэл төлбөрт шинээр гэрээ байгуулах санал зээлдэгч Ю.Оад тавихад тэрээр зөвшөөрсөн хэмээн нэхэмжлэгч тал тайлбарласан болно.

 

Үүний дагуу талууд 2019 оны 10 сарын 30-ны өдөр ЗГ0190016 дугаартай зээлийн гэрээ байгуулан Ү.И ББСБ ХХК нь Ю.Оад 60.000.000 төгрөгийг өмнөх 2019 оны 8 сарын 29-ний өдрийн зээлийн гэрээтэй ижил нөхцөлтэй, 12 сарын хугацаатай зээлсэн гэж,

Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор БГ0190016 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан Ю.Оын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 16-р хороолдол, /13321/, Да хүрээ гудамж, 19-р байр, 2 тоотын 54.79 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204104395 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг барьцаалан барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, мөн өдөр нь улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

/ХХ-ийн 12-18, 114-115 дугаар тал/

 

Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 16-р хороолдол, /13321/, Да хүрээ гудамж, 19-р байр, 2 тоотын 54.79 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204104395 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг хариуцагч Ю.Оын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдлоо.

ХХ-ийн 113 дугаар тал/

 

Ийнхүү 2019 оны 10 сарын 30-ны өдрөөс хойш хариуцагч Ю.О 2019 оны 11 сарын 5-ны өдрийг хүртэл хугацааны зээлийн хүүнд 1.560.000 төгрөгийг төлснөөс гадна авто машинд ногдох зээл 10.000.000 төгрөгийг төлсөн тул 2019 оны 10 сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний хавсралтад тусгасан зээлийн эргэн төлөх хуваарийг 50.000.000 төгрөг болгосон талаараа нэхэмжлэгч тал тайлбарлан үүнтэй холбоотой баримт ирүүлсэн байна.

/ХХ-ийн 16, 116-118 дугаар тал/

 

Ю.О нь 2019 оны 8 сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 50.000.000 төгрөгийг Ү.И ББСБ ХХК-д бодитоор буюу мөнгөн хэлбэрээр нь төлөөгүй, гагцхүү шинээр зээлийн гэрээ байгуулах зорилгоор уг өдрийн зээлийг хаасан мэт баримт үйлдсэн нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон тул хэргийн 95 дугаар тал дахь Ю.О 2019 оны 11 сарын 5-ны өдөр 50.000.000 төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн мэтээр үйлдэгдсэн болон мөн өдөр нь Ю.Оад 50.000.000 төгрөгийг олгосон мэтээр үйлдсэн хэргийн 20 дугаар тал дах баримтыг тус тус нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй, үнэлэх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Хэргийн 26, 96, 97, 105 дугаар талд зээлийн дансны хуулга нэртэй баримт байх боловч энэ нь зээлдэгчийн эсхүл зээлдүүлэгчийн данс болох нь тодорхойгүй, ямар нэгэн дансны дугаар бичигдээгүй тул нотлох баримтаар үнэлээгүйг дурдлаа.

 

2019 оны 10 сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний дагуу бодитоор мөнгө шилжүүлээгүй, 2019 оны 8 сарын 29-ний өдрийн гэрээний үлдэгдэл төлбөр дээр мөнгө олгосон мэтээр гэрээ байгуулсан нь, мөн зээлийн төлбөрийг Ү.И ББСБ ХХК нь тус байгууллагын хөрөнгө оруулагч гэх иргэн Ч.Содончимэг Голомт банк дахь 2405003064 тоот дансанд төлүүлж байсан нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон болно.

Хариуцагч Ю.О зээлийн төлбөр хэмээн иргэн Ч.Содончимэг Голомт банк дахь 2405003064 тоот дансанд 2019 оны 12 сарын 10-ны өдөр 2.000.000 төгрөг, 2020 оны 1 сарын 23-ны өдөр 2.650.000 төгрөг, 2020 оны 4 сарын 9-ний өдөр 500.000 төгрөг, 2020 оны 4 сарын 10-ны өдөр 500.000 төгрөг, 2020 оны 5 сарын 19-ний өдөр 1.000.000 төгрөг, нийт 6.650.000 төгрөгийг төлсөн нь иргэн Ч.Содончимэгийн Голомт банк дахь 2405003064 тоот дансны хуулгаар нотлогдлоо.

/ХХ-ийн 100-104 дүгээр тал/

 

1995 оны 10 сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно,

21 дүгээр зүйлийн 4-т Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж,

2021 оны 7 сарын 1-ний өдрөөс эхлэн даган мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно,

19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно,

19.6-д Зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно гэж тус тус заасан байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2019 оны 10 сарын 30-ны өдөр байгуулагдсан ЗГ0190016 дугаартай зээлийн гэрээний дагуу хариуцагч Ю.Оад зээлийн данс нээн зээл олгосон эсэх нь тодорхойгүй, уг өдрийн гэрээний дагуу зээлдэгч гэх Ю.О бодитоор мөнгө хүлээн аваагүй нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдлоо.

 

1995 оны 10 сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө,

2021 оны 7 сарын 1-ний өдрөөс эхлэн даган мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус заажээ.

 

Талуудын хооронд байгуулсан гэх зээлийн гэрээ хэлбэрийн шаардлага хангасан боловч Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.4-т заасны дагуу буюу хуульд заасны дагуу зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг зээлдэгчид хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатай, зээлийн данс нээн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй атлаа зээлдэгчээс мөнгөн хөрөнгийг хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт буцаан шаардаж байгаа нь үндэслэлгүй.

 

Хариуцагч Ю.О 2019 оны 8 сарын 29-ний өдрийн гэрээний дагуу 60.000.000 төгрөгийг бэлэн хэлбэрээр хүлээн авснаас 50.000.000 төгрөгийн зээлийн төлбөр үлдэн уг мөнгийг зээлдүүлсэн хэмээн 2019 оны 10 сарын 30-ны өдрийг гэрээг байгуулсан нь талуудын тайлбараар тогтоогдсон тул уг 50.000.000 төгрөгөөс хариуцагч Ю.Оын зээлийн хүүд 2019 оны 12 сарын 10-ны өдөр төлсөн 2.000.000 төгрөг, 2020 оны 1 сарын 23-ны өдөр төлсөн 2.650.000 төгрөг, 2020 оны 4 сарын 9-ний өдөр төлсөн 500.000 төгрөг, 2020 оны 4 сарын 10-ны өдөр төлсөн 500.000 төгрөг, 2020 оны 5 сарын 19-ний өдөр төлсөн 1.000.000 төгрөгийг тус тус хасч тооцон, 43.350.000 төгрөгийг хариуцагч Ю.Оаас гаргуулан нэхэмжлэгч Ү.И ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 31.589.063 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

/ХХ-ийн 100-104, 126-134 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй,

мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.

Дээр дурдсан Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул хариуцагч Ю.Оаас 43.350.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ү.И ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 31.589.063 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ю.О 43.350.000 төгрөгийг төлөх үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Ю.Оын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 16-р хороолол, /13321/, Да Хүрээ гудамж, 19 дүгээр байр, 2 тоотын 54.79 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204104395 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурдлаа.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Ю.Оаас 43.350.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ү.И ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 31.589.063 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ю.О зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Ю.Оын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, /13321/, Да Хүрээ гудамж, 19 дүгээр байр, 2 тоотын 54.79 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204104395 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ү.И ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 587.086,94 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ю.Оаас 374.700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ү.И ББСБ ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН